Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2026/00543

 

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, шүүгч Ж.Лхагвасүрэн, Ерөнхий шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 сарын 05-ны өдрийн 192/ШШ2025/11327 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэгт 24,705,000 төгрөг гаргуулах тухай,

 

иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: ******* нь бизнес хийхэд мөнгө хэрэгтэй байна мөнгө зээлдүүлээч гэсэн. Үүний дагуу өөрийн нөхөр *******ын эзэмшлийн Худалдаа хөгжлийн банк дахь 82000613 тоот данс болон *******гийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банк дахь *******тоот данс, Хаан банк дахь *******тоот данс, Голомт банк дахь ******* тоот данснаас 2024 оны 08 сарын 07-ны өдрөөс 2025 оны 06 сарын 26-ны өдөр хүртэлх хугацаанд *******ын болон түүний зөвшөөрснөөр өөр этгээдүүдийн данс руу нийт 60,455,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн. Үүнээс ******* нь 2024 оны 08 сарын 08-ны өдрөөс 2025 оны 07 сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 35,750,000 төгрөгийг буцаан төлсөн. Иймд үлдэх 24,705,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагчийн хариу тайлбарын агуулга: *******ын эзэмшлийн Хаан банк дахь ******, ****** тоот данс, Худалдаа хөгжлийн банк дахь ****** тоот данс, Э.Энхбаатарын эзэмшлийн Хаан банк дахь ****** тоот данс, ******ийн эзэмшлийн Хаан банк дахь ******* тоот данснаас 2024 оны 08 сарын 08-ны өдрөөс 2025 оны 07 сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 33,860,000 төгрөгийг *******д төлж барагдуулсан. ******* гэх хүн нэхэмжлэгчийн нөхөр нь гэж байгаа боловч үүнтэй холбоотой баримт хэрэгт авагдаагүй. Мөн бусад этгээдүүдэд шилжүүлсэн мөнгийг хариуцагчаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Хариуцагч талаас нийт 33,860,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн, анх нэхэмжилж байсан үнийн дүнтэй таарч байгаа тул нийт төлбөрөө төлж дуусгасан гэжээ.

3.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар хариуцагч *******ас 7,130,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 17,575,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 327,465 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ас 129,030 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

 

4.   Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

4.1.  Анхан шатны шүүх тооцооллын алдаа гаргасан. Хэрэгт авагдсан дансны хуулгуудаар *******гоос *******д нийт 60,455,000 төгрөг шилжүүлсэн, *******ас *******д 33,860,000 төгрөг буцаан төлсөн болох нь нотлогддог. Гэтэл шүүхээс нэхэмжлэгч ******* нь нөхөр *******ын Худалдаа хөгжлийн банк дахь ******* тоот данснаас *******д 2,000,000 төгрөг, 5,000,000 төгрөг, 3,900,000 төгрөг тус тус шилжүүлснийг үндэслэлгүйгээр хассан. Шүүх хуралдааны тэмдэглэлд хариуцагч ******* нь *******ыг нэхэмжлэгчийн нөхөр гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг.

4.2.  Анхан шатны шүүх н.*******гэх нэртэй гүйлгээг талууд хэн аль нь маргаанд хамааралгүй болох талаар тайлбар өгсөн гэж 2025 оны 01 сарын 15-ны 500,000 төгрөг, 2025 оны 01 сарын 21-ний 50,000 төгрөг, 2025 оны 02 сарын 13-ны 360,000 төгрөг, 2025 оны 02 сарын 13-ны 500,000 төгрөг, 2025 оны 02 сарын 14-ний 800,000 төгрөг, 2025 оны 03 сарын 24-ний 170,000 төгрөг, 2025 оны 04 сарын 16-ны 600,000 төгрөгийг үндэслэлгүйгээр хасаж тооцсон.

4.3.  *******гоос *******д Худалдаа хөгжлийн банк дахь данснаас шилжүүлсэн 2024 оны 09 сарын 18-ны 500,000 төгрөг, 2024 оны 09 сарын 26-ны 500,000 төгрөг, 2024 оны 09 сарын 27-ны өдрийн 500,000 төгрөг, 2024 оны 10 сарын 02-ны өдрийн 500,000 төгрөг, 2024 оны 10 сарын 20-ны 500,000 төгрөг, Хаан банкны 2024 оны 11 сарын 21-ний 200,000 төгрөг, Худалдаа хөгжлийн банкны 2024 оны 12 сарын 13-ны 600,000 төгрөг, Хаан банкны 2024 оны 12 сарын 19-ний 20,000 төгрөг, 2025 оны 03 сарын 15-ны 900,000 төгрөг, 2025 оны 05 сарын 02-ны 80,000 төгрөг, 2025 оны 06 сарын 23-ны 5,000 төгрөг, 2024 оны 09 сарын 13-ны 500,000 төгрөг, нийт 4,805,000 төгрөгийн гүйлгээг орхигдуулж, тухайн шилжүүлсэн мөнгөн дүнд зээлийн гэрээний харилцаа үүссэн эсэх талаар шийдвэрт огт дурдаагүй, мөнгөн дүнг орхигдуулсан.

4.4.  Нэхэмжлэгч талаас ******* болон ******* нарыг эхнэр нөхөр мөн болох гэрлэлтийн лавлагааг болон *******ыг гэрчээр оролцуулах боломжтой байсан хэдий ч хууль эрх зүйн мэдлэг дутмаг учраас эрх болон үүргээ хэрэгжүүлж чадаагүй. Мөн талууд уг асуудлаар маргаж байгаа тохиолдолд шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасны дагуу шүүгчийн захирамжаар нотлох баримт гаргуулах боломжтой байсан.

4.5.  Худалдаа Хөгжлийн банкны 2025 оны 01 сарын 15-ны 500,000 төгрөгийн гүйлгээ, Хаан банкны 2025 оны 01 сарын 21-ний 50,000 төгрөг, 2025 оны 02 сарын 13-ны 360,000 төгрөг, 2025 оны 02 сарын 13-ны 500,000 төгрөг, 2025 оны 02 сарын 14-ний 800,000 төгрөг, 2025 оны 03 сарын 24-ний 170,000 төгрөг, 2025 оны 04 сарын 16-ны 600,000 төгрөг, нийт 2,980,000 төгрөгийг хариуцагч ******* зээлдэн авч гуравдагч этгээдүүд рүү шилжүүлүүлсэн. Мөн л Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасны дагуу шүүгчийн захирамжаар мөнгө хүлээн авагч этгээдийн данс эзэмшигчийн мэдээллийг арилжааны банкнаас гаргуулж шүүхэд гэрчээр оролцуулж хэргийг бодитойгоор шийдвэрлэх шаардлагатай.

Иймд хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр бүхэлд нь хянан үзэж анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

5.   Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга: Хэрэгт хамааралгүй этгээдийн өмнөөс *******д ******* мөнгө төлөх үүрэг хүлээгээгүй. Түүнчлэн хариуцагч 4 банкны данстай бөгөөд тухайн данснуудаас нийт 35,000,000 төгрөгийг нэхэмжлэгч рүү шилжүүлсэн буюу нэхэмжлэгч тухайн мөнгийг хүлээн авсан талаар анхан шатны шүүх хуралдааны үед хүлээн зөвшөөрсөн. Нэхэмжлэгч тал хууль зүйн мэдлэг дутмаг учир эрх болон үүргээ хэрэгжүүлж чадаагүй нь хэргийг анхан шатны шүүхэд буцаах үндэслэл болохгүй гэж үзэж байна. Учир нь анхан шатны шүүх нэхэмжлэгчийн эрх, үүргийг тайлбарлаж өгсөн нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогддог. Мөн нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангав.

 

2.   Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан 24,705,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч зарим хэсгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ. /1хх 1, 23, 69/

 

3.   Нэхэмжлэгч ******* нь шаардлагын үндэслэлээ ...*******д нийт 60,455,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн, ******* нь нийт 35,750,000 төгрөгийг буцаан төлсөн тул үлдэх 24,705,000 төгрөгийг гаргуулна... гэсэн агуулгаар, хариуцагч ******* нь татгалзлын үндэслэлээ ...анх шаардсан 33,903,000 төгрөгөөс 27,015,000 төгрөгийг буцаан төлсөн тул үлдэх 6,888,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө, нэхэмжлэгчээс бусдад шилжүүлсэн мөнгийг хариуцахгүй... гэсэн агуулгаар тус тус тайлбарлажээ.

