| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2019/0282/Э |
| Дугаар | 290 |
| Огноо | 2019-04-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Жаргалсайхан |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 290
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Т.Жаргалсайхан, шүүгдэгч Д.Д-, нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ц овогт Д-ийн Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 1810024560264 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1966 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “.........” ХХК-ийн ерөнхий захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, ..... хотхоны ....... тоотод оршин суух хаягтай, 2018 онд Байгаль орчны гавьяат цол тэмдгээр шагнуулж байсан, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Ц овогт Д-ийн Д.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Д нь 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, .......... хотхоны .......... тоотод гэртээ хамтран амьдрагч Д.С-тай “ор угсарсангүй” гэх шалтгаанаар маргалдаж улмаар нүүр болон биенд нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч Д.Д-: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг гаргахгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч ойлгож байна...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Хохирогч Д.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Манай нөхөр Д 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гэртээ байж байгаад гэнэт задалчихсан байсан орыг угсарсангүй гээд над руу уурлахаар нь би чадахгүй байна, чадах бол угсарчих байсан гэж хэлэхэд чи миний эд хөрөнгийг новш болгож тараалаа гээд миний шанаа руу гараараа цохисон. Би биеэ хамгаалахаар өөдөөс нь сарваганахад миний толгой, нүүр рүү гараараа цохиж, хөл рүү өшиглөсөн...” /хх-ийн 14-15, 16-17/ гэсэн,
Насанд хүрээгүй гэрч С.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, .......... хотхоны .......... тоотод гэртээ байхад аав Д ээж С хоёр маргалдаад байсан...” /хх-ийн 26-27/ гэсэн,
Шүүгдэгч Д.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр манай гэрт задлаад тавьчихсан байсан хоёр хүний орыг угсраагүй байхаар нь би энэ орыг янзалчихгүй гэхэд битгий солиор, чи өөрөө янзлахгүй яасан юм гээд хэрүүл эхэлсэн. ...С мэс засал хийлгэсэн хөл рүү хүчтэй тийрэхээр нь би С-г багалзуурдаж аваад түлхсэн. Тэгээд түүний хөл рүү өшиглөж, нүүрэнд нь гар хүрсэн...” /хх-ийн 39/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №12399 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Д.С-гийн биед духны зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, доод уруулын дотор салстад язарсан шарх, цус хуралт, эрүүний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун сарвууны 1-р хурууны зөөлөн эдийн няцрал, зүүн гуя, зүүн өвдөг, зүүн шилбэнд цус хуралт, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-ийн 28/ гэсэн дүгнэлт,
- Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-12/,
- Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 51/,
- Шүүгдэгчийн Д.Д-гийн хувийн байдалтай холбоотой гэрч Л.Нацагдорж, Ш.Арсланбат нарын мэдүүлгүүд /хх-ийн 53-56/,
- Шүүгдэгч Д.Д-гийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 40-49/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, насанд хүрээгүй гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, О.Д-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч Д.Д 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, .......... хотхоны .......... тоотод гэртээ хамтран амьдрагч Д.С-тай “ор угсарсангүй” гэх шалтгаанаар маргалдаж улмаар нүүр болон биенд нь цохиж эрүүл мэндэд нь биед духны зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, доод уруулын дотор салстад язарсан шарх, цус хуралт, эрүүний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун сарвууны 1-р хурууны зөөлөн эдийн няцрал, зүүн гуя, зүүн өвдөг, зүүн шилбэнд цус хуралт, зүүн шилбэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Д.С-гийн “...Манай нөхөр Д 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гэртээ байж байгаад гэнэт задалчихсан байсан орыг угсарсангүй гээд над руу уурлахаар нь би чадахгүй байна, чадах бол угсарчих байсан гэж хэлэхэд чи миний эд хөрөнгийг новш болгож тараалаа гээд миний шанаа руу гараараа цохисон. Би биеэ хамгаалахаар өөдөөс нь сарваганахад миний толгой нүүр рүү гараараа цохиж, хөл рүү өшиглөсөн...” /хх-ийн 14-15, 16-17/ гэсэн, насанд хүрээгүй гэрч С.Б-гийн “...2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ...гэртээ байхад аав Д ээж С хоёр маргалдаад байсан...” /хх-ийн 26-27/ гэсэн, шүүгдэгч Д.Д-гийн “...2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр манай гэрт задлаад тавьчихсан байсан хоёр хүний орыг угсраагүй байхаар нь би энэ орыг янзалчихгүй гэхэд битгий солиор чи өөрөө янзлахгй яасан юм гээд хэрүүл эхэлсэн. ...С мэс засал хийлгэсэн хөл рүү хүчтэй тийрэхээр нь би С-г багалзуурдаж аваад түлхсэн. Тэгээд түүний хөл рүү өшиглөж, нүүрэнд нь гар хүрсэн...” /хх-ийн 39/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны №12399 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Д.С-гийн биед духны зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, доод уруулын дотор салстад язарсан шарх, цус хуралт, эрүүний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун сарвууны 1-р хурууны зөөлөн эдийн няцрал, зүүн гуя, зүүн өвдөг, зүүн шилбэнд цус хуралт, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 28/ гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-12/, аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 51/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Д.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Гэмт хэргийн улмаас хохирогч Д.С-гийн эрүүл мэндэд биед духны зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, доод уруулын дотор салстад язарсан шарх, цус хуралт, эрүүний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун сарвууны 1-р хурууны зөөлөн эдийн няцрал, зүүн гуя, зүүн өвдөг, зүүн шилбэнд цус хуралт, зүүн шилбэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч нар нь сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, хохирогч гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.
Шүүгдэгч Д.Д нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч Д.Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд торгуулийн ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн 1810024560264 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Д.С гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц овогт Д-ийн Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д-гийн Д-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Д.Д-д оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Д-д оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн 18100024560264 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Д.С гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР