Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2026/00858

 

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, шүүгч Ж.Лхагвасүрэн, Ерөнхий шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 сарын 09-ний өдрийн 197/ШШ2026/03367 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй,

 

иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Анужин нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1.  Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

2.  Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан эрхийн улсын бүртгэлийн Ү-*******дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 3-р хороо, 12-р хороолол, Токиогийн гудамж, ******* байрны ******** тоот хаягт байршилтай 473.16 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2,405,240,200 төгрөгөөр үнэлсэн ******* ХХК-ийн үнэлгээчин ********ын гаргасан 2025 оны 09 сарын 03-ны өдрийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх 1-6, 39, 121-124/

 

3.  Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ ...төлбөр авагч, төлбөр төлөгч үнийн санал тохиролцсон байтал шинжээчээр үнэлүүлсэн, шинжээч нь үнэлгээний зүйлийг очиж үзээгүй, ямар аргачлалаар үнэлсэн нь ойлгомжгүй, зах зээлийн үнээс доогуур үнэлсэн... гэж, хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ...шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан... гэж тус тус тайлбарлажээ. /хх 1-6, 39, 121-124/

 

4.  Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 сарын 30-ны өдрийн 183/ШШ2023/03431 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 сарын 29-ний өдрийн 210/МА2024/00219 дугаар магадлалаар хариуцагч ******* ХХК-аас 2,141,253,253 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Худалдаа, хөгжлийн банк ХК-д олгож, барьцаа хөрөнгө болох *******ын өмчлөлд бүртгэлтэй, эрхийн улсын бүртгэлийн Ү-*******дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 3-р хороо, 12-р хороолол, Токиогийн гудамж, ******* байрны ******* тоот хаягт байршилтай 473.16 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж, шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ. /хх 40, 43-49, 50-56, 57-58/

 

5.  Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлалыг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд хариуцагч байгууллага нь 2024 оны 08 сарын 28-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, нэхэмжлэлд дурдагдсан үл хөдлөх эд хөрөнгийг 2024 оны 11 сарын 20-ны өдөр битүүмжилж, 2025 оны 08 сарын 19-ний өдөр хураан авч, үнэлгээг талууд, өмчлөгч тохиролцоогүй үндэслэлээр 2025 оны 08 сарын 29-ний өдөр ******* ХХК-ийн үнэлгээчин ********ыг шинжээчээр томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54, 55 дугаар зүйлд тус тус нийцжээ. /хх 59, 61-65, 66-69, 70, 71, 72/

 

6.  ******* ХХК нь хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй этгээд болох нь, ******** нь үнэлгээчний гэрчилгээтэй этгээд болох нь хэрэгт авагдсан тусгай зөвшөөрлийн тодорхойлолт, хугацаагүй эрхтэй үнэлгээчний гэрчилгээгээр тус тус тогтоогдсон. /хх 108, 109/

 

7.  ******* нь 2025 оны 08 сарын 29-ний өдөр шинжээчид хууль тайлбарлан өгчээ. /хх 73/

 

8.  ******* ХХК-ийн үнэлгээчин ******** нь эрхийн улсын бүртгэлийн Ү-*******дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 3-р хороо, 12-р хороолол, Токиогийн гудамж, ******* байрны ******** тоот хаягт байршилтай 473.16 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг 2025 оны 09 сарын 03-ны өдрийн байдлаар нийт 2,405,240,200 төгрөгөөр тогтоожээ. /хх 76-109/

 

9.  Дээрх үнэлгээг хүчингүй болгох үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байхаас гадна нэхэмжлэгч талын тайлбар, гомдлыг дараах үндэслэлээр хүлээн авч, хангах боломжгүй байна. Үүнд:

9.1.  Төлбөр төлөгч ******* ХХК-аас 2025 оны 01 сарын 27-ны өдөр гаргасан үнийн саналыг төлбөр авагч Худалдаа, хөгжлийн банк ХХК 2025 оны 01 сарын 30-ны өдөр хүлээн зөвшөөрсөн талаарх баримт авагдсан. /хх 17, 18-19/

******* нь өмнө явагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг өөрөө хүчингүй болгосонтой холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийг 2025 оны 08 сарын 19-ний өдөр дахин хураан авсан үйл баримт зохигчийн тайлбараар тогтоогдсон тул ...төлбөр авагч, төлбөр төлөгч үнийн санал тохиролцсон байтал үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчээр үнэлүүлсэн... гэх тайлбар, гомдол үндэслэлгүй. /хх 1-6, 66-69/

Учир нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, дарааллаар явагдах тул шийдвэр гүйцэтгэх байгууллага нь үл хөдлөх эд хөрөнгийг дахин хураан авч, талуудаас дахин үнийн санал авахад хэн аль нь үнийн санал ирүүлээгүй байна. /хх 66-69, 70, 71/

9.2.  ******* ХХК-ийн үнэлгээчин ******** нь хөрөнгийн үнэлгээний тайландаа үнэлгээ гаргахад ашигласан хандлага, аргачлал, олон улсын стандарт, арга зүй, үнэлж буй үл хөдлөх эд хөрөнгийн ашиглалтад орсон он, байршил, зориулалт, талбай, инженерийн шугам сүлжээнд холбогдсон байдал, хийц бүтээц зэргийг тодорхой тусгаж, үнэлгээний тайланд гадна, дотор талын фото зургууд, харьцуулсан үл хөдлөх эд хөрөнгийг хавсаргажээ. /хх 76-109/

Иймд ...үнэлгээг гаргахдаа ямар аргачлал, үндэслэлээр үнэлсэн нь ойлгомжгүй, зах зээлийн үнээс доогуур үнэлсэн, шинжээч нь үнэлгээ гаргахдаа очиж үзээгүй... гэх гомдол үндэслэлгүй.

 

10.   Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоож, хэрэгт авагдсан нотлох баримтыг зөв үнэлж, улмаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч маргаанд хамаарах хуулийн зохицуулалтыг оновчгүй хэрэглэсэн алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулах замаар залруулах боломжтой.

Тодруулбал нэхэмжлэгч нь төлбөр төлөгч биш гуравдагч этгээд байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 бус 122 дугаар зүйлийн 122.5-д заасан зохицуулалт нь шаардах эрхэд хамааралтай, мөн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой гомдолд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасан зохицуулалт хамаарна.

 

11.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 сарын 09-ний өдрийн 197/ШШ2026/03367 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтын ... 55 дугаар зүйлийн 55.7... гэснийг ...122 дугаар зүйлийн 122.5... гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын ...7.1.2... гэснийг ...7.1.4... гэж тус тус өөрчилж,

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2026 оны 03 сарын 02-ны өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.  Иргэний Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2-т зааснаар магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ

 

 

ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР