Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2026/00859

 

 

 ********ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Ч.Мөнхцэцэг, Ерөнхий шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 сарын 14-ний өдрийн 191/ШШ2026/00907 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ********ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэгт нийт 21,381,084 төгрөг гаргуулах тухай,

 

иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: *******тэй 2025 оны 02 сарын 26-ны өдөр зээлийн гэрээг цахимаар байгуулан 19,301,000 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдүүлсэн. Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, 2025 оны 10 сарын 29-ний өдрийн байдлаар 245 хоногийн хугацаа хэтрэлттэй байна. Үндсэн зээлийн төлбөрт 523,252 төгрөг, хүүгийн төлбөрт 325,527 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 850 төгрөг төлөгдсөн. Гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч үр дүнгүй байгаа тул гэрээг цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 18,777,748 төгрөг, зээлийн хүү 2,562,315 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 42,021 төгрөг, нийт 21,381,084 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэжээ.

 

2.   Хариуцагчийн хариу тайлбарын агуулга: 2025 оны 02 сард ******* гэх хүн банкны танил талаа ашиглан надад зээлийн эрхийг шалгаж, миний нэр дээр зээл аваад удахгүй буцаагаад өгнө гэж тохиролцоод зээл авсан. Гэтэл миний зөвшөөрөлгүй цахимаар аппликейшн зээл гаргадаг нийт 11 банкнаас зээл авсан байсан. Энэ талаар би хожуу мэдсэн. Бид хоёр анх харилцан тохиролцохдоо ийм хэмжээний мөнгөн дүн авна гэж тохиролцоогүй байсан. Бид хоёр 5,000,000 төгрөгийн зээл авна гэж тохиролцсон байсан. Цалингийн зээлээр авсан мөнгө миний данс руу шилжин ороод *******ийн данс руу шилжиж орсон байсан. Би ямар нэгэн байдлаар данснаас мөнгө шилжүүлэх хүсэлт өгсөн, эрх олгосон зүйл байхгүй. 2025 оны 09 сард цагдаагийн байгууллагад хандсан. Одоо энэ асуудлаар хэрэг бүртгэл нээж мөрдөн шалгаж байгаа. Иймд эрүүгийн журмаар хянан шалгаж байгаа тул иргэний хэргийг түдгэлзүүлж өгнө үү гэжээ.

 

3.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар хариуцагч *******гээс 18,257,990 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ********ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,123,094 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 264,855 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 249,240 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4.   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн 3,123,094 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

4.1.  Иргэний хуулийн 421 дүгээр зүйлийн 421.2-т зааснаар талууд тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ ашиглан хүсэл зоригоо илэрхийлж харилцан хүлээн зөвшөөрснөөр гэрээ хүчин төгөлдөр болно. Цахим хэлбэрээр байгуулсан гэрээнд заавал тоон гарын үсэг зурагдсан байх шаардлага хуульд тавигдаагүй бөгөөд ОТР код, нууц үг, аппликейшн баталгаажуулалт, интернэт банк зэрэг баталгаажуулалтын хэлбэрүүд нь гэрээ байгуулах хүсэл зоригоо илэрхийлсэн үйлдэлд тооцогдох боломжтой. Мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7.2-т Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц уг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ... гэж хуульчилсан бөгөөд банкны цахим үйлчилгээний системд нэвтрэх нууц үг, баталгаажуулах код зэрэг нь хууль зүйн утгаараа гарын үсэгтэй адилтгах баталгаажуулалтын хэрэгсэл байна. Иймд ********ХК болон хариуцагч ******* нарын хооронд цахим хэлбэрээр байгуулсан зээлийн гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаа бөгөөд уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй юм.

4.2.  Хариуцагч ******* нь анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад 2025 оны 02 сарын 24-ний өдөр биечлэн анкетыг бөглөж, харилцагчийн бүтээгдэхүүн үйлчилгээний ерөнхий гэрээг бичгээр байгуулсан талаар маргаагүй боловч цахим зээлийн гэрээг байгуулаагүй, хараагүй гэдэг. Анхан шатны шүүх хуралдаанд хариуцагч нь ******* гэдэг хүн миний ********ХК-ийн эрхийг ашиглан цалингийн зээл авсан байсан. Бид хоёр анх тохиролцохдоо ийм хэмжээний мөнгөн дүн авна гэж тохиролцоогүй байсан. Бид хоёр 5,000,000 төгрөгийн зээл авна гэж тохиролцсон байсан. Цалингийн зээлээр авсан мөнгө миний данс руу шилжин ороод *******ийн данс руу шилжин орсон... гэж шүүх хуралдааны явцад тайлбарласан. Мөн асуултанд ...Ерөнхий гэрээнд гарын үсэг зурсан... гэж, ...Мөнгөний зарцуулалтыг би өөрөө хийсэн... гэсэн хариултыг өгсөн. Үүнээс үзэхэд хариуцагч ******* нь цахим зээлийн гэрээг байгуулаагүй, хараагүй гэдэг нь үндэслэлгүй юм.

4.3.  ********ХК болон хариуцагч ******* нарын байгуулагдсан бүтээгдэхүүн үйлчилгээний ерөнхий гэрээний 1.2-т ...Харилцагч энэхүү гэрээнд гарын үсэг зурсан, эсвэл гэрээг нууц үг, нууц код, баталгаажуулах код, цахим гарын үсэг зэргийн ашиглан цахим хэлбэрээр баталгаажуулсан нь хүчин төгөлдөр гэрээ, хэлцэл байгуулсанд тооцно... гэж, 5.2.2-т ...Банкны салбар нэгжээр биечлэн, хуульд заасан төлөөлөгчөөр дамжуулан эсвэл цахим хэлбэрээр үйлчилгээ авах ба өөрийн нууц үг, нууц код, баталгаажуулах код, гүйлгээний нууц үг, цахим гарын үсгийн нууцлалыг чандлан хадгалах..., гэж, 5.2.3-т ...Банкны бүтээгдэхүүн үйлчилгээг ашиглахад шаардлагатай төлбөрийн карт, нууц үг, нууц код, баталгаажуулах код, гүйлгээний нууц үг, цахим гарын үсгийн нууцлал болон бусад дангаар эзэмшвэл зохих мэдээллийг бусдад дамжуулахгүй, задруулахгүй, ашиглуулахгүй байх үүрэгтэй ба алдсан, гээсэн, үрэгдүүлсэн эсвэл зөвшөөрөлгүйгээр данснаас гүйлгээ хийх оролдлого гарсныг мэдсэн, сэжигтэй тохиолдолд Банканд нэн даруй мэдэгдэж үйлчилгээний эрхээ түр хаалгах, ийнхүү мэдэгдээгүйн улмаас үүсэх хохирлыг бүрэн хариуцна... гэж тус тус заасан. Иймд хариуцагч өөрийн нууц мэдээллийг бусдад дамжуулж улмаар мөнгөн хөрөнгөө алдах нөхцөл бүрдүүлсэн нь банкны буруутай үйл ажиллагаа гэж үзэх үндэслэлгүй болно. Мөн хариуцагч *******гийн хувьд 2025 оны 02 сарын 26-ны өдөр цахимаар зээл авсан бөгөөд анхан шатны шүүх хуралдаан орох хүртэл нэг ч удаа дангаар эзэмшвэл зохих мэдээллийг бусдад дамжуулсан, задруулсан, эсхүл зөвшөөрөлгүйгээр данснаас гүйлгээ хийсэн талаар огт мэдэгдээгүй ба 2025 оны 04 сард зээлийн эргэн төлөлтийг төлж байсан.

4.4.  Анхан шатны шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн нарийвчилсан зохицуулалтыг хэрэглээгүй, хариуцагч *******гийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, нотлох баримтыг бүрэн үнэлээгүй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч *******гээс 21,381,084 төгрөг гаргуулсан өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.

