| Шүүх | Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсангийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 320/2025/01555/И |
| Дугаар | 225/МА2026/00009 |
| Огноо | 2026-04-06 |
| Маргааны төрөл | Тээвэрлэлт, |
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 225/МА2026/00009
| 2026 оны 04 сарын 06 өдөр | Дугаар 225/МА2026/00009 |
Н.Тийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Н.Баярхүү, Л.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 320/ШШ2025/00393 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Н.Тийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Бад холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 15,000,000 (арван таван сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн хэргийг нэхэмжлэгч, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Л.ЭрдэнэБын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Т /цахим/, түүний өмгөөлөгч Б.Амаржаргал, хариуцагч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Ганчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Хулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Б.Баар 21-ний өглөө бүрэн бүтэн 3 адуугаа ачуулаад хөдөлгөсөн. ...Болгоомжтой яваарай, ах нь өөрөө түрүүлээд очоод хүлээгээд байж байя. Замаараа өөр нэг айлаар орно гээд ганцаараа машинаа унаад түрүүлээд явсан. Араас нь Н.Ч дүүгээ ардаа суулгаад мотоцикльтой, Б.Б машинаа бариад хоёр залуу хажуудаа суулгаад тавуулаа хөдөлсөн. Замдаа бор үрээг унагаж бэртээсэн байсан. Унагаангуутаа Б.Б зогсоогүй нилээн хэсэг газар явсан гэдгийг Н.Ч хэлдэг. ...Ачаад гэрийн гадаа ирэх үед би адуунд явчихсан байсан ба ирэхэд буулгачихсан байсан. Хоёр адууг нь уячихсан, бор үрээ маань уяаны хажууд хавтгайгаараа уначихсан босох чадваргүй байсан. Тэгээд юу болов, яав гээд Б.Бтай уулзахад унагаасан гэдгээ хэлсэн. Өөрийнх нь тэвшний хоёр өндөрлөгөөний гагнаас салсан байсан. Тэвшнийх нь зургийг дарсан. Өөрөө бол унагаачихсан, гэмтээчихсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. ...Өөрийнх нь 1,500,000 төгрөгийн хөлсийг өгөөгүй байгаа. Анхны тохироо 800,000 төгрөг бэлэн өгөөд бензин тосыг нь хийгээд өгье гэсэн чинь үгүй ээ, бүрэн бүтэн ачиж аваачаад 1,500,000 төгрөг өгчих гэсэн. Тэгээд бүрэн бүтэн ачиж аваачихыг нь хүлээгээд нэг ч төгрөг өгөөгүй. Тэгээд мөнгийг нь өгөх гээд очтол адуу унагаагаад үхэх нь тодорхой хэвтэж байсан учраас ах нь 1,500,000 төгрөгийг чинь өгнө. Миний 15,000,000 төгрөгийн төлбөрийг барагдуулахдаа өөрийнхөө авах ёстой 1,500,000 төгрөгөө шууд хасаж аваад 13,500,000 төгрөгөө шилжүүлсэн ч болно. Над руу 15,000,000 төгрөг шүүхийн шийдвэрээр нь өгөнгүүт буцаагаад 1,500,000 төгрөгийг нь өгсөн ч болно. Би тэрийг хэзээ л бол хэзээ өгөхөд татгалзах зүйлгүй. Хэрвээ энэ хүн эр хүний ёсоор ах аа, та 1,500,000 төгрөгөө яг энэ хурлын дараа шилжүүлчих. Тэгээд би таны 15,000,000 төгрөгийг шилжүүлчихнэ гэвэл би хурал дуусангуут хийсэн ч болно. Би тэр төлбөрийг өгөхгүй гээгүй, өгье л гэж байгаа юм. Иймд 15,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. гэжээ.
Хариуцагч Б.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хөвсгөл аймгийн Б сумаас 2025 оны 9 дүгээр сарын 21-ний өглөө миний ачиж ирсэн 1 морийг буулгаад, үлдсэн нэг морин дээрээс нь нэмж 2 морь ачаад Завхан аймгийн Т сум оруулна гээд морины эзэн Т болон түүний дүү нь гэх мотоцикльтой Ч гэдэг залуу байсан. Ингээд Т нь өөрөө түрүүлж яваад миний араас дагаад мотоцикльтой Ч гэдэг залуу дүүгээ сундалдаад явж байсан. Морьдыг ачаад Хөвсгөл аймгийн Б сумын Б баг өнгөрөөд явж байтал машины тэвш гэнэт дуугарахаар нь би зогсох гэж байтал араас явж байсан Ч машинаа зогсоо гээд хашгирсан. Ингээд буухад машины тэвш гагнаасаараа салаад цагаан монгол бичгэн тамгатай, бор зүсмийн морь тэвшнээс буучихсан газарт зогсож байсан. Морь цулбуураа тасдаад зугтаад бид нар нилээн их тал талаас нь хөөцөлдөж байж морийг барьж аваад ачсан. Ингээд морьдыг тэр өдрийн орой нь Завхан аймгийн Т суманд хүргэж өгсөн. Морьдыг буулгах үед машинаас унасан гээд байгаа бор морь зүгээр л буугаад явж байсан. Гэтэл Т нь өөр бас танихгүй хүмүүстэй нийлчихсэн чи унагаасан морио төлнө гэсэн бичиг хийж өг гэж шаардаад, айлгаад байхаар нь би нэгэнт хүний газар очсон байгаа бас хэд хэдэн эрэгтэй хүмүүс нийлчихсэн дайраад байхаар нь би айгаад морийг нь төлж өгнө гэсэн бичиг хийж өгсөн. Миний хувьд Т гэж хүний нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...Надад морь ачуулсан хөлс болох 1,500,000 төгрөгөө ч Т өгөөгүй, түүгээр ч зогсохгүй морьдыг Хөвсгөл аймгийн Цсумаас Б сум руу, Б сумаас Завхан аймгийн Т сум руу тээвэрлэхэд миний машинд шатахуун ч хийж өгөөгүй. Би Т гэдэг хүнд зүгээр л тусалж байгаа юм шиг болоод өнгөрсөн. Гэтэл надад холбогдуулан үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн нөгөөтэйгүүр үхсэн гээд байгаа морь 15 сая төгрөгийн үнэтэй гэдгийг юугаар нотолж байгаа юм, хүн надаас авмаар байгаа мөнгөө зүгээр санаан зоргоор нэхэж болохгүй гэж бодож байна. Хурдан удмын адуу гэдгийг яаж нотолж байгааг нь би хэлж мэдэхгүй байна. Хаана уралдаж ямар баярт орсон гэдгийг нь би мэдэхгүй байгаа учир би 15,000,000 төгрөгийг зөвшөөрөхгүй байна. ...Намайг явсан хойно яаж үхсэнийг би мэдэхгүй. Би өөрөө байхгүй байсан. ...Тэгээд намайг тэр машиндаа суулгаж байхдаа чамайг явуулахгүй чи надад тийм юм бичиж өг гээд надаар 3 хуудас юм бичүүлж авсан. Би тэрнээс өөрөө ганц юм ч сэтгэж бичээгүй. Чи тэгж ингэж бич гээд надад бүх юмаа хэлж бичүүлсэн. Тэгээд би тэр хүний хэлснээр нь бичиж өгөөд гэр лүүгээ явсан. Гэртээ очоод маргааш өглөө нь адуу үхчихлээ гээд над руу чат бичсэн байсан. Ийм л юм болсон. Би 15,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй. гэжээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 320/ШШ2025/00393 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 384 дүгээр зүйлийн 384.1, 393 дугаар зүйлийн 393.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Н.Төөс 15,000,000 (арван таван сая) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Тд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,950 (хоёр зуун гучин хоёр мянга есөн зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Баас 232,950 (хоёр зуун гучин хоёр мянга есөн зуун тавь) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Тд олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч Б.Б давж заалдах гомдолдоо: ...Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн: ...мөн нэхэмжлэгчид учирсан хохирлыг шийдвэрлэхэд тухайн үхсэн бор зүсмийн үрээ морины хурдан удмынх мөн, үгүй эсэх нь нэхэмжлэгчид учирсан хохирлыг тогтооход тус иргэний маргааны хувьд харгалзан шийдвэрлэх шаардлагагүй, нэхэмжлэгч тухайн бор зүсмийн үрээг бусдаас 15,000,000 төгрөгөөр тооцож үнэлж худалдан авсан нь тогтоогдсон тул нэхэмжлэгчид учирсан хохирлыг 15,000,000 төгрөг гэж үзэх үндэслэлтэй гэсэн нь тодорхойгүй, ямар нотлох баримтаар тогтоогдоод байгаа нь ойлгомжгүй байна. Тухайлбал :
- Тухайн адуу нь хурдан удмын адуу гэдэг нь ямар ч нотлох баримтаар нотлогдоогүй
-Уг хурдан удмын гээд байгаа морь нь хэзээ ч ямар нэгэн баяр наадам, улсад, бүсэд уралдаж айрагдаж шагнал өргөмжлөл авч байгаагүй
-Мөн Тийн шүүхэд хэлж тайлбарлаж байгаагаар бас гэрчээр мэдүүлэг өгсөн Ч ч тухайн үхсэн үрээ нь хурдан удмынх нь түүний эцэг 100 хувийн цустай, хилээр орж ирсэн гэрчилгээтэй гэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримт энэ талаар байхгүй
-Морины үнэлгээ гэх зүйл хэрэгт байхгүй
-Хурдан удмын адуу мөн гэх шинжээчийн дүгнэлт байхгүй байхад шүүх хэрэгт байхгүй нотлох баримтыг үндэслэн надаас 15,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй, үндэслэлгүй шийдвэр гарлаа гэж би үзэж байна.
...Иймээс Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 320/ШШ2026/00393 дугаар бүхий шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгч Н.Т давж заалдах гомдолдоо: ...Шүүхийн энэхүү шийдвэрээр хариуцагч Б.Баас 15,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Т надад олгохоор шийдвэрлэж шүүгч шийдвэрээ уншиж танилцуулсан. Шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий шийдвэр болсон гэж би хүлээн зөвшөөрч байгаа.
Гэтэл шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хариуцагч Баас гэхийг хариуцагч Н.Төөс гэж техникийн шинжтэй алдаатай бичигдсэн байна.
Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 320/ШШ2026/00393 дугаартай шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хариуцагч, нэхэмжлэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй Н.Тийн нэхэмжлэлтэй, Б.Бад холбогдох иргэний хэргийг бүхэлд нь хяналаа.
1.Нэхэмжлэгч Н.Т нь хариуцагч Б.Бад холбогдуулан 15,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба тэрээр нэхэмжлэлийн үндэслэлээ ...2025 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хариуцагч Б.Бын эзэмшлийн 000УЕТ улсын дугаартай Киа Бонго маркийн тээврийн хэрэгсэлд бор үрээ, хүрэн халзан даага, буурал зүсний морь, нийт 3 тооны адууг Хөвсгөл аймгийн Б сумаас Завхан аймгийн Т сум руу ачуулсан. Адууг тээвэрлэх замд тээврийн хэрэгслийн тэвшийг өндөрлөсөн гагнаас салж бор үрээ машинаас унаж чирэгдсэн, ...Завхан аймгийн Т суманд тээвэрлэж очсон боловч 2025 оны 9 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө үүрээр үхсэн. ...Дээрх морьдыг Г.Ч гэх хүнээс худалдаж авсан ба бор үрээг 20,000,000 төгрөгөөр үнэлж байсныг нь би буулгаж 15,000,000 төгрөгөөр худалдаж авсан ба үнэнд нь 000УБГ улсын дугаартай Тоёота приус маркийн автомашиныг өгөхөөр бид харилцан тохиролцож хэлцэл хийсэн байсан. Иймд үхсэн бор үрээний үнэ 15,000,000 төгрөгийг гаргуулна... гэх байдлаар тодорхойлжээ.
2.Хариуцагч Б.Б нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...Намайг явсан хойно адуу яаж үхсэнийг би мэдэхгүй, хурдан удмын адуу гэдгийг яаж нотолж байгааг, юунаас болж адуу үхсэн нь тодорхойгүй. Надад адуу ачуулсны хөлсөнд Н.Т нь нэг ч төгрөг өгөөгүй ба бид 1,500,000 төгрөгт тохиролцож адууг нь ачсан. Адуу ачуулсны хөлсөндөө үхсэн адууны төлбөрийг суутгуулах учир нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй... гэж маргасан байна.
3.Анхан шатны шүүх нэхэмжлэлд дурдсан үйл баримт, оролцогч, гэрчүүдийн тайлбар, хэрэгт авагдсан баримт зэргээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д заасан тээвэрлэлтийн гэрээний харилцаа үүссэн байна. гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
4.Хэрэгт авагдсан гэрэл зураг, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулж мэдээл хариуцагчаас олгох лавлагаа тодорхойлолтын нэгдсэн маягтад хэвлэгдсэн Автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, гэрч Н.Ч, О.Ж нарын өгсөн мэдүүлэг, Н.Т, Г.Ч нарын хооронд хийсэн бичгийн хэлцэл, зохигчийн тайлбар зэргээс үзэхэд нэхэмжлэгч Н.Т нь Галбадрах овогтой Чаас бор зүсмийн үрээг 15,000,000 төгрөгөөр худалдан авсан, улмаар уг худалдан авсан адууг хариуцагч Б.Бын эзэмшлийн 000УЕТ улсын дугаартай Киа Бонго маркийн тээврийн хэрэгсэлд 2025 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Б сумаас Завхан аймгийн Т сум руу ачуулсан болох нь тогтоогдож байна.
5.Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д Тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан тул дээрх үйл баримт нь тээвэрлэлтийн гэрээний шинжийг хангасан гэж үзнэ.
6.Бор зүсмийн үрээг Г.Ч гэх иргэнээс 15,000,000 төгрөгөөр худалдаж авсан эсэх, уг үрээ тээвэрлэлтийн явцад авсан гэмтлээс болж үхсэн эсэх нь зохигчийн хооронд үүссэн маргааны зүйл болжээ.
7.Н.Т, Г.Ч нарын хооронд 2025 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Хурдан морь худалдан авах гэрээ нэртэй бичгийн хэлцэл хийсэн байх ба уг хэлцлээр ...худалдан авч байгаа шүдлэн бор үрээ нь Гал халиун нэртэй цэвэр азарганы төл бөгөөд 50 хувь цустай, хэмжээнд орхоор адууг 15,000,000 /арван таван сая/ төгөргөөр үнэлээд төлбөрт нь Н.Тийн эзэмшлийн 000УБГ улсын дугаарт prius-30 автомашиныг өгнө... гэж харилцан тохиролцсон байна /хх-н 32-р тал/
Мөн хариуцагч Б.Бын шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн ...машины тэвшний өндөрлөгөө гагнаасаараа салахад бор үрээ унасан. ...толгой нь дух хэсэгтээ арьс нь язарсан байсан, ...Намайг буулгасан даруй хальт хэвтээд босоод байсан... гэх тайлбар,
Гэрч Н.Чын ...машины тэвшний дээд өндөрлөгөө хугарсан. Тухайн үед бор үрээ духаараа унасан боловч машин зогсолгүй явсаар байсан. ...Би дүүгээ бор үрээг харж бай гэж хэлээд буулгачхаад машины араас очиж зогсоосон. ...Бор үрээний дух цөмөрсөн цус их гоожсон. Ташаа нь бяцарсан байсан. Машинаас цагаан даавуу авч духан дээр нь дарсан. Мөн өөрийнхөө бүсээр ороосон... гэх мэдүүлэг,
Гэрч О.Жгийн ...Тээврийн хэрэгсэл явж байх үед бор үрээ машинаас унасан. ...Толгой нь хагарчихсан байсан, цус их гоожиж байсан. Доголоод байсан... гэх мэдүүлэг,
Хариуцагч Б.Бын эзэмшлийн Iphone 12 маркийн гар утасны галерэй цэсэд байрлах 23 секунтийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргийг харьцуулан үзэхэд бор зүсмийн үрээ нь тээвэрлэлтийн явцад авсан гэмтлээс болж үхсэн болох нь тогтоогдож байна.
8.Хэдийгээр талууд худалдан авсан адууг хариуцагч Б.Бын эзэмшлийн 000УЕТ улсын дугаартай Киа Бонго маркийн тээврийн хэрэгсэлд ачуулах үед Иргэний хуулийн 386 дугаар зүйлийн 386.1-д заасныг баримтлан Ачаа тээвэрлэлтийн гэрээ бичгээр байгуулаагүй, мөн хуулийн 388 дугаар зүйлийн 388.1-д заасан тээвэрлэгч ачааг хүлээн авахтай холбоотой үүргээ тодорхойлоогүй боловч зохигчдийн хооронд тээвэрлэлтийн гэрээний харилцаа үүссэн болох тогтоогдож байх тул хариуцагч Б.Б нь ачаа буюу адууг хүлээн авснаас хойш хүлээлгэн өгөх хүртэлх хугацаанд үүссэн хохирлыг Иргэний хуулийн 393 дугаар зүйлийн 393.1-д зааснаар хариуцах үүрэг үүснэ.
9.Иймд энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй ба дүгнэлтийг буруутгах үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.
10.Харин шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ ...хариуцагч Б.Баас 15,000,000 (арван таван сая) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Тд олгохоор шийдвэрлэх нь зүйтэй... гэж дүгнэсэн атлаа шийдвэрийн тогтоох хэсэгт ...хариуцагч Н.Төөс 15,000,000 (арван таван сая) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Тд олгож... гэж техникийн шинжтэй алдаа гаргасан байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, дээрх алдааг зөвтгөж, шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хариуцагч Б.Бын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, нэхэмжлэгч Н.Тийн давж заалдах гомдлыг хангаж, Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 320/ШШ2025/00393 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...Н.Төөс... гэснийг ...Б.Баас... гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Хариуцагч Б.Бын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,950 /хоёр зуун гучин хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Н.Тийн давж заалдах гомдол гаргахад төлсөн 240,000 /хоёр зуун дөчин мянга/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.СОСОРБАРАМ
ШҮҮГЧИД Н.БАЯРХҮҮ
Л.ЭРДЭНЭБАТ