| Шүүх | Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбаатар Мягмарсүрэн |
| Хэргийн индекс | 307/2026/00107/и |
| Дугаар | 209/МА2026/00021 |
| Огноо | 2026-03-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 209/МА2026/00021
“*******” ХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Я.Туул, шүүгч Г.Мягмарсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 307/ШШ2026/00400 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч “*******” ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******,
******* нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “Үндсэн зээлийн төлбөр 22,480,958.27 төгрөг, зээлийн үндсэн хүү 2,536,496.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 190,468.02 төгрөг, нотариатын зардал 10,000 төгрөг, нийт 25,217,922.46 төгрөг” тухай,
Иргэний хэргийг хариуцагч *******гийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Мягмарсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний агуулга:
“Зээлдэгч *******, ******* нар нь *******тай 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр дугаар 0254/028303/2024 тоот цалингийн зээлийн гэрээ, дугаар 0254/028303/2024 тоот хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ, БГ0254/028303/2024 тоот баталгааны гэрээ байгуулан 28,000,000 төгрөгийг сарын 1,10 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай зохих хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг хүлээн хувийн хэрэгцээ зориулалтаар ашиглахаар зээл авсан.
Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж, зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгчид удаа дараа мэдэгдэж, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч гэрээний үүргээ сайн дураар өнөөдрийг хүртэл биелүүлээгүй банкийг хохироож байгаа ба гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэл биелэгдэх хугацаа дуусгавар болсон зэргийг үндэслэн зээлдэгч ******* овогтой *******, Заанхүү овогтой Энхтуяа нарт холбогдуулан дараах нэхэмжлэлийг гаргаж байна.
Зээлдэгч 0254/028303/2024 дугаар цалингийн зээлийн гэрээ, 0254/028303/2024 дугаар хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээний 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар гэрээний үүрэгт: Үндсэн зээл 22,480,958.27 төгрөг, үндсэн хүү 2,536,496.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 190,468.02 төгрөг, шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардал 10,000 төгрөг, нийт 25,217,922.46 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж, *******инд олгуулахаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ. / х.х-ийн 1-2 дугаар хуудас /
2. Хариуцагч *******ийн шүүхэд гаргасан тайлбарын агуулга:
“Миний бие *******наас авсан зээлийг төлөхөд маргаагүй. Хамтран зээлдэгч *******г энэ зээлээс хасахад маргаагүй” гэжээ. /х.х-ийн 29 дүгээр хуудас /
3. Хариуцагч ******* шүүхэд гаргасан татгалзал, тайлбарын агуулга:
“...2025 оны 03 дугаар сарын 19-нд нөхөр ******* овогтой *******оос албан ёсоор гэрлэлтээ цуцлуулсан. 2026 оны 01 дүгээр сарын 15-нд ХХБ-ны нэхэмжлэлийн дагуу Дархан-Уул аймаг дахь анхан шатны шүүхээс холбогдож нэхэмжлэлтэй танилцаж хүлээн авсан. *******ны нэхэмжлэлийг төлөхөөс татгалзаж байна.
Учир нь миний бие гэр бүл цуцлуулахдаа 2 охиноо өөрийн асрамжид авсан. Мөн байр, гэрэл, цахилгаан, ус, хүүхдийн төлбөр болон бусад урсгал зардлыг өөрийн биеэр төлдөг. Түүнээс гадна өөрийн нэр дээрх цалингийн зээлийг сард 2 удаа төлдөг. ББСБ-аас авсан зээлийг төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй. *******ийн авсан цалингийн зээлийн төлбөрөөс миний үүрэг хариуцлагыг чөлөөлж өгнө үү” гэжээ. /х.х-ийн 30 дугаар хуудас/
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1, 234.2, 227 дугаар зүйлийн 227.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч *******гаас үндсэн зээл 22,480,958.27 төгрөг, зээлийн үндсэн хүү 2,536,496.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 190,468.02 төгрөг, нотариатын зардал 10,000 төгрөг, нийт 25,217,922.46 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХК-д олгож, хариуцагч *******ид холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 284,040 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамж 284,040 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХК-д олгож... шийдвэрлэжээ.
5. Хариуцагч *******гийн давж заалдах гомдлын агуулга:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Би нөхөр болох *******ийн хамт 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр *******тай 0254/028303/2024 дугаар цалингийн зээлийн гэрээ, 0254/028303/2024 дугаар хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ, БГ0254/028303/2024 дугаар баталгааны гэрээ байгуулж 28,000,000 төгрөгийг сарын 1.10 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай зээлж авсан.
Баталгааны гэрээг банк надтай байгуулсан гэх боловч тухайн гэрээг сайн танилцуулаагүй. Тухайн үед энэхүү зээлийг гэр бүлийн амьдралын хэрэгцээнд зориулж авсан. Банкнаас зээлсэн мөнгө миний нэрийн дансаар ороогүй *******ийн нэрийн дансаар орсон. Тэрхүү мөнгөөр ******* Улаанбаатар хотоос Тоуоto Нагrеiг маркийн авто машиныг өөрийн нэр дээр худалдан авч унаж байгаад салахдаа аваад явсан. 2022 онд ******* нь мөрийтэй тоглоом тоглож намайг өрөнд оруулсан. Тухайн үед би түүнийг уучилж тавьсан өрийг нь дарахын тулд өөрийнхөө ээмэг, зүүлт, бөгж зэргийг барьцаалан зээлдүүлэх газар тавьсан. Мөн өөрийнхөө ээжээр тэтгэврийн зээл авахуулахаас гадна хүнээс 20 хувийн хүүтэй мөнгө зээлж, тавьсан өрийг нь дарах мөнгө хүрэхгүй байсан тул аппликейшны зээл авч тэр өрийг нь дарсан.
Гэвч би одоог хүртэл авсан зээлүүдээ гүйцэт төлж барагдуулж чадаагүй байна. Бид хоёр 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр шүүхээр гэрлэлтээ цуцлуулж би 14, 18 насны 2 охиноо өөрийн асрамжинд авсан. ******* банкнаас зээлсэн мөнгөө хугацаанд нь төлөөгүй хугацаа хэтрэлттэй болсон тул ******* 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ******* бид хоёрыг шүүхэд өгсөн. Шүүхээс намайг банктай баталгааны гэрээ байгуулсан учраас маргах эрхгүй гэж үзээд уг зээлийг надаар төлүүлэхээр шийдвэрлэсэн.
Шүүхэд ******* нь банкны нэхэмжилсэн мөнгийг би төлнө *******г хариуцагчаас хасаж өгөөч гэж хүсэлт гаргаж байхад хүлээн аваагүйд миний бие гомдолтой байна. Учир нь би өрх толгойлсон эмэгтэй. Би *******анд цалингийн зээлтэй. Би хэд хэдэн аппликейшны зээлтэй надад цалингаас өөр орлого байхгүй. ******* 2 охиныхоо өмнө хүлээсэн үүргээ биелүүлдэггүй байхад би яагаад ганцаараа хариуцлага хүлээх ёстой вэ? Бас миний том охин ******* төрөлхийн харааны бэршээлтэй 2 нүдний болорын цайралттай байнгын эмчийн хяналтад байдаг. Миний амьдралыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хариуцагч болох ******* намайг 25,217,922.46 төгрөгөөс чөлөөлж, уг төлбөрийг *******ид хариуцуулж өгнө үү” гэжээ. / х.х-ийн 58 дугаар хуудас /
6. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.
2. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлж, үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүйгээс шүүхийн шийдвэр нь мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
3. Нэхэмжлэгч “*******” ХК нь хариуцагч *******, ******* нараас үндсэн зээл 22,480,958.27 төгрөг, зээлийн үндсэн хүү 2,536,496.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 190,468.02 төгрөг, нотариатын зардал 10,000 төгрөг, нийт 25,217,922.46 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байх ба харин хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...бид гэрлэлтээ цуцлуулсан, хүүхдүүдээ өөрийн асрамжид авсан. Өөрөө цалингийн болон банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч төлж дуусаагүй байгаа тул *******ийн цалингийн зээлийн төлбөрөөс чөлөөлж өгнө үү” гэх тайлбарыг гаргаж, уг үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.
4. Хэрэгт авагдсан нотлох баримтууд, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:
4.1. “*******” ХК нь *******той 2024 оны 2 дугаар сарын 5-ны өдөр №0254/028303/2024 дугаартай цалингийн зээлийн болон барьцааны гэрээг байгуулан 28,000,000 төгрөгийг жилийн 13.2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, цалин барьцаалж зээл олгосон, зээлийн гэрээг 2026 оны 8 дугаар сарын 5-ны өдөр хүртэл хугацаагаар тохирч зээлийн гэрээнд ******* гарын үсэг зурсан болох нь цалингийн зээлийн гэрээ болон барьцааны гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, талуудын тайлбараар тогтоогдож байна.
4.2 Мөн “*******” ХК нь *******тай 2024 оны 2 дугаар сарын 5-ны өдөр №БГ/0254/028303/2024 дугаартай баталгааны гэрээ байгуулж, талууд гарын үсгээ зурж, баталгаажуулсан байна.
5. Дээрх үйл баримтын талаар талууд маргаагүй, харин хариуцагч ******* нь “...*******ийн авсан цалингийн зээлийг төлөх боломжгүй” гэх тайлбар гаргаж маргасан.
6. Анхан шатны шүүх үйл баримтыг зөв тогтоож, ******* ХК болон ******* нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон.
Харин “*******” ХК, хариуцагч ******* нарын хооронд Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1-д заасан баталгааны гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч нь мөн хуулийн 234 дүгээр зүйлийн 234.4-т зааснаар үүргийн гүйцэтгэлийг баталгаа гаргагчаас үл маргах журмаар шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.
7. Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1-т “Үүрэг гүйцэтгэгчийн хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гуравдагч этгээд үүрэг гүйцэтгүүлэгчид баталгаа гаргаж болно.” гэж, 234.4-т “Үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг баталгаа гаргагчаас үл маргах журмаар шаардана.” гэж, 234.5-д “Үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө үүрэг хүлээсэн баталгаа гаргагч үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхгүй.” гэж тус тус заажээ.
Иргэний хуулийн 234 дүгээр зүйл нь үүргийн гүйцэтгэлийг хангах аргын нэг бөгөөд баталгаа нь гэрээний нэг талын үүргийг үл маргах журмаар нөгөө талын өмнө гүйцэтгэх үүргийг гуравдагч этгээд өөртөө хүлээж буй хэлцэл юм.
Уг хэлцлийг бичгийн хэлбэрээр байгуулах бөгөөд гэрээний гол нөхцөл болох үнийн дүнг тодорхой зааж, баталгаа гаргагчийн хариуцлага хүлээлгэх бүх нөхцөлийг тусгасан байхыг шаардана.
Өөрөөр хэлбэл урьдчилан заасан зайлшгүй үүрэг үүсэх, эсхүл үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгчийн хооронд тохирсон үүргийг хангах эд зүйлээр тухайн үүрэг баталгаажиж байгаа тохиолдолд Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.4-т заасан баталгааг гаргана.
8. Хэрэгт авагдсан баталгааны гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т “зээлдэгч зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу гэрээний 3.1-д заасан төлбөрийг төлж чадаагүй тохиолдолд баталгаа гаргагч нь уг төлбөр болон түүнийг төлүүлэхтэй холбогдон гарсан зардлыг өөрийн хөрөнгөөр үл маргах журмаар төлнө” гэж, 3.3-т “баталгаа гаргагч гэрээнд заасан нөхцөлийн дагуу төлбөрийг өөрийн хөрөнгөөр үл маргах журмаар банканд төлж барагдуулсан тохиолдолд зээлдэгчээс үүргийн гүйцэтгэлийг шаардах банкны эрх баталгаа гаргагчид шилжинэ” гэж тус тус заасан.
Зээлийн гэрээний 3.1-т зээлийн гэрээний хугацаа 30 сар байна гэж заасан бөгөөд тус гэрээний хугацаа 2026 оны 08 сарын 05-ны өдөр дуусахаар байна.
Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч талаас тодруулахад зээлийн гэрээг банк нэг талын санаачилгаар цуцалж, гэрээний үүргийг бүхэлд нь шаардаж байгаа гэж тайлбарласан бөгөөд хариуцагчаар зээлдэгч *******, баталгаа гаргасан гэж ******* нарыг тодорхойлсон.
9. Дээр дурдсан баталгааны гэрээний зохицуулалт, үндсэн зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байдал, зохигчийн тайлбар зэргээс үзэхэд талуудын хооронд байгуулсан уг баталгааны гэрээ нь батлан даалтын гэрээний шинжийг агуулсан гэж үзэхээр байна.
Тодруулбал баталгааны гэрээнд баталгаа гаргаж буй үнийн дүн, хэмжээг тодорхой тусгасан байхыг шаардах ба баталгаа гаргагч нь гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлэх санхүүгийн хангалттай эх үүсвэртэй байхыг мөн шаардахаар байна.
Гэтэл нэхэмжлэгч “*******” ХК нь баталгаа гаргагчийн санхүүгийн эх үүсвэр, чадавхийн талаар судлаагүй, ямар хөрөнгөөр баталгаа гаргаж байгаа талаар гэрээнд тусгаагүй байна.
10. Анхан шатны шүүх дээрх нөхцөл байдал болон талуудын тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр хариуцагч *******гаас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.
11. Нэхэмжлэгч “*******” ХК, хариуцагч ******* нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан зээлийн гэрээ байгуулагдсан, тус гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байх ба хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан, баталгааны гэрээгээр хариуцагч *******гаас гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах үндэслэлгүй байх тул хариуцагч *******ийг гэрээний үүргээс чөлөөлөх боломжгүй байна.
12. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч *******гийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 307/ШШ2026/00400 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг баримтлан хариуцагч *******оос зээлийн үндсэн зээл 22,480,958.27 төгрөг, зээлийн үндсэн хүү 2,536,496.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 190,468.02 төгрөг, нотариатын зардал 10,000 төгрөг, нийт 25,217,922.46 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХК-д олгож, хариуцагч *******д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж,
2 дахь заалтад “...хариуцагч *******оос улсын тэмдэгтийн хураамжид 284,040 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХК-д олгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч *******гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 284,040 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Я.ТУУЛ
Г.МЯГМАРСҮРЭН