Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 933

 


 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюунцэцэг даргалж,

 

Нэхэмжлэгч Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ багт оршин суух УС65082208 регистрийн дугаартай “Боржигон” овогт Пүрэвжавын Туяагийн улсад ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч П.Туяа, нарийн бичгийн дарга Г.Сугармаа нарыг оролцуулав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч П.Туяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Би 1965 онд төрсөн. Бага дунд сургуулиа 1981 онд төгсөөд Баянчандмань сумын Худалдаа бэлтгэлийн ангийн 1 дүгээр гуанзанд бэлтгэгчээр анх ажиллаж эхэлсэн ба тус байгууллагад 1981 оны 08 сарын 01-нээс 1991 оны 11 сарын 19-нийг хүртэл тасралтгүй ажилласан. Миний хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн учир ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандаж байна. Би архиваас холбогдох тушаалуудыг шүүлгэсэн боловч холбогдох баримт төрийн архивт тушаагдаагүй гээд олдохгүй байна. Иймд намайг Төв аймгийн Баянчандмань сумын Худалдаа бэлтгэлийн ангийн 1 дүгээр гуанзанд бэлтгэгчээр 1981 оны 08 сарын 01-нээс 1991 оны 11 сарын 19-нийг хүртэл ажиллаж байсан байдлыг миний цуглуулсан нотлох баримтанд үндэслэн тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар, цалингийн цэсний хуулбарууд, гэрэл зураг, гэрчүүдийн тодорхойлолт, мэдүүлэг, тэдгээрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

П.Туяа нь Төв аймгийн Баянчандмань сумын Худалдаа бэлтгэлийн ангийн 1 дүгээр гуанзанд 1981 оны 08 сарын 01-нээс 1991 оны 11 сарын 19-нийг хүртэл бэлтгэгчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор дараах нотлох баримтуудыг ирүүлжээ. Үүнд:

1.Төв аймгийн Баянчандмань сумын Худалдаа бэлтгэлийн ангийн 1 дүгээр гуанзангийн ажилчдын цалингийн 1981-1991 оны баримтанд “... бэлтгэгч П.Туяа 240-580 төгрөгийн цалин хөлс авч байсан тухай бичилт,

2.Гэрч Д.Дуламсүрэнгийн “П.Туяа нь Төв аймгийн Баянчандмань сумын Худалдаа бэлтгэлийн ангийн 1 дүгээр гуанзанд бэлтгэгчээр 1981 оны 8 сараас 1992 оныг хүртэл ажиллаж байсныг мэднэ. Би тус гуанзанд тогоочоор 1971 оноос 1992 оныг хүртэл ажиллаж байсан. Бэлтгэгчийн тогтмол цалин 240 төгрөг байдаг байсан” мэдүүлэг түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

-гэрч Л.Энхцэцэгийн “Би 1984 онд Төв аймгийн Баянчандмань сумын Худалдаа бэлтгэлийн ангийн 1 дүгээр гуанзанд тогоочоор анх ажилд орж байхад П.Туяа нь бэлтгэгчээр ажиллаж байсан. Би 1989 оны 9 сард ажлаас чөлөөлөгдөхөд П.Туяа нь бэлтгэгчээр тус гуанзандаа ажиллаад үлдсэн” гэх мэдүүлэг түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар

3.П.Туяагийн хамт олонтойгоо авахуулсан гэрэл зураг зэрэг нотлох баримтууд байна.

 

Хүсэлт гаргагч П.Туяагийн Төв аймгийн Баянчандмань сумын Худалдаа бэлтгэлийн ангийн 1 дүгээр гуанзанд бэлтгэгчээр ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн, ажилд томилсон болон ажлаас чөлөөлөгдсөн тухай тушаал өөрт нь хадгалагдаагүй буюу архиваас олдохгүй, төрийн архивын газар хадгалагдаагүй болох нь нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байна.              

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж зааснаар хүсэлт гаргагчаас хэрэгт ирүүлсэн дээрх бичгийн нотлох баримтуудыг  үндэслэн хүсэлтийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүх нэхэмжлэгч П.Туяагийн хүсэлтээр түүнтэй хамт тус гуанзанд тогоочоор ажиллаж байсан Л.Энхцэцэг, ахлах тогоочоор ажиллаж байсан Д.Дуламсүрэн нараас хууль сануулж гэрчийн мэдүүлэг авсан ба тэдгээр нь Төв аймгийн Баянчандмань сумын Худалдаа бэлтгэлийн ангийн 1 дүгээр гуанзанд  П.Туяатай хамт ажиллаж байсан болох нь тэдний , хөдөлмөрийн дэвтрийн бичилт,  тайлбар зэргээр  нотлогдож байх тул П.Туяаг Төв аймгийн Баянчандмань сумын Худалдаа бэлтгэлийн ангийн 1 дүгээр гуанзанд бэлтгэгчээр 1981 оны 08 сарын 01-нээс 1991 оны 11 сарын 19-нийг хүртэл ажиллаж байсан болохыг тогтоох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төрийн  санд үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд  заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар УС65082208 регистрийн дугаартай “Боржигон” овогт Пүрэвжавын Туяаг Төв аймгийн Баянчандмань сумын Худалдаа бэлтгэлийн ангийн 1 дүгээр гуанзанд бэлтгэгчээр 1981 оны 08 сарын 01-нээс 1991 оны 11 сарын 19-нийг хүртэл ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагч П.Туяагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Л.ОЮУНЦЭЦЭГ