Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 937

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюунцэцэг даргалж,

Нэхэмжлэгч Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багт оршин суух ДИ66102501 регистрийн дугаартай “Ончууд” овогт Сандагийн Оюунчимэгийн Улсад ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч С.Оюунчимэг, нарийн бичгийн дарга Г.Сугармаа нарыг оролцуулав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч С.Оюунчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Би 1966 онд Говь-Алтай аймгийн Тонхил суманд төрсөн. Сургуулиа төгсөөд Төв аймгийн Аргалант суманд 1980 онд шилжиж ирсэн ба Нөхөрлөл САА-д 1981 оны 09 сарын 01-нээс 1983 оны 10 сарын 27-ны өдрийг хүртэл саальчнаар, 1983 оны 10 сарын 27-ны өдрөөс 1986 оны 12 сарын 31-нийг хүртэл тугалчнаар ажиллаж байгаад аавын минь бие муудсан учир төрсөн нутаг руугаа буцсан. Говь-Алтай аймгийн Тонхил сумын “Үнэн” нэгдэлд 1987 оны 01 сарын 01-нээс 1989 оны 12 сарын 31-нийг хүртэл малчнаар ажилласан. Одоо өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэтэл Нөхөрлөл САА-н архив шатсан, хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн учир шүүхэд хандаж байна. Архивын газраас баримт шүүлгэсэн боловч олдохгүй байна. Иймд намайг Төв аймгийн Нөхөрлөл САА болон Говь-Алтай аймгийн Үнэн нэгдэлд ажиллаж байсан байдлыг миний цуглуулсан нотлох баримтанд үндэслэн тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар, Төв аймгийн Нөхөрлөл САА, Нөхөрлөл тэжээлийн аж ахуйн даргын тушаал, Архивын лавлагаа, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

С.Оюунчимэг нь Төв аймгийн Нөхөрлөл Сангийн аж ахуй болон Тэжээлийн аж ахуйд саальчин малчнаар 1981 оны 09 сарын 01-нээс 1989 оны 12 сарыг 31-нийг хүртэлх хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор дараах нотлох баримтуудыг ирүүлжээ. Үүнд:

1.Төв аймгийн Нөхөрлөл САА-н даргын 1983 оны 10 сарын 27-ны өдрийн 191 тоот “Ажилд тоимлох ажлаас чөлөөлөх тухай” тушаалын 2 дугаарт “Сандагийн Оюунчимэгийг 1983 оны 10 сарын 11-ний өдрөөс СМФ-ийн саальчны ажлаас чөлөөлсүгэй”, 1984 оны 10 сарын 19-ний өдрийн 231 тоот “Оюутан сурагчдыг шагнах тухай” тушаалын хавсралтын 3 дугаарт “оюутан Са.Оюунчимэгийг 25 төгрөгийн  шагнал олгов” гэсэн бичилт,

-Мал бэлтгэлийн нэгдлийн харьяа Нөхөрлөл Тэжээлийн аж ахуйн даргын 1985 оны 11 сарын 29-ний өдрийн 203 тоот “Ажилд томилох ба чөлөөлөх тухай” тушаалын 1 дүгээрт “... Сандагийн Оюунчимэгийг 10 сарын 13-наас саальчнаар ... томилон ажиллуулсугай”, 1986 оны 03 сарын 17-ны өдрийн 51 тоот “Ээлжийн амралт олгох тухай” тушаалын хавсралтанд “саальчин С.Оюунчимэг 3 сарын 20-ноос эхлэн 18 хоног амраасугай” гэсэн баримт,

2.Гэрч Л.Нарангэрэл, Д.Цэцгээ нарын “Бид С.Оюунчимэгтэй Төв аймгийн Нөхөрлөл САА-н СМФ-д 1981-1986 онуудад тугалчин, саальчнаар хамт ажиллаж байсан нь үнэн, дараа нь төрсөн нутаг руугаа шилжсэн юм” гэсэн тодорхойлолт, мэдүүлэг,

3.Говь-Алтай аймгийн Архивын тасгийн 2014 оны 10 сарын 16-ны өдрийн 622 тоот албан бичигт: “Тус аймгийн Тонхил сумын Үнэн нэгдлийн Тамч бригадад малчин байсан Сандагийн Оюунчимэг 1986-1989 онуудад 242-2487 төгрөгийг цалин хөлс авч байсан” гэсэн тодорхойлолт зэрэг нотлох баримтууд байна.

 

Хүсэлт гаргагч С.Оюунчимэгийн Төв аймгийн Нөхөрлөл Сангийн аж ахуйн туслах аж ахуйд саальчин, тугалчнаар, Говь-Алтай аймгийн Тонхил сумын Үнэн нэгдэлд малчнаар ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр болон ажилд томилсон болон ажлаас чөлөөлөгдсөн тушаал зэрэг баримтууд нь өөрт нь хадгалагдаагүй буюу архиваас олдохгүй байгаа, ажиллаж байсан үеийн зарим тушаал, санхүүгийн баримтууд аймгийн архивын газар хадгалагдаагүй болох нь нэхэмжлэгч С.Оюунчимэгийн тайлбар, аймгийн архивын тасгаас ирүүлсэн 622 тоот лавлагаа зэргээр нотлогдож  байна.   

 

Харин 1981 онд нэгдэлд орж тугалчин саальчин байсан цаг хугацаа нь түүнтэй  хамт ажиллаж байсан гэрчүүдийн хөдөлмөрийн дэвтэр дээрх бичигдсэн цаг  хугацаатай тохирч байгаа, тэдний  мэдүүлгээр, ажлаас  чөлөөлөгдсөн хугацаа нь  цалингийн түүврээр тус тус тогтоогдож байна.               

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн  40.1-д “шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж зааснаар хүсэлт гаргагчаас хэрэгт ирүүлсэн дээрх бичгийн нотлох баримтуудыг  үндэслэн нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд  заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ДИ66102501 регистрийн дугаартай “Ончууд” овогт Сандагийн Оюунчимэгийг Төв аймгийн АРгалант  сумын  Нөхөрлөл Сангийн аж ахуйд 1981 оны 01 сарын 01-нээс 1986 оны 03 сарын 31-ны өдрийг хүртэл саальчнаар,  тугалчнаар, Говь-Алтай аймгийн Тонхил сумын “Үнэн”  нэгдэлд 1986 оны 04 сарын 01-нээс 1989 оны 12 сарын 31-нийг хүртэл малчнаар ажиллаж байсан болохыг тус тус тогтоосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагч С.Оюунчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Л.ОЮУНЦЭЦЭГ