Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 05

 

 

 

 

 

 

                       

 

 

“Уурхай” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Увс аймгийн Эрүү,Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Н.Туяа, шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 493 дугаар шийдвэртэй, “Уурхай” ХХК-ийн нэхэмжлэлтэй, С.Лхагвасүрэнд холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Жамбалсүрэнгийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтанбадралт, хариуцагч С.Лхагвасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэлийн шаардлага: “Худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, үүргийн гүйцэтгэлд шилжүүлсэн 74-45 УБА улсын дугаартай “Тоёота Ланд Круйзер-80” маркийн автомашиныг гаргуулах” тухай.

Нэхэмжлэлийн агуулга: “Манай компанийн үндсэн хөрөнгө болох 74-45 УБА улсын дугаартай, тусгай тоноглол бүхий спорт загварын “Тоёота Ланд Круйзер-80” маркийн автомашиныг С.Лхагвасүрэн 25.000.000 төгрөгөөр 2008 оны 10 сарын 02-ны өдөр худалдаж авсан. Машиныг авахдаа 10.000.000 төгрөг бэлнээр өгч үлдсэн 15.000.000 төгрөгийг нэг жилийн дотор өгөхөөр тохирсон. Энэ хугацаанд мөнгөө төлөөгүй бөгөөд удаа дараа шаардсаны дагуу 2009 оны 8 дугаар сарын  20-ны өдөр  3.000.000  төгрөг  кассанд  тушааж, үүнээс  хойш  5 жил болоход үлдэгдэл 12.000.000 төгрөгийг төлөөгүй. Үнийг бүрэн төлөөгүй тул худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж үүргийн гүйцэтгэлийг харилцан буцаалт хийх эрх зүйн үр дагавар үүснэ. Иймд худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, үүргийн гүйцэтгэлд шилжүүлсэн 74-45 УБА улсын дугаартай “Ланд Круйзер” маркийн тээврийн хэрэгслийг хариуцагч С.Лхагвасүрэнгээс гаргуулж, нэхэмжлэгч "Уурхай" ХХК-д олгоно уу.” гэжээ.

            Хариуцагчийн тайлбарын агуулга: “Миний бие 2008 онд С.Баянмөнх гэдэг залуугаас 1993 онд үйлдвэрлэгдсэн, 2004 онд Монголд орж ирсэн “Ланд Круйзер” маркийн  авто  машиныг 16.000.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож, бэлнээр 10.000.000 төгрөг өгөөд машинаа хүлээж авсан. 2009 оны  8 дугаар сард 3.000.000 төгрөгийг төлж үлдэгдэл  3.000.000 төгрөгтөө тус компанид цалингүй ажиллаж машины үнийг бүрэн төлсөн. Машины бичиг баримтыг миний нэр дээр шилжүүлж өгөөгүй. Одоо ямар нэгэн өр төлбөр байхгүй болно. Д.Сурмаажав нь 25.000.000 төгрөгөөр автомашин худалдсан хэмээн гарын үсэг дуурайлган зурсныг Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны “С.Лхагвасүрэнгийн гарын үсэг биш” гэсэн дүгнэлтүүд хавтаст хэрэгт авагдсан. Иймд Д.Сурмаажавын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу.”  гэжээ.

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 493 дугаар шийдвэрт: “1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч С.Лхагвасүрэнд холбогдох Худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, үүргийн гүйцэтгэлд шилжүүлсэн 74-45 УБА улсын дугаартай Тоёота Ланд Круйзер-80 маркийн автомашин гаргуулах тухай нэхэмжлэгч Уурхай ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Сум дундын 24 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 888 дугаар Хүсэлтийг хангаж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Уурхай ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 206.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.” гэж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: “Анхан шатны шүүх Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т заасан шаардах эрхийн талаар дүгнэлт хийгээгүй. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгээс үзэхэд хариуцагч С.Лхагвасүрэнг худалдан худалдан авах гэрээгээр хүлээсэн гол үүргээ биелүүлсэн , эсхүл шаардах эрхийг хэрэгжүүлэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон уу гэдэг ойлгомжгүй. Анхан шатны шүүх зохигч талуудын гол маргаж буй 74-45 УБА улсын дугаартай Ланд Круйзер маркийн тээврийн хэрэгслийн үнийг 25 сая төгрөг, эсхүл 16 сая төгрөг чухам алинаар тохиролцсон үйл баримтын талаар дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа зогсох эрх зүйн үр дагавар үүсэхээр байхад анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт хөөн хэлэлцэх хугацаа зогссон үйл баримт тогтоогдоогүй гэж хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан дүгнэлт хийгээгүй. Иймд тус шийдвэрт өөрчлөлт оруулж "Уурхай" ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангана уу.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан  шатны шүүх зохигчдын хооронд үүссэн  эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуульд заасан журмын дагуу үнэлж шийдвэрлэсэн  байх тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Уурхай ХХК-ийн худалдах-худалдан авах гэрээний шаардах эрх үүссэн үеийг 2010 оны 03 дугаар сар гэж тогтоож,  Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээнээс үүдэлтэй шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Уурхай ХХК Тоёото Ланд Круйзер-80 маркийн 74-45 УБА дугаартай авто машин худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, хариуцагч С.Лхагвасүрэнгээс буцаан авах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд тус гэрээнээс татгалзах болсон шалтгаанаа хариуцагч С.Лхагвасүрэн худалдах-худалдан авах гэрээний үүрэг болох 25.000.00 төгрөгөөс үлдэгдэл төлбөр 12.000.000 төгрөгийг төлөөгүй гэж тайлбарлажээ.

Хариуцагч С.Лхагвасүрэн тус автомашиныг 16.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон бөгөөд  үнийг  бүрэн төлсөн гэж маргаж байна.

Зохигчид Тоёото Ланд Круйзер-80 маркийн 74-45 УБА дугаартай авто машин худалдах худалдан авах гэрээний  үнийн талаар маргаж байгаа бөгөөд харин худалдах худалдан авах гэрээ зохигчдын хооронд байгуулагдсан эсэх талаар маргаагүй байх  тул худалдах худалдан авах гэрээ зохигчдын хооронд байгуулагдсан гэж шүүх үзсэн нь хуульд нийцжээ.

Нэхэмжлэгч Уурхай ХХК-ийн нэхэмжлэлийг анхан шатны шүүх 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авсан байх бөгөөд тус өдрөөс өмнө 3 жилийн дотор хариуцагчаас худалдах худалдан авах гэрээний үүргээ гүйцэтгэхийг нэхэмжлэгч  шаардаж байсан талаарх баримт хэрэгт авагдаагүй ба Уурхай ХХК-ийн нягтлан бодогч С.Лхамсүрэн нь  “Тоёото Ланд Круйзер-80 маркийн 74-45 УБА дугаартай авто машины үнийг төлөхийг удаа дараа шаардаж байсан.” талаарх мэдүүлгийнхээ эх сурвалжийг  зааж чадаагүй тул түүнийг үнэлэх боломжгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Зохигчдын хооронд худалдах-худалдан авах гэрээ хийгдсэн бөгөөд шаардах эрх  гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул талуудын хооронд байгуулагдсан гэрээний үнийг тогтоох шаардлагагүй байна. Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх ноцтой зөрчигдсөн талаарх гомдол үндэслэлгүй тул хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 493 дугаар шийдвэрийг хэвээр нь үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар  зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282950 төгрөгийг төрийн сангийн дансанд  хэвээр нь үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар  давж заалдах шатны “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч,гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.ӨМИРБЕК

                                   

ШҮҮГЧИД                                                       Н.ТУЯА

 

Д.ЖАМБАЛСҮРЭН