Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2026/00674

 

 

  

 

********ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Ч.Мөнхцэцэг, Ерөнхий шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 сарын 24-ний өдрийн 191/ШШ2026/00110 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ********ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ХХК, *******, ******* нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: нийт 148,125,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй,

 

иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: Тус компани нь 2024 оны 04 сарын 01-ний өдөр ******* ХХК-тай 240401-01 тоот, 2024 оны 04 сарын 03-ны өдөр 240403-01 тоот зээлээр худалдах, худалдан авах гэрээг тус тус байгуулсан. 2024 оны 04 сарын 01-ний өдрийн гэрээгээр Fortune брэндийн ЕТ01-ЕЗ загварын 14.00R25 үзүүлэлт бүхий, 2,850,000 төгрөгийн үнэтэй 50 ширхэг дугуйг нийт 1*******,500,000 төгрөгөөр нийлүүлэхээр тохиролцож, гэрээний үүргээ биелүүлсэн. Харин 2024 оны 04 сарын 03-ны өдрийн гэрээгээр Takh 12R22.5 18PR VF2 маркийн, 720,000 төгрөгийн үнэтэй дугуй 30 ширхэг, Blacklion 385/65R22.5 маркийн 950,000 төгрөгийн үнэтэй дугуй 10 ширхэг, Fortune 23.5R25 маркийн 2,800,000 төгрөгийн үнэтэй дугуй 8 ширхэг буюу 48 ширхэг дугуйг нийт 53,500,000 төгрөгөөр нийлүүлэхээр тохиролцсон. Үүнээс Takh 12R22.5 18PR VF2 маркийн дугуйнаас 20 ширхэг, Fortune 23.5R25 маркийн дугуйнаас 4 ширхэг, нийт 24 ширхэг дугуйг нийлүүлсэн. Хариуцагч гэрээний төлбөрөө шилжүүлэлгүй удсан учир нийлүүлсэн нийт 74 ширхэг дугуйнаас 25 ширхэг дугуйг буцаан татсан. Талууд эцсийн байдлаар баримт үйлдэж, гэрээнүүдийн дагуу нийт 49 ширхэг дугуй нийлүүлэгдсэн, эдгээрийн үнэ 98,750,000 төгрөгийн төлбөр тооцооны үлдэгдэлтэй болохоо хүлээн зөвшөөрч баталгаажуулсан. Талууд гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2024 оны 04 сарын 01-ний өдөр 240401-02 тоот барьцааны гэрээг байгуулж, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, Хан-Уул дүүргийн 6-р хороо, Яармаг/17110/, Наадамчдын зам гудамж, *******байр, ******* тоот хаягт байршилтай 48.95 м.кв талбайтай, хариуцагч *******, ******* нарын өмчлөлийн орон сууцыг барьцаалсан. Талуудын байгуулсан 240401-01 тоот гэрээний 2.3-т үүргийг тогтоосон хугацаанд гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд үнийн дүнгийн 0.5 хувиар, 240403-01 тоот гэрээний 2.3-т алдангийн хэмжээг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 2 хувь байхаар тус тус тохиролцсон. Гэрээний төлбөр төлөх эцсийн хугацаа 2024 оны 05 сарын 08-ны өдөр дууссан бөгөөд өнөөдрийн байдлаар 214 хоногийн хэтрэлттэй байна. 240401-01 тоот гэрээний дагуу төлөх 80,350,000 төгрөгөөс 0.5 хувиар тооцоход алданги нийт 85,974,500 төгрөг, харин 2440403-01 тоот гэрээний дагуу төлөх 18,400,000 төгрөгөөс алдангийг 2 хувиар тооцоход нийт 78,752,000 төгрөг болж байгаа боловч хуульд нийцүүлэн гүйцэтгээгүй үүргийн 50 хувиар тооцож, нийт 49,375,000 төгрөгийн алданги нэхэмжилж байгаа болно.

