| Шүүх | Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батчулууны Сосорбарам |
| Хэргийн индекс | 320/2025/01752/И |
| Дугаар | 225/МА2026/00008 |
| Огноо | 2026-04-01 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 225/МА2026/00008
| 2026 оны 04 сарын 01 өдөр | Дугаар 225/МА2026/00008 |
Д.Бгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 320/ШШ2025/00345 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Бгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: М.Дт холбогдох
Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу төлсөн 30,000,000 төгрөг, учирсан хохирол 2,901,610 төгрөг нийт 32,901,610 (гучин хоёр сая есөн зуун нэг мянга зургаан зуун арав) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч М.Дын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, түүний өмгөөлөгч Б.Батдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Хулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д.Б, нөхөр Д.Э нар 2025 оны 6 дугаар сарын 25-нд иргэн М.Дтай хашаа худалдах худалдан авах, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж, гэрээнд заасны дагуу хашааны үнэ болох 30,000,000 (гучин сая) төгрөгийг М.Дын ХААН банкны 000 тоот дансанд бүрэн шилжүүлсэн. Гэвч гэрээ байгуулагдсанаас хойш одоог хүртэл тухайн хашаанд холбогдох эзэмших эрхийн захирамж гараагүй бөгөөд холбогдох байгууллагаас тодруулахад хоёр эзэмшигчтэй, эзэмшигч давхцсан гэх үндэслэлээр захирамж гараагүй. Газар эзэмших эрх шилжүүлэх үүргээ хариуцагч тал биелүүлээгүй тул бидний 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр иргэн М.Дтай хийсэн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г хүчингүй болгож, хашааны үнэнд төлсөн 30,000,000 (гучин сая) төгрөгийг хариуцагч талаас буцаан гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: ...Би Хаан банкнаас хашаа байшин худалдаж авах зориулалтаар 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 28,991,700 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 18 хувь буюу сарын 1,5 хувийн хүүтэй зээлийг авсан. Би өөрөө авч ашиглаагүй мөнгөний зээлийн хүүг 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл 2,901,610 төгрөг төлсөн. Үүнийг би хариуцагч М.Даас нэхэмжилж байна... гэжээ.
Хариуцагч М.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...М.Д миний бие Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн 31-р гудамжны 26 тоотод байрших 420 м.кв газрыг эзэмшдэг ба уг газраа Д.Эт худалдахаар тохиролцож, 2025.06.25-ны өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г байгуулсан. ...Гэтэл яг газар эзэмших эрхээ шилжүүлж өгөхөөр Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт очиход миний газар Б.Шгэх иргэнтэй давхцсаныг олж мэдсэн. ...Одоо уг асуудал шийдвэрлэгдэж, газар эзэмших эрхийг шилжүүлж өгөх боломжтой болсон тул Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн 31-р гудамжны 26 тоотод байрших 420 м.кв газар эзэмших эрхийг шилжүүлж өгөх хүсэлттэй байна. ...Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна....Худалдан авагч худалдан авч байгаа зүйлийнхээ орлогыг хэрхэн яаж бүрдүүлсэн нь надад хамаагүй, банкнаас зээл авах эсэх асуудал нь нэхэмжлэгчийн өөрийн шийдвэр сонголт байсан тул миний бие зээлийн хүүг хариуцахгүй гэжээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 320/ШШ2025/00345 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг тус тус баримтлан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу шилжүүлсэн 30,000,000 (гучин сая) төгрөг, учирсан хохиролд 2,869,430.74 (хоёр сая найман зуун жаран есөн мянга дөрвөн зуун гучин төгрөг далан дөрвөн мөнгө) төгрөг нийт 32,869,430.74 (гучин хоёр сая найман зуун жаран есөн мянга дөрвөн зуун гучин төгрөг далан дөрвөн мөнгө) төгрөгийг хариуцагч М.Даас гаргуулан, нэхэмжлэгч Д.Эт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 32,179.26 (гучин хоёр мянга нэг зуун далан есөн төгрөг хорин зургаан мөнгө) төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 396,326 (гурван зуун ерэн зургаан мянга гурван зуун хорин зургаа) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, илүү төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч М.Даас нэхэмжлэлийн хангагдсан дүн болох 32,869,430.74 (гучин хоёр сая найман зуун жаран есөн мянга дөрвөн зуун гучин төгрөг далан дөрвөн мөнгө) төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 322,297 (гурван зуун хорин хоёр мянга хоёр зуун ерэн долоо) төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Эт тус тус олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч М.Д давж заалдах гомдолдоо: ...Газар давхацсан асуудал нь надаас шалтгаалаагүй, мөн би огт мэдэхгүй байсан бөгөөд Д.Эт уг газрын асуудлаар ямар ч маргаагүй болгож өгөхөөр өнгөрсөн хугацаанд өөрийн санхүү, цаг заваа зориулан явсаар асуудлаа шийдвэрлүүлсэн.
Харин Д.Э нь уг газраас татгалзаж, худалдах худалдан авах гэрээг цуцлах бодолтой байгааг ойлгож болох ч уг гэрээ байгуулагдсантай холбоотой зээлийн хүүг надаас нэхэмжилж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, улмаар шүүхээс уг мөнгийг хохиролд тооцон надаас гаргуулан шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй юм.
Анх энэ газрын авахаар тохиролцож холбогдох мэргэжилтнээс Д.Э бид хоёр хамт очиж асууж байсан, мөн миний газрыг Б.Шгэх хүний газартай давхцуулсан асуудал нь надтай огт хамааралгүй байхад шүүх надаас уг 2.869.430,74 төгрөгийг гаргуулан шийдвэрлэх нь шударга ёсны зарчимд нийцэхгүй үйлдэл юм. Иргэний хуулийн 219.1 дүгээр зүйл бол үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэйг дурдсан байна.
Дараах 3 нөхцөл бүрдсэн тохиолдолд хохирлыг Иргэний хуулийн 219.1 дэх хэсэгт зааснаар нөхөн төлүүлэхээр боломж бүрддэг.
1.Тухайн хохирол учрах үед хохирогч болон хохирол учруулагчийн хооронд үүргийн харилцаа үүссэн байх,
2.Хохирол учруулагч нь уг үүргийг харилцаанд хүлээсэн үүргээ зөрчсөн байх,
3. Хохирол учруулагчийн буруугаас уг үүрэг зөрчигдсөн байх
Миний тохиолдолд эдгээр 3 нөхцөл бүрдээгүй буюу миний буруугаас хохирол учраагүйг хэрэгт авагдсан нотлох баримтаас харах боломжтой. Төрийн байгууллагыг алдаатай ажиллагаа, иргэний бүртгэлийг давхардуулсан асуудал нь миний буруутай үйлдэл огт биш юм.
Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167.1.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож бусад хэсгийг хэвээр үлдээх буюу өөрчилж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хариуцагчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хяналаа.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нь хариуцагч М.Дт холбогдуулан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнээс татгалзах, гэрээний дагуу төлсөн 30,000,000 төгрөг, учирсан хохирол 2,901,610 төгрөг, нийт 32,901,610 (гучин хоёр сая есөн зуун нэг мянга зургаан зуун арав) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрчээ.
3.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцсэн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг шийдвэрлэхдээ хуулийг агуулга, зорилгод нь нийцүүлэн, оновчтой зөв хэрэглэсэн нь шийдвэр хууль ёсны байх шаардлага хангасан гэж үзэх, хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэн дүгнэлт хийсэн нь шийдвэр үндэслэл бүхий байх шаардлага хангасан гэж үзэх үндэслэл болно.
4.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж зохицуулсан.
Нэхэмжлэгч Д.Э, хариуцагч М.Д нар нь 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хашаа худалдах худалдан авах, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон 30,000,000 (гучин сая) төгрөгийг М.Дт шилжүүлсэн, харин худалдагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогджээ.
5.Худалдагч М.Д нь худалдан авагчтай эрхийн доголдолтой газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулсан, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон тул худалдан авагч Д.Э гэрээнээс татгалзах, төлбөрт шилжүүлсэн 30,000,000 төгрөгөө буцаан шаардах эрхтэй ба энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252.1-д Худалдсан эд хөрөнгийн хувьд гуравдагч этгээд өөрийн эдлэх эрхийн талаар худалдагчид гомдлын шаардлага гаргахааргүй бол эрхийн доголдолгүй эд хөрөнгө гэнэ. гэж заасан.
Хариуцагчийн нэхэмжлэгчид шилжүүлэхээр тохиролцсон Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн 31-р гудамжны 26 тоотод байрших 420 м.кв газрын эзэмшигч давхацсан, эрхийн доголдолтой болох нь зохигчийн тайлбараар нотлогджээ.
Худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээх тул бусадтай гэрээ, хэлцэл хийхээс өмнө тухайн хөрөнгийн доголдол, зөрчлийг арилгасан байх учиртай.
6.Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй. гэж, 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно. гэж тус тус зааснаар нэхэмжлэгч өөрт учирсан хохирлоо шаардах эрхтэй тул анхан шатны шүүхийн хариуцагчаас гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирол 2,869,430.74 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосон дүгнэлтийг үндэслэл бүхий гэж үзнэ.
7.Анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
8.Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
9.Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3, 168 дугаар зүйлд заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хариуцагч М.Дын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 320/ШШ2025/00345 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2.Хариуцагч М.Дын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60,861 /жаран мянга найман зуун жаран нэг/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРХҮҮ
ШҮҮГЧИД Л.ЭРДЭНЭБАТ
Б.СОСОРБАРАМ