 

4.   Хэрэгт авагдсан Худалдаа хөгжлийн банк, Хаан банк, Голомт банкны дансны хуулгыг зохигчийн тайлбартай харьцуулан үнэлбэл нэхэмжлэгч ******* болон түүний нөхөр гэх *******аас нийт 57,375,000 төгрөгийг хариуцагч *******д шилжүүлэн өгсөн, ******* нь нийт 35,750,000 төгрөгийг буцаан төлсөн гэж үзэхээр байна. /1хх 3-6, 7-10, 11-13, 24-35, 36-49, 50-52, 76-187, 191-210, 211-213, 221-232, 233-243, 244-250, 2хх 1-31/

 

5.   Иймд талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэх анхан шатны шүүхийн эрх зүйн дүгнэлт үндэслэлтэй байх ба Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлдэгч ******* нь зээлдүүлэгч *******гоос шилжүүлэн авсан мөнгийг буцаан төлөх үүргийг хүлээх тул 57,375,000 35,750,000 = 21,625,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй.

 

6.   Учир нь, нэхэмжлэгч *******гийн нөхөр гэх *******аас хариуцагч *******д шилжүүлсэн нийт 10,900,000 төгрөг (2,000,000 + 5,000,000 + 3,900,000)-ийг анхан шатны шүүх үндэслэлгүйгээр хасаж шийдвэрлэсэн гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хариуцагчийн бичгээр гаргасан хариу тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлээгүйгээс анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй болжээ.

 

7.   Тодруулбал, нэхэмжлэгч ******* нь анх 33,903,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардахдаа өөрийн нөхөр гэх *******аас шилжүүлсэн нийт 10,900,000 төгрөгийг нэхэмжлэлийн үнийн дүнд оруулан тооцсон. /1хх 1/

Хариуцагч ******* нь шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа уг 33,903,000 төгрөгийн үнийн дүнд маргаагүй буюу ...буцаан төлсөн 27,015,000 төгрөгийг хасаж, үлдэх 6,888,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө... гэсэн агуулгыг дурдсан. /1хх 23/

Энэ тохиолдолд нэхэмжлэгч *******гийн нөхөр гэх *******аас шилжүүлсэн нийт 10,900,000 төгрөгийг хариуцагч ******* хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

 

8.   Харин нэхэмжлэгч *******гоос ******* *******-д шилжүүлсэн 500,000 төгрөг, ****** ******-д шилжүүлсэн 510,000 төгрөг, ******* *******-т шилжүүлсэн 1,300,000 төгрөг, *******-д шилжүүлсэн 170,000 төгрөг, *******-т шилжүүлсэн 600,000 төгрөг, нийт 3,080,000 төгрөгийг хариуцагч *******д зээлдүүлсэн гэж үзэх боломжгүй тул уг дүнг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй, энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

Учир нь, дээрх этгээдүүдэд хариуцагч *******ын хэлснээр мөнгө шилжүүлсэн гэх тайлбараа нэхэмжлэгч баримтаар нотлоогүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус заасан өөрийн шаардлагын үндэс болж байгаа нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй.

 

9.   Дээр дурдсанчлан, өөрийн шаардлагын үндэс болж байгаа нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэг нь нэхэмжлэгчийн хүлээх үүрэг тул анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар нотлох баримт бүрдүүлээгүй гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

 

10.   Дээрхийг нэгтгэн дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 сарын 05-ны өдрийн 192/ШШ2025/11327 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтад ... 7,130,000... гэснийг ...21,625,000... гэж, ...17,575,000... гэснийг ...3,080,000... гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...129,030... гэснийг ...266,075... гэж тус тус өөрчилж,

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид 2026 оны 02 сарын 03-ны өдөр урьдчилан төлсөн 245,825 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ

 

 

ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР