Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 2024/ХШТ/108 

 

                                            Ц.Б-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Н.Гэрэлмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ариунжаргал, нарийн бичгийн дарга Г.Далайцэцэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 26 дугаар шийтгэх тогтоол, Өвөрхангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 28 дугаар магадлалтай, Ц.Б холбогдох эрүүгийн 2427000000015 дугаартай хэргийг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Ц.Эрдэнэбатын бичсэн эсэргүүцэл болон хохирогч Д.О гаргасан гомдлыг үндэслэн 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1989 онд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, механикч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 242 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан Б овогт Ц-ын Б.

 

Ц.Б нь 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын Шунхлай баг Гуагийн **-** тоот өөрийн гэртээ согтуугаар, шалтгаангүйгээр Д.О нүүрэнд хатуу мохоо ирмэгтэй эд зүйлээр цохиж түүний биед 22 дугаар шүдний хугарал, 21, 32 дугаар шүд цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй, 23 дугаар шүдний эмтрэл, дээд урууланд шарх бүхий хөнгөн хохирлыг эрүүл мэндэд санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

      

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 26 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ц.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар түүнийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар Ц.Б хохиролд 241,822 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршигт 5,280,000 төгрөг, нийт 5,521,822 төгрөгийг гаргуулж хохирогч Д.О олгож, үлдэх 8,560,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлыг баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

Шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг Өвөрхангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хянан хэлэлцэж 28 дугаар магадлалаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Б холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

 

Хяналтын шатны шүүхэд прокурор Ц.Эрдэнэбат бичсэн эсэргүүцэлдээ:  “...Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүлээн авч танилцаад хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн гэж үзэж дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Анхан шатны шүүх тус хэргийг шийдвэрлэхдээ хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд, хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтууд, түүнчлэн хохирогчийн “С бид хоёр Б “ *** ” Зоогийн газраас очиж авах үед Б нэлээд ууртай ирсэн бөгөөд орж ирээд агсам тавих гээд, эхнэр С маргалдаад, надад бас уурлаад байсан” гэх мэдүүлгийг үнэлжээ. Өөрөөр хэлбэл хэрэгт хохирогч дээрх байдлаар мэдүүлсэн мэдүүлэг нотлох баримтаар авагдсан байна. Хохирогч эхний удаад мэдүүлэхдээ “Б эхнэр С рүү залгаад ирээд аваадах гэсэн. С бид хоёр Б авч ирээд эргэж гэрт нь ирээд ширээ тойроод сууцгааж байтал Б гэнэт уурлаад над руу юм аваад шидсэн бөгөөд шидсэн зүйл нь миний ам хэсгийг онож миний уруул сэтэрч, үүдэн 3 шүдийг унагасан” гэжээ. Хохирогч дахин мэдүүлэг өгөхдөө “Би урьд өгсөн мэдүүлэгтээ тухайн үед Б, С бид гурвын дунд хэрүүл маргаан, зодоон болоогүй” гэж хэлсэн. Яг үнэндээ С бид хоёр Б “ *** ” зоогийн газраас очиж авах үед Б  нэлээд ууртай гэртээ ирсэн бөгөөд орж ирээд агсам тавих гээд, эхнэр С маргалдаад надад бас уурлаад байсан. Яагаад уурлаад байсныг нь би мэдээгүй. Ер нь Б архи уухаараа л агсам тавьж, хэрүүл маргаан хийдэг. Тухайн үед Б хоёулаа зохицъё, би хохирлыг бүрэн барагдуулж өгнө, чи санамсаргүй цохисон, хэрүүл маргаан элдэв юм болоогүй гээд хэлээд өгчих гээд гуйгаад байсан” гэж мэдүүлдэг /Хавтаст хэргийн 99 дэх тал/. Давж заалдах шатны шүүх хохирогчийн эхний өгсөн хоёр удаагийн мэдүүлэг, Ц.Б яллагдагчаар өгсөн мэдүүлэг, Ц.Б эхнэр С өгсөн мэдүүлгийг үнэлж шүүгдэгчид ашигтайгаар хэргийг шийдвэрлэсэн. Харин анхан шатны шүүхийн нотлох баримтаар үнэлсэн хохирогчийн мэдүүлгийг үнэлсэн эсэх, үнэлээгүй бол түүний үндэслэл буюу хэрхэн няцаан үгүйсгэсэн талаар тодорхой хууль зүйн дүгнэлтийг хийгээгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгдэгчийн гэм бурууг эцэслэн тогтоох ажиллагаа зөвхөн нотлох баримтад үндэслэх бөгөөд шүүх эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг бүх талаас нь бүрэн шинжлэх, шүүгдэгчийн гэм бурууг тогтоохдоо мөрдөн байцаалтын шатанд цугларсан бүхий л нотлох баримтыг нэг бүрчлэн судалсны дээр хэргийг шийдвэрлэдэг. Шүүх шүүхийн шийдвэрт нөлөөлж болох эргэлзээтэй, зөрүүтэй нотлох баримтуудыг заавал няцаан үгүйсгэсэн байх ёстой. Няцаан үгүйсгэгдэхгүй бол тэрхүү эргэлзээг тухайн хүнд ашигтайгаар шийдвэрлэх буюу “in dubio pro reo” гэсэн эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зарчмыг хэрэглэнэ. Энэ талаар Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн №24 дүгээр тогтоолд тодорхой тайлбарласан. Шүүгдэгчийн гэм буруугүйг тогтоож байгаа шүүхийн шийдвэрт тавигдах шаардлага бол үндэслэл болгосон нотлох баримт нь шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг бүрэн дүүрэн нотолж, хэргийн үйл баримтыг үнэн зөвөөр тогтоох явдал юм. Өөрөөр хэлбэл тухайн шийдвэрт тавигдах шаардлага нь нотлогдсон үйл баримтад тулгуурлах ёстой бөгөөд нотолгооны хувьд үүссэн бүх зөрүүг арилгахгүйгээр эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй. Гэтэл хохирогч “Б “ *** ” зоогийн газраас очиж авах үед Б нэлээд ууртай гэртээ ирсэн бөгөөд орж ирээд агсам тавих гээд, эхнэр С маргалдаад надад бас уурлаад байсан. Яагаад уурлаад байсныг нь би мэдээгүй. ...Тухайн үед Б хоёулаа зохицъё, би хохирлыг бүрэн барагдуулж өгнө, чи санамсаргүй цохисон, хэрүүл маргаан элдэв юм болоогүй гээд хэлээд өгчих гээд гуйгаад байсан.” гэх зөрүүтэй мэдүүлгийг үнэлсэн эсэх, үгүйсгэж няцаасан эсэх дүгнэлт хийгээгүй байна. Харин хохирогчийн эхний өгсөн мэдүүлэг, Ц.Б яллагдагчаар өгсөн мэдүүлэг, түүний эхнэр Л.С мэдүүлгийг тус тус үнэлжээ. Шүүх дээрх байдлаар дүгнэхдээ гэрч Л.С Ц.Б нэгдмэл ашиг сонирхолтой байдалд дүгнэлтийг мөн хийгээгүй гэж үзэхээр байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой ...байхаар бичигдсэн байна” гэх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Давж заалдах шатны шүүх хууль зүйн дүгнэлт өгөөгүй хохирогчийн мэдүүлэгтэй уялдаж хэрэгт хэд хэдэн нөхцөл байдал харагддаг. Ц.Б гэртээ болон зоогийн газарт архи, согтууруулах ундаа хэрэглэсэн бөгөөд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашины эд анги засаж байсан, засаж байсан эд ангийг гэрийн үүд рүү шидсэн гэх, тухайн цаг хугацаанд эхнэр нь хоол хийж байсан гэдэг ч хохирогчоос гурвуулаа ширээ тойроод сууж байсан гэх, шидэх замд хохирогч өндийж таарсан гэх боловч хохирогчоос яг замд нь байгаагүй, мөн өндийх үйлдэл гаргаагүй гэдэг. Хохирогчийн тус мэдүүлгийг үнэлээгүй нь дээрх нөхцөл байдалд мөн дүгнэлт хийгээгүй гэж харагдаж байна. Гэтэл хэрэгт хохирогч үнэхээр шүүгдэгчийн эд зүйл шидэх замд нь байсан уу гэдгийг мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаагаар тогтоосон. Эхнэр нь хоол хийгээгүй нөхцөл байдлууд тогтоогддог. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийг 2 дахь хэсгийг тайлбарласан Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн №24 дүгээр тогтоолоос өөрөөр хуулийг тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Шүүхээс хууль зүйн дүгнэлт хийхдээ нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн нотлох баримтуудад дүгнэлт хийхгүйгээр шууд эргэлзээтэй нөхцөл байдлыг тогтоох боломжгүй. Шийдвэрийнхээ үндэслэлийг тайлбарлахгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болговол хохирогчийн шударга шүүхээр шүүлгэх эрх хөндөгдөх эрсдэл бий болно. Өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүх хохирогчийн гол үйл баримтыг тодорхойлсон мэдүүлэг, түүнтэй холбогдох хэргийн бусад нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт өгөлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь энэ хэргийн хохирогч Д.О шударга шүүхээр шүүлгэх эрх, зөрчигдсөн эрхээ сэргээх боломжгүй болж, нөгөө талд гэмт хэрэг үйлдсэн хүнд шударгаар ял оногдуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт хангагдахгүй юм. Мөн давж заалдах шатны шүүх хохирогчийн эхний удаад өгсөн мэдүүлгүүд, Ц.Б яллагдагчаар өгсөн мэдүүлэг, түүний эхнэр Л.С мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар Ц.Б нь Д.О биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдохгүй буюу гэм буруугийн санаатай хэлбэр эргэлзээтэй байна гэж үзсэн. Хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн субьектив шинжийг “санаатай” гэж тодорхойлсон. Энэ нь субъектийн ухамсар, хүсэл зоригийн уялдаа холбоо буюу гэмт хэргийн дотоод мөн чанарыг илэрхийлж байдаг. Өөрөөр хэлбэл гэм буруутай этгээд тухайн гэмт хэргийн үр дагавар болоод хэргийн нөхцөл байдлыг хүсэж үйлдэх ба хэргийнхээ хууль бус байдлыг мэдсэн байх явдал юм. Энэ нь санаатай гэмт хэрэг гэж үзэх мөн болгоомжгүй үйлдсэн гэмт хэргээс ялгахад туйлын чухал. Хохирогчийн мэдүүлэгт “Б нэлээд ууртай гэртээ ирсэн бөгөөд орж ирээд агсам тавих гээд, эхнэр С маргалдаад надад бас уурлаад байсан. Яагаад уурлаад байсныг нь би мэдээгүй” гэж тухайн нөхцөл байдлыг тайлбарласан байна. Ц.Б гэнэт уурлаад машины эд анги хохирогч руу шидсэн нь энэ гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал биш юм. Эсрэгээрээ Ц.Б тухайн хийх гэж буй үйлдлээ урьдаас тодорхойлоогүй байж болно, гэхдээ энэ үйлдэлтэйгээ холбогдуулан бодит нөхцөл байдлаа мэдэж байхад л энэ гэмт хэргийн шинжийг хангана. Ц.Б гаднаас орж ирэхдээ ууртай байсан, улмаар уурлаад эд зүйл шидэхдээ хохирогч яг хаана сууж байсныг тодорхой мэдэж байсан байна. Өөрөөр хэлбэл Ц.Б хохирогч Д.О хаана сууж байсныг туйлын тодорхой мэдэж байсан боловч санаатайгаар хүсэж үйлдсэн гэж үзэхээр байна. Хэрэгт авагдсан нотлох баримтаар хохирогч ямар хэмжээний өндөрт ямар зайнд сууж байсан, Ц.Б мэдүүлээд байгаа шидэх гэсэн чиглэлийн яг харалдаа хохирогч суугаагүй зэргээс тодорхой харагдана. Энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтад дүгнэлт хийхдээ яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг бодитой үнэлж чадаагүйн улмаас хэргийн үйл баримтыг эргэлзээгүй, хөдөлбөргүй байдлаар сэргээн тогтоож, гэмт хэргийн шинжийг зөв тодорхойлж чадаагүй гэж үзэх үндэслэл болж байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд хохирогч Д.О гаргасан гомдолдоо: “...Ц.Б санаатайгаар гэмтэл учруулсан тул би гомдол гаргаж байна. 2023 оны 12 дугаар сарын 21-ний орой Ц.Б эхнэр Л.С утасдаж намайг дуудаж бид 3-4 пиво ууж, Ц.Б гарч явсан. Хэсэг хугацааны дараа 24 цаг өнгөрч байхад би “ *** ” бааранд байна ирж ав гэж эхнэр рүүгээ утасдаж бид хоёр очиж авч ирээд ширээ тойроод сууж байтал гэнэт уурлаж над руу төмөр зүйл авч шидээд миний ам хэсгийг онож уруул сэтэлж, үүдэн 3 шүдийг унагаж, 1 шүдийг цуулсан. Маргааш нь надаас тохиръё гээд тийм мөнгө өгөх боломжгүй гээд надад юу ч өгөөгүй тул шүүхэд хандсан. Улмаар намайг 10,000,000 төгрөг нэхсэн гэж гүтгэж байна. Би ажилгүй одоогоор шүдээ ч хийлгэж чадаагүй, маш их гомдолтой байна. Магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ариунжаргал хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Хавтаст хэргийн 16 дахь тал болон хохирогчийн өгсөн гурван мэдүүлэг хоорондоо зөрүүтэй, хохирогчийн цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөлд зурсан гарын үсэг болон гэрчээр өгсөн мэдүүлэг дээр зурсан гарын үсэг зөрүүтэй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн үйлдлүүд байгаа юм. Иймээс шүүгдэгч хүний биед хөнгөн гэмтэл санаатайгаар учруулсан нь нотлогдон тогтоогдоогүй, эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн. Иймд давж заалдах шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Прокурор Н.Гэрэлмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Нэгдүгээрт, шүүгдэгч Ц.Б нь хохирогч Д.О эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх хохирогчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Худал мэдүүлэх” гэмт хэрэг, түүнд хүлээлгэх хариуцлагын талаар сануулсан гурван удаагийн мэдүүлгийг үнэлж дүгнээгүй. Тодруулбал, хохирогчийн хамгийн анх буюу 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өгсөн мэдүүлэгт “Ширээ тойроод сууж байхад Ц.Б гэнэт уурлаад юм аваад шидсэн. Шидсэн зүйл нь миний ам хэсгийг онож, миний уруул сэтэрч, үүдэн гурван шүдийг унагаасан. Би нүүрээ дараад тонгойх үед миний хажууд том шилэн сав унасан. Б, С нар намайг цагдаад битгий мэдэгдээрэй гэж гуйсан. С болсон явдлыг нүдээрээ харсан” гэж хэлсэн нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байхад гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс болох шүүгдэгчийн “Шөнө согтуугаар машины эд зүйлийг том өрөөндөө засварлаад үүд рүү шидсэн”, түүний эхнэрийнх нь “Хоол хийгээд буруу хараад зогссон байсан” гэх мэдүүлэгт ач холбогдол өгсөн нь үндэслэл муутай гэж үзсэн. Нэмж хэлэхэд хэргийн бодит байдлыг дүгнэж үзэхэд эхнэртэйгээ үгсэн хэрэг болсон өдөр хохирогчийг цагдаад мэдэгдэхгүй байхыг гуйж, хэргийн ул мөрийг арилгах байдал үүссэн нь хохирогч хэрэг болсноос тав хоногийн дараа цагдаад гомдол мэдээлэл өгсөн байдлаар давхар тогтоогдож байна. Хоёрдугаарт, давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Монгол Улсын дээд шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тайлбарлах тухай 24 дүгээр тогтоолд “Шүүх хууль зүйн дүгнэлт хийхэд ач холбогдолтой боловч нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн нотлох баримтуудад дүгнэлт хийхгүйгээр шууд эргэлзээтэй нөхцөл байдлыг тогтоох боломжгүй юм. Ийнхүү шүүх шийдвэрийнхээ үндэслэлийг тайлбарлахгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болговол шүүгдэгч, хохирогч болон хэргийн оролцогчдын шударга шүүхээр шүүлгэх эрх хөндөгдөх эрсдэлтэй. Иймээс шүүх шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудад өгсөн дүгнэлтээ логик оюун дүгнэлтийн дүрмүүд, мэргэжлийн болон шинжлэх ухаан, танин мэдэхүйн мэдлэг, туршлагад үндэслэж тайлбарлах үүрэгтэй” гэж тайлбарласантай нийцэхгүй. Иймд давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

                                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хэргийн бүхий л нөхцөл байдлыг тал бүрээс нь бодитойгоор тогтоох, хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэх зорилгоор уг хуулийг хэрэгжүүлэгч албан тушаалтнуудын эрх үүрэг, үйл ажиллагааны журам, хэлбэрийг баталгаажуулсан байдаг билээ.

Ийнхүү хуульчлагдсан эрх үүрэг, журам, хэлбэрийг чанд сахих нь шүүхийн өмнөх болон шүүхийн шатанд мөрдөгч, прокурор, шүүгч, шүүхээс гаргаж буй аливаа шийдвэр хуульд нийцсэн, Эрүүгийн хууль болон бусад хууль тогтоомжийг зөв хэрэглэх зайлшгүй нөхцөл нь юм.

Хуулиар тогтоосон албан тушаалтны эрх үүрэг, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэлбэрийг сахин биелүүлээгүй тохиолдол бүр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчилд тооцогдож, хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлдөг тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцох”-оор тус тус заасан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.8-д зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах эрх бүхий албан тушаалтан буюу мөрдөгчийн эрхийг мөн хуулийн 6.2 дугаар зүйлд заасан бөгөөд түүнийг хэрэгжүүлэх чиг үүргийг уг хуулийн холбогдох бүлгүүдэд (6-8, 11-16, 21-32 г.м) тодорхойлон зохицуулжээ.

Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 5-д “тусгай мэдлэг эзэмшсэн мөрдөгч энэ хуульд заасан шинжээчийн эрхийг хэрэгжүүлж, магадлагаа гаргаж болно” гэж заасны дагуу мөн хуулийн 27.11 дүгээр зүйлд уг магадлагааг гаргах үндэслэл, журмыг тодорхойлсон байна.

Дээрх хуулийг эдгээр заалтанд хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг мөрдөгч тогтоож болох талаар хуульчлагдаагүй бөгөөд Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилж, үүнтэй холбоотой бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 болон мөн зүйлийн 40.3-т заасны дагуу хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран баталсан журмын 2.1.1-2.1.5-д тус тус нэрлэн заасан гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр хуульчлан зохицуулагдсан байна.

Тухайлбал, дээрхи хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн Аравдугаар бүлэг (Хүний амьд явах эрхийн эсрэг), Арван нэгдүгээр бүлэг (Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг), Арван хоёрдугаар бүлэг (Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг)-т... заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргана” гэж заажээ.

Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалаар баталсан журмын 2.1-д “...энэхүү тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр шүүх шинжилгээний байгууллага дараах гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ.

2.1.1.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэж зохицуулсан байна.

Мөн журмын 2.2-т “Энэ журмын 2.1.1-2.1.5-д заасан гэмт хэргийн хохирогч... энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр шинжилгээг хийлгэнэ”, уг журмын 2.3-т “Энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг мөрдөгч... танилцуулан баталгаажуулж, хавтаст хэргийн материалд хавсаргана” гэж тус тус заан тодорхойлсон байна.

Тусгай мэдлэг шаардлагатай сэтгэцийн шинжилгээний дүгнэлт, түүнтэй адилтгах хүснэгтээр зэрэглэл тогтоох ажиллагааг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр дээр дурдсан хууль болон журмаар зохицуулсан бөгөөд хохирогч Д.О сэтгэцэд хор уршиг учирсан эсэх, хор уршиг учирсан бол ямар зэрэглэлд хамаарахыг шинжээч тогтоогоогүй байхад мөрдөгч түүнд хамтарсан тушаалаар батлагдсан хүснэгтийг танилцуулсныг (хэргийн 32 дахь тал) үндэслэн анхан шатны шүүх сэтгэцийн хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахаар шийдвэрлэснийг хууль ёсны гэж үзэх боломжгүй ба давж заалдах шатны шүүх энэ талаар ямар нэгэн дүгнэлт хийлгүй орхигдуулжээ.

Иймд хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох ажиллагааг дээр дурдсан хууль болон журамд заасны дагуу гүйцэтгүүлэх шаардлагатай гэж хяналтын шатны шүүх үзэв.

Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд түүнийг хөтөлсөн нарийн бичгийн даргын нэрийг Б.Т, А.Б гэж хоёр өөрөөр тусгасныг (хэргийн 134-146 дахь тал) анхааруулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 26 дугаар шийтгэх тогтоол, Өвөрхангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 28 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгосугай.

2.Хэргийг прокурорт очтол Ц.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ                                                        Б.ЦОГТ

                        ШҮҮГЧИД                                                            Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                         С.БАТДЭЛГЭР

                                                                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                                         М.ПҮРЭВСҮРЭН