 

5.   Давж заалдах гомдолд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүх хэргийг зөв шийдвэрлэсэн. Хэрэг бүртгэлтийн хэрэгт хүний нэр бичигддэггүй учраас хэргийг түдгэлзүүлэх баримт шүүхэд гаргаж өгч чадаагүй. ******* гэдэг хүн хариуцагчийн банкны аппликейшн ашиглаад авч болох бүх газраас зээл авсан. Цагдаагийн байгууллагаас энэ талаарх лавлагааг шүүх гаргуулаад авах боломжтой байсан. Мөн өөр шүүх хуралдаанд оролцож байх үед шүүх хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, өмгөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн талаар хэлэх нь зүйтэй гэж үзэж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангав.

 

2.   Нэхэмжлэгч ********ХК нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 18,777,748 төгрөг, зээлийн хүү 2,561,315 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 42,021 төгрөг, нийт 21,381,084 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ...Цахим цалингийн зээлийн гэрээ-ний талаар мэдэхгүй, энэ хэрэгтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа тул иргэний хэргийг түдгэлзүүлэх үндэслэлтэй... гэсэн агуулгаар бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх 1-2, 19, 40-44/

 

3.   Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмын дагуу үнэлээгүй, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйн улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

4.   Талууд 2025 оны 02 сарын 25-ны өдөр 3000/2025-94000070025 дугаартай Капитрон банкны харилцагчид үзүүлэх бүтээгдэхүүн, үйлчилгээний ерөнхий гэрээ байгуулж, уг гэрээгээр ********ХК нь харилцагчийг харилцагчаар бүртгэн түүний сонгосон бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлэх, ******* нь гэрээнд гарын үсэг зурсан, эсхүл гэрээг нууц үг, нууц код, баталгаажуулах код, цахим гарын үсэг зэргийг ашиглан цахим хэлбэрээр баталгаажуулсан нь хүчин төгөлдөр гэрээ, хэлцэл байгуулсанд тооцохоор харилцан тохиролцсон, уг гэрээг байгуулсан эсэх талаар зохигч маргаангүй. /хх 8-9/

 

5.   Улмаар талууд 2025 оны 02 сарын 26-ны өдөр МN980030003095044183 дугаартай Цахим цалингийн зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч ********ХК нь 19,301,000 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч ******* нь уг мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт тохирсон хугацаанд төлөх, ийнхүү төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлийг харилцан тохиролцжээ. /хх 11-16/

 

6.   Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлж, зээлдүүлэгчийн зүгээс зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчид дансаар шилжүүлэн олгосон үйл баримтыг зөв тогтоосон боловч ...хариуцагч нь Цахим цалингийн зээлийн гэрээ-нд тоон гарын буюу цахим гарын үсэг зураагүй тул талуудыг хүү, нэмэгдүүлсэн хүүгийн талаар тохирсон гэж үзэхгүй учир нэхэмжлэгч нь хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй... гэж дүгнэж, улмаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл муутай болжээ.

Учир нь Иргэний хуулийн 421 дүгээр зүйлийн 421.2-т талууд программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар цахим хэлбэрээр хийх хэлцэл хүчин төгөлдөр болохоор зохицуулсан.

Түүнчлэн, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д банк нь цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болохоор, 7.2-т банк нь цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болохоор, мөн эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн зээлийн гэрээнд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзэхээр зохицуулсан.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хуульд заасан тоон гарын үсэг болон цахим гарын үсэг-ийг нэг ойлголт мэтээр тайлбарлан хэрэглэсэн нь буруу болжээ.

Иймд нэхэмжлэгч ********ХК нь 2025 оны 02 сарын 26-ны өдрийн МN980030003095044183 дугаартай Цахим цалингийн зээлийн гэрээ-ний үүргийг хариуцагч *******гээс шаардах эрхтэй.

