| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2019/0274/Э |
| Дугаар | 304 |
| Огноо | 2019-04-18 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Д.Мөнхцэцэг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 304
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал, улсын яллагч Д.Мөнхцэцэг, шүүгдэгч Ч.И нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б овогт Ч-ын Иыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1910004140136 дугаартай хэргийг 2019 оны 03 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1986 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сонгинохайрхан дүүгийн 9 дүгээр хороо, .......... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь:
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2004 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 385 дугаар шийтгэх тогтоолооор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 234 дүгээр зүйлийн 234.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ялаар,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 277 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ялаар,
Сум дундын 6 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 51 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 06 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт Ч-ын И.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.И нь Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, .......... тоотод оршин суух хохирогч Б.Б-гийн гэрт 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдөр вакум цонхыг хагалж нэвтрэн, нөүтбүүк хоёр ширхэг, гар утас гурван ширхэг, мөнгөн ээмэг нэг хос, хард диск зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 2,007,600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч Ч.И-: “...Мэдүүлэг өгөхгүй, архидан согтуурсан үедээ айлаас хулгай хийсэндээ харамсаж байна, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 02 дугаар сарын 08-ны орой 20 цаг 30 минутын үед гэртээ ирэхэд байшингийн гадна талын хаалганы бариул хугарчихсан байсан. Тэгээд түлхүүрээрээ хаалгаа онгойлгоод ороход дотор талын вакум хаалганы шил хагарсан, гэрийн эд хогшил эмх замбараагүй болчихсон байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Тэгээд гэрийн эд зүйлээ бүртгэж үзэхэд Сони Ай-7, Тошиба Ай-5 маркийн хоёр ширхэг нөүтбүүк, Самсунг Эс-4 маркийн гар утас хоёр ширхэг, Эл Жи-500 маркийн гар утас 1 ширхэг, мөнгөн ээмэг нэг хос, дөрвөн терабайтын багтаамжтай зөөврийн хард нэг ширхэг зэрэг эд зүйлс алдагдсан, жижиг өрөөнд байдаг төмөр сейфийг эвдэх гэж оролдсон байсан. Манай гэр хяналтын камертай бөгөөд камер шалгаж үзэхэд хими цэвэрлэгээний газарт ажиллаж байсан И гэх залуу хулгай хийсэн байна...” /хх-ийн 13-14, 79/ гэсэн,
Гэрч Г.Н- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 02 дугаар сарын 08-ны орой 20 цаг 30 минутын үед гэртээ ирэхэд гадна талын хаалганы бариул байхгүй, гэр доторх зүйлс эмх замбараагүй байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Камерын бичлэг үзэхэд манай хими цэвэрлэгээний газарт ажилладаг И гэх залуу гэрээс эд зүйлс хулгайлж байгаа бичлэг байсан...” /хх-ийн 17-19/ гэсэн,
Шүүгдэгч Ч.И мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Б захирал гэр бүлийнхээ хамтаар Налайх руу явсан хойгуур гэрээс нь хулгай хийхээр байшингынх нь гадна хаалгыг татахад онгойхоор нь дотогш орж вакум хаалганы шилийг хагалж ороод гэр дотроос нь цагаан өнгийн зөөврийн компьютер, хар өнгийн зөөврийн компьютер, мөнгөн ээмэг нэг хос болон таван ширхэг андройд гар утсыг авч хар өнгийн нөүтбүүкний цүнхэнд хийгээд гарч явсан. Тухайн үед унтлагын өрөөнд байсан төмөр сэйфийг эвдэх гэсэн боловч нээж чадаагүй...” /хх-ийн 37-38/ гэсэн мэдүүлгүүд,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-10/,
- Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 11/,
- Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 20-23, 28-29/,
- Хяналтын камерт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 42-46/,
- Шүүгдэгч Ч.И-ын хувийн байдалтай холбоотой Ш.Ч-, Л.Алтанцэцэг нарын мэдүүлгүүд /хх-ийн 61-64
- Шүүгдэгч Ч.И-ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд, хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 65-76/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Ч.И-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч Ч.И нь Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, ........... тоотод оршин суух хохирогч Б.Б-гийн гэрт 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдөр вакум цонхыг хагалж нэвтрэн, нөүтбүүк хоёр ширхэг, гар утас гурван ширхэг, мөнгөн ээмэг нэг хос, хард диск зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 2,007,600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Б-гийн “...2019 оны 02 дугаар сарын 08-ны орой 20 цаг 30 минутын үед гэртээ ирэхэд байшингийн гадна талын хаалганы бариул хугарчихсан байсан. Тэгээд түлхүүрээрээ хаалгаа онгойлгоод ороход дотор талын вакум хаалганы шил хагарсан, гэрийн эд хогшил эмх замбараагүй болчихсон байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Тэгээд гэрийн эд зүйлээ бүртгэж үзэхэд Сони Ай-7, Тошиба Ай-5 маркийн хоёр ширхэг нөүтбүүк, Самсунг Эс-4 маркийн гар утас хоёр ширхэг, Эл Жи-500 маркийн гар утас 1 ширхэг, мөнгөн ээмэг нэг хос, дөрвөн терабайтын багтаамжтай зөөврийн хард нэг ширхэг зэрэг эд зүйлс алдагдсан, жижиг өрөөнд байдаг төмөр сейфийг эвдэх гэж оролдсон байсан. Манай гэр хяналтын камертай бөгөөд камер шалгаж үзэхэд хими цэвэрлэгээний газарт ажиллаж байсан И гэх залуу хулгай хийсэн байна...” /хх-ийн 13-14, 79/ гэсэн, гэрч Г.Н-гийн “...2019 оны 02 дугаар сарын 08-ны орой 20 цаг 30 минутын үед гэртээ ирэхэд гадна талын хаалганы бариул байхгүй, гэр доторх зүйлс эмх замбараагүй байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Камерын бичлэг үзэхэд манай хими цэвэрлэгээний газарт ажилладаг И гэх залуу гэрээс эд зүйлс хулгайлж байгаа бичлэг байсан...” /хх-ийн 17-19/ гэсэн, Шүүгдэгч Ч.И-ын “...2019 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Б захирал гэр бүлийнхээ хамтаар Налайх руу явсан хойгуур гэрээс нь хулгай хийхээр байшингынх нь гадна хаалгыг татахад онгойхоор нь дотогш орж вакум хаалганы шилийг хагалж ороод гэр дотроос нь цагаан өнгийн зөөврийн компьютер, хар өнгийн зөөврийн компьютер, мөнгөн ээмэг нэг хос болон таван ширхэг андройд гар утсыг авч хар өнгийн нөүтбүүкний цүнхэнд хийгээд гарч явсан. Тухайн үед унтлагын өрөөнд байсан төмөр сэйфийг эвдэх гэсэн боловч нээж чадаагүй...” /хх-ийн 37-38/ гэсэн мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-10/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 11/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 20-23, 28-29/, хяналтын камерт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 42-46/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ч.И-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ч.И нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Шүүгдэгч Ч.И-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б-гийн эд хөрөнгөд 2,007,600 төгрөгийн хохирол учирсан байх тул гэм буруутай этгээдээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ч.И-ын үйлдэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирлын хэмжээ, хохирол төлөгдөөгүй нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд хуульд зааснаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.И-ын 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс өнөөдрийг хүртэл /2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр/ цагдан хоригдсон 64 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.
Эрүүгийн 191004140136 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Ч-ын И-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ч-ын И-ыг 02 /хоёр/ жил 03 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.И-т оногдуулсан 02 /хоёр/ жил 03 /гурав/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.И-ын цагдан хоригдсон 64 /жаран дөрөв/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.И /Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, ....... тоотод оршин суух хаягтай, РД: ............./-аас 2,007,600 /хоёр сая долоон мянга зургаан зуу/ төгрөг гаргуулж, хохирогч Б.Б /Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, ............ тоотод оршин суух хаягтай, РД: .........../-д олгосугай.
6. Эрүүгийн 1910004140136 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7. Эрүүгийн 1910004140136 дугаартай хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ч.И-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн тоолсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.И-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР