| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2019/0257/Э |
| Дугаар | 267 |
| Огноо | 2019-04-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Эрдэнэтуяа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 267
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Х.Эрдэнэтуяа, шүүгдэгч Г.Г-, нарийн бичгийн дарга С.Буянхишиг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч З овогт Г-ын Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 1910003090245 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1987 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “Номин холдинг” ХХК-д камер хянагч ажилтай, ам бүл 6, аав, эхнэр, дөрвөн хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 2а хэсэг Баатархайрханы гудамж 1469 тоотод оршин суух хаягтай боловч Хан-Уул дүүрэг ..... дугаар хороо, .... түрээсийн байрны ...... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, З овогт Г-ын Г
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Г нь 2019 оны 01 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнийн 04 цаг 30 минутын үед Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Хүннү молл худалдааны төвийн хажууд найз Д.Энхтайваныг хүргэж өгөхөд түүний эхнэр Ш.Б “нөхөр дагуулж архи уулаа” гэж хэлсний улмаас түүний үснээс зулгааж, газар унагаан нуруу руу нь хоёр удаа өшиглөн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч Г.Г-: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөхгүй. Дахин ийм үйлдэл гаргахгүй байх талаар цаашид анхаарна...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Хохирогч Ш.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 01 дүгээр сарын 18-ны шөнө нөхрийнхөө утас руу залгахад авахгүй байхаар нь найз Г руу залгахад “хоёр жил уулзаагүй найзтайгаа уулзаж байна” гээд тасалсан. Тэгээд удаагүй Г залгаад гарч ирээд нөхрөө ав гэхээр Хүннү Моллын гадаа хүлээгээд байж байхад Г машинтай ирсэн. Би Г-ийг чи хүний нөхөр уруу татаж архи уудаг, намайг пизда гэж дууддаг хэн бэ гээд нэг алгадахад намайг үсдэж чирээд, нуруу руу хоёр удаа өшиглөсөн...” /хх-ийн 16-17, 19/ гэсэн,
Гэрч Д.Энхтайван мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 01 дүгээр сарын 18-ны орой ...Г бид хоёр уулзаад паб-д орж пиво уугаад тэндээсээ гарч Шөлөндөө гэх хоолны газарт орж хоол идчихээд гэр рүүгээ явсан. Би такси дотор тасарчихсан байсан бөгөөд нэг сэргэхэд манай гэрийн гадаа Г эхнэр Б-ийг газар унагаачихсан, куртикнээс нь зуурчихсан байхаар нь би салгасан...” /хх-ийн 20-22/ гэсэн,
Шүүгдэгч Г.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 01 дүгээр сарын 18-ны орой 22 цагийн үед найз Энхтайвантай уулзаж пиво ууж байгаад шөнө 04 цагийн үед гэр рүү нь таксигаар явсан. Тухайн үед Энхтайван их согтсон учраас би эхнэр Б рүү нь залгаад гарч ирээд Энхтайваныг авах уу гэж хэлсэн. Энхтайваны гэрийн гадаа ирэхэд Б таксины хаалгыг онгойлгоод чи миний нөхрийг дагуулж архи уулаа гээд миний нүүр рүү 2-3 удаа цохисон. Тэр үед миний хамарнаас цус гарахаар нь би машинаас буугаад Б-ийг түлхэж унагаагаад нуруу руу нь хоёр удаа өшиглөсөн...” /хх-ийн 37-40/ гэсэн мэдүүлгүүд,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн №1518 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Ш.Б-ийн биед зүүн мөрний зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт зулгаралт, баруун хөлний шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
2.3 Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 29/ гэсэн дүгнэлт,
- Шүүгдэгч Г.Г-ийг ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 43-47/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Г.Г-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч Г.Г нь согтуугаар 2019 оны 01 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнийн 04 цаг 30 минутын үед Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Хүннү молл худалдааны төвийн хажууд найз Д.Энхтайваныг хүргэж өгөхөд эхнэр Ш.Б “нөхөр дагуулж архи уулаа” гэж хэлсний улмаас түүний үснээс зулгааж, газар унагаан нуруу руу нь хоёр удаа өшиглөн зодож эрүүл мэндэд нь зүүн мөрний зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт зулгаралт, баруун хөлний шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ш.Б-ийн “...Би Г-ийг чи хүний нөхөр уруу татаж архи уудаг, намайг пизда гэж дууддаг хэн бэ гээд нэг алгадахад намайг үсдэж чирээд, нуруу руу хоёр удаа өшиглөсөн...” /хх-ийн 16-17, 19/ гэсэн, гэрч Д.Энхтайваны “...Би таксин дотор тасарчихсан байсан, нэг сэргэхэд манай гэрийн гадаа Г эхнэр Б-ийг газар унагаачихсан, куртикнээс нь зуурчихсан байхаар нь би салгасан...” /хх-ийн 20-22/ гэсэн, шүүгдэгч Г.Г-ийн “...Би машинаас буугаад Б-ийг түлхэж унагаагаад нуруу руу нь хоёр удаа өшиглөсөн...” /хх-ийн 37-40/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны №1518 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Ш.Б-ийн биед зүүн мөрний зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт зулгаралт, баруун хөлний шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
2.3 Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 29/ гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Г.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ш.Б-ийн эрүүл мэндэд зүүн мөрний зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт зулгаралт, баруун хөлний шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан, шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад эмчилгээний зардалтай холбоотой хохиролд 190,000 төгрөг төлсөн, хохирогч Ш.Б нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 48/ гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.
Шүүгдэгч Г.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч Г.Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд прокурорын саналын хүрээнд торгуулийн ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн 1910003090245 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Ш.Б гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч З овогт Г-ын Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г-ын Г-ийг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Г.Г-т оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Г оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн 1910003090245 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Ш.Б гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР