Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 26

 

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Байгалмаа би “Номадс Рэзидэнс” ХХК-ий нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын байцаагч Д.Баасанбатад холбогдох “Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын хяналтын улсын байцаагч Д.Баасанбатын 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 0004876 дугаартай шийтгэвэрийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч “Номадс Рэзидэнс” ХХК-ий Сэлэнгэ аймаг дахь салбарын захирал Б.Сарантуяа, хариуцагч Д.Баасанбат нар эвлэрлийн гэрээ байгуулж байх тул хүлээн авч хянаад                                                       

 

Тодорхойлох нь:

            Нэхэмжлэгч “Номадс Рэзидэнс” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Номадс Рэзидэнс” ХХК  нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн 12/01 тоот шийдвэрээр “Номадс Хоцпиталити” ХХК-ий салбар болох Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд байрлах “Hotel Nine” зочид буудлыг шилжүүлэн авсан бөгөөд тус салбарт тавигдсан 0004876 дугаартай хяналтын улсын байцаагчийн шийтгэвэртэй холбоотой асуудлаар дараах нэхэмжлэлийг гаргаж байна.

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд байрлах “Hotel Nine” зочид буудлын саунд 2017 оны 05 дугаар сарын  31-ний шөнө гал гарч, яаралтай арга хэмжээ авч онцгой байдлын дуудлага өгч унтраалгасан бөгөөд 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр галын аюулгүй байдлыг хангаагүй, Галын аюулгүй байдлын тухай хуулийн  17 дугаар зүйлийн 17.2.1, 17.2.3, 17.2.4 болон 17.2.3-д заасан аж ахуйн нэгж байгууллагын хүлээх үүргийг биелүүлээгүй гэх үндэслэлээр хяналтын улсын байцаагч Д.Баасанбат нь 2.400.000 төгрөгөөр торгохоор шийтгэвэр гаргасан. 

Тус шийтгэвэрт 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр манай компаний зүгээс гомдол гаргасан. Хяналтын улсын байцаагчийн шийтгэвэрийн үндэслэл болох Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1, 17.2.3, 17.2.4 болон 17.2.3-д заасан аж ахуйн нэгж байгууллагын хүлээх үүргийг “Номадс Хоцпиталити” ХХК нь хууль, дүрэм журманд заасны дагуу биелүүлснийг тайлбарлан, галын хоруудын хэвийн ажиллагааг шалгах дэвтэр, нийт ажилтнуудад галын аюулгүй байдлаас урьдчилан шийдвэрлэх, хамгаалах, гал унтраах сургалттай холбоотой материал зэргийг хавсарган Номадс Хоцпиталити ХХК нь Галын аюулгүй байдлын тухай хуульд заасан аж ахуйн нэгж байгууллагын хүлээх үүргээ хууль, дүрэм, журмын дагуу биелүүлсэн тул улсын хяналтын байцаагчийн 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн шийтгэврийг үндэслэлгүй болгож өгнө үү гэх гомдлыг гаргасан байдаг. Манай байгууллага гомдлын хариуг хүлээж байсан юм. Гомдлын хариу ирэхгүй байсан тул Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын дарга хурандаа Г.Баатарт 2017 оны 08 сарын 24-ний өдөр “2017 оны 06 сарын 13-ны өдөр Хяналтын байцаагчийн шийтгэвэрт гомдол гаргасан атал одоог хүртэл ямар нэгэн хариу ирүүлээгүй тус гомдлын хариуг гаргаж өгнө үү” хэмээн дахин гомдол гаргасан байдаг. Гэтэл 2017 оны 09 сарын 05-ны өдөр дугаар 17180414/01 Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл манай байгууллагад ирсэн бөгөөд тус мэдэгдэлд 2017 оны 06 сарын 27-ны шүүхийн шийдвэрээр 2.400.000 төгрөгийг 2017 оны 09 сарын 08-ны өдрийн дотор төл гэсэн байсан. Бид тус мэдэгдлийг хүлээн авсны дараа тодруулахын тулд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба руу очсон бөгөөд 2017 оны 06 сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Дугаар 0004876 тоот шийтгэврийг баталгаажуулах тухай хүсэлт гарган 2017 оны 06 сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Номадс Хоцпиталити” ХХК 2.400.000 төгрөгөөр торгосон 2017 оны 06 сарын 06-ны өдрийн дугаар 0004876 тоот шийтгэврийг баталгаажуулсугай гэх шүүхийн шийдвэр гаргасан байсныг мэдсэн юм.

            Иймд Номадс Хоцпиталити ХХК нь Галын аюулгүй байдлын тухай хуульд заасан аж ахуй нэгж байгууллагын хүлээх үүргээ хууль, дүрэм, журмын дагуу биелүүлсэн тул хяналтын улсын байцаагчийн 2017 оны 06 сарын 06-ны өдрийн дугаар 0004876 шийтгэврийг үндэслэлгүй бөгөөд түүний улмаас манай байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж байгаа тул тус шийтгэврийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

            Хариуцагч Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын галын улсын байцаагч Д.Баасанбат нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхэд гаргасан “Номадс Рэзидэнс” ХХК-ий нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие болох Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын байцаагч ажилтай Д.Баасанбат нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд үйл ажиллагаа явуулдаг “Номадс Рэзидэнс” ХХК-ий байранд өөрийн ажил үүргийнхээ дагуу хяналтыг тавьж ирсэн ба тус компанид 2015 оноос хойш удаа дараа зөрчил арилгуулах тухай албан шаардлагыг тавьсаар ирсэн боловч энэ шаардлага огт биелэгддэггүй, ямар нэгэн байдлаар галын аюулгүй байдлыг хангасан, зөрчлийн арилгасан талаарх арга хэмжээг авахгүй байсаар өдийг хүрсэн.

            Улмаар дээрхи компаний байранд 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр гал гарсан ба манай байгууллага дуудлага өгсөн даруйд очиж унтраасан. Үүний дагуу тус компанид Галын аюулгүй байдлын тухай хулийн 17 дугаар зүйлийн 17.2.1, 17.2.3, 17.2.4, 17.2.6, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 0004876 дугаартай шийтгэвэр үйлдэж, 2.400.000 төгрөгийн торгууль ногдуулсан.

            Улмаар торгуулийн төлбөрөө төлөхгүй байсан тул тухайн материалыг прокурорт танилцуулсны дараагаар Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шийтгэвэрийг баталгаажуулахаар өгсөн ба 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1375 дугаартай шүүгчийн захирамжаар шийтгэвэр баталгаажуулсны дагуу гүйцэтгэх хуудас бичигдэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлсэн.

            Тиймээс нэхэмжлэгч байгууллагын гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй ба галын аюулгүй байдлын тухай хуулийг зөрчсөн, албан шаардлагуудыг удаа дараа биелүүлээгүй учраас торгууль ногдуулсан нь хуулийн үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцож байгуулсан эвлэрэлийн гэрээндээ: Нэхэмжлэгч “Номадс Рэзидэнс” ХХК, хариуцагч Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын байцаагч Д.Баасанбат бид дараах байдлаар эвлэрлийн гэрээ байгуулж байна.

1.2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 0004876 тоот шийтгэвэрийн хуудсаар 2.400.000 / хоёр сая дөрвөн зуу / төгрөг ноогдуулсныг харилцан тохиролцож 720.000 / долоон зуун хорь / төгрөг болгож бууруулахыг харилцан тохиролцов.

2.Эвлэрлийн гэрээ байгуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

                                                                     Үндэслэх нь:

            Нэхэмжлэгч “Номадс Рэзидэнс” ХХК нь “Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын хяналтын улсын байцаагч Д.Баасанбатын 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 0004876 дугаартай шийтгэвэрийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

          Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 0004876 тоот шийтгэвэрийн хуудсаар 2.400.000 төгрөгийн торгууль ногдуулсныг талууд харилцан тохиролцож хариуцагч талаас маргаан бүхий захиргааны актаар тогтоосон тогуулийн үнийн дүнг бууруулж, нэхэмжлэгч тухайн шийтгэвэрийн бууруулсан үнийн дүн болох 720.000 / долоон зуун хорь / төгрөгийн торгуулийг төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээг байгуулсан байна.

            Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д заасны дагуу нэхэмжлэгч хариуцагч нар харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж, өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлэн хоорондоо харилцан тохиролцож эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан маргаанаа дуусгавар болгохоор гарын үсгээ зурж баталгаажуулсан нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй  байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан “Номадс Рэзидэнс” ХХК-ий нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын галын улсын байцаагч Д.Баасанбатад холбогдох “Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын хяналтын улсын байцаагч Д.Баасанбатын 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 0004876 дугаартай шийтгэвэрийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардалага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4, 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Номадс Рэзидэнс” ХХК-с улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 / далан мянга хоёр зуу / төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-д зааснаар хэргийн оролцогчид тэдгээрийн өмгөөлөгчид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Ц.БАЙГАЛМАА