Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 16 өдөр

Дугаар  202/МА2026/00005   

 

 

  

 

 

 

 

 

 

 

   2026        03        16                                   202/МА2026/00005                                     

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           

 

Б.С.н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч О.Однямаа, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 137/ШШ2026/00041 дугаар шийдвэртэй

нэхэмжлэгч: Б.С нэхэмжлэлтэй,

хариуцагч: Г.Э холбогдох,

нэхэмжлэлийн шаардлага: тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлэх тухай иргэний хэргийг, 

хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2026 оны 02 дугаар сарын          16-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Гандашгүй-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:  

1.Нэхэмжлэгч Б.Сн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, тайлбарын агуулга “...миний бие Б.С, нөхөр Б.Мн хамт Эн нэр дээр .....улсын дугаартай автомашиныг аман гэрээ хийж түүний банкны зээлийг хуваарийн дагуу сар бүр төлж байгаад 2023 оны 07 дугаар сарын 06-нд үлдэгдэл болох 17,457,500 /арван долоон сая дөрвөн зуун тавин долоон мянга таван зуун/ төгрөгийг өөрийнх нь данс болох Хаан банкны ........ тоот данс руу шилжүүлснээр автомашины төлбөр бүрэн төлөгдөж дууссан боловч надад болон манай нөхөрт машиныхаа баримт бичгийг шилжүүлж өгөхгүй өдийг хүрсэн болно. Учир нь Г.Э. нь миний хамаатны эгч болох Э.А.н нэр дээрх “ТД” ХХК-д Ханги мандал богинын тээвэр хийхээр контейнерын барьцаа байршуулан явахаар гэрээ байгуулсан боловч өөрийнх нь машин эвдэрсний улмаас явуулалгүй өөр хэн нэгэнд машинаа зарсан байдаг. Тэгээд контейнерын барьцаагаа буцаан авахаар нэхэмжилсэн боловч тус компани нь Эрдэс таван толгойн толгой компанид барьцааг байрлуулсан учир одоогоор гаргаж өгөх боломжгүй, компанийн гэрээ цуцлагдсан тохиолдолд гаргаж өгнө гэсэн үндэслэлээр намайг эгчийнхээ компаниас барьцаа болох 2,000,000 төгрөгийг гаргуулж өгч байж бичиг баримтаа шилжүүлж аваарай гээд нөхөр бид хоёрт шилжүүлж өгөх ёстой боловч Э. өөр нэгэнд тухайн автомашиныхаа бичиг баримтыг 2,000,000 төгрөгөөр зарж шилжүүлсэн өгсөн байна. Өөрт нь удаа дараа амаар хэлсэн боловч тоохгүй шийдвэрлэж өгөхгүй байгаа болно. Иймд Г.Э.с .... ДГО улсын дугаартай автомашины бичиг баримтыг бидэнд шилжүүлж өгнө үү гэж нэхэмжлэл гаргаж байгааг шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

2.Хариуцагч Г.Э.н татгалзал, тайлбарын агуулга: “...анх 2022 онд машинаа Б.М.тай ярилцаж тохиролцсоны дагуу худалдсан бөгөөд сүүлийн хугацаа 2023 оны 03 дугаар сард бүх төлбөрийг дуусгахаар тохиролцсон. Би нэхэмжлэлд дурдагдаад байгаа эгч Э.А.с нь тээврийн хөлс болох 2,000,000 төгрөгийг аваад өгчихвөл нэр шилжүүлээд өгье гэсэн нь үнэн.

Гэхдээ Б.С.нь авсан машинаа цааш нь хоёр ч хүнд дамжуулсан зарсан бөгөөд 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Г.Н.н гэх хүн холбогдоод 55-53 ДГН, V3 маркийн машиныг Т.гэх хүнээс авсан, бид хоёрын тооцоо дууссан, одоо нэр шилжүүлэх хэрэгтэй байна. Хоёр, гурван сая төгрөгийг өөрт чинь өгөөд нэрээ шилжүүлье гэхээр нь цахимаар итгэмжлэл хийлгээд Г.Н.н руу шилжүүлсэн. Үлдэгдэл хоёр, гурав сая төгрөгийн тооцоотой гэхээр нь Б.С. болон Г.Н.н нар нь эгч Э.А.с авах авлагын талаар мэдэж, хоорондоо ярилцсан гэж ойлгосон учраас нэрийг шилжүүлж болно гэж бодоод шилжүүлсэн. Иймд уг тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлэх боломжгүй.” гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: “...Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч Г.Э:т,  Бенз V3 маркийн :::: улсын дугаартай тээврийн хэрэгслийн бичиг баримтыг нэхэмжлэгч Б.С.д шилжүүлэхийг даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 102,000 төгрөгөөс 70,2000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 30,000 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Г.Э.с 70,200 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.С.д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж,

шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

4.Шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагч Г.Э.н гаргасан давж заалдах гомдлын агуулга: “...Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 137/ШШ2026/00041 тоот шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие нь нэхэмжлэгч Б.С.д .... ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийг зарсан буюу худалдаагүй байхад ийм тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгөх тухай шийдвэр гарсан байна. Иймд хэргийг дахин хянаж үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

5.Нэхэмжлэгч Б.С.давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г.Э.бид хоёрын хооронд өглөг, авлага байхгүй, тэрээр машины бичиг баримтыг надад шилжүүлж өгөхгүйгээр өөр хүнд шилжүүлсэн, Ч.Т. худалдаж авсан машины төлбөрөөс дутуу төлсөн, үлдэгдэл төлбөрийг өгөхгүй байгаа учраас машины гэрчилгээг Г.Э.с шилжүүлж авсны дараа мөнгөө шаардана гэж бодсон, би гэрчилгээг шилжүүлснийг мэдээгүй, сүүлд мэдсэн, манай аав минь аваарт ороод завгүй яваад байсан учир шаардах боломжгүй байсан.” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1.Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан эх сурвалжийг магадлан үзвэл нэхэмжлэгч Б.С.н шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол нь тус тус хэргийн бодит байдал болон нотлох баримтаар нотлогдож, тогтоогдохгүй байх тул тэдгээрийг хангаж, шийдвэрлэх үндэслэлгүй байна.

Тодруулбал нэхэмжлэгч Б.Снь хариуцагч Г.Э.т холбогдуулан нэхэмжлэл гаргасан ба шаардлагын үндэслэлээ “...би, нөхөр Б.М.н хамт Г.Э.н нэр дээрх ...........ДГО улсын дугаартай автомашиныг аман гэрээ хийж, түүний банкны зээлийг хуваарийн дагуу сар бүр төлж байгаад 2023 оны 07 дугаар сарын 06-нд үлдэгдэл болох 17,457,500 төгрөгийг Хаан банкны ...тоот данс руу шилжүүлснээр автомашины төлбөр бүрэн төлөгдөж дууссан гэвч манай нөхөрт машиныхаа баримт бичгийг шилжүүлж өгөхгүй өдийг хүрсэн. Г.Э.миний хамаатны эгч болох Э.А.н нэр дээрх ТД ХХК-нд тээвэр хийхээр контейнерын барьцаа байршуулан барьцаагаа буцаан авахаар нэхэмжилсэн боловч тус компани нь ..ЭТТ компанид барьцааг байгуулсан учир одоогоор гаргаж өгөх боломжгүй, компанийн гэрээ цуцлагдсан тохиолдолд гаргаж өгнө гэсэн үндэслэлээр намайг эгчийнхээ компаниас барьцаа болох 2,000,000 төгрөгийг гаргуулж өгч, бичиг баримтаа шилжүүлж аваарай гээд байсан.  Г.Э нь өөр нэгэнд тухайн автомашиныхаа бичиг баримтыг 2,000,000 төгрөгөөр зарж, шилжүүлэн өгсөн байх тул Г.Э.с ... улсын дугаартай автомашиныг бичиг баримтыг бидэнд шилжүүлж шийдвэрлэж өгнө үү” гэж тайлбарласан,

хариуцагч Г.Э. шаардлагыг эс зөвшөөрч “...2022 онд машинаа Б.М.тай ярилцаж тохиролцсоны дагуу түүнд худалдсан, 2023 оны 03 дугаар сард бүх төлбөрийг дуусгахаар тохиролцсон. Би нэхэмжлэлд дурдагдаад байгаа эгч Э.А.с нь тээврийн хөлс болох 2,000,000 төгрөгийг аваад өгчихвөл нэр шилжүүлээд өгье гэсэн нь үнэн, Б.С.нь машиныг цааш нь хоёр ч хүнд дамжуулж зарсан, 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Г.Н.гэх хүн холбогдоод .... ДГН, V3 маркийн машиныг Түмээ гэх хүнээс авсан, бид хоёрын тооцоо дууссан, одоо нэр шилжүүлэх хэрэгтэй байна, хоёр, гурван сая төгрөгийг өөрт чинь өгөөд нэрээ шилжүүлье гэхээр нь цахимаар итгэмжлэл хийлгээд түүн рүү шилжүүлсэн. Б.С., Г.Н.н нар нь эгч Э.А.с нь авах авлагын талаар мэдэж, хоорондоо ярилцсан гэж ойлгосон учир нэрийг шилжүүлж болно гэж бодоод шилжүүлсэн, одоо уг тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлэх боломжгүй” гэж маргажээ.

2.Зохигчийн эдгээр тайлбар, татгалзал, гэрчийн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан бусад нотлох баримтаар Г.Э. болон Б.М. /нэхэмжлэгч Б.С.н нөхөр/ нарын хооронд ...., V3 маркийн тээврийн хэрэгслийг худалдсан, худалдан авсан үйл баримт тогтоогдсон, төлбөрийг хариуцагчийн банкны зээлийг хуваарийн дагуу төлөхөөр, хариуцагч Г.Э., нэхэмжлэгч Б.С.н эгч Э.А.с авах ёстой барьцаа болох 2.000.000 төгрөгийг авч өгвөл бичиг баримтыг шилжүүлж өгөхөөр тохирсон.

Б.М.нь худалдаж авсан тээврийн хэрэгслийг өөрийн өмчлөлд шилжүүлж өгөхийг шаардаж, холбогдох бичиг баримтыг хариуцагчаас зохих ёсоор шилжүүлж авалгүйгээр, 2022 оны 12 дугаар сард тээврийн хэрэгслийг Ч.Т.д худалдсан, Ч.Т.уг тээврийн хэрэгслийг цааш нь Г.Н.д худалдаж, 65,000,000 төгрөгийг шилжүүлж авсан ба Г.Н.нь 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Г.Э.с худалдаж авсан тээврийн хэрэгслийн бичиг баримтыг шилжүүлж авсан  нь тогтоогдсон байна.       

Энэхүү тогтоогдсон үйл баримтын талаар хариуцагч Г.Э.“...Б.М машиныг цааш нь зарсан, Ч.Т.тай тооцоо дууссан гэж хэлсэн, Ч.Т. над руу залгаад нэр шилжүүлмээр байна гэж хэлсэн, дараа нь Г.Н.нэр шилжүүлмээр байна гэж хэлэхээр нь цахимаар итгэмжлэл хийлгээд Г.Н.д бичиг баримтыг шилжүүлж өгсөн, одоо  гэрчилгээ өөр хүний нэр дээр байгаа, шилжүүлэх боломжгүй гээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ч.Түмэнжаргал, Г.Н. нараар шүүхэд гэрчийн мэдүүлэг өгүүлсэн бөгөөд тэдгээрийн мэдүүлэг нь тус тус дээр дурдсан үйл баримтыг бүрэн нотолжээ.

3.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.” гэж хуульчилсан.

Хуульд зааснаар хариуцагч Г.Э.худалдсан тээврийн хэрэгслийн баримт бичгийг Б.М.нд шилжүүлээгүй, нэхэмжлэгч Б.С., Б.М. нарын зүгээс уг тээврийн хэрэгслээ Ч.Т., Г.Н. нарт худалдахдаа холбогдох баримтыг тэдэнд шилжүүлээгүй тус тус буруутай. 

Гэхдээ хариуцагч Г.Э. огт байхгүй бичиг баримтыг нэхэмжлэгч Б.С.д шилжүүлэхээр шийдвэрлэх нь хэргийн бодит байдалд нийцээгүй учир энэ үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа биелэгдэх боломжгүй бөгөөд өмчлөгч биш этгээдээс тээврийн хэрэгслийн бичиг баримтыг гаргуулах шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь  бусдын хуулиар хамгаалагдсан эрх ашгийг бодит байдлаар сэргээх зарчимд нийцэж, явагдахгүй нөхцөл байдал үүснэ.

Өөрөөр хэлбэл Анхан шатны шүүх талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь үндэслэлтэй ч хариуцагч Г.Э.т ... ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийн бичиг баримтыг нэхэмжлэгч Б.С.д шилжүүлэхийг даалгасан нь үндэслэлгүй буюу ... ДГО улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь холбогдох гэрчилгээний хамт Г.Н.д шилжсэн, тэрээр хууль ёсны өмчлөгч болсон үйл баримтын талаар бодитой дүгнэлт хийгээгүй нь шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх хуулийн шаардлага болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэсэнд тус тус нийцсэнгүй.

Түүнчлэн нэхэмжлэгч Б.С. нь дээр дурдсан үйл баримт буюу  2022 онд түүний нөхөр Б.М., хариуцагч Г.Э. тээврийн хэрэгслийг худалдаж авсан, мөн ондоо гэрч Ч.Т.д худалдсан, Ч.Т. худалдаж авсан тээврийн хэрэгслийн үнийг бүрэн төлөөгүй, төлбөр, тооцоо дуусаагүй, үлдэгдэлтэй байхдаа/1хх-ийн 46-47х/ тээврийн хэрэгслийг Г.Н.д худалдсан /1хх-ийн 44-45х/ үйл баримтын талаар мэдэж байсан нь энэ хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдал байх ба тэрээр холбогдох баримт бичгийг эрх бүхий этгээдээс шилжүүлж авалгүйгээр Ч.Т.д худалдсан төлбөрийн үлдэгдлийг түүнээс нэхэмжлэх шаардлагын улмаас хариуцагч Г.Э.      байхгүй тээврийн хэрэгслийн өмчлөгчийн бичиг баримтыг шаардаж байгаа болохыг анхаарч, дүгнээгүй.

Мөн Б.М., хариуцагч Г.Э.нарын хооронд тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ амаар байгуулагдсан, Б.М. уг тээврийн хэрэгслийг цааш нь өөр этгээдэд худалдсан нөхцөл байдлаас үзэхэд Б.М. тээврийн хэрэгслийн бичиг баримтыг шилжүүлж өгөхийг шаардах эрх бүхий этгээд байх ба тэрээр хариуцагч Г.Э.с энэ талаар шаардаж байгаагүй, нэхэмжлэгч Б.С.д өөрийн шаардах эрхийг хэрэгжүүлэхийг хүсэж, өөрийгөө төлөөлөх бүрэн эрх /итгэмжлэл/-ийг түүнд олгоогүйг анхаараагүй байна.

4.Эдгээрийг нэгтгэн дүгнэвэл нэхэмжлэгч Б.С., Б.М.нар хариуцагч Г.Эс тээврийн хэрэгслийн өмчлөгчтэй холбоотой баримт бичгийг шаардах нь одоо ач холбогдолгүй учир нь тээврийн хэрэгслийн өмчлөх эрх нь зөвхөн худалдан авах гэрээгээр бус, зохих журмын дагуу улсын бүртгэлд бүртгэгдсэнээр бүрэн баталгааждаг учиртай.

Тиймээс нэгэнт ... дугаартай тээврийн хэрэгслийн бичиг баримт, гэрч Г.Н./гэрч/-нд шилжсэн байх тул уг эд хөрөнгөнд дахин өмчлөх эрх тогтоолгох нэхэмжлэгч Б.С.н нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

Харин гэрч Ч.Т.н “...Б.М.с худалдаж авсан тээврийн хэрэгслийн төлбөр тооцоо дуусаагүй, үлдэгдэлтэй” гэж мэдүүлсэн байх тул түүнд худалдсан тээврийн хэрэгслийн үлдэх төлбөрийг зохих журмын дагуу шаардаж болох юм.

Иймд эдгээр дурдсан үндэслэлээр хариуцагч Г.Э.н “...шийдвэрийг зөвшөөрөхгүй, миний бие нь нэхэмжлэгч Б.С.д ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдаагүй байхад тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгөх тухай шийдвэр гарсан” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хангахгүй,  анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаагүй учир түүний гомдол гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 137/ШШ2026/00041 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Г.Э.н давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-т зааснаар хариуцагч Г.Э.н давж заалдах журмаар төлсөн 70,200 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.      

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4, 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.