| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Очирбатын Чулуунцэцэг |
| Хэргийн индекс | 106/2016/0997/Э |
| Дугаар | 463 |
| Огноо | 2017-06-22 |
| Зүйл хэсэг | 098.1., |
| Улсын яллагч | Т.Мөнхжаргал |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 463
Санаа Гяльцем-Самдан Алексеевичид холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Д.Гансүх, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
ПрокурорТ.Мөнхжаргал
нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 176 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурорын бичсэн улсын яллагчийн эсэргүүцлээр эрүүгийн 201626021616 дугаартай хэргийг 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Санаа Гяльцем-Самдан Алексеевич, 1997 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Оросын холбооны улсын Хөндэргэй хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Аварга дээд сургуулийн 1 дүгээр курсын оюутан, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 66-06 тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД: ПД65-1834585/,
Цагаатгагдсан этгээд Санаа Гяльцем-Самдан Алексеевич нь 2016 оны 5 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Баасанбатыг араас нь чулуу барьж ирсэний улмаас унагааж, зүүн хөлөн дээр нь гишгэж бие махбодид нь хүндэвтэр зэргийн буюу эрүүл мэндийг нь удаан хугацаагаар сарниулсан зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгний урд цагираг холбоосны бүрэн урагдал бүхий гэмтлийг санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн Прокурорын газраас: Санаа Гяльцем-Самдан Алексеевичийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар Санаа Гяльцем-Самдан Алексеевичид холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан хэргийг хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгаж, цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, Эрүүгийн байцаан шийтэх хуулийн 291 дүгээр зүйлийн 291.2.2 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.6.2-т зааснаар Санаа Гяльцем-Самдан Алексеевичид урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгуулахаар, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1 дэх хэсэгт заагдсан цагаатгах тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар энэхүү цагаатгах тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Санаа Гяльцем-Самдан Алексеевичид урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Прокурор Б.Жаргалын бичсэн улсын яллагчийн эсэргүүцэлд:
Анхан шатны шүүхээс мөрдөн байцаалтын явцад цугларсан нотлох баримтууд хангалтгүй, хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой шалгаж тогтоогоогүй байхад хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.Тодруулбал: Хохирогч Б.Баасанбатын “...би 2016 оны 5 дугаар сарын 19-ний орой найз Наранбилэг, Амартүвшин нарын хамт хороололд хоол идчихээд 2,2 пиво уучихаад 5 дугаар сарын 20-ны шөнө 03 цагийн үед Амартүвшингийн байрны буланд зогсож байсан чинь 4-5 залуу бид нарын хажуугаар өнгөрөхдөө Амартүвшингийн эхнэр Наранбилэг рүү яг юу ярьсныг мэдэхгүй юм яриад өнгөрөхөөр нь би тэр залуучуудын араас ганцаараа очихдоо замаасаа нэг жижиг чулуу аваад очиход хоёр залуу нь нэг шатны хажуу руу шээж байх шиг байсан, тэгээд би тэр шатных нь хажууханд зогсож байсан чинь нэг залуу нь намайг тонгорч унагаад хөлөн дээр гишгээд зугатаасан... гэх мэдүүлгийг шүүх дүгнээгүй зөвхөн шүүгдэгчийн мэдүүлэгт үндэслэж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Улсын яллагчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжээч оролцуулсан боловч шинжээчийн мэдүүлгээр хохирогчийн хөлд учирсан гэмтлийг шүүгдэгч хөл дээр нь гишгэсний улмаас учруулсан уу, тонгорч /түлхэж/ унагаасны улмаас учруулсны аль нь болох нь тогтоогдоогүй буюу хэрэг хэрхэн үйлдэгдсэн нь нотлогдоогүй, хэргийн үйл явцын талаар хохирогч, шүүгдэгчийн мэдүүлгийн зөрүү гараагүй байхад шүүгдэгчийн мэдүүлэгт хөтлөгдөн гэм буруугүйгээр хор уршиг учруулсан гэж дүгнэсэн байна.
Мөн гэрч Б.Амартүвшингийн “...Баасанбат намайг дуудаад орилхоор нь би гүйгээд очсон чинь 3 залуу зугатаасан” гэж мэдүүлсэн байхад уг 5 залуу болон эдгээрээс зугатаасан гэх 3 залуу /Начын, Айдыс, Чыггычы/ гэрчээр байцааж хэрэгт чухал ач холбогдолтой нөхцөл байдлын талаар асууж шалгаагүй, шүүгдэгчтэй хамт үйлдсэн гэх Бады Сайын Сылдысович гэгчийг гэрчээр байцааж хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг тодруулахгүйгээр хэргийг хэлэлцэж, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 318 дугаар зүйлийн 318.2.1-т заасныг зөрчсөн буюу хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн.
Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн санаа зорилго, нөхцөл байдал хэргийг хэлэлцэх шүүх хуралдааны явцад хэлэлцэгдсэн нотлох баримтуудад шүүх дүгнэлт хийгээгүй, нотлох баримт хангалтгүй буюу мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу байхад шүүх хэт нэг талыг барьж хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаагтгасан нь үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтын шатанд буцааж өгнө үү гэжээ.
Прокурор Т.Мөнхжаргал /томилолтоор/ шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 176 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч Б.Жаргал прокурор улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. Мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн гэж үзэж байна.
Үүнд: Шүүхийн цагаатгах тогтоолын дүгнэлт хэсэгт “хохирогчийг түлхэж унагаад, зугтаахдаа хөл дээр нь гишгэсэн” гэсэн нь шүүгдэгч тухайн үед өөрийн үйлдлээ нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй гэж дүгнэсэн. “Түлхэж унагаад зугтаасан” гэдэг үйлдлийг шүүх гэмт хэргийн нийгмийн хор аюулыг болгоомжгүйгээр учруулсан гэж дүгнэсэн. “Түлхэж унагаж” байгаа үйлдэл нь идэвхтэй буюу санаатай үйлдэл бөгөөд үүнийг шүүгдэгч Санаа Гяльцем-Самдан Алексеевич өөрөө мэдүүлдэг. Хохирогч энэ үйлдлийг “үүрч шидсэн” гэж удаа дараа мэдүүлсэн. Мөн гэрч энэ талаар хавирч унагасан гэж зөрүүтэй мэдүүлсэн. Гэхдээ гэрчээр асуугаагүй, тайлбар өгсөн Амартүвшингийн мэдүүлэгт байдаг. Тува улсын иргэн Начингийн тайлбарт мөн хавсарч унагасан гэсэн байдаг. Эдгээр хүмүүс нь мөрдөн байцаалтын шатанд асуугдаагүй болохыг дурдаж байна. Мөрдөн байцаагч хохирогчоос энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн эсэхийг тодруулсан асуултад “2 удаа хөл дээр гишгээд зугтаасан” гэдэг. Энэ мэдүүлгийг анхаарч үзнэ үү, анхан шатны шүүх цагаатгах тогтоол гаргахдаа уг мэдүүлгийг анхаарч үзээгүй. Хавтаст хэргийн материалаас харахад тухайн хэрэг 2016 оны 6 дугаар сарын 8-ны өдөр эрүүгийн хэрэг үүссэн байдаг. Гэтэл 2016 он 6 дугаар сарын 7-ны өдөр буюу эрүүгийн хэрэг үүсгэхээс өмнө хохирогчийн өгсөн тайлбарт хохирол, төлбөр гаргуулж авсан талаар хавтас хэргийн 7 дугаар талд байдаг. Ингээд 35 хоногийн дараа хохирогчоор тогтоож байцаалт авахад болгоомжгүйгээр түлхсэн гэх үйлдлийг хэлээгүй. Зүүн хөл рүү чулуу шидсэн, нэг залуу үүрч шидсэн гэсэн. Гэхдээ үүрч шидсэн гэсэн мэдүүлгийн дараа болгоомжгүйгээр санаатай үүрч шидээгүй байх гэсэн нь эргэлзээтэй нөхцөл байдал үүсгэж байна. Үүнээс харахад хохирлоо авсны дараа мэдүүлэг өөрчлөгдсөн байдаг. 2016 оны 424 дүгээр захирамжаар хэргийг буцаасан. Уг захирамжид гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 92 дугаар зүйл, 191 дүгээр зүйлийг зөрчсөн гэсэн зөрчлүүдийг арилгаагүй байхад хэргийг дахин шүүх рүү шилжүүлэхэд шүүхээс шүүгдэгчийн цагаатгасан байдаг. Шүүхээс буцаасан зөрчлүүдийг арилгах ажиллагаа хийгдээгүй. Тухайлбал шүүгдэгчийн төрсөн эцэг Баярааг байцаагаагүй, Сылдович, Артуравч нараас байцаалт аваагүй. Шүүгдэгчийн мэдүүлгээр “эдгээр хүмүүс Тува улс руу явсан гэж шүүгдэгч хэлсэн” гэсэн байдаг. Мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих шаардлагатай ажиллагаа хийгдээгүй байхад шүүх цагтаатгасан. “Шүүгдэгчийн нийгмийн хор аюулыг ухамсарлаагүй” гэж цагаатгах тогтоолдоо үндэслэл болгож байгаа боловч гэмт хэрэг гарах үед байсан гэрч Амартүвшингийн мэдүүлгээр “хохирогчийг унасны дараа 5 залуу байсан, 3 залуу тойрч зогссон байсан. Хажууд нь хохирогч хэвтэж байсан гэсэн мэдүүлэг хавтаст хэргийн 22-23 талд байдаг. Энэ мэдүүлгийн дагуу эдгээр хүмүүсээс байцаалт авах шаардлагатай. Начин “хавсарч унагасан” гэж мэдүүлдэг. Энэ асуудлыг тогтоох юм бол шүүгдэгч тухайн үед нийгмийн хор аюулыг мэдэж байсан эсэхийг нэг мөр болгож, шүүх дүгнэлт хийхэд эргэлзээгүй болох юм. Тухайлбал хүнийг хавсарч унагаж байгаа үйлдэл нь идэвхтэй санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийг тогтоовол гэмт хэргийн санаа зорилго тодорхой болох байсан гэж дүгнэж байна. Мөн мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан асуудлуудыг бүрэн тогтоосон байх ёстой. Гэтэл энэ хэрэгт яллагдагчийн ял шийтгэлийн хуудсыг хавсаргаагүй. Урьд ял шийтгэгдсэн талаар мөрдөн байцаалтын шатанд шалгаж тогтоосон баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Иймд Эрүүгийн хууль, болон Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан ял шийтгэл гарцаагүй байх гэсэн зарчим хэрэгжээгүй байна. Мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн байхад үндэслэлгүйгээр цагаатгаж, цагаатгах тогтоолд шүүгдэгч, Тува улсын иргэн, гэрч Амартүвшин нарын мэдүүлэг зэргээр шүүх хуралдаанд хохирогчийг оролцуулалгүйгээр цагаатгасан учраас прокурорын эсэргүүцэл бичсэн. Гэрч Амартүвшин нь хэрэг болсны дараа ирсэн, мөн гэрч Наранбилэг нар хэрэгт ач холбогдол бүхий гэрч биш юм. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 176 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, мөрдөн байцаалтанд буцаах нь зүйтэй гэв.
ХЯНАВАЛ:
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 176 дугаар цагаатгах тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “хууль ёсны ба үндэслэлтэй байх” хуулийн шаардлагад нийцээгүй байна.
Тухайн хэрэг гарсан өдөр буюу 2016 оны 5 дугаар сарын 19-өөс 20-нд шилжих шөнө Санаа Гяльцем-Самдан Алексеевичтэй хамт байсан гэх /Начын, Айдыс, Чыггычы/, цагаатгагдсан этгээдтэй хамт үйлдсэн гэх Бады Сайын Сылдысович нарыг гэрчээр асууж тодруулаагүй мөн мэдүүлгүүдийн зөрүү болон Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлттэй харьцуулж үнэлж дүгнэх бусад баримтыг бүрдүүлээгүй, хэрэгт чухал ач холбогдол бүхий мэдүүлэг өгч болох хүмүүсийг байцаагаагүй, зайлшгүй хийвэл зохих шинжилгээг хийгээгүй, түүнчлэн хэрэгт чухал ач холбогдол бүхий баримт бичиг, эд мөрийн баримтыг шаардан гаргуулж аваагүй, хэргийг нэг мөр шалгах ажиллагаа бүрэн хийгээгүй болохоо прокурор Б.Жаргал тайлбарлаж, шүүхэд гаргасан эсэргүүцлээрээ мэдэгдэж байх бөгөөд прокурор нэгэнт хэргийг дутуу шалгаснаа хүлээн зөвшөөрч дахин шалгах хүсэлт тавьж байгаа тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, дутуу баримтад дүгнэлт өгч шийдвэр гаргасан анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иймд прокурор Б.Жаргалын бичсэн 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 6/07 тоот улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгон, хэргийн нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 176 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Санаа Гяльцем-Самдан Алексеевичид холбогдох эрүүгийн 201626021616 дугаартай хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр мөн шүүхээр дамжуулан Баянгол дүүргийн Прокурорын газарт буцаасугай.
2.Хэргийг прокурорт очтол Санаа Гяльцем-Самдан Алексеевичид урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Энэ магадлалд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧИД Д.ГАНСҮХ
О.ЧУЛУУНЦЭЦЭГ