Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2017/01408

 

“М” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

       Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар       

            Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 184/ШШ2017/00814 дүгээр шийдвэр,

       Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 1471 дүгээр магадлалтай,

            “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

            “А” ХХК-д холбогдох

            Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1.874.127 тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

        нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Очирын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

              Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Очир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэцэцэг, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

       Нэхэмжлэгч “М” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Очирын шүүх хуралдаад гаргасан тайлбарт: “А” ХХК  нь 2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 99103795, 99063795 дугаарлалтай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг ашиглах гэрээ байгуулж, уг үйлчилгээг ашиглаж эхэлсэн. 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр үүрэн холбооны дараа төлбөрт болон хосолсон төлбөрт үйлчилгээний гар утас, төхөөрөмжтэй багцын гэрээ байгуулж, 99103795 дугаарлалтай үйлчилгээнд үндэслэн гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан “Самсунг Галакси Эс 7 едже” маркийн гар утас зээлээр худалдан авсан. Хариуцагчаас гэрээний үүргийн биелэлтэд гар утасны төлбөрт 1.440.000 төгрөг, 99063795 дугаарлалттай үүрэн холбооны хэрэглээний төлбөрт 120.286,25 төгрөг (барьцаа 60.000 төгрөгийг хассан болно), 99103795 дугаарлалттай үүрэн холбооны хэрэглээний төлбөрт 153.863,53 төгрөг (барьцаа 100.000 төгрөгийг хассан болно) төлөхөөс барьцаа 160.000 төгрөгийг 1.874.127 төгрөгийн шаардлагаас хасч үлдэх ярианы төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөр нийт 1.714.127 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Хариуцагч тал гар утас аваагүй гэх боловч 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн “А” ХХК-ийн  хүсэлт бүхий албан бичигт 99103795 дугаар дээр “Самсунг Галакси Эс 7 едже” маркийн гар утсыг зээлээр олгож өгнө үү гээд захирал Ц.Бямбасүрэн гарын үсэг зурж ирүүлсэн, гарын үсэг зурах эрх итгэмжлэлийг Б.Баяржаргалд мөн олгосон байдаг гэжээ.

           Хариуцагч “А” ХХК-ийн  төлөөлөгч Ц.Бямбасүрэнгийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний эхнэр Б.Баяржаргал “утасны дугаар барьцаалж зээл гаргаж өгнө” гэсэн зарын дагуу 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Зайсан дахь Мобикомын салбарт очиж 600.000 төгрөг зээлж авахаар гэрээ байгуулсан. Гэрээний дагуу манай эхнэрийн дансруу 600.000 төгрөг шилжиж орж ирсэн. Гэрээ хийхэд янз бүрийн утас авч байгаа гэж хэлээгүй. Бид сард ярианы төлбөр дээрээ 45.000 төгрөг нэмж гардаг гэхээр нь зөвшөөрч 600.000 төгрөгийн зээл авсан. Дараа нь утасныхаа ярианы төлбөр 470.000 төгрөгийг төлөх гээд “М” ХХК дээр очиход гар утас авсан байна гээд 1,8 сая төгрөг нэхсэн. Иймээс ярианы төлбөр 470.000 төгрөгийг төлөөд удаан хэрэглэсэн утасны дугаараа ашиглахыг хүсэж байна. Манайхыг гар утас авсан эсэхийг тогтоож өгнө үү. Мөн тухайн гар утсыг сериал дугаараар нь олж болох боломжтой шүү дээ. Манайх ямар ч утас аваагүй. Хүсэлт, итгэмжлэл олгосон баримт дээрх гарын үсэг минийх мөн, ярианы төлбөрөө төлөх нь үнэн, харин гар утасны үнэ төлөх үндэслэлгүй гэжээ.

           Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 184/ШШ2017/00814 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан 1.874.127 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 160.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, үлдэх 1.714.127 төгрөгийг хариуцагч “А” ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч “М” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагчаас 42.376 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 44.936 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 1471 дүгээр магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 184/ШШ2017/00814 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ”А” ХХК-иас 274.150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ”М” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.440.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дахь заалтын “42.376” гэснийг “8874” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэжээ.

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Очирын хяналтын журмаар гаргасан гомдолд: Манай гаргасан нэхэмжлэлийг Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хянан хэлэлцээд, хариуцагчаас 1.714.127 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг хариуцагчийн гомдлоор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хянан хэлэлцээд хариуцагчаас 274.150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож үлдэх 1.440.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг эс зөвшөөрч Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 1471 дугаар магадлалын 1.440.000 төгрөгт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар гомдол гаргаж байна. Хариуцагч нь 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан гар утас авахдаа, авч ирсэн албан бичгийг манай байгууллагын гэрээний дараах хяналтын хэлтэст хянаж үзээд байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдтэй гэрээг байгуулаагүй байна. Иймээс уг гэрээг хуульд нийцүүлэн зөвтгөхийг Борлуулалт үйлчилгээний ажилтан н.Чинзоригт үүрэг болгосон байдаг. Борлуулалт үйлилгээний ажилтан н.Чинзориг нь хариуцагч байгууллагыг төлөөлөн гэрээнд гарын үсэг зурсан. Хариуцагч байгууллагын захирал Ц.Бямбасүрэнгийн эхнэр болох Б.Баяржаргал руу утсаар хандан гар утас зээлээр авах хүсэлт болон итгэмжлэлийг нөхөж авч ирэх талаар мэдэгдсэний дагуу Б.Баянжаргал нь Ерөнхий захирал Ц.Бямбасүрэнгийн гарын үсэг, тамга тэмдэг бүхийн албан бичиг, итгэмжлэлийг 15 хоногийн дараа нөхөж өгсөн болно. Хэрэв гар утас хүлээн аваагүй бол дээрх албан бичиг, итгэмжлэлийг нөхөж өгөхгүй байх байсан. Хариуцагчийн дээрх үйлдлийг Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2-т “Худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно” гэж заасаны дагуу гар утсыг хүлээн авсан болохыг гэрчилсэн тодорхой үйлдэл хийсэн гэж үзэхээр байна. Гар утасны урьдчилгаа төлбөр 460.000 төгрөгийг хариуцагч байгууллага төлсөн болох нь 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээний хүснэгт хэсэгт тодорхой тусган, талууд гарын үсэг зуран баталгаажуулснаар нотлогдоно гэж үзэж байна. Манай байгууллага нь тодорхой нөхцөл шаардлага хангасан хэрэглэгчиддээ хөнгөлөлттэй нөхцлөөр гар утас худалдан авах боломж олгодог бөгөөд уг боломжийн хүрээнд хариуцагчид зээлээр гар утас олгосон. Харин хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.Баяржаргал нь хаана юу хийдэг, хэн гэж хүнтэй холбогдон зээл авсан болохыг манай байгууллага мэдэхгүй, мэдэх боломжгүй бөгөөд энэ асуудлыг манай байгууллагатай байгуулсан зээлийн гэрээнд холбогдуулан тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Шүүх хууль буруу хэрэглэсэн, нотлох баримтыг дутуу үнэлсэн гэж үзэж байна. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 1471 дүгээр магадлалын 1.440.000 төгрөгт холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

          Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.  

         Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч “А” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн 1.874.127 төгрөгөөс барьцааны 160.000 төгрөгийг хасч 1.714.127 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, гар утас зээлээр худалдаж аваагүй, утас хүлээлгэн өгөөгүй, харин дугаар барьцаалсан зээл байсан гэж маргажээ.

           2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр  “М” ХХК , “А” ХХК-ийн  хооронд байгуулагдсан 30268783 дугаар "Үүрэн холбооны дараа төлбөрт болон хосолсон төлбөрт үйлчилгээний гар утас төхөөрөмжтэй багцын гэрээ", “Гap утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ" гэсэн баримт хэрэгт авагдсан байх бөгөөд энэ нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон байна.

         Анхан шатны шүүх 1.874.127 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 160.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, үлдэх 1.714.127 төгрөгийг хариуцагч “А” ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч “М” ХХК-д олгож шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа хариуцагч ”А” ХХК-иас 274.150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ”М” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.440.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгожээ.

      Талуудын хооронд утасны ярианы үйлчилгээ авах, түүнчлэн гар утас худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцсэн бөгөөд гэрээний дагуу худалдагч нь худалдан авагч талд эд хөрөнгийг шилжүүлэн өгөх, худалдан авагч нь эд хөрөнгийн үнийг төлөх үүрэгтэй байдаг.

           Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбар зэргээс үзэхэд нэхэмжлэгч нь  гэрээний зүйл болсон гар утсыг хариуцагч талд шилжүүлэн өгсөн гэдгээ нотлоогүй байхад анхан шатны шүүх талуудын хооронд нотлох үүргийн хувиарлалтыг буруу хийж хариуцагчийг гар утсыг аваагүй гэдгээ нотлох ёстой гэсэн дүгнэлт хийж, гар утасны үнийг гаргуулж шийдвэрлэснийг буруу гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1-т нийцсэн байна.

       Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзвэл гар утасны урьдчилгаа төлбөр 460.000 төгрөгийг хариуцагч байгууллага төлсөн тухай баримт хэрэгт авагдаагүй, түүнчлэн хариуцагч байгууллагаас гap утас авах хүсэлт явуулсан, гарын үсэг зурах итгэмжлэл олгосон болон гэрээ байгуулсан тухайн өдөр 600.000 төгрөг “М” ХХК -иас биш өөр этгээдийн данснаас иргэн Б.Баяржаргалын буюу “А” ХХК-ийн  төлөөлөгчийн эхнэрийн эзэмшдэг дансанд орлого болон орсон зэрэг нөхцөл байдлууд нь нэхэмжлэгч нь хариуцагчид гар утсыг бодитойгоор шилжүүлж өгснийг нотлохгүй байна.

          Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалтад заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй гар утсыг хариуцагчид шилжүүлэн өгсөн болохоо нотлоогүй тул гар утас худалдан авсан гэх төлбөрийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй гэж дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

          Харин хариуцагч байгууллага 99063795, 99103795 гэсэн 2 дугаарыг тодорхой хугацаанд өөрийн хэрэгцээнд хэрэглэснээс үйлчилгээний төлбөр гарсан байх тул үүрэн холбооны хэрэглээний төлбөрийг хариуцагчаас гаргуулсан нь зөв, энэ талаар талууд маргаагүй байна.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан   гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь  зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

          1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 1471 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Очирын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

         2. Нэхэмжлэгч “М” ХХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 37.990 /гучин долоон мянга есөн зуун ерэн/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.ЦАГААНЦООЖ

                                  ШҮҮГЧ                                                      Д.ЦОЛМОН