Иймд 240401-01 тоот гэрээний үндсэн төлбөр 80,350,000 төгргөг, алданги 40,175,000 төгрөг, 240403-01 тоот гэрээний үндсэн төлбөр 18,400,000 төгрөг, алданги 9,200,000 төгрөг, нийт 148,125,000 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагч нарын хариу тайлбарын агуулга: Тус компанийн нэхэмжилсэн үндсэн төлбөрийг зөвшөөрч, үндэслэлгүй алданги нэхэмжилснийг эс зөвшөөрч байна. Учир нь талууд үлдэгдэл төлбөрийг тодорхойлсон гэрээ шинээр байгуулж, акт үйлдсэн, уг актад алданги тооцох талаар, мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар тусгаагүй, өмнө байгуулагдсан хоёр гэрээ хүчин төгөлдөр бус болсон гэжээ.

 

3.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч ******* ХХК-аас нийт 138,925,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ********ХХК-д олгож, үлдэх 9,200,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Энержи инфити ХХК нийт 120,525,000 төгрөгийг сайн дураар төлөөгүй тохиолдолд хариуцагч *******, ******* нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, Хан-Уул дүүрэг, 6-р хороо, Яармаг/17110/, Наадамчдын гудамж, *******байр, ******* тоотод байршилтай 48.95 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч ********ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 968,775 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Энержи инфити ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид нийт 852,575 төгрөг, хариуцагч *******, ******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ********ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4.   Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

4.1.  Хэрэгт авагдсан Үлдэгдэл төлбөр хүлээн зөвшөөрч, төлөх хугацааг дахин тохиролцох тухай тохиролцоо, Тооцоо нийлсэн акт зэрэг баримтаар талууд өмнөх 240401-01 болон 240403-01 тоот гэрээнүүдийн хүрээнд үүссэн үүргийг дахин тодорхойлж, үлдэгдэл төлбөрийн хэмжээг эцэслэн тогтоосон болно. Анхан шатны шүүх дээрх баримтын эрх зүйн үр дагаварт хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр өмнөх гэрээнүүдийг хүчин төгөлдөр хэвээр гэж үзэн шийдвэрлэсэн нь нотлох баримтын үнэлгээний ноцтой алдаа юм.

4.2.  Талуудын тохиролцоогоор үлдэгдэл төлбөрийн хэмжээг тогтоосон, буцаасан барааг хассан, хүү, алдангийн талаар тохиролцоогүй, барьцааг шинэ үүрэгт хамааруулсан заалт тусгаагүй. Үндсэн үүргийн хэмжээ, нөхцөл талуудын тохиролцоогоор өөрчлөгдсөн тохиолдолд барьцааны эрхийг автоматаар хэвээр хэрэглэх эрх зүйн үндэсгүй юм. Анхан шатны шүүх үндсэн үүргийн хэмжээ талуудын тохиролцоогоор дахин тогтоогдсон байхад барьцааны эрхийг шууд хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

4.3.  Анхан шатны шүүх 120,525,000 төгрөгийг сайн дураар төлөөгүй тохиолдолд орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахыг даалгасан. Гэвч хариуцагчийн бусад хөрөнгийн байдлыг тогтоогоогүй, үл хөдлөх хөрөнгийг эцсийн арга хэмжээ байдлаар хэрэглэх эсэхийг дүгнээгүй. Орон сууц нь иргэдийн өмчлөх эрхийн онцгой объект болох нөхцөл байдлыг харгалзаагүй. Уг шийдвэр нь шударга ёс, тэнцвэртэй байдлын зарчимд нийцээгүй байна.

4.4.  ******* ХХК, ******* ХХК-ууд 240401-01 болон 240403-01 тоот Зээлээр худалдах, худалдан авах гэрээ-г дүгнэж гэрээ байгуулж, үлдэгдэл төлбөр болон хугацааг тохиролцсоноор эхний Зээлээр худалдах, худалдан авах 2 гэрээ хоёулаа хүчингүй болсон юм. Иймээс нэхэмжлэгч ******* ХХК нь алданги нэхэмжлэх эрхгүй, нэгэнт эхний 2 гэрээ хүчингүй болсон тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах үндэслэлгүй буюу сүүлийн гэрээгээр барьцаа хөрөнгийн талаар тохиролцоогүй гэж маргасан болно. Гэтэл анхан шатны шүүх дээрх нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт хийхгүй зөвхөн худалдах, худалдан авах гэрээний харилцаанд хүчингүй болсон эхний 2 гэрээг хамааруулан тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

4.5.  Шүүх хариуцагчийн татгалзлыг ямар үндэслэлээр няцаасан талаар тодорхой дүгнэлт хийлгүйгээр шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5.   Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолтой танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна.

5.1.  Үлдэгдэл төлбөр хүлээн зөвшөөрч, төлөх хугацааг дахин тохиролцох тухай 2025 оны 11 сарын 14-ны өдрийн тохиролцоо нь нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч талд үлдэгдэл төлбөрөө алдангигүйгээр төлөх боломжийг олгож, тодорхой хугацаа олгож, уг хугацаанд төлбөл гэрээний дагуу алданги торгуульгүйгээр үндсэн төлбөрөө төлөөд дуусгах тухай харилцааг тусгасан болно. Уг тохиролцоогоор буцаан татсан дугуйны үнийг хасаж, эцсийн байдлаар 2 тал өгч авалцах гэрээний үндсэн төлбөрийн хэмжээг дахин баталгаажуулсан эрх зүйн үр дагавартай акт хэлбэрийн тохиролцоо болно. Гэвч хариуцагчийн хувьд уг тохиролцооны эрх зүйн үр дагаврыг ойлгохгүй, шинээр гэрээ байгуулаад байна гэж төөрөгдөж яриад байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь уг тохиролцоонд өмнөх гэрээнүүдийн цуцалсан болон дуусгавар болгож байгаа тухай нэг ширхэг ч өгүүлбэр үг байхгүй. Энэ бол өмнөх үүргээ дуусгаад шинээр эрх үүрэг талуудад бий болгоод байгаа шинэ гэрээ биш. Хариуцагч шийдвэр гаргах хурлаас өмнө 2-3 удаа хуралдааныг зарлахад ямар нэг тайлбар ирүүлэлгүй, шалтгаангүй огт хуралдаа ирдэггүй байсан ч анхан шатны шүүх шүүх хуралдааныг хойшлуулж, хариуцагчийг биечлэн оролцуулж мэтгэлцүүлэх зарчмыг хангасан.

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээж, шийдвэрт хууль хэрэглээ болон найруулгын өөрчлөлт оруулж, хариуцагч талын гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

2.   Нэхэмжлэгч ********ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт нийт 148,125,000 төгрөг гаргуулах тухай шаардлага, хариуцагч *******, ******* нарт холбогдуулан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлага тус тус гаргажээ. /хх 1-5, 117-123/

 

3.   Хариуцагч ******* ХХК нь гэрээний үндсэн төлбөр 98,750,000 төгрөгийг зөвшөөрч, алданги 49,375,000 төгрөгийг ...талууд үлдэгдэл төлбөрийг тодорхойлсон гэрээ шинээр байгуулж, акт үйлдсэн, уг актад алданги тооцох талаар тусгаагүй, ингэснээр өмнө байгуулагдсан хоёр гэрээ хүчин төгөлдөр бус болсон... гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ. /хх 79, 117-123/

 

4.   Хариуцагч *******, ******* нар барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг ...талууд үлдэгдэл төлбөрийг тодорхойлсон гэрээ шинээр байгуулж, акт үйлдсэн, уг гэрээнд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар тусгаагүй... гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ. /хх 117-123/

 

5.   Анхан шатны шүүх хэргийн баримт, зохигчийн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

5.1.  ********ХХК, ******* ХХК-ууд 2024 оны 04 сарын 01-ний өдөр 240401-01 тоот Зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр ********ХХК нь ET01-E3 загварын 14.00R25 хэмжээтэй 50 ширхэг дугуй нийлүүлэх, ******* ХХК нь 2,850,000 х 50 = 1*******,500,000 төгрөгийг төлөх нөхцөлийг тохирсон; /хх 10-16/

5.2.  Мөн ********ХХК, ******* ХХК-ууд 2024 оны 04 сарын 03-ны өдөр 240403-01 тоот Зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр ********ХХК нь TAKH загварын 12R22.5 хэмжээтэй 30 ширхэг дугуй, BLACKLION загварын 985/65R22.5 хэмжээтэй 10 ширхэг дугуй, FORTUNE загварын 23.5R25 хэмжээтэй 8 ширхэг дугуй нийлүүлэх, ******* ХХК нь 720,000 х 30 + 950,000 х 10 + 2,800,000 х 8 = 53,500,000 төгрөгийг төлөх нөхцөлийг тохирсон; /хх 20-27/

5.3.  ********ХХК болон *******, ******* нар 2024 оны 04 сарын 01-ний өдөр 240401-02 тоот Барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр 240401-01 тоот Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор *******, ******* нарын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 6-р хороо, Яармаг /17110/, Наадамчдын зам гудамж, *******байр, ******* тоот хаягт байршилтай, 48.95 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалсан; /хх 28-33, 34, 35/

5.4.  Улмаар ********ХХК, ******* ХХК-ууд Үлдэгдэл төлбөр хүлээн зөвшөөрч, төлбөр төлөх хугацааг дахин тохиролцох тухай талуудын тохиролцоо гэсэн баримт үйлдэж, уг баримтад ********ХХК нь 98,750,000 төгрөгийн үнэ бүхий 49 ширхэг дугуй нийлүүлсэн, үүнд буцаан авсан 25 ширхэг дугуйны үнийг оруулаагүй, ******* ХХК нь хүлээн авсан 49 ширхэг дугуйны үнэ 98,750,000 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн агуулга тусгагдсан. /хх 36-37/

 

6.   Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа, 156 дугаар зүйлийн 156.1, 165 дугаар зүйлийн 165.1-д заасан үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа /ипотек/-ны гэрээний харилцаа тус тус үүссэн гэж, эдгээр гэрээ хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэж тус тус зөв дүгнэжээ.

 

7.   Иймд хариуцагч ******* ХХК-аас 49 ширхэг дугуйны үнэ 98,750,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ********ХХК-д олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасанд нийцнэ.

 

8.   Анхан шатны шүүх 240401-01 тоот гэрээний алдангийн тохиролцоо хуульд нийцсэн, 240403-01 тоот гэрээний тохиролцоо хуульд нийцээгүй гэж зөв дүгнэж, улмаар 240401-01 тоот гэрээний алдангид хариуцагчаас 40,175,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, 240403-01 тоот гэрээний алданги 9,200,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д тус тус нийцжээ.

 

9.   Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж заасан.

Энэхүү магадлалын хянавал хэсгийн 5.4-т тусгагдсан Үлдэгдэл төлбөр хүлээн зөвшөөрч, төлбөр төлөх хугацааг дахин тохиролцох тухай талуудын тохиролцоо гэсэн баримтад ...худалдагчийн нийлүүлсэн 49 ширхэг дугуйны үнэ 98,750,000 төгрөгийг худалдан авагч төлөхийг зөвшөөрсөн... буюу талууд 240401-01 тоот болон 240403-01 тоот Зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний төлбөр тооцоог нийлсэн агуулгатай байна.

Өөрөөр хэлбэл, талууд шинээр гэрээ байгуулж, өмнөх гэрээгээр тохирсон алдангиас татгалзсан, барьцаа хөрөнгийг чөлөөлсөн, өмнөх гэрээг хүчингүй болгосон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд энэ талаарх хариуцагч нарын татгалзал, давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

10.   Өмнө дурдсанчлан ********ХХК болон *******, ******* нарын байгуулсан 2024 оны 04 сарын 01-ний өдрийн 240401-02 тоот Барьцааны гэрээ нь хуульд нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ тул нэхэмжлэгч нь 2024 оны 04 сарын 01-ний өдрийн 240401-01 тоот Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхтэй.

 

11.   Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийн алданги шаардах эрхэд хамаарах хуулийн зохицуулалтыг орхигдуулсан, мөн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг оновчгүй найруулсан зэрэг алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулах замаар залруулах боломжтой.

 

12.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 сарын 24-ний өдрийн 191/ШШ2026/00110 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...243.1... гэсний дараа ...232 дугаар зүйлийн 232.6... гэж нэмж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч ******* ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хариуцагч *******, ******* нарын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 6-р хороо, Яармаг /17110/, Наадамчдын зам гудамж, *******байр, ******* тоот хаягт байршилтай, 48.95 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж 240401-01 тоот Зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний үүрэг болох 120,525,000 төгрөгийг хангуулсугай гэж өөрчилж,

шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч талаас улсын тэмдэгтийн хураамжид 2026 оны 02 сарын 23-ны өдөр урьдчилан төлсөн 358,825 төгрөг, 2026 оны 02 сарын 27-ны өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөг, нийт *******9,025 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

 

 

ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР