Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 282

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Г.Эсэн, хохирогч Г.Н-, шүүгдэгч О.Б-, нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч У овогт О-ын Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1810019300108 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, 1990 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, IT инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  ам бүл 2, эхийн хамт, Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо, ........... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, У овогт О-ын Б.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч  О.Б нь 2018 оны 08 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Оргил хотхоны 58 дугаар байрны автомашины зогсоолд байсан **-** УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун урд крыло, баруун талын хоёр хаалга, баруун хойд крыло, багажны хаалга, зүүн хойд крыло, зүүн талын хоёр хаалга, зүүн урд крыло, урд капудыг зурж гэмтээн Г.Н-д 2,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:

 

Хохирогч Г.Н-: “...2018 оны 08 дугаар сарын 11-ний өглөө машинаа ажлынхаа зогсоолд байрлуулах үед ухрахын камер ажиллахгүй байхаар нь харахад хойд дугаарыг нугалаад хаячихсан байхаар нь техник оношилгоонд оруулаад цагдаад дуудлага өгсөн. Тэгээд гэртээ очоод охин Ө-ийн унадаг машиныг тойруулаад зурчихсан байхаар байрныхаа камерийн бичлэг шүүж үзэхэд Б урд талын орцоор орж, граш руу орсон байсан. Энэ хүн архи ууж согтохоороо хаалга нүдээд зогсчихдог удаа дараа ийм үйлдэл гаргадаг. ...Энэ гэмт хэргийн улмаас надад 19,000,000 төгрөгийн хохирол учирсан...” гэв.

 

Шүүгдэгч О.Б-: “...Мэдүүлэг өгөхгүй, миний буруу хийсэн хэрэгтээ гэмшиж байна, удахгүй ажилд орж хохирлоо барагдуулна. Надад торгуулийн ял оногдуулж өгнө үү...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Г.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 08 дугаар сарын 10-ны орой 19 цагийн үед машинаа граш дотор байрлуулчихаад маргааш нь 10 цагийн үед ажил дээрээ очоод машинаа зогсоолд байрлуулахаар ухарах үед камер ажиллахгүй байхаар нь буугаад харахад машины ар талын дугаарыг суурьтай нь хамт нугалсан, хойд талын нэг дугуйны тоормосны наклаад руу ордог шингэний хоолойг суллаад шингэнийг гоожуулчихсан байсан. Тэгээд граш дотор байсан охин Ө-ийн машиныг үзэхэд автомашины эх биеийг тойруулаад үзүүртэй зүйлээр зурчихсан байхаар нь хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд Б гэх залуу машины ар тал руу явж байгаа бичлэг камерт үлдсэн байсан...” /хх-ийн 7, 27-30/ гэсэн,

Гэрч Х.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр **-** УНО улсын дугаартай машиныг 38,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн машиныг тойруулаад зурчихсан байсан учраас ийм хямд үнээр худалдаж аваад засварт өгч янзлуулаад буцаагаад зарчихсан...” /хх-ийн 31/ гэсэн,

Гэрч Б.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 08 дугаар сард Б манай гэрт ирээд найз нь баларсан, найз охиныхоо машиныг зураад эвдчихсэн чинь аав нь намайг цагдаад өгчихсөн байна лээ гэж ярьж байсан...” /хх-ийн 32/ гэсэн,

Гэрч Н.Ө- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 08 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнийн 01 цагийн үед машинаа доод давхарт байрлах грашт байрлуулчихаад гэртээ орсон. Маргааш өглөө аав над руу залгаад миний машины номерыг нугалчихсан байна, чи машинаа шалгаадах гэхээр нь машинаа үзэхэд тойруулаад зурчихсан байсан. Энэ асуудлыг шалгахад урьд нь надтай үерхэж байсан Б миний машиныг зураад, аавын машины номерыг нугалчихсан гэдгийг мэдсэн. ...**-** УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь миний нэр дээр байгаа болохоос захиран зарцуулах эрх надад байхгүй, манай аавын өмчлөлийн машин байгаа юм...” /хх-ийн 98-99/ гэсэн,  

Шүүгдэгч О.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 2,5 литрийн савалгаатай шар айраг уучихаад найз охин руугаа уулзья гэж чат бичсан боловч намайг зайл, уулзахгүй гэх мэтээр хэлээд байхаар нь дургүй хүрээд грашид байсан **-** УНО улсын дугаартай автомашиных нь хойд талын улсын дугаарыг аваад голоор нь нугалаад, газраас чулуу авч машиных нь гол хэсгээр тойруулж зурчихаад гэртээ харьсан...” /хх-ийн 8-10/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-5/,

- Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 12-13/,

- Хохирлын баримтууд /хх-ийн 14, 41-43/,

- Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 37/,

- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 84/,

- Шүүгдэгч О.Б-гийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 49-78/,

- Шүүгдэгч О.Б-гийн хувийн байдалтай холбоотой гэрч П.Төгөлдөрийн мэдүүлэг /хх-ийн 21-22/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, О.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч О.Б нь 2018 оны 08 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Оргил хотхоны 58 дугаар байрны автомашины зогсоолд байсан **-** УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун урд крыло, баруун талын хоёр хаалга, баруун хойд крыло, багажны хаалга, зүүн хойд крыло, зүүн талын хоёр хаалга, зүүн урд крыло, урд капудыг зурж гэмтээн Г.Н-д 2,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Г.Н-гийн “...2018 оны 08 дугаар сарын 10-ны орой 19 цагийн үед машинаа граш дотор байрлуулчихаад маргааш нь 10 цагийн үед ажил дээрээ очоод машинаа зогсоолд байрлуулахаар ухарах үед камер ажиллахгүй байхаар нь буугаад харахад машины ар талын дугаарыг суурьтай нь хамт нугалсан байсан. Тэгээд граш дотор байсан охин Ө-ийн машиныг үзэхэд автомашины эх биеийг тойруулаад үзүүртэй зүйлээр зурчихсан байхаар нь хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд Б гэх залуу машины ар тал руу явж байгаа бичлэг камерт үлдсэн байсан...” /хх-ийн 7, 27-30/ гэсэн, гэрч Б.Б-ын “...2018 оны 08 дугаар сард Б манай гэрт ирээд найз нь баларсан, найз охиныхоо машиныг зураад эвдчихсэн чинь аав нь намайг цагдаад өгчихсөн байна лээ гэж ярьж байсан...” /хх-ийн 32/ гэсэн, гэрч Н.Ө-ийн “...2018 оны 08 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнийн 01 цагийн үед машинаа доод давхарт байрлах грашт байрлуулчихаад гэртээ орсон. Маргааш өглөө нь аав над руу залгаад миний машины номерыг нугалчихсан байна, чи машинаа шалгаадах гэхээр нь машинаа үзэхэд тойруулаад зурчихсан байсан. Энэ асуудлыг шалгахад урьд нь надтай үерхэж байсан Б миний машиныг зураад, аавын машины номерыг нугалчихсан гэдгийг мэдсэн...” /хх-ийн 98-99/ гэсэн, шүүгдэгч О.Б-гийн “...2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 2,5 литрийн савалгаатай шар айраг уучихаад найз охин руугаа уулзья гэж чат бичсан боловч намайг зайл, уулзахгүй гэхээр нь дургүй хүрээд грашид байсан **-** УНО улсын дугаартай автомашиных нь хойд талын улсын дугаарыг аваад голоор нь нугалаад, газраас чулуу авч машиных нь гол хэсгээр тойруулж зурчихаад гэртээ харьсан...” /хх-ийн 8-10/ гэсэн мэдүүлгүүд, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-5/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 12-13/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 37/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 84/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч О.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.

 

**-**  УНО улсын дугаартай Лексус маркийн Ар Экс 450 Эйч загварын машин нь Н-гийн Ө-ийн нэр дээр бүртгэлтэй боловч тухайн автомашиныг түүний аав Г.Н-гийх, түүний охин Н.Ө- нь тухайн машиныг захиран зарцуулах эрхгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн тул уг гэмт хэргийн хохирогчоор Г.Н-г тогтоож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь хууль зөрчөөгүй байна гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч О.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч О.Б-гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Г.Н-гийн эд хөрөнгөд 2,000,000 төгрөгийн /хх-ийн 12-13/ хохирол учирсан. Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 19,000,000 төгрөг нэхэмжилснээс гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол 2,000,000 төгрөгийг шүүгдэгч О.Б-гээс гаргуулж, хохирогч Г.Н-д олгож, үлдэх 17,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Учир нь Г.Н-гийн нэхэмжилж буй 17,000,000 төгрөг нь тухайн тээврийн хэрэгслийг анх худалдаж авсан үнэ болон гэмт хэрэг гарсны дараа худалдан борлуулсан үнийн зөрүү байх бөгөөд хохирогч Г.Н өөрийн эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийн хүрээнд бусдад худалдсаны улмаас үүссэн дээрх үнийн дүнгийн зөрүүг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцох хууль зүйн үндэслэгүй байна.

 

Шүүгдэгч О.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Дээр  хөнгөрүүлэн үзэх нөхцөл болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол, хор уршиг, хохирол төлөгдөөгүй, шүүгдэгч ажил эрхэлдэггүй зэрэг нөхцөл байдлын харгалзан түүнд хуульд зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял  оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн 1810019300108 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч У овогт О-ын Бг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О-ын Б-г 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч О.Б-д оногдуулсан 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч О.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б /РД: .........., Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, ........ тоотод оршин суух хаягтай/-гээс 2,000,000 /хоёр сая/ төгрөг гаргуулж хохирогч Г.Н /РД: .........., Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, .......... хотхоны ........ дугаар байрны ......... тоотод оршин суух хаягтай/-д олгосугай.

 

6. Эрүүгийн 1810019300108 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн сиди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

7. Эрүүгийн 1810019300108 дугаартай хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг  тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.              

 

 

           

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                         Д.АЛТАНЖИГҮҮР