| Шүүх | Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригоогийн Нандинцэцэг |
| Хэргийн индекс | 311/2025/00663/И |
| Дугаар | 205/МА2026/00010 |
| Огноо | 2026-04-03 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, Цалин хөлсний маргаан, |
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 205/МА2026/00010
Ч.Н-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Ариунбаяр даргалж, Ерөнхий шүүгч Б.Намхайдорж, шүүгч З.Нандинцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийж,
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ......... оны 01 дүгээр сарын ......-ны өдрийн ........ дугаар шийдвэртэй,
........ нэхэмжлэлтэй ......... холбогдох Завхан аймгийн .......... ........ оны 09 дүгээр сарын .......-ны өдрийн ........ дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, уг цалингаас нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих санд нөхөн төлүүлэх, 4 хоног эмчилгээ хийлгэсэн өдрүүдийн цалин болох 173,456 төгрөг, шагналын мөнгө болох 175,500 төгрөг, нийт 348,956 төгрөг гаргуулах, 2025 оны хагас жилийн урамшууллыг зохих журмаар тооцож олгохыг даалгуулах тухай иргэний хэргийг 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Нандинцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ......., хариуцагч байгууллагын төлөөлөгч ......, түүний өмгөөлөгч ...../цахимаар/ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
Нэхэмжлэгч ....... нь Завхан аймгийн ....... холбогдуулан Завхан аймгийн ............ оны 09 дүгээр сарын ........-ны өдрийн ......... дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, уг цалингаас нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих санд нөхөн төлүүлэх, 4 хоног эмчилгээ хийлгэсэн өдрүүдийн цалин болох 173,456 төгрөг, шагналын мөнгө болох 175,500 төгрөг, нийт 348,956 төгрөг гаргуулах, 2025 оны хагас жилийн урамшууллыг зохих журмаар тооцож олгохыг даалгуулахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэлийн үндэслэл: Миний бие Завхан аймгийн ......... оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн ........ тоот тушаалаар тус хэлтсийн үйлчлэгчээр томилогдож ....... оны 09 дүгээр сар хүртэл үр бүтээлтэй, тогтвортой сайн ажиллаж байсан. Энэ хугацаанд ямар нэгэн алдаа дутагдал зөрчил гаргалгүй сахилгын зөрчилд холбогдолгүй ажилласан. Гэтэл Завхан аймгийн ................ оны 09 дүгээр сарын ..........-ны өдрийн .......... дугаартай тушаалаар үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн. Уг тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Завхан аймгийн ....... сумын .................. хандсан боловч тус хорооноос эвлэрэх боломжгүй болж энэ талаарх тэмдэглэлийг 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдөр надад гардуулсан. Иймд Завхан аймгийн ........ оны 09 дүгээр сарын ...........-ны өдрийн ......... дугаартай тушаалыг хүчингүй болгож, урд эрхэлж байсан үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг хэргийг шүүхээр шийдвэрлэгдэх хүртэл хугацаагаар тооцож гаргуулж надад олгох, түүнд ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих санд нөхөн төлүүлэхийг даалгаж өгнө үү.
мөн 2025 оны 04 дүгээр сард ......... ажлын бус цагаар намайг өрөөндөө дуудсаны дагуу даргын өрөөнд ороход намайг элдвээр доромжилж дарамталсны улмаас миний бие муудаж эмнэлгийн анхан шатны тусламж авч 4 хоног эмчлүүлсэн энэ хугацаанд цалинг хасаж тооцсон байсан тул уг 4 өдрийн цалин болох 173,456 төгрөг, 2024 онд манай байгууллага системийн шилдэг байгууллагаар шалгарч мөнгөн шагнал авч байсан энэ нь манай байгууллагын бүх хүмүүсийн хичээл зүтгэл орсон бөгөөд үүнд миний оруулсан хувь нэмэр ч байгаа гэж үзэж байна. Удирдлагын зүгээс уг шагналын мөнгийг нийт ажилчдадаа хувааж хүн тус бүрд 175,500 төгрөг өгсөн байсан бөгөөд надад үндэслэлгүйгээр олгоогүй учир шагналын мөнгө болох 175,500 төгрөг, нийт 384,956 төгрөгийг гаргуулах,
мөн 2025 оны хагас жилээр хангалтгүй үнэлэгдсэн гэж миний урамшууллыг хассан байсан. Үнэлгээнд зурагдсан гарын үсэг минийх биш байсан бас үнэлгээг илт шударга бус үнэлсэн байсан тул уг үнэлгээг хүчингүй болгож, хагас жилийн урамшууллын мөнгийг зохих журмаар тооцож олгохыг даалгуулахаар шаардлагаа нэмэгдүүлж гаргасан гэжээ.
2. Хариуцагч талын хариу татгалзал, тайлбарын агуулга: Завхан аймгийн ......... нь 2023 онд Завхан аймгийн ......... томилогдон ажилласан бөгөөд үйлчлэгч хийх хугацаандаа .....-ны цэвэрлэгээ үйлчилгээ хангалтгүй хийдэг, ажлын цагийг баримталдаггүй, ажлын цаг ашиглалт хангалтгүй, ...алдаагаа засаж ажлаа сайжруулах байх гэж олон удаа итгэл үзүүлсэн. Хариуцсан ажлаа сайжруулах талаар удаа дараа Захиргаа хуулийн тасгийн дарга, удирдлага үүрэг өгдөг боловч ажил сайжирдаггүй, үүрэг өгсөн удирдлагын шийдвэрийг эсэргүүцдэг, байнга тайлбар тавьдаг, олон удаа ажил сайжруулах үүрэг өгдөг боловч өөрийн бурууг хүлээн зөвшөөрдөггүй. Албан өрөө тасалгаа коридорт хийх цэвэрлэгээ үйлчилгээ хангалтгүй. Мөн албан хаагчдаас цэвэрлэгээг дутуу хагас хийдэг, тогтмол цэвэрлэдэггүй, хэлэхээр хүлээж авахгүй, ширээ сандлаа өөрсдөө цэвэрлэж байгаа талаар, нарийн цэвэрлэгээ үйлчилгээ тоос шороог тогтмол цэвэрлэхгүй байгаа талаар удирдлагад үргэлж мэдэгддэг байсан. Тухайн онд коридорын хана, хаалга, цонхыг энэ онд огт цэвэрлээгүй, өрөө тасалгааг цэвэрлэхдээ дутуу цэвэрлэдэг, ариун цэврийн өрөөг тогтмол цэвэрлэдэггүй, суултуур гоожуур бохир байдаг, конторын гадна талыг тогтмол цэвэрлэдэггүй шувуу үхээд олон хонож байсныг цэвэрлээгүй, зарим өрөө тасалгааг өдөр бүр чийгтэй цэвэрлэгээ хийдэггүй 7-10 хоногт цэвэрлэдэг ажлын гүйцэтгэл хангалтгүй байгаа, хариуцсан ажилдаа хариуцлагатай хандах талаар сануулахад миний ажлыг үгүйсгэж байна. Би ажлаа сайн хийдэг, тасгийн даргын албан шаардлагыг биелүүлдэггүй. Миний бие хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн эрхийн дагуу гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхийг ажилтнаас шаардаж, гүйцэтгэлийг сайжруулахаар бодит байдлыг танилцуулж, үүрэг даалгавар тухай бүр нь өгч ажилладаг. Үүрэг даалгавар өгсөн хугацаанд ажил сайжраагүй бөгөөд 2025 эхний хагас жилийн үнэлгээгээр цаг ашиглалт, харилцаа хандлага, ажлын гүйцэтгэлээр хангалтгүй үнэлэгдсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 78, 80 дугаар зүйлд заасны дагуу 2025 оны 06 дугаар сарын 25-ний өдөр "Ажлаас чөлөөлөх тухай" мэдэгдлийг ажилтанд хүргүүлж, 09 дүгээр сарын 08-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлсөн. Гэтэл хөдөлмөрийн харилцааны хугацаанд удирдах албан тушаалтны чиг үүргээ хэрэгжүүлэх эрхийн хүрээнд тавьсан хууль ёсны шаардлагыг хүлээн авч, ажлын гүйцэтгэлийг сайжруулах, хүчин чармайлт гаргах биш эсрэгээрээ хамт олны групп дээр зохисгүй зүйл бичиж, хамт олны уур амьсгалыг эвдэх, хувь хүний болоод гэр бүлийн талаар ил далдуур муулах, хов ярих зэргээр сэтгэл зүйн дарамт үзүүлэх, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчих, хувь хүний орон зайд бүдүүлгээр халдах зэргээр ажлаас чөлөөлөхтэй холбоотой хувийн гомдол, өс хонзонгийн сэдлээр хандаж байгаа бодит нөхцөл байдал үргэлжилж байгааг энд дурдах нь зүйтэй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч .......... түүний урьд эрхэлж байсан ажил болох Завхан аймгийн ..... газрын үйлчлэгчийн үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, түүний нэхэмжлэлээс ажил олгогчийн хууль бус ёс зүйгүй үйлдлийн улмаас 4 хоног эмчилгээ хийлгэсэн өдрүүдийн цалин болох 173,456 төгрөг, шагналын мөнгө болох 175,500 төгрөг, нийт 348,956 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Завхан аймгийн .......... нэхэмжлэгч .......... ажилгүй байсан хугацааны буюу 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговорт 6,594,520 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч .......... олгож, Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд даатгуулж, дэвтрүүдэд зохих бичилтүүдийг хийхийг хариуцагч байгууллагад даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч ............. нь 2025 оны хагас жилийн урамшууллыг зохих журмаар тооцож олгохыг даалгуулах тухай шаардлагаасаа татгалзсан болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч байгууллагаас ажилд эгүүлэн тогтоосон шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргаж улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.
4. Хариуцагч байгууллагын төлөөлөгч ......... давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Завхан аймаг ........шатны шүүхийн ........ оны 01 дүгээр сарын ........-ны өдрийн ....... дугаартай шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч ...энэхүү гомдлыг гаргаж байна. Гомдлын үндэслэл:
Нэг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчлийн тухайд: Анхан шатны шүүх ... Хариуцагчаас ...гаргаж өгсөн ... 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Завхан аймгийн ..... нийт ажилчдын хурлын тэмдэглэл, ........ 2023, 2024 оны ажлын гүйцэтгэлийн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй" гэж дүгнэсэн эрх зүйн дүгнэлт байна. Хавтаст хэрэгт байгаа баримтуудаас харвал .......... 2023, 2024 ажлын гүйцэтгэлийн тайланг 2025 оны 11 сарын 10-ны өдөр Завхан аймгийн ......... "хуулбар үнэн зөв"-ийг гэрчилсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэг,... энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт ... заасан. ... нотлох баримтын шаардлага хангасан баримтыг тодорхой үндэслэлгүйгээр "шаардлага хангаагүй" гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэг "Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ" гэж заасантай нийцэхгүй байна.
Хоёр. Анхан шатны шүүх хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд: Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "Өөрөөр хэлбэл ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болсон нь тогтоогдсон бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохоор заасан байна. Гэтэл ......... ажилдаа тэнцэхгүй болсныг тогтоосон /эрх бүхий албан тушаалтны болон байгууллагын хурал цуглаанаас гарсан шийдвэр/ ямар нэг шийдвэр алга байна. Түүнчлэн ажилтанд ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй байгааг урьдчилан анхааруулж, ур чадвар, ажлын гүйцэтгэлийг нь сайжруулах талаар байгууллагаас боломжит хугацаа олгоогүй ба хариуцагч энэ талаар өмнө удаа дараа сануулж, мэдэгдэж, боломжит хугацаа олгосон гэх боловч энэ байдлаа нотлох баримтаар нотлоогүй, хавтаст хэрэгт энэ талаарх нотлох баримт авагдаагүй байгааг дурдах нь зүйтэй" гэсэн эрх зүйн дүгнэлт байна. Шүүх хуралдааны тэмдэглэл болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд хэлсэн тайлбараас харвал, хариуцагч талаас нэхэмжлэгчид ажлын гүйцэтгэлийн хувьд ажил үүрэгтээ тэнцэхгүй байгаа талаар сануулж мэдэгдэж байсан нь тогтоогдож байна. Нэхэмжлэгч энэ талаар маргадаггүй. Нэхэмжлэгчийн 2025 оны эхний хагас жилийн ажлын тайлан 54.4 хувь буюу муу үнэлэгдсэн талаар нэхэмжлэгч маргахгүй байгааг анхан шатны шүүх анхаарч үзээгүй байна. 2021.07.02-ны өдөр батлагдаж, 2022.01.01-ний өдрөөс эхлэн даган мөрдөж байгаа Хөдөлмөрийн тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ 80 дугаар зүйлийн 80.1.2-т зааснаар ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон бол ажил олгогч санаачилгаараа ажилтантай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж болохоор зохицуулжээ Хөдөлмөрийн тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ 80 дугаар зүйлийн 80.1.2-т заасан дээрх зохицуулалт нь өмнө нь үйлчилж байсан Хөдөлмөрийн тухай хуулийн ижил асуудлыг зохицуулсан хэм хэмжээнээс ялгаатай ба "эрүүл мэндийн хувьд" гэдгийг нь хасч, харин өмнө нь байсан "мэргэжил, ур чадвар"-аас гадна шинээр "мэргэжил, мэргэшлийн түвшин, ажлын гүйцэтгэлийн хувьд" гэсэн ойлголтууд нэмэгджээ. Тиймээс уг заалтын дагуу ажлаас халж болох нөхцөлүүд нь 1. Мэргэжил, 2. Мэргэшлийн түвшин, 3. Ур чадвар, 4. Ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй байхын аль нэг нь л хангагдвал ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй. Энэхүү маргааны хувьд хариуцагч нэхэмжлэгчийг ажлын гүйцэтгэлийн хувьд ажил үүрэгтээ тэнцэхгүй байна гэж үзэж ажлаас халсан. Энэ талаар нотолж буй баримт нь дээр дурдсан 2025 оны эхний хагас жилийн ажлын тайлан, хэргийн оролцогч нарын шүүх хуралдаанд хэлсэн тайлбар зэргээс тодорхой харагдаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт “Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно. "гэж заасны дагуу нэхэмжлэгч ажлын гүйцэтгэлийн хувьд ажил үүрэгтэй тэнцээгүй, энэ талаар хариуцагч урьдчилан сануулж байсан талаар маргаагүй тул хариуцагчийн хариу тайлбарын татгалзал хууль зүйн үндэслэлтэй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт "Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэж заасантай нийцээгүй, Завхан аймаг.....анхан шатны шүүхийн ...... оны 01 дүгээр сарын ........-ны өдрийн ......... дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Хариуцагч байгууллагын төлөөлөгч .......... давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ........... нь 2024 оны жилийн эцсийн болон 2025 оны хагас жилийн гүйцэтгэлийн үнэлгээгээр 61.2, 54.4 буюу албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн. Мөн ажлын цаг ашиглалт хангалтгүй, удирдлагаас өгсөн хууль ёсны үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлээгүйн улмаас албан тушаалаас нь чөлөөлсөн. ...Албан тушаалын зорилго нь байгууллагын цэвэрлэгээ, үйлчилгээг чанартай, стандартын шаардлагад нийцүүлэн хийх, албан хаагчдад ажиллах тав тухай орчинг бүрдүүлэх чиг үүргийг тасгийн даргын өмнө хариуцна гэсэн байдаг. Албан тушаалын зорилт нь байгууллагын гадна талын орчны болон албан хаагчдыг ажлын байрны цэвэрлэгээ үйлчилгээг хариуцах, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх зорилттой байгаа. Энэ албан тушаалын 2 зорилтын хүрээнд гүйцэтгэх 10 чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллана. Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт нь цэвэрлэгээ, үйлчилгээ тогтмол хийгдсэн байх гэсэн шалгуур үзүүлэлттэй. Албан тушаалд тавигдах тусгай шаардлага нь багаар ажиллах, үнэнч шударга, шаргуу, хичээнгүй, эрүүл ахуйн шаардлагыг баримталдаг, ажлын хариуцлага хүлээх чадвартай байх, бусадтай харилцан итгэл төрүүлэхүйц ажил хэрэгч нээлттэй харилцааг бий болгох, бусдын санаа бодлыг анхааралтай сонсож санал санаачилгыг дэмждэг байх, аливаа асуудлыг хамтын ажиллагаанд тулгуурлан шийдвэрлэдэг байх, харилцааны соёлтой, хурдан шаламгай хөдөлгөөнтэй байх гэж заасан байдаг. Албан тушаалыг шууд харьяалан удирдах албан тушаалтан нь Захиргаа хуулийн тасгийн дарга бөгөөд захиргаа хуулийн тасгийн дарга хагас, бүтэн жилээр үйлчлэгчийн ажлын гүйцэтгэлийг “хангалтгүй” гэж үнэлсэн. Бодит байдал дээр цэвэрлэгээ үйлчилгээ хангалтгүй, 00-ын өрөө бохир, цонх хаалга, хана, ширээ, сандал тоос шороотой, огт цэвэрлэдэггүй, байгууллагын гадна талд шувууны сангас дүүрсэн, албан хаагчдаас цэвэрлэгээтэй холбоотой гомдол их ирдэг. ...Тасгийн дарга, удирдлагын зүгээс тухай бүр нь цэвэрлэх үүрэг даалгавар өгдөг боловч, хайнга хандаж хэрэгжүүлдэггүй. Даргын зүгээс цэвэрлэгээ хангалтгүй ажлаа сайжруул гэх шаардлага тавихад ...шаардлага биелүүлдэггүй. Дээрх алдаа байнга давтагддаг, ажилдаа хайнга хандаж үүрэг даалгавраа ухамсарладаггүй. ...Энэ бүхнийг нотлох баримтаар гаргаж өгсөн байхад өмгөөлөгч болон шүүгч сануулж хэлээгүй байна гэж үзсэн. Хамт олны хурлын протокол болон тэмдэглэл нотлох баримтаар байгаа. Анхан шатны хурлын үеэр хангалтгүй ажлаа гүйцэтгэсэн үйлчлэгчийг ямар нэгэн сургалт дамжаанд хамруулсан уу гэж асууж байсан. Тухайн албан тушаал мэргэжил, мэргэшил шаарддаггүй учраас үйлчлэгчийг сургадаг сургалт гэж би сонсоогүй. Харин цэвэрлэгээ хангалтгүй байсан учир ................... гэх мэт газруудаар очиж хараад ажлаа сайжруул гэж хэлж байсан. Тухайн хүн өөрөө өөртөө дүгнэлт хийж ажлаа сайжруулах үүрэгтэй. Сар бүр тасгийн дарга ажлыг нь үнэлж ур чадварын нэмэгдэл олгодог. Энэ ажил дүгнэсэн үзүүлэлтийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч нотлох баримт гэж үзэхгүй гээд байх юм. Сарын ур чадварын нэмэгдэл газрын даргын тушаалаар баталгааждаг тул дүгнэх эрх нь удирдлагад байгаа. ...Гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн, ажлын цаг ашиглалт хангалтгүй, удирдлагаас өгсөн хууль ёсны үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлээгүй тул Хөдөлмөрийн тухай хууль, ...-ын даргын тушаалаар баталсан "..... хүний нөөц бүрдүүлэлтийн журам", Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээний заалтуудыг тус тус үндэслэн Завхан аймгийн ................. ажлаас чөлөөлж, гэрээг дуусгавар болгосон. Удаа дараа хангалтгүй үнэлэгдсэн, ажлын цаг ашиглалт хангалтгүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлдэггүй албан хаагчид эрх хэмжээнийхээ хүрээнд Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.2, ...... хүний нөөц бүрдүүлэлтийн журам 5.1, 5.4, Хөдөлмөрийн дотоод журам 6.3, Хөдөлмөрийн гэрээний заалтыг үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Тухайн албан хаагч нь албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, ажлын цаг ашиглалт хангалтгүй ажил тасалсан, удирдлагуудаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй нь хууль зүйн үндэслэлтэй хангалттай нотлогдож байна гэж үзэж байна. Төрийн захиргааны удирдах албан тушаалтны хувьд би Монгол улсын хууль, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй дотоод журам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ...-ын даргын гаргасан журмыг баримтлан ажилласан. Төрийн албаны үйл ажиллагаа тогтвортой байж төрийн үйлчилгээ ард иргэдэд шуурхай хүрэх ёстой. Иймд үнэн зөв шийдвэрлэж анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэв.
6. Хариуцагч байгууллагын төлөөлөгчийн өмгөөлөгч ........... давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...1 дүгээрт, Нэхэмжлэгчийн ажил үүргийн гүйцэтгэлийн тайланг 2023 онд 78, 2024 онд 61.2, 2025 оны эхний хагаст 54.4 гэж муу үнэлэгдсэн байдаг. Нэхэмжлэгч 2025 оны эхний хагас жилийн үнэлгээний тайлантай маргадаггүй. Харин гарын үсэг нь миний гарын үсэг мөн, биш гэдэг дээр маргадаг гэдгийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээсэй гэж хүсэх байна. 2 дугаарт, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т зааснаар ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болсон нь тогтоогдсон бол ажил олгогч санаачилгаараа ажилтантай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж болохоор хуульчилж өгсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.2-ийн энэ зохицуулалт өмнө нь үйлчилж байсан Хөдөлмөрийн тухай хуулиас эрүүл мэндийн хувьд гэдгийг хасаж, харин мэргэжил ур чадвараас гадна шинээр мэргэшлийн түвшин, ажлын гүйцэтгэлийн хувьд гэдэг ойлголтыг нэмсэн байгаа. Энэ маргаан ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй байгаа нь хавтаст хэрэгт цугларсан баримтаар нотлогдсон гэж үзэж байна. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42.4-т зааснаар нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй эсвэл хуулиар зохицуулсан хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцох ёстой гэсэн хуулийн зохицуулалт байгаа. Иймд давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.
7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ........ давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...хариуцагч байгууллагын төлөөлөгчийн давж заалдсан гомдолтой танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: 1. Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу хуульд нийцсэн байдлаар дүгнэж шийдвэрийн үндэслэл болгосон бөгөөд хариуцагч байгууллагын төлөөлөгчийн нотлох баримтын талаар гаргасан дүгнэлт нь үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурласан хуульд нийцсэн болсон. 2. Энэ үндэслэлд нэхэмжлэгчийг ажилдаа тэнцэхгүй гэдэг агуулгыг тусгасан бөгөөд мэргэжил ур чадварын хувьд ажилдаа тэнцэхгүй болсныг дан ганц хариуцагч байгууллагын удирдлага тогтоохгүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн мэргэжил ур чадварын хувьд ажилдаа тэнцэхгүй болсныг хөндлөнгийн эрх бүхий байгууллага тогтоосон байхыг эсвэл тухайн байгууллагын ямар нэг нэгжээс үндэслэл бүхий шийдвэр гарсан байхыг ойлгох бөгөөд нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө ийм дүгнэлт шийдвэргүйгээр өөрөө дүгнэж шийдвэрлэж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэхгүй юм. Иймд анхан шатны шүүхийн ...... оны 01 дүгээр сарын .......-ны өдрийн ............дугаартай шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байх тул хариуцагч байгууллагын төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллагын төлөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, ........ нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч ......... нь хариуцагч Завхан аймгийн ......... холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан тухай гомдлыг шүүхэд гаргаж шаардлагаа “Завхан аймгийн ................ ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, уг цалингаас нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих санд нөхөн төлүүлэх, 4 хоног эмчилгээ хийлгэсэн өдрүүдийн цалин болох 173,456 төгрөг, шагналын мөнгө болох 175,500 төгрөг, нийт 348,956 төгрөг гаргуулах, 2025 оны хагас жилийн урамшууллыг зохих журмаар тооцож олгохыг даалгуулах” гэж тодорхойлжээ.
3. Хариуцагчийн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч .......... нь цэвэрлэгээ үйлчилгээг хангалтгүй хийдэг, ажлын цаг баримталдаггүй, ажлаа сайжруулах талаар удаа дараа үүрэг өгдөг боловч ажил нь сайжирдаггүй, ажлын гүйцэтгэл муу байсан учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн“ гэж маргажээ.
4. Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд ........... ажилдаа тэнцэхгүй болсныг нотолсон ямар нэгэн шийдвэр байхгүй байна. Түүнчлэн ажилтан ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болсныг урьдчилан анхааруулж, ур чадвар гүйцэтгэлийг нь сайжруулах талаар байгууллагаас боломжит хугацаа олгоогүй, хариуцагч энэ талаар өмнө удаа дараа сануулж, мэдэгдэж боломжит хугацаа олгосон гэх боловч энэ байдлаа нотлох баримтаар нотлоогүй, хэрэгт энэ талаар нотлох баримт байхгүй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.
5. Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах гомдлын үндэслэлээ шүүх нотлох баримт үнэлэх талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, шүүх Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэжээ.
6. Хэрэгт авагдсан баримтуудаар Завхан аймгийн ................. нь өөрийн гүйцэтгэж байгаа үйлчлэгчийн ажлын гүйцэтгэл, ур чадварын хувьд ажилдаа тэнцэхгүй байгаа нөхцөл байдал тогтоогдсон байна гэж үзэхээр байна.
Тэрээр 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн Завхан аймгийн ............ томилогдон ажилласан бөгөөд ажил олгогчийн зүгээс ажилтны 2023 оны жилийн эцсийн ажлын гүйцэтгэлийн тайланг 78 хувиар, 2024 оны ажлын гүйцэтгэлийн тайланг 61.2 хувиар, 2025 оны эхний хагас жилийн ажлын гүйцэтгэлийн тайланг 54,4 хувиар үнэлсэн байна.
Түүний ажлын гүйцэтгэл жилээс жилд буурсан, тэрээр өөрийн хариуцсан ажилдаа хайнга, хариуцлагагүй хандаж, ажил олгогчоос өгсөн удаа дараагийн шаардлага, үүрэг даалгаврыг биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн нийт ажилчдын хуралдааны “…Байгууллагын цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулж өдөр бүр чийгтэй цэвэрлэгээ хийж ажиллахаар шийдвэрлэв” гэсэн тэмдэглэлээр, хэргийн 71 дэх хуудсанд авагдсан “2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн даргын өрөөнд: ............... нарыг …Цэвэрлэгээ үйлчилгээ хангалтгүй байгаа учраас ажил сайжруулах талаар үүрэг даалгавар өгөхөөр тасгийн даргын хамт дуудсан…” гэсэн тэмдэглэлээр тус тус тогтоогдож байна.
7. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т “ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин ур чадвар ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон” тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахаар заажээ.
Үйлчлэгчийн ажлын байранд боловсролын болон мэргэжлийн талаар ямар нэгэн шалгуур тавигддаггүй онцлогтой ба ажлын гүйцэтгэлийн үр дүнгээр ажилтны ур чадвар, ажил үүрэгтээ тэнцэх эсэхийг тодорхойлж, түүнийг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэрийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл, ажил олгогч бүрэн эрхийнхээ хүрээнд .............. ажлын гүйцэтгэлийг дүгнэж, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болсон гэж үзсэн ба ажлаас чөлөөлөх болсон тухайгаа түүнд хуульд заасан журмын дагуу ........ оны 06 дугаар сарын 25-ны өдөр мэдэгдэж, түүнийг ........... оны 09 дүгээр сарын ..........-ны өдөр ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2, 80.4 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.
8. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг тал бүрээс нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Тухайлбал, шүүх ажилтны ажлын гүйцэтгэл нь 2024, 2025 оны хагас жилээр буурч хангалтгүй үнэлэгдэж байсан тайлан, хамт олны хурлын тэмдэглэл зэргийг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай харьцуулан үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзнэ.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгч ...... Завхан аймгийн ....... оны 09 дүгээр сарын ........-ны өдрийн ....... дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, уг цалингаас нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих санд нөхөн төлүүлэх, 4 хоног эмчилгээ хийлгэсэн өдрүүдийн цалин болох 173,456 төгрөг, шагналын мөнгө болох 175,500 төгрөг, нийт 348,956 төгрөг гаргуулах, 2025 оны хагас жилийн урамшууллыг зохих журмаар тооцож олгохыг даалгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзээд
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг баримтлан ТОГТООХ нь:
1. Завхан аймаг .......... анхан шатны шүүхийн ......... оны 01 дүгээр сарын ......-ны өдрийн ...... дугаартай шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, ........ нэхэмжлэлтэй Завхан аймгийн ....... холбогдох Завхан аймгийн ............... оны 09 дүгээр сарын ..........-ны өдрийн ....... дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, уг цалингаас нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих санд нөхөн төлүүлэх, 4 хоног эмчилгээ хийлгэсэн өдрүүдийн цалин болох 173,456 төгрөг, шагналын мөнгө болох 175,500 төгрөг, нийт 348,956 төгрөг гаргуулах, 2025 оны хагас жилийн урамшууллыг зохих журмаар тооцож олгохыг даалгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч байгууллагын төлөөлөгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг хариуцагч Завхан аймгийн ............ буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2, 172.2.3, 172.2.4 дэх хэсгүүдэд зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэсэн үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АРИУНБАЯР
ШҮҮГЧИД Б.НАМХАЙДОРЖ
З.НАНДИНЦЭЦЭГ