Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2026/00673

 

 

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Ч.Мөнхцэцэг, Ерөнхий шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 сарын 08-ны өдрийн 192/ШШ2026/00440 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэгт нийт 187,100,000 төгрөг гаргуулах тухай,

 

иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: Миний бие *******д 2024 оны 01 сарын 18-ны өдөр 65,000,000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй зээлдүүлсэн. ******* нь үндсэн зээлээс 20,000,000 төгрөг төлж, 2024 оны 11 сарын 17-ны өдрөөс 2025 оны 05 сарын 26-ны өдрийг хүртэл хугацааны хүү 16,200,000 төгрөгийг 2025 оны 06 сарын 30-ны өдөр бүрэн төлөхөөр тохирсон боловч төлөөгүй. 2024 оны 03 сарын 18-ны өдөр зээлдүүлсэн 30,000,000 төгрөг, түүний хүү 17,280,000 төгрөг, нийт 47,280,000 төгрөг, 2024 оны 04 сарын 18-ны өдөр зээлдүүлсэн 50,000,000 төгрөг, түүний хүү 28,620,000 төгрөг, нийт 78,620,000 төгрөгийг тус тус төлөөгүй. Иймд *******аас нийт 187,100,000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

2.   Хариуцагчийн хариу тайлбарын агуулга: *******аас 2024 оны 01 сарын 17-ны өдрөөс эхлэн 19 удаагийн үйлдлээр 522,471,300 төгрөгийг зээлдэн авч, 47 удаагийн үйлдлээр 475,657,000 төгрөгийг буцаан төлсөн. 2024 оны 01 сарын 17-ны өдөр 100,000,000 төгрөгийг 6 хувийн хүүтэйгээр зээлдэж авсан. 2024 оны 02 сарын 17, 2024 оны 07 сарын 31-ний өдрийн гэрээнүүд нь миний хүсэл зоригийн үндсэн дээр хийгдээгүй, нэхэмжлэгчийн шахалт шаардлагын дагуу аргагүй байдалд орж хийсэн гэрээнүүд болно. Зээлийн хүү болох 6,000,000 төгрөг, 2024 оны 02 сарын 17-ны өдрөөс 2024 оны 07 сарын 17-ны өдөр хүртэл 5 сарын хүү 30,000,000 төгрөг, мөн хэрэг хянан шийдвэрлэх хугацаанд 18,000,000 төгрөг, нийт 54,000,000 төгрөгийг төлсөн. 2024 оны 12 сарын 06-ны өдөр хүртэлх 10 сар 20 хоногийн хугацаанд зээлийн хүү 47,800,000 төгрөг, алданги 48,122,000 төгрөг, үндсэн зээлийн хамт нийт 195,922,000 төгрөг болсноос миний төлсөн 54,000,000 төгрөгийг хасаж 2024 оны 12 сарын 06-ны өдрийн 102/ШШ2024/05723 дугаар захирамжаар 141,922,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэсэн. Тус шүүхийн шийдвэр нь нэхэмжлэгч талын аман хүсэлтийг үндэслэн олон удаагийн зээлийн харилцааг дуусгавар болгохоор хийгдсэн хэлцэл боловч нэхэмжлэгч нь дахин шинээр нэхэмжлэл гаргасан байна гэжээ.

 

3.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар хариуцагч *******аас 133,700,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 53,400,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,251,400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 826,450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэжээ.

 

4.   Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

4.1.  Хариуцагч ******* нь 2024 оны 05 сарын 29-ний өдөр 30,000,000 төгрөгийг 6 хувийн хүүтэйгээр зээлдэн авч, 2024 оны 07 сард төлж барагдуулах баталгаа гаргасан ба энэ хугацаанаас хойш нэхэмжлэгчээс 2 удаагийн гүйлгээгээр 104,500,000 төгрөгийг нэмж зээлдүүлсэн, харин 33 удаагийн гүйлгээгээр 330,000,000 төгрөгийг төлсөн. Иймд тухайн төлбөр нь нэхэмжлэлийн шаардлагаас төлөгдсөн.

4.2.  2024 оны 03 сарын 18-ны өдрийн 30,000,000 төгрөг, 2024 оны 04 сарын 18-ны өдрийн 50,000,000 төгрөг, мөн 2025 оны 01 сарын 65,000,000 төгрөг зээлдүүлсэн үйлдэлд төлбөр төлөхөөр нөхөн хийсэн хүчин төгөлдөр бус гэрээ нь Иргэний хуулийн 282 дугаар зүйл 282.1-т заасан шаардлагыг хангаагүй тул сарын 6 хувийн хүү тооцон нийт 8,700,000 төгрөгийг нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

4.3.  Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******аас 2024 оны 01 сарын 17-ны өдрөөс эхлэн 19 удаагийн үйлдлээр 522,471,300 төгрөгийг зээлдэн авч, 47 удаагийн үйлдлээр 475,605,700 төгрөгийг эргүүлэн төлсөн. Үүн дээр 2024 оны 12 сарын 06 ны өдрийн 102/ШШ2024/05723 дугаар захирамжаар 141,922,000 төгрөг төлөхөөр болсон.

4.4.  Анхан шатны шүүх баталгаа гаргасан огноо болох 2025 оны 05 сарын 28-ны өдрөөс хойш төлбөр төлөгдөөгүй гэх үндэслэлээр бүтнээр нь нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн. Тухайн хоёр баталгааг бичиж өгөхөөс өмнө хариуцагч миний нэхэмжлэгчид төлсөн төлбөрүүдийг үнэлээгүй. Нэхэмжлэгч нь 2025 оны 05 сарын 28-ны өдөр нялх хүүхэдтэй миний гэрт ирж асуудал үүсгэн аргагүй байдалд хүрч баталгаа бичсэн.

4.5.  Мөн нэхэмжлэгч нь хуулиар зөвшөөрөгдөөгүй аргаар мөнгө хүүлэн үндэслэлгүйгээр орлого олж байгаа зэргийг үнэлэн хариуцагчаас нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн 133,700,000 төгрөгийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5.   Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Анхан шатны шүүх ******* болон ******* нарыг хүсэл зоригоо илэрхийлсэн гэж үзсэн. Хариуцагч ******* маргаан бүхий зээлийг авсан гэдгээ болон зээлийн хүү төлөхөө хүлээн зөвшөөрдөг. Бид зөвхөн 2 үйлдлээр хийгдсэн зээлийн гэрээний маргаантай холбоотой мөнгийг нэхэмжилж байгаа болохоос өмнөх харилцааны мөнгийг нэхэмжилсэн зүйл байхгүй. Түүнчлэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн талаар бид маргаагүй бөгөөд шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянах үндэслэлгүй гэх тайлбарыг шүүхэд өгсөн. Талуудын хэн аль нь хүсэл зоригоо илэрхийлж, хариуцагч тал тухайн зээлийг төлнө гэх баталгаа гаргаж өгснөөс хойш ямар ч мөнгө төлөгдөөгүй. Иймд хариуцагч талын гаргаж буй давж заалдах гомдол үндэслэлгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

 

2.   Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 187,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ...шүүгчийн захирамжаар төлбөр тооцооны асуудлыг шийдвэрлэсэн, нэхэмжлэгчид төлөх төлбөргүй... гэсэн агуулгаар тайлбарлажээ. /хх 1, 13, 24-25/

 

3.   Нэхэмжлэгч ******* нь 2024 оны 01 сарын 18-ны өдөр 65,000,000 төгрөг, 2024 оны 03 сарын 18-ны өдөр 30,000,000 төгрөг, 2024 оны 04 сарын 18-ны өдөр 50,000,000 төгрөг, нийт 145,000,000 төгрөгийг хариуцагч *******д шилжүүлэн өгсөн, мөн хариуцагч ******* нь 2024 оны 02 сарын 09-ний өдрөөс 2025 оны 11 сарын 11-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 475,657,000 төгрөгийг нэхэмжлэгч *******т шилжүүлэн өгсөн үйл баримт хэрэгт авагдсан Худалдаа, хөгжлийн банкны дансны хуулга, нөхөж хийсэн 2024 оны 05 сарын 29-ний өдрийн зээлийн гэрээнүүд, Хаан банкны шилжүүлгийн баримт болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна. /хх 4, 14, 15, 38-84/

 

4.   Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн боловч мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д заасан зохицуулалт, Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан зохицуулалтыг тус тус анхаараагүйн улмаас хариуцагчаас 133,700,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

5.   Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д Нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэж, Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Энэ хуулийн 9.2-т зааснаас бусад, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэхийг хүссэн, энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан этгээд аймаг, нийслэлийн Засаг даргад өргөдөл гаргаж бүртгүүлнэ гэж тус тус заасан.

Өөрөөр хэлбэл, хууль тогтоогч нь иргэд өөр хоорондоо мөнгө зээлдүүлж, хүү тохирч болохыг зөвшөөрсөн боловч энэ нь нэг удаагийн шинжтэй, мөнгө хүүлэх зорилгогүй байх шаардлагыг тавьсан бөгөөд хэрэв мөнгийг ашиг олох зорилгоор бусдад зээлдүүлэх үйл ажиллагааг байнга эрхлэх тохиолдолд эрх бүхий этгээдэд бүртгүүлэхийг журамласан байна.

 

6.   Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар нь олон удаагийн зээлийн гэрээний харилцаанд орсон байхаас гадна нэхэмжлэгч ******* нь дээрх хуульд заасан шаардлагыг хангаж, эрх бүхий этгээдэд бүртгүүлсэн гэх үйл баримт тогтоогдоогүй тул нэхэмжлэлд дурдагдсан 2024 оны 01 сарын 18, 2024 оны 03 сарын 18, 2024 оны 04 сарын 18-ны өдрүүдийн зээлийн гэрээнүүдээр хүү шаардах эрхгүй юм.

 

7.   Түүнчлэн, дээрх зээлийн гэрээнүүдийн хугацаанаас хойшхи хугацаанд хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******ийн нэхэмжилсэн 141,922,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, зохигчид эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 12 сарын 06-ны өдрийн 102/ШШ2024/05723 дугаар захирамжаар тогтоогдож байна.

 

8.   Дээрхийг нэгтгэн дүгнэхэд ...миний бие 19 удаагийн үйлдлээр 522,471,300 төгрөгийг зээлдэн авч, 47 удаагийн үйлдлээр 475,657,000 төгрөгийг эргүүлэн төлж, үүн дээр шүүгчийн захирамжаар 142,922,000 төгрөгийг нэмж төлөхөөр болсноор нэхэмжлэгчид төлөх төлбөргүй, нэхэмжлэгч нь хуулиар зөвшөөрөгдөөгүй аргаар мөнгө хүүлэн үндэслэлгүйгээр орлого олсон... гэсэн агуулгаар гаргасан хариуцагч талын татгалзал, гомдлыг үндэслэлтэй гэж үзэхээр байна.

 

9.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч талын гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 сарын 08-ны өдрийн 192/ШШ2026/00440 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч *******д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт нийт 187,100,000 төгрөг гаргуулах тухай, нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 2026 оны 02 сарын 12-ны өдөр урьдчилан төлсөн 826,450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

 

 

ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР