| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2019/0085/Э |
| Дугаар | 105 |
| Огноо | 2019-02-01 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Б.Соёлмаа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 105
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Б.Соёлмаа, шүүгдэгч Р.А-, түүний өмгөөлөгч Ц.Батзаяа, Г.Баттогтох, нарийн бичгийн дарга Т.Ган-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б овогт Р-ийн Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1810004200643 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1946 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Дорноговь аймагт төрсөн, 72 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тэтгэвэрт байдаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн .... дугаар хороо, .........., ........ дугаар байрны ...... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт Р-ийн А.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Р.А нь 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сэргээн засах клиник эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхдаа усан эмчилгээний өрөөнд эмчлүүлж байсан М.Я-ы унагааж, гээсэн Самсунг галакси эс 8 загварын гар утсыг олж, бусдын эд зүйл гэдгийг мэдсээр байж завшин, М.Я-д 1,400,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч Р.А-: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгсөн, шүүхэд нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Хохирогч М.Я мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 01 дүгээр сарын 31-ний өглөө 09 цагийн үед усан ваннд орохдоо хувцасаа шүүгээнд хийгээд 15 минут орчим болоод буцаад гарсан. Замдаа ЭХО-ний эмчид үзүүлсэн, массажны өрөөний үүдэнд дугаарлаж байхдаа халаасандаа утсаа үзэхэд байхгүй байсан. Усан эмчилгээний өрөөнд сандал дээр суугаад хувцасаа тайлж, өмсөхдөө алга болгосон унагаасан байх, байж магадгүй гэж бодож байна...” /хх-ийн 13, 14, 15, 16-17/ гэсэн,
Гэрч Я.Д- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Манай аав Я 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өглөө над руу яриад гар утсаа 1 давхарт байрлах усан ваннд орохдоо хувцастайгаа хамт шүүгээнд хийж үлдээчихээд 15 минутын дараа гарч ирээд хувцасаа өмсөөд 2 давхарт гарсаныхаа дараа утсаа алга болгосноо мэдсэн гэж хэлсэн...” /хх-ийн 18-19, 102/ гэсэн,
Шүүгдэгч Р.А мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 01 сарын үеэр Сэргээн засах клиник эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Тухайн үед усан эмчилгээний өрөөний хажууд байрлах хувцас солих өрөөнд хувцасаа сольж байх үед шалан дээр нэг гар утас байсан. Тэр гар утсыг аваад өрөөндөө орсон бөгөөд утас цэнэггүй байсан. Эмнэлгээс гараад өөр дээрээ байлгаж байгаад хүүдээ өгч түр бариулсан юм...” /хх-ийн 21, 72-73/ гэсэн мэдүүлгүүд,
- Өргөдөл /хх-ийн 6/,
- Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 12/,
- Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 25/,
- Сэргээн засах клиник эмнэлэг ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 34, 36, 38/,
- Үүрэн телефоны компаниудын албан бичиг /хх-ийн 44-45, 47-55/,
- Шүүгдэгч Р.А-ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 28-33/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Р.А-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Р.А нь 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сэргээн засах клиник эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхдаа усан эмчилгээний өрөөнд эмчлүүлж байсан М.Я-ы унагааж, гээсэн Самсунг загварын гар утсыг олж, бусдын эд зүйл гэдгийг мэдсээр байж завшин, бусдад 1,400,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч М.Я-ы “...2018 оны 01 дүгээр сарын 31-ний өглөө 09 цагийн үед усан ваннд орохдоо хувцасаа шүүгээнд хийгээд 15 минут орчим болоод буцаад гарсан. Замдаа ЭХО-ний эмчид үзүүлсэн, массажны өрөөний үүдэнд дугаарлаж байхдаа халаасандаа утсаа үзэхэд байхгүй байсан. Усан эмчилгээний өрөөнд сандал дээр суугаад хувцасаа тайлж, өмсөхдөө алга болгосон унагаасан байх, байж магадгүй гэж бодож байна...” гэсэн, шүүгдэгч Р.А-ын “...2018 оны 01 сарын үеэр Сэргээн засах клиник эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Тухайн үед усан эмчилгээний өрөөний хажууд байрлах хувцас солих өрөөнд хувцасаа сольж байх үед шалан дээр нэг гар утас байсан. Тэр гар утсыг аваад өрөөндөө орсон бөгөөд утас цэнэггүй байсан...” гэсэн мэдүүлгүүд, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 25/, Сэргээн засах клиник эмнэлэг ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 34, 36, 38/, үүрэн телефоны компаниудын албан бичиг /хх-ийн 44-45, 47-55/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Р.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэрэгт авагсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж, цуглуулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч Р.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтын талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас Г.Я-ы эд хөрөнгөд 1,400,000 төгрөгийн /хх-ийн 25/ хохирол учирсан, шүүгдэгч Р.А нь мөрдөн шалгах ажиллагааны явцад эд зүйлийг буцаан өгсөн /хх-ийн 12/, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.
Шүүгдэгч Р.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Р.А-ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд уг гэмт хэрэг 2018 оны 01 дугаар сарын 31-ний өдөр үйлдэгдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр дууссан байна.
Иймд шүүгдэгч Р.А-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасны дагуу Р.А-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Р-ийн А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч Р-гийн А-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Эрүүгийн 1810004200643 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Р.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР