Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 102

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Х.Эрдэнэтуяа, шүүгдэгч О.П-,  нарийн бичгийн дарга Т.Ган-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Т овогт О-н П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 1810027000029 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1981 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Төв аймагт төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн ........дүгээр хороо, ............. тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Т овогт О-н П.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч О.П нь 2018 оны 11 дүгээр сарын 09-ний орой Хан-Уул дүүргийн .... дүгээр хороо, ......... тоотод байх гэртээ бусадтай архидан согтуурч, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Т-тай маргалдаж, улмаар түүний нүүрэнд нь гараараа нэг удаа цохиж, татаж унагаан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдожээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                  

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч О.П-: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Б.Т- мөрдөн шалгах  ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хамт ажилладаг У-ын гэрт нь П-, Эрдэнээ бид дөрөв гурван шил архи уусан, Эрдэнээ ах түрүүлж яваад У-, П бид гурав үлдсэн. Тэгтэл У-, П хоёр хоорондоо маргалдаад У- П-гийн үснээс зулгаагаад гэрээсээ чирч гаргахаар нь би салгаж У-ыг гэр рүү нь оруулсан. Тэгэхэд П над руу дайраад араас зуураад байхаар нь эргэж харахад гараараа миний нүүр рүү цохисон, би боль гэж хэлээд түлхсэн боловч нүүр рүү дахин цохиод, хувцаснаас зуураад байсан. Энэ үед би хөл алдаад урагшаа нүүрнийхээ баруун талаар газарт унахад дээрээс цохиод, зуураад байсан...” /хх-ийн 13/ гэсэн,

 

Гэрч Э.У- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр П Т-ыг татаж унагаад гэмтээсэн. Би хажууд нь байсан боловч өөрөө согтуу болж байгаа зүйлийг сайн ойлгохгүй байсан. Ямар ч байсан гэрийн гадаа эхнэртэйгээ юм яриад зогсож байхад Т- гарч ирээд П-г гичий минь гээд байсан. Тэгээд П тэр хоёр хэрэлдээд, Т-ыг газар унагаасан, цохиж байгааг хараагүй...” /хх-ийн 16/ гэсэн,

 

Гэрч О.О- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр ...цагдаагийн хэлтэс дээр очиход Т-ын нүүр шалбарсан, баруун нүдний доод хэсэгт арьс нь язарсан байсан. Нөхрөөсөө  хэн зодсон талаар асуухад П-, нэг танихгүй хүний хамт зодсон гэж хэлсэн...” /хх-ийн 15/ гэсэн,

 

Шүүгдэгч О.П мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Б.Т-, Эрдэнэ нар манай гэрт ирж архи уусан. ...Манай нөхөр согтчихоод намайг архи уулаа гэж уурлаад бид хоёр хоорондоо маргалдсан. Тэгээд гэрээс гараад ярилцаж байхад Т- согтуу гарч ирээд бид хоёрын дундуур ороод согтуурхаад байсан. Би Т-ыг холд гээд түлхэхэд чи зүгээр байгаарай, гичий минь гэхээр нь бид хоёр маргалдсан. Энэ үед би Т-ын нүүр рүү цохиод, хувцаснаас зуурч байгаад татахад нүүрээрээ газарт унасан...” /хх-ийн 40-41/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №13454 тоот шинжээчийн дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Б.Т-ын биед баруун хацар, баруун, зүүн хөмсөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” /хх-ийн 19/ гэсэн дүгнэлт,

 

- Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7/,

- Хохирогчийн хүсэлт /хх-ийн 31/,

- Шүүгдэгч О.П-гийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 22-26/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, О.П-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч О.П нь 2018 оны 11 дүгээр сарын 09-ний орой Хан-Уул дүүргийн .... дүгээр хороо, ............ тоотод байх гэртээ бусадтай архидан согтуурч, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Т-тай маргалдаж, улмаар түүний нүүрэнд нь гараараа нэг удаа цохиж, татаж унагаан эрүүл мэндэд нь баруун хацар, баруун, зүүн хөмсөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Т-ын “...2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хамт ажилладаг У-ын гэрт нь П-, Эрдэнэ бид дөрөв архи уусан. ...Тэгэхэд П над руу дайраад араас зуураад байхаар нь эргэж харахад гараараа миний нүүр рүү цохисон, би боль гэж хэлээд түлхсэн боловч нүүр рүү дахиж цохиод, хувцаснаас зуураад байсан. Энэ үед би хөл алдаад урагшаа нүүрнийхээ баруун талаар газарт унахад дээрээс цохиод, зуураад байсан...” /хх-ийн 13/ гэсэн, гэрч Э.У-ын “...2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр П Т-ыг татаж унагаад гэмтээсэн. ...Ямар ч байсан гэрийн гадаа эхнэртэйгээ юм яриад зогсож байхад Т- гарч ирээд П-г гичий минь гээд байсан. Тэгээд П тэр хоёр хэрэлдээд, Т-ыг газар унагаасан, цохиж байгааг хараагүй...” /хх-ийн 16/ гэсэн, шүүгдэгч О.П-гийн “...2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Б.Т-, Эрдэнэ нар манай гэрт ирж архи уусан.  ...Би Т-ыг холд гээд түлхэхэд чи зүгээр байгаарай, гичий минь гэхээр нь бид хоёр маргалдсан. Энэ үед би Т-ын нүүр рүү цохиод, хувцаснаас зуурч байгаад татахад нүүрээрээ газарт унасан...” /хх-ийн 40-41/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны шинжээчийн №13454 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Б.Т-ын биед баруун хацар, баруун, зүүн хөмсөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 19/ гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч О.П-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч О.П нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Т-ын эрүүл мэндэд баруун хацар, баруун, зүүн хөмсөгт зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан, хохирогч нь эмчилгээний зардалтай холбоотой хохирол, төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгч хохирогч нар нь сайн дурын үндсэн дээр эвлэрсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна. 

 

Шүүгдэгч О.П нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч О.П-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд прокурорын саналын хүрээнд торгуулийн ял оногдуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн 1810027000029 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Б.Т- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

      

1. Шүүгдэгч Т овогт О-н П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О-н П-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч О.П-д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.П-д оногдуулсан торгуулийн ялыг 05 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 1810027000029 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Б.Т- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О.П-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.П-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.              

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Д.АЛТАНЖИГҮҮР