 

7.   Хариуцагч ******* нь шүүх хуралдаанд ...******* гэдэг хүн ... миний ********ХК-ийн эрхийг ашиглан цалингийн зээл авсан байсан. Бид хоёр анх тохиролцохдоо ийм хэмжээний мөнгөн дүн авна гэж тохиролцоогүй байсан. Бид хоёр 5,000,000 төгрөгийн зээл авна гэж тохиролцсон байсан. Цалингийн зээлээр авсан мөнгө миний данс руу шилжиж ороод *******ийн данс руу шилжиж орсон байсан... гэсэн тайлбар гаргаж, шүүгчийн ...2025 оны 02 сарын 26-ны өдөр 19,301,000 төгрөгийн орлого орсон. Үүний дараа 5 удаагийн гүйлгээгээр ******* руу шилжүүлсэн байсан. Энэ гүйлгээг хэн хийсэн бэ гэсэн асуултад ...Мөнгөний зарцуулалтыг би өөрөө хийсэн... гэж хариулсан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагджээ. /хх 42-43/

Түүнчлэн хариуцагч нь 2025 оны 04 сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 849,629 төгрөгийг зээлийн эргэн төлөлтөд төлсөн үйл баримт хэрэгт авагдсан Зээл, зээлийн хүүний тооцоолол, MN350030003000131787 тоот Харилцах дансны хуулга-аар тус тус тогтоогдсон. /хх 17, 26/

Иймд хариуцагч талын гаргасан ...Цахим зээлийн гэрээ-ний талаар мэдэхгүй... гэх тайлбар, татгалзлыг үндэслэлгүй гэж үзнэ.

 

8.   Өмнө дурдсан Зээл, зээлийн хүүний тооцоолол-оос үзвэл хариуцагч ******* нь 2025 оны 04 сарын 08-ны өдрөөс хойшхи хугацаанд зээлийн эргэн төлөлт хийгээгүй, нэхэмжлэл гаргах үеийн байдлаар 245 хоногийн хугацаа хэтрэлттэй, үндсэн зээл 18,777,748 төгрөг, зээлийн хүү 2,561,315 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 42,071 төгрөг, нийт 21,381,084 төгрөгийн төлбөрийн үүрэг хүлээсэн болох нь тогтоогдсон, уг тооцооллыг хариуцагч баримт, тооцооллоор няцаагаагүй. /хх 17/

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 225 дугаар зүйлийн 225.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч ********ХК нь зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч *******гээс үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 21,381,084 төгрөгийг шаардах эрхтэй, энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдол хууль зүйн үндэслэлтэй.

 

9.   ...Энэ хэрэгтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа тул иргэний хэргийг түдгэлзүүлэх үндэслэлтэй... гэх хариуцагч талын тайлбар, татгалзлыг хүлээн авах боломжгүй. Учир нь:

9.1.  ******* нь ...зүс таних хүндээ 120,000,000 төгрөг шилжүүлж залилуулсан... гэх хэргийг эрүүгийн журмаар шалгаж, хянан шийдвэрлэхээс өмнө хариуцагч *******д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт нийт 21,381,084 төгрөг гаргуулах тухай, нэхэмжлэгч ********ХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

9.2.  Хариуцагч ******* нь 2025 оны 02 сарын 25-ны өдрийн 3000/2025-94000070025 дугаартай Капитрон банкны харилцагчид үзүүлэх бүтээгдэхүүн, үйлчилгээний ерөнхий гэрээ-ний 2.7-д заасан ...бүртгүүлсэн цахим шуудангийн хаяг, гар утсанд очсон мэдээлэл, нууц код, нууц үг, баталгаажуулах кодыг чандлан хадгалах... үүргээ биелүүлээгүйд нэхэмжлэгч ********ХК-ийг буруутгах боломжгүй, ийнхүү чандлан хадгалаагүйгээс үүсэх үүрэг хариуцагч *******д хамааралтай болно. /хх 8-9/

 

10.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 сарын 14-ний өдрийн 191/ШШ2026/00907 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т тус тус зааснаар хариуцагч *******гээс 21,381,084 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ********ХК-д олгосугай гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын ...56.2... гэснийг ...56.1... гэж, ...249,240... гэснийг ...264,855... гэж тус тус өөрчилж,

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид 2026 оны 03 сарын 10-ны өдөр урьдчилан төлсөн 64,920 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

 

 

ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР