Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 945

 

Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шүүхийн шүүгч Л.Оюунцэцэг даргалж хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын харъяа Төв аймгийн Баян суман дахь Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын хүсэлттэй “өвчтөн Ц.Одонцэцэгийг өвчний учир албадан эмчилгээг дуусгавар болгуулах тухай” иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Төв аймгийн Баян суман дахь Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрыг төлөөлж тус газрын их эмч, дэслэгч Б.Энхболд, өвчтөн Ц.Одонцэцэг, нарийн бичгийн дарга Г.Сугармаа нарыг оролцуулан хийв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар шүүхэд гаргасан хүсэлтдээ: өвчтөн Ц.Одонцэцэг нь 2016 оны 09 сарын 09-ний өдөр албадан эмчлэх газарт хордлого тайлах, шинж тэмдэг, сэтгэл заслын эмчилгээ хийгдсэн байгаа. Зүрх хэм алдагдалтай, амьсгааддаг зүрхний архаг дутагдалтай учраас нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай. Манай байгууллагад нарийн мэргэжлийн эмч байхгүй. Энэ хүнд эмчилгээ хийх гэхээр үндсэн эмчилгээ таарахгүй 6 төрлийн харшлах зүйлтэй өвчинд орж байгаа учраас цаашид эмчилгээг манай байгууллагад хийлгэх шаардлагагүй. Эхний 7-14 хоног хордлого тайлах эмчилгээ хийгдсэн. Иймд харшил үүсгэх болон шинж тэмдгийн эмчилгээ таарахгүй байгаа учраас зүрх судасны дутмагшил өвчний улмаас эмчилгээг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох хүсэлттэй байна гэв.

 

Өвчтөн Ц.Одонцэцэг нь шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: “Би энэ хугацаанд хордлого тайлах эмчилгээ хийлгэсэн. Миний зүрхээр хатгаж өвддөг, байнга даралт ихсэж байна. Иймд эмчилгээ таарахгүй байгаа учраас албадан эмчилгээнээс чөлөөлж өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Өвчтөн Ц.Одонцэцэг нь Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 сарын 09-ний өдрийн 643 тоот шийдвэрээр захиргааны журмаар албадан эмчлэхээр шийдвэрлэсэн байна.

Өвчтөн Ц.Одонцэцэг нь анх удаа тус газарт ирж 6 хоногийн хугацаанд эмчилгээ хийлгүүлсэн байна. Эмчилгээ хийлгэх хугацаанд өвчтөн зүрх судасны дутмагшил өвчтэй болох нь тогтоогдож, цаашид эмчилгээ Эрүүл мэндийн сайд, Улсын ерөнхий прокурорын 2005 оны 152/188 тоот хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтын 3.3-т заасан эмчилгээ хийхэд харшлах өвчний заалттай тул албадан эмчилгээнээс хугацаанаас нь өмнө чөлөөлөх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Тус газрын төлөөлөгч Б.Энхболд шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Шүүхүүд согтуурах мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай шийдвэрийг гаргахдаа Эрүүл мэндийн сайд Улсын ерөнхий прокурорын хамтарсан 2005 оны 152/188 тоот Албадан эмчлэхтэй холбогдсон журам батлах тухай тушаалын заалтыг баримталж ажиллах нь зүйтэй. Дүүргийн шүүхүүд өвчтөнг мэргэжлийн эмчид үзүүлсэн эсэхийг нягтлан шалгаж, эмчийн  гарын үсэг болон хувийн тамга, байгууллагын тамга, флюр зураг /зүрхний дутмагшил, бөөрний дутмагшил, элэгний дутмагшил, эпилепси, жирэмсэн, сүрьеэ, сэтгэц/ зэргийг бүрэн шалгах шаардлагатай, бүрэн гүйцэд шалгаагүйгээс үндсэн эмчилгээ болох архины дуршил бууруулах, харшил үүсгэх эмчилгээ зохихгүй болох нь тогтоогдож байгаа тул эмчилгээ хийхэд харшлах заалттай үндэслэлээр өвчтөнг чөлөөлж байгааг анхаарч ажиллах шаардлагатай гэж тайлбарлаж байгааг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Согтуурах мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан  эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т зааснаар Ц.Одонцэцэгийг албадан эмчлэх хугацааг дуусгавар болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОЮУНЦЭЦЭГ