Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 225/МА2026/00007

 

 

 

 

 

2026 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 225/МА2026/00007

 

 

 

ХТӨХХК-ийн

итгэмжлэгдсэн төлөөлөгч ЭХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам, шүүгч Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 320/ШШ2026/00077 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ХТӨХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ЭХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ГХХК, хамтран хариуцагч Б.С, Б.З нарт холбогдох

Үндсэн зээл 16,620,000 төгрөг, алданги 8,310,000 төгрөг, нийт 24,930,000 (хорин дөрвөн сая есөн зуун гучин мянга) төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч ЭХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Сийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ЭХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Сэ /цахим/, хариуцагч Б.С, С.З нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ууганбаяр, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Хулан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ХТӨХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ЭХХК шүүх гаргасан нэхэмжлэлдээ: Хөдөө аж ахуйг дэмжих сан нь 2023 оны 07 сарын 05-ны өдрийн 269 дүгээр тогтоолоор татан буугдаж хөрөнгө өр авлагыг ХТӨХХК хариуцах болсон бөгөөд эрх залгамжлан авагч юм. ХТӨХХК нь газар тариалан, мал аж ахуйн салбарыг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм. Засгийн газрын бодлого, нийт хүн амын хүнсний нөөцийг бүрдүүлэхэд анхаарч иргэн, аж ахуй нэгжтэй урт хугацааны таатай зээлийн нөхцөлөөр дэмждэг. ГХХК нь тус дэмжлэгт хамрагдсан бөгөөд өнөөг хүртэл зээлээ төлөөгүй байна. Үүнд:

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь ямар гэрээний дагуу хэдэн төгрөгийн үндсэн төлбөр, хүү, алданги нэхэмжилж байгаа болохыг тодорхойлж, нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулж байна. Үүнд:

1.2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр  дугаартай Зээлийн гэрээний нийт үнэ 15,000,000 төгрөгийг 5 жилийн хугацаатай, 3,6 хувийн хүүтэй буюу хүү 1,620,000 төгрөг, нийт 16,620,000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн. 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 000дугаартай Барьцааны гэрээг байгуулсан бөгөөд тус гэрээгээр Б.С, С.З нарын нэр дээрх 000165883 дугаартай, улсын бүртгэлийн Ү-000 дугаартай, 000000 дугаартай, Г-000 дугаартай 80м2 хувийн орон сууц, гэр бүлийн хэрэгцээний газруудыг барьцаанд тавьсан болно. Хариуцагч төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тул гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсний алданги тооцсон бөгөөд алдангийн хэмжээ үндсэн төлбөрийн 50 хувьтай тэнцэх дүнгээс хэтэрч байх тул Иргэний хуулийн 232.4 дэх заасныг баримтлан анзыг 50% байхаар тооцоход алданги 8,310,000 төгрөг болно. Иймд Зээлийн гэрээний дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 16,620,000 төгрөг, алданги 8,310,000 төгрөг нийт 24,930,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах;

Иймд хариуцагч ГХХК-иас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 24,930,000 төгрөгийг гаргуулж, Б.С, С.З нарын нэр дээрх хувийн сууц, болон гэр бүлийн хэрэгцээний газраар барьцаа хөрөнгийн үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. гэжээ.

Хариуцагч ГХХК-ийн төлөөлөгч Д.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Доржхуягийн Банзрагч миний бие Балдоржийн Сгаас 2017 онд ГХХК-г худалдаж авахад 24,930,000 төгрөгийн өр төлбөртэй гэдгийг мэдээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх боломжгүй. ...Тухайн үед ГХХК-ийг надад зарахдаа өр зээлтэй талаараа надад хэлээгүй. Түүнээс хойш би мал эмнэлгийн үйл ажиллагаа эрхлээд өдийг хүртэл ажиллаж байна. Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх хүсэлтэй байна... гэжээ.

Хариуцагч Б.С, С.З нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ууганбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд Б.С, С.З нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцож байна. Б.С нь ГХХК-ийн захирал байх хугацаандаа буюу 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Үйлдвэр Хөдөө аж ахуйн яамны Мал хамгаалах сангаас 5 жилийн хугацаатай 15 сая төгрөгийг жилийн 3,6 хувийн хүүтэй сарын 0,3 хувийн хүүтэй зээл авсан байдаг. Зээлийн барьцаа хөрөнгөд Б.С, С.З нарын нэр дээрх 80 метр квадрат бүхий хувийн сууц, гэр бүлийн хэрэгцээний газруудыг барьцаалсан. Зээл авснаас хойш зээлийн төлөлт хийх боломжгүй нөхцөл байдал үүссэн байдаг. Тухайн 15,000,000 төгрөгийг гахай үржүүлэх чиглэлээр авсан. Төв аймаг руу хүнтэй тохиролцож гахай авахаар болсон боловч шаардлага хангахгүй цөөхөн хэдэн гахай явуулсан бөгөөд энэ асуудлаас болж гахай үржүүлэх ажиллагааг эрхэлж чадаагүй учир зээлийн төлөлтийг хугацаанд нь төлөх боломжгүй нөхцөл байдалд хүрсэн. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж заасан байдаг. Иймд тухайн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хариуцагч нарын төлөөлөгч миний бие маргаж оролцож байна. 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс шаардах эрхээ хэрэгжүүлэх хугацаа эхэлсэн 2023 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд тухайн шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан. Энэ хугацаанд шаардах эрхээ хэрэгжүүлэн шүүхэд мэдэгдэл тайлбар хүргүүлж, хариуцагч нарт энэ талаар мэдэгдсэн зүйл байгаагүй. Тиймээс нэхэмжлэгч байгууллагын зүгээс тухайн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа буюу 2 жил 9 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтэй байна... гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 320/ШШ2026/00077 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 75 дугаар зүйл 75.2.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар нэхэмжлэгч Хөдөө аж ахуйн корпорац төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ЭХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ГХХК болон Б.С, С.З нарт холбогдох, үндсэн зээл 16,620,000 төгрөг, алданги 8,310,000 төгрөг, нийт 24,930,000 (хорин дөрвөн сая есөн зуун гучин мянга) төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Хтөрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч ЭХХК давж заалдах гомдолдоо: ...Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

1. Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн;

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 16 дугаар Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба байгуулах, орон тооны хязгаарыг батлах тухай тогтоолоор Тариаланг дэмжих сангийн санхүүгийн бүртгэлтэй хөрөнгө, өглөг, авлага болон Мал хамгаалах сангаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд шилжүүлсэн хөрөнгө, өглөг авлагыг холбогдох хууль тогтоомжид заасан журмын дагуу Хөдөө аж ахуйг дэмжих санд шилжүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан Төрийн өмчит бодлого зохицуулалтын газарт даалгасан.

Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн А-134 дугаартай тушаалаар Мал хамгаалах сангаас шилжүүлсэн 2,570,217,940.60 төгрөгийн үндсэн хөрөнгө, 32,515,542,001.20 төгрөгийн авлага 13,187,211,927.15 төгрөгийн өр төлбөр, Мал хамгаалан сангаас Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Хөтөлбөр арга хэмжээний тайланд бүртгэлтэй 2 дугаар хавсралтад заасан 22,083,418 төгрөгийн авлагыг тус тус Хөдөө аж ахуйг дэмжих санд балансаас балансад шилжүүлсэн.

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 269 дугаар тогтоолоор Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албыг татан буулгасантай холбогдуулсан тус сангийн санхүүгийн тайланд бүртгэлтэй хөрөнгө, өр төлбөр, авлагыг энэ тогтоол батлагдсан өдрөөр тасалбар болгон Хтөрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанид бүрэн шилжүүлэх ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Б, Төрийн өмчит бодлого зохицуулалтын газарт тус тус даалгасан байдаг.

Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албыг байгуулж, Тариаланг дэмжих сангийн санхүүгийн тайланд бүртгэлтэй хөрөнгө, өглөг, авлагыг Хөдөө аж ахуйг дэмжих санд балансаас балансад, 2023 оны 10 дугаар сарын 20-нд Хөдөө аж ахуйг дэмжих санг татан буулгаж, ХТӨХХК-д балансаас балансад шилжүүлэхээр тус тус шийдвэрлэж, Хөдөө аж ахуй корпораци ТӨХХК-нд улсын бүртгэлийн гэрчилгээг дахин олгосон байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т энэ хуульд өөрөөр заагаагүй бол дараах тохиолдолд хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ: 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж хуульчлан зохицуулсан.

Харин хөөн хэлэлцэх хугацааг тоолох журмыг Иргэний хуулийн 72, 76 дугаар зүйл, заалтаар зохицуулсан ба хуулийн 72.1-д хугацааг тоолохдоо тогтоосон он, сар, өдрөөс, 76.1-д шаардах эрх үүссэн үеэс тоолно гэж тус тус заасан.

Хариуцагч ГХХК-тай 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 000 дугаартай зээлийн гэрээнээс үзэхэд: гэрээний үүрэг гүйцэтгэх хугацаа нь 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болохоор байх ба хөөн хэлэлцэх хугацаа нь 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр дуусахаар байна. Гэвч уг хугацаанаас өмнө Засгийн газрын тогтоол гарсан байх тул энэ үеэс Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба, түүнчлэн ХТӨХХК-д Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар шаардах эрх үүссэн гэж үзнэ.

Тодруулбал, нэхэмжлэгч ХТӨХХК нь хөөн хэлэлцэх хугацааны дотор гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж үзэх үндэслэлтэй юм.

Мөн Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх уг маргаантай төсөөтэй маргааныг 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 208/МА2026/00009 дугаар магадлалаар хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтоосон болно.

Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 320/ШШ2026/00077 дугаар шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар нэхэмжлэгч ХТӨХХКомпанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ЭХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Сийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Нэхэмжлэгч ХТӨХХКомпани нь хариуцагч ГХХКомпани, гүйцэтгэх захирал Б.Сд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 24,930,000 төгрөг гаргуулж Б.С, С.З нарын нэр дээрх хувийн сууц, болон гэр бүлийн хэрэгцээний газраар барьцаа хөрөнгийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Мал хамгаалах сан, ГХХКомпанийн захирал Б овогтой С нарын хооронд 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Гахай үржүүлэгч аж ахуйг өргөтгөх төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг болгон 15,000,000 төгрөгийн зээлийг жилийн 3.6 хувийн хүүтэйгээр 5 жилийн хугацаатай 2016-2020 оны хооронд хэсэгчлэн төлж дуусгах, хуваарьт төлбөрийг төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй үүргийн гүйцэтгэлийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцсон байна.

Анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацаа дууссан, дээрх хугацаанд нэхэмжлэгч нь шаардах эрхээ хэрэгжүүлж хариуцагчаас зээлийн гэрээний үүргийг шаардсан талаарх баримт хэрэгт авагдаагүй гэж дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон байна.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 сарын 08-ны өдрийн 16 дугаартай Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба байгуулах, орон тооны хязгаарыг батлах тухай тогтоолоор Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба байгуулж, орон тооны хязгаарыг тогтоож, тус албаны дүрэм, зохион байгуулалтын бүтцийг орон тооны хязгаар, батлагдсан төсөвт багтаан баталж, хяналт тавьж ажиллахыг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад даалгасан байна. Үүний дагуу хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 04 сарын 24-ний өдрийн А-134 дугаартай Хөдөө аж ахуйг дэмжих санд хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай тушаал гарч, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн 2019 оны жилийн эцсийн аудитын нэгтгэсэн санхүүгийн тайлангийн үлдэгдэл, тус тайланд нэгтгэгдсэн Японы засгийн газрын төсөл хөтөлбөрийн хугацаа дууссан КР-1, КР-2, БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн БОТ санхүүгийн тайлангийн үлдэгдлийг хааж хаалтын тайлан гарган, Хөдөө аж ахуйг дэмжих дэмжих санд балансаас балансад шилжүүлсэн.

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 07 сарын 05-ны өдрийн 269 дугаартай Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албыг татан буулгах тухай тогтоолоор Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албыг татан буулгаж, тус сангийн санхүүгийн тайланд бүртгэлтэй хөрөнгө, өр төлбөр, авлагыг энэ тогтоол батлагдсан өдрөөр тасалбар болгон "Хөдөө аж ахуйн корпораци" төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанид бүрэн шилжүүлжээ. Энэ нь нийтэд илэрхий баримт байна.

Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.6-д Шаардах эрхийг шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид шилжүүлснээр түүнтэй холбоотой бусад эрх болон түүнийг хангах арга нэгэн зэрэг шилжинэ гэж заасны дагуу Мал хамгаалах сангийн олгосон зээлтэй холбоотой шаардах эрх "Хөдөө аж ахуйн корпораци" төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанид дээрх шийдвэрүүдээр шилжсэн байх тул "Хөдөө аж ахуйн корпораци" төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани нь гэрээний үүргийн талаар шаардлага гаргах эрхтэй этгээд мөн байна.

ГХХКомпанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.С, Мал хамгаалах сангийн хооронд 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдсан талаар талууд маргаагүй харин ГХХКомпанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь Д-ийн Бч байх бөгөөд тэрээр зээлийн гэрээний тал биш байх тул түүнээс дээрх зээлийн гэрээний дагуу үндсэн төлбөр, хүү, алданги нэхэмжлэх эрхгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т энэ хуульд өөрөөр заагаагүй бол дараах тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа үйлчилнэ: 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж хуульчилсан.

Мөн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журмыг Иргэний хуулийн 72, 76 дугаар зүйлүүдээр зохицуулсан ба хуулийн 72.1-д хугацааг тоолохдоо тогтоосон он, сар, өдрөөс 76.1-д шаардах эрх үүссэн үеэс тоолно гэж заасан байна.

Энэ хэргийн тухайд шаардлага гаргах хөөн хугацаа нь 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тоологдох бөгөөд 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан байна.

Гэтэл нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэл гаргасан байх ба Иргэний хуулийн 78, 79 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нэхэмжлэгч ХТӨХХКомпанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ЭХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Сийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 320/ШШ2026/00077 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Л.ЭРДЭНЭБАТ

ШҮҮГЧИД                             Б.СОСОРБАРАМ  

Н.БАЯРХҮҮ