Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 928

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюунцэцэг даргалж,

Нэхэмжлэгч Төв аймгийн Бүрэн сумын 4 дүгээр багийн иргэн НК66072908 регистрийн дугаартай “Лувсанцэрэн гавж” овогт Базарзагдын Баасанхүүгийн нэхэмжлэлтэй Улсад ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баатар-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Г.Сугармаа нарыг оролцуулав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Базарзагдын Баасанхүү нь Төв аймгийн Бүрэн сумын Бүрэндэлгэрэх нэгдэл болон Улсын асрамжийн газар, Бүрэндэлгэрэх ХК-д тус тус малчнаар 1983 оны 01 сарын 15-наас 1993 оны 04 сарын 01-нийг хүртэл тасралтгүй ажиллаж байсан байна.  Одоо өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэтэл түүний хөдөлмөрийн дэвтэрт бичилт дутуу, ажиллаж байсан үеийн зарим тушаал шийдвэр архиваас олдохгүй байгаа юм. Иймд түүний ажиллаж байсан байдлыг цуглуулсан нотлох баримт, хамт ажиллаж байсан хүмүүсийн гэрчийн мэдүүлэг тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтанд үндэслэн тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Төв аймгийн Бүрэн сумын Бүрэндэлгэрэх нэгдлийн зөвлөлийн даргын тушаал, Нийгмийн даатгалын хэлтсийн тодорхойлолт, Архивын лавлагаа, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Б.Баасанхүү нь Төв аймгийн Бүрэн сумын Бүрэндэлгэрэх нэгдэл, Улсын асрамжийн газар, Бүрэндэлгэрэх ХК-д 1983 оны 01 сарын 15-наас 1993 оны 04 сарын 01-нийг хүртэлх хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор дараах нотлох баримтуудыг ирүүлжээ. Үүнд:

1.Базарзагдын Баасанхүүд Төв аймгийн Бүрэн сумын Бүрэндэлгэрэх нэгдлээс 1983 оны 07 сарын 15-нд  нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн  1-3 дахь хуудсанд  “1983 оны 01 сарын 15-наас Бүрэндэлгэрэх нэгдлийн хоньчноор томилов”,

-1989 оны 12 сарын 30-ны өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн 3-5  дахь талд “1989 оны 10 сарын 31-нээс Улсын асрамжийн газрын туслах аж ахуйд туслах малчнаар авч ажиллуулав, 1990 оны 12 сарын 26-ны өдрөөс өөрийнх нь хүсэлтээр чөлөөлөв”,

-1991 оны 01 сарын 01-ний өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн 1-3 дах  талд “1991 оны 01 сарын 01-нээс Бүрэн дэлгэрэх нэгдлийн Булангаа бригадад малчнаар ажиллуулав, 1993 оны 12 сарын 30-нд Бүрэндэлгэрэх ХК татан буугдсан учир малчнаас чөлөөлөв” гэсэн бичилт,

2.Төв аймгийн Бүрэн сумын Бүрэндэлгэрэх нэгдлийн зөвлөлийн даргын “Малчид, ажилчдын 1987 оны ээлжийн амралтыг олгох тухай”                                                                                   1987 оны 07 сарын 15-ны өдрийн 75 тоот тушаалд  малчин Б.Баасанхүүгийн амралтыг олгосугай гэсэн бичилт,                  

-1989 оны 10 сарын 13-ны өдрийн 85 тоот “Ээлжийн амралт олгох тухай” тушаалын хавсралтанд “малчин Б.Баасанхүү” гэсэн баримт,

3.Төв аймгийн Архивын тасгийн 2016 оны 06 сарын 14-ний өдрийн 474 тоот албан бичигт “Тус аймгийн Бүрэндэлгэрэх нэгдлийн даргын 1983-1986, 1990 оны тушаалд холбогдох баримт гараагүй, мөн Улсын асрамжийн газрын баримт төрийн архивт шилжиж ирээгүй тул иргэн Б.Баасанхүүд лавлагаа олгох боломжгүй байна.”,

-Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2016 оны 06 сарын 14-ний өдрийн №180 тоот албан бичигт “Төв аймгийн Бүрэн суманд үйл аижллагаа явуулж байсан Бүрэндэлгэрэх ХК 1992, 1993 1994 онуудад нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан” тодорхойлолт, 

4.Гэрч Д.Бүргэдийн “Б.Баасанхүү нь Төв аймгийн Бүрэн сумын сургуулийг төгсөөд мал дээр гарсан. Бүрэндэлгэрэх нэгдэл болон Бүрэн сумын Улсын асрамжийн газар, Бүрэндэлгэрэх ХК-д тус тус малчнаар 1983-1994 онуудад тасралтгүй ажиллаж байсан. Би тухайн үед нэглдийн хэвлэл тараагчаар ажиллаж байгаад цэргийн  албанд татагдсан. Халагдаж ирээд нэгдлийн Хайрхан бригадад тоо бүртгэгч, цалин хөлсний нягтлан, санхүүгийн хэсгийн дарга, нэгдлийн аж ахуй  эрхэлсэн орлогч, Бүрэндэлгэрэх ХК-д нягтлан бодогчоор 1964 оноос 1993 оныг хүртэл ажиллаж байсан” гэх мэдүүлэг,

-гэрч Ц.Баяраагийн “Б.Баасанхүү нь эх эцгээ дагаж малчин болсон хүн, Төв аймгийн Бүрэн сумын Бүрэндэлгэрэх нэгдэлд малчнаар 1983-1992 оныг хүртэл ажиллаж байсан. Нэгдэл хувьчлагдаж Бүрэндэлгэрэх ХК-д 1992-1994 оныг хүртэл малчнаар ажиллаж байсан. Би Бүрэн сумын Бүрэндэлгэрэх нэгдлийн эмчилгээ тэжээлийн цехэд 1990-1983 онд, 1983-1986 онуудад санитарч, 1986-1991 оныг хүртэл Хайрхан бригадын Дэлгэрэх хэсгийн даргаар тус тус ажиллаж байсан” гэх мэдүүлэг,

5.Төв аймгийн Хувьсгалт залуучуудын хорооноос Б.Баасанхүүд 1986 оны 05 сарын 28-ны өдөр олгосон гэрчилгээ, 1987 оны 04 сарын 04-ний өдөр ЗХУ-д жуулчлах бичиг зэрэг нотлох баримтууд байна.

 

Хүсэлт гаргагч Б.Баасанхүүгийн Төв аймгийн Бүрэн сумын Бүрэндэлгэрэх нэгдэлд малчнаар ажиллаж байгаад ажлаас чөлөөлөгдсөн тухай тушаал өөрт нь хадгалагдаагүй буюу архиваас олдохгүй байгаа, түүнчлэн ажиллаж байх үеийн цалингийн цэс, ажиллаж байх үеийн зарим тушаал, санхүүгийн баримтууд аймгийн архивын газар хадгалагдаагүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Төв аймгийн архивын тасгаас ирүүлсэн 2016 оны 06 сарын 14-ний өдрийн 474 тоот лавлагаа зэргээр нотлогдож байна.              

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж зааснаар хүсэлт гаргагчаас хэрэгт ирүүлсэн дээрх бичгийн нотлох баримтуудыг  үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүх нэхэмжлэгч Б.Баасанхүүгийн хүсэлтээр түүнтэй хамт ажиллаж байсан Д.Бүргэд, Ц.Баяраа нараас хууль сануулж гэрчийн мэдүүлэг авсан ба эдгээр хүмүүс нь Төв аймгийн Бүрэн сумын Бүрэндэлгэрэх нэгдэлд хамт ажиллаж байсан болох нь тэдний тайлбараар нотлогдож байна.

 

Иймд нэхэмжлэгч Б.Баасанхүүг Төв аймгийн Бүрэн сумын Бүрэндэлгэрэх нэгдэлд 1983 оны 01 сарын 15-наас 1989 оны 10 сарын 02-ныг хүртэл малчин, Бүрэн сумын Улсын асрамжийн газарт малчнаар 1989 оны 10 сарын 31-нээс 1993 оны 12 сарын 30-ныг хүртэл тус тус ажиллаж байсан болохыг тогтоох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төрийн  санд үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд  заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар НК66072908 регистрийн дугаартай “Лувсанцэрэн гавж” овогт Базарзагдын Баасанхүү нь 1983 оны 01 сарын 15-наас 1989 оны 10 сарын 02-ныг хүртэл Төв аймгийн Бүрэн сумын Бүрэндэлгэрэх нэгдэлд   малчин, 1989 оны 10 сарын 31-нээс 1993 оны 04 сарын 01-нийг хүртэл мөн сумын Улсын асрамжийн газрын Булангаа бригадад малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагч Б.Баасанхүүгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Л.ОЮУНЦЭЦЭГ