| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 197/2025/35170/И |
| Дугаар | 210/МА2026/00670 |
| Огноо | 2026-03-27 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 210/МА2026/00670
*******ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, шүүгч Ж.Лхагвасүрэн, Ерөнхий шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 сарын 30-ны өдрийн 197/ШШ2026/02530 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******, ******* нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: гэрээний үүрэгт нийт 14,956,118 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,
иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч *******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч****** (цахимаар), шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ХЯНАВАЛ нь:
1. Нэхэмжлэгч *******ХХК нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан гэрээний үүрэгт нийт 14,382,971 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ ...хариуцагч нарыг ус, дулаанаар тогтвортой хангаж ажилласан, гэтэл хариуцагч нар 2015 оны 05 сарын 01-ний өдрөөс 2025 оны 10 сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 14,382,971 төгрөгийн ус, дулааны ашиглалтын зардлыг төлөөгүй... гэж тайлбарласан.
3. Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагаас 4,218,951 төгрөгийг зөвшөөрч (сүүлийн 3 жилийн төлбөр), үлдэх 10,164,020 төгрөгийг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ...тус байранд 2025 оноос хойш амьдарч байгаа, нэхэмжлэгч төлбөр шаардаж байгаагүй учир төлбөрийг хаана төлөхөө мэдэхгүй байсан, хөөн хэлэлцэх хугацаа дууссан... гэж тайлбарлан маргасан.
4. Хариуцагч *******, ******* нар нь Баянзүрх дүүргийн 25-р хороо, 13-р хороолол /13374/, ******* байр, ******* тоот хаягт байршилтай 61 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр 2016 оны 09 сарын 02-ны өдрөөс бүртгэгдсэн, уг орон сууцны 2015 оны 05 сарын 01-ний өдрөөс 2025 оны 10 сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны ус, дулааны төлбөр нийт 14,956,118 төгрөг болсон, үүнээс хариуцагч нар 573,147 төгрөгийг төлсөн, мөн талууд анх 2025 оны 07 сарын 21-ний өдөр Дулааны эрчим хүч, хэрэглээний халуун хүйтэн усаар хангах, бохир ус татан зайлуулах үйлчилгээний гэрээ-г бичгээр байгуулсан үйл баримт хэрэгт авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, нэхэмжлэл, төлбөрийн нэхэмжлэх, Төрийн банкны баримт, гэрээ болон зохигчийн тайлбараар тогтоогдсон, дээрх үйл баримтын тухайд талууд маргаангүй.
5. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа гэж зөв тодорхойлж, улмаар Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж заасныг зөв тайлбарлан хэрэглэж, хариуцагч нарын хүлээх үүргийг сүүлийн гурван жилээр хязгаарлан хариуцагч нараас нийт 4,218,951 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10,164,019 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
6. Иймд ...шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлсон, маргаж буй харилцаа нь Хот суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалтын тухай хууль, Эрчим хүчний тухай хуулиар тус тус зохицуулагдсан тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх дүгнэлт үндэслэлгүй... гэсэн агуулгаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.
7. Учир нь, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д Хэрэглэгч дараах эрх, үүрэгтэй; гээд 15.1.1-д энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан гэрээний дагуу цэвэр усаар хангуулах, хэрэглээнээс гарсан бохир усаа хангагчийн шугам сүлжээнд нийлүүлэх, саарал усыг ашиглах; гэж, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д Хэрэглэгч нь дараахь эрх, үүрэгтэй; гээд 30.1.1-д эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх; гэж тус тус зохицуулсан боловч мөн Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д Хангагч, хэрэглэгчийн хоорондын ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээтэй холбоотой харилцааг энэ хууль, цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ /цаашид "гэрээ" гэх/-гээр зохицуулна. гэж, мөн Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д Эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн харилцааг Иргэний хууль, энэ хууль, аж ахуйн харилцааны дүрэм, эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн хооронд байгуулсан гэрээгээр зохицуулна. гэж тус тус нарийвчлан зохицуулсан байна.
8. Өөрөөр хэлбэл, дээрх хуулиудад хэрэглэгч болон хангагчийн хоорондын харилцааг тэдгээрийн хооронд байгуулагдсан гэрээгээр зохицуулах агуулга тусгагдсан байх тул ...хуулийн дагуу үүсэх үүрэг учир гэрээний хөөн хэлэлцэх хугацаа үйлчлэхгүй... гэсэн агуулгаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.
9. Энэхүү магадлалын хянавал хэсгийн 7, 8-д дүгнэснээс үзвэл талуудын хоорондын харилцаанд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил; гэсэн хөөн хэлэлцэх хугацаа үйлчилнэ.
10. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 сарын 30-ны өдрийн 197/ШШ2026/02530 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2026 оны 03 сарын 02-ны өдөр урьдчилан төлсөн 232,731 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2-т зааснаар магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ
ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР