Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 209/МА2026/00022

 

*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж, шүүгч Г.Мягмарсүрэн, шүүгч М.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 307/ШШ2026/00415 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “*******” ХХК-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/1386 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, үр дүнгийн нэмэгдэл цалин гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийлгэх” тухай,

Иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, ******* нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний агуулга:

   “1.1.  ... А. “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн Б/1386 дугаар тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан болно.

Тус тушаалын үндэслэх хэсэгт: Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.1, Компанийн дүрмийн 3 дугаар бүлгийн 3.3.1.9 дэх хэсэг, Гүйцэтгэх захирлын нэгжүүдийн орон тоо, ажил мэргэжлийн ангилал, албан тушаалын нэршил шинэчлэн батлах тухай 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/377 тушаалыг тус тус үндэслэжээ.

Тушаалын тушаах хэсэгт Санхүү, эдийн засгийн хэлтсийн даргын ажлын байр хасагдсан тул 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөр тасалбар болгон *******гийн ******* (5375)-ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар заасан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт зааснаар ажлын байр хасагдсан тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар цуцлах талаар зохицуулсан байдаг. “*******” ХХК-ийн бүтцээс миний эрхэлж байсан ажлын байр бодитоор байхгүй болсон буюу “*******” ХХК-д уг ажлын байр шаардлагагүй болсон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй бөгөөд Санхүү, эдийн засгийн хэлтсийн чиг үүрэг нь нэршил өөрчлөгдсөн, ажлын байр хасагдсан нь бодитой бус үндэслэлгүй болно.

*******ийн зүгээс Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжид заасан хугацаа, үндэслэл журмын дагуу хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай мэдэгдлийг өгөөгүй болно.

Б. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэж заасны дагуу “*******” ХХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гомдол гаргаж, 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хуралдаж, 2025 оны 02 дугаар сарын 14-ны өдөр тэмдэглэлтэй танилцсан болно.

Иймд хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6 дахь хэсэгт зааснаар Дархан сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр гомдол гаргаж, 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хуралдаж, 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр тэмдэглэлийг гардаж авсан болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Иймд “*******” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/1386 дугаар тушаалыг хүчингүй болгож, Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн баталгаажуулалт хийлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна” гэжээ. /1-р хх-ийн 1-3 дугаар хуудас/

1.2. Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

“...”*******” ХХК-ийн 2024 оны жилийн эцсийн үр дүнгийн нэмэгдэл цалин хөлсийг 2025 оны эхний улиралд олгосон байна. Ингэхдээ ажилтнуудад 1 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэмэгдлийг олгосон байна.

Миний хувьд 5,961,000 төгрөгийн үндсэн цалингаар цалинждаг тул ******* ХХК-иас 5,961,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2 дахь хэсэгт Энэ хуулийн 61.1.2, 61.1.3-т заасан үндэслэлээр урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон бол ажилтантай өмнө үүсгэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа бүхэлдээ сэргээгдэнэ. Талууд харилцан тохиролцвол хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг өөрчилж болно гэж заасны дагуу ажиллаж байсан бол дээрх жилийн үр дүнгийн нэмэгдэл цалинг авах байсан тул 2024 оны жилийн үр дүнгийн нэмэгдэл цалин 5,961,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ. /1-р хх-ийн 41 дүгээр хуудас/

2. Хариуцагч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан татгалзал, тайлбарын агуулга:

2.1. “... Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт заасны дагуу ажлын байр хасагдсан үндэслэлээр *******ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахдаа ажил олгогчийн санаачилгаар цуцалсан. Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахдаа *******т өөр ажлын байранд шилжин ажиллах санал тавьсан боловч нэхэмжлэгч нь татгалзсан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ... *******ийн зүгээс Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжид заасан хугацаа, үндэслэл журмын дагуу хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай мэдэгдлийг өгөөгүй болно ... гэж дурдсан нь үндэслэлгүй байна. 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр *******т мэдэгдэл гардуулсан. Нэхэмжлэгч нь тус өдөр буюу 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр мэдэгдлийн хариуг бичгээр гаргасан бөгөөд тус мэдэгдлийн хариуд Сайн байна уу! Би ******* ХХК-д Санхүү, эдийн засгийн хэлтсийн даргын албан тушаалд 1 жил 9 сар ажиллаж байгаа бөгөөд таны гаргасан мэдэгдлийг хүлээн авлаа ... гэж дурдсан. Мөн ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсантай холбоотой ******* ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/1387 дугаартай *******т тэтгэмж олгох тухай тушаал гарсан. ******* нь 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр ******* ХХК-ийн Гүйцэтгэх захиралд хандаж 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/1387 дугаартай тушаалаар 1 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгож шийдвэрлэсэн. Хөдөлмөрийн тухай хууль, хамтын гэрээнд 1 сараас дээш хэмжээний тэтгэмж олгоно гэж заасан. Иймд надад олгох тэтгэмжийг 2-1 сараар нэмэгдүүлж шийдвэрлэж өгнө үү? гэсэн агуулга бүхий хүсэлт гаргасан. Уг хүсэлтийн дагуу 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Гүйцэтгэх захирлын Б/22 дугаартай тушаалд өөрчлөлт оруулах тухай тушаал гарч 2 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгож шийдвэрлэсэн. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч ******* нь хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгах тухай мэдэгдлийг хүлээн авсан. Мөн тэтгэмж нэмж гаргуулах тухай хүсэлт гаргасан нь хөдөлмөрийн гэрээ цуцалж байгаа үйл баримтыг хүлээн зөвшөөрч байгааг харуулж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг хангахгүй орхиж өгнө үү” гэжээ. /1-р хх-ийн 38 дугаар хуудас/

2.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нэмэгдүүлсэн шаардлагын хариу тайлбартаа:

“...Нэхэмжлэгч нь “*******” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/1386 дугаар тушаалаар Санхүү, эдийн засгийн хэлтсийн даргын ажлын байр хасагдсан гэх үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлөгдсөн. Гэтэл Гүйцэтгэх захирлын 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн тушаалаар батлагдсан жилийн үр дүнгийн нэмэгдэл цалин олгох журмын 4 дэх хэсэг Жилийн ажлын үр дүнгийн нэмэгдэл цалин олгогдохгүй нөхцлийн 4.1-т тухайн хугацаанд өөрийн хүсэлтээр болон сахилгын зөрчил гаргаж, ажлын байр хасагдсан, орон тоо цуцлагдсан ажилтанд үр дүнгийн нэмэгдэл цалинг олгохгүй гэж журамласан.

Мөн нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа ажиллаж байсан бол дээрх 2024 оны жилийн үр дүнгийн нэмэгдэл цалинг авах байсан гэж дурдсан зэргээс үзэхэд нэхэмжлэгчид 2024 оны жилийн үр дүнгийн урамшууллыг олгох үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хангахгүй орхиж өгнө үү” гэжээ. /1-р хх-ийн 68 дугаар хуудас /

3. Анхан шатны шүүхийн шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 108 дугаар зүйлийн 108.1-д заасныг баримтлан “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024.12.24-ний өдрийн Б/1386 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч *******ыг “*******” ХХК-ийн санхүү, эдийн засгийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 93,267,903 төгрөгийг, 2024 оны үр дүнгийн нэмэгдэл цалин 5,961,000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******т олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг хариуцагч “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ХХК-д даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, мөн 624,289 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын агуулга:

“...2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 01/03 дугаартай “*******” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолын 2.4-т Ажилтнуудын бүтээмжийг нэмэгдүүлэх, ажлын байрны чиг үүргийн давхардлыг арилгах байдлаар орон тооны хэмнэлт гарган ажиллахыг даалгасан, 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 82 дугаартай “” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолын 2.2-т “ ... орон тоо, дотоод зохион байгуулалтын бүтэц, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр оновчтой зохицуулалт хийх”-ийг гүйцэтгэх захиралд үүрэг болгосон.

Улмаар Гүйцэтгэх захирлын 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/377 дугаар тушаалын гуравдугаар хавсралтаар Төлөвлөлт, эдийн засгийн шинжилгээний хэлтэс - Ахлах эдийн засагч 1, Эдийн засагч 2, туслах тооцоочин 1 нийт 4 хүний орон тоотойгоор хэлтсийн даргагүй байхаар баталсан.

Нэхэмжлэгч ******* нь шүүх хуралдаанд даргалагчаас асуусан асуултад намайг ажиллаж байх хугацаанд хэлтэс 21 ажилтантай байсан, одоо 4 хүнтэй болж өөрчлөгдсөнийг би мэдэж байгаа гэж дурдсан байдаг.

Дээрх тушаалын гуравдугаар хавсралтаар хэлтсийн даргын орон тоог хасаж, төлөвлөлт, эдийн засгийн шинжилгээний хэлтсийн орон тоог 4 хүнтэй байхаар өөрчилсөн байхад шүүгч шийдвэрийн үндэслэх хэсгийн 7.6-д ... компанийн бүтэц зохион байгуулалтыг өөрчлөхдөө хэлтсийн нэршлийг өөрчилсөн, ... өмнө нь орон тооны дээд хязгаар 1550 байсан бөгөөд шинэ бүтцээр орон тооны дээд хязгаарыг мөн л 1550 гэж тогтоосон ... гэх нэхэмжлэгч талаас гаргасан тайлбар үндэслэл бүхий байна” гэж үндэслэлгүй худал дүгнэлт хийсэн.

...Компанийн дүрмийн 3.3.1.9 дэх хэсэгт “Гүйцэтгэх удирдлага нь баталсан орон тоо, зохион байгуулалтын бүтцийн хүрээнд ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтыг батлах, ажилтныг ажилд томилох, тэдэнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулах, сахилгын шийтгэл ногдуулах, ажлаас чөлөөлөх” эрхтэй гэж заасан.

Гүйцэтгэх захирал эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/377 дугаар тушаал хүчин төгөлдөр байхад байхгүй орон тоон дээр нэхэмжлэгчийг ажилд авах үндэслэлгүй. Нэхэмжлэгч Гүйцэтгэх захирлын 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/377 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хальсан дүгнэлтийг үндэслэн шийдвэр гаргасан. Энэ тухайгаа шийдвэрийн үндэслэх хэсгийн 7-д А/377 дугаар тушаалаар зөвхөн нэгж, албан тушаалын нэршил өөрчилсөн агуулгатай тушаал мэт өнгөц тайлбарласан нь үндэслэлгүй.

...Шийдвэрийн үндэслэх хэсгийн 6.5-д “*******”ХХК- ийн дүрмийн 3.1.4 дэх заалт нэгжийн удирдлагыг ажилд томилох асуудлыг зохицуулсан заалт байх бөгөөд ажлаас чөлөөлөх тохиолдолд хамааралгүй байх тул үүгээр болон дээр дурдсанчлан хариуцагчийг буруутгах үндэслэлгүй байна” гэж дүгнэсэн нь хэдийгээр хариуцагчийг буруутгаагүй боловч дүрмийн дээрх заалтыг буруу ойлгож тайлбарласан.

Дээрх заалт нь зөвхөн нэгдсэн стратеги төлөвлөлт, санхүүгийн нэгдсэн удирдлага, үйлдвэрлэл технологийн асуудал хариуцсан нэгжийн дарга нар буюу манай компанийн зарим газрын дарга нарыг томилохтой холбоотой заалт юм. Харин хэлтсийн даргыг ажилд томилохдоо толгой компанитай зөвшилцөх шаардлага байхгүй.

...Шийдвэрийн үндэслэх хэсгийн ... 7.3-т ... нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэж байсан ажлын үндсэн чиг үүрэг, ажлын байрны зорилго нь санхүү удирдлагын газрын даргын ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй хэт нэг талыг барьсан дүгнэлт болсон.

Орон тоо цөөрүүлж байгаа шалтгаан нь ажлын байрны чиг үүрэг давхцаж байгаа ажилтны орон тоог хасаж, компани төсөв, эдийн засгийн хэмнэлт хийж байгаа явдал юм. Хариуцагчийн зүгээс *******ын ажлын байрны тодорхойлолт санхүү, эдийн засгийн чиглэлээр ажилладаг бусад ажилчдын ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэгтэй давхцахгүй байгаа гэж маргаагүй. Энэ нь нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан санхүү удирдлагын газрын дарга, ахлах эдийн засагчийн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг давхцаж байна гэх тайлбар, гэрч ахлах эдийн засагч ийн би ******* даргаас өмнө нь ч, цуг ажиллаж байхдаа ч, бизнес төлөвлөгөө, санхүүгийн тайлан гэх мэт түүний хийдэг байсан гэх ажлыг өөрөө хийдэг байсан. Одоо ч хийж байна гэх тайлбараас харагдаж байна.

...Шийдвэрийн үндэслэх хэсгийн 7.4-т тухайн ажлын байрны үндсэн зорилго, чиг үүрэг байгууллагад шаардлагагүй, хэрэгцээгүй болох, байгууллага бүтцээ шинэчлэн зохион байгуулж, тодорхой нэгж эсвэл албан тушаалыг бүтэцдээ огт үлдээхгүй байх гэх мэт тохиолдлыг ажлын байр хасагдсан гэх үндэслэлд хамааруулж ойлгодог гэж дүгнэсэн шүүгчийн хууль тайлбарласан  дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй. Ямар ч хуулийн хэм хэмжээ дурдаагүй. Хуульд ийм агуулгатай хуулийн заалт, улсын дээд шүүхийн тайлбар байхгүй. Харин улсын дээд шүүхийн тайлбарт “ Орон тоо хасагдсан” гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлговол зохино. Энэ тохиолдолд ажил олгогч зөвхөн хасагдсан орон тооны ажлын байранд ажиллаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцална. Мөн “орон тоо цөөрүүлэх” гэдэгт хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцийн адил ажил, албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоог хассаныг ойлгоно” гэж тайлбарласан байдаг.

... Шүүхийн шийдвэрийн 7.6-д ...алаас чөлөөлөхдөө санал болгосон эдийн засагч гэх ажлын байр нь түүний өмнө ажиллаж байсан ажлын байрны нөхцөлөөс статусын хувьд буурсан, өмнө нь авч байсан үндсэн цалин буурсан... гэж дүгнэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт болж чадаагүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.4-т “Ажлын байр нь хадгалагдаж байгаа ажилтны ажлын байр хасагдсан, эсхүл орон тоо нь цөөрсөн бол ажил олгогч уг ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажлын байранд ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ шинээр байгуулна” гэж, 60 дугаар зүйлийн 60.1.1-ээс 60.1.13 дахь зүйлд ажлын байрыг хэвээр хадгалах тохиолдлуудыг зааж өгсөн. *******ын ажлын байр хэвээр хадгалагдаж байгаа тухай ойлголт биш юм.

Харин компанийн гүйцэтгэх удирдлага нь эрх бүхий этгээд буюу толгой компани, хувьцаа эзэмшигчдийн хурлаас үүрэг болгосны дагуу, бүрэн эрхийнхээ хүрээнд орон тоог хассан. Энэ тохиолдолд ажил олгогч нь ажилтанд өөр ажлын байр санал болгох хуулиар хүлээсэн үүрэггүй хэдий ч компанийн зүгээс нэхэмжлэгчийн мэргэжилд таарсан ажил, албан тушаал санал болгосон.

...Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Цолмонгийн нэхэмжлэлтэй “Эрдэнэс монгол” ХХК-д холбогдох, Оргилын нэхэмжлэлтэй “Эрдэнэс монгол” ХХК-д холбогдох, Золзаяагийн нэхэмжлэлтэй “Эрдэнэс монгол” ХХК-д холбогдох гээд бараг 20-иод маргааныг яг энэ агуулгаар шийдвэрлэсэн гэх тайлбаруудыг удаа даргаа гаргаж /шүүх хуралдааны тэмдэглэлийн 15 дугаар тал/ шүүгчид илэрхий нөлөөлсөн тул шүүгч хараат бусаар гагцхүү хуульд захирагдаж хэрэг хянан шийдвэрлэх зарчим алдагдсан гэж үзэж байна.

... Гүйцэтгэх удирдлагын зүгээс бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан А/377 дугаар тушаал хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа. Энэ тушаалын үндэслэлтэй нэхэмжлэгч тал маргаагүй, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага ч гаргаагүй. Өөрөөр хэлбэл нэгэнт байхгүй албан тушаалд эгүүлэн томилох боломжгүй байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хальж хэргийг шийдвэрлэсэн.

... Иймд анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг үнэн бодитойгоор үнэлж чадаагүй, хэт нэг талыг барьсан, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй шийдвэр гаргасан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.  / 2-р хх-ийн 161-166 дугаар хуудас /

ХЯНАВАЛ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч ******* нь “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/1386 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, үр дүнгийн нэмэгдэл цалин гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийлгэх” тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн үндэслэлийг нэхэмжлэгч тал ажиллаж байсан ажлын байр бодитоор хасагдаагүй, ажлын байрны нэршил өөрчлөгдсөн, охин компанийн бүтэц, зохион байгуулалтыг батлах эрх хэмжээ “Эрдэнэс монгол” ХХК-ийн ТУЗ-д байхгүй, ажлын чиг үүргийн давхардлыг арилгаж байгаа бол 2 ажлын байрыг нэгтгээд нэг орон тоо болгох нь орон тоог цөөрүүлэх ойлголтод хамаарна, орон тоо цөөрч байгаа тохиолдолд үнэлгээ хийгдэх, сонгон шалгаруулалт явуулсан байх ёстой боловч энэхүү арга хэмжээг аваагүй, бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийхдээ үйлдвэрчний эвлэлд мэдэгдэх хамтын гэрээний үүргээ биелүүлээгүй гэх агуулгаар тодорхойлсон байна.

3. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж, үндэслэлээ “*******” ХХК-ийн бүтцийг толгой компани болох “Эрдэнэс монгол” ХХК-иас баталсны дагуу компанийн нэгжүүдийн орон тоо, ажил мэргэжлийн ангилал, албан тушаалын нэршлийг шинэчлэн тогтоож, үүний дагуу *******ын ажиллаж байсан санхүү, эдийн засгийн хэлтэс төлөвлөлт, эдийн засгийн шинжилгээний хэлтэс гэж нэр өөрчлөгдөн, тус хэлтсийн даргын орон тоо хасагдсан, өөр ажлын байр санал болгоход нэхэмжлэгч татгалзсан тул хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон нь хууль зөрчөөгүй гэж тайлбарлажээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ “*******” ХХК-ийн зохион байгуулалтын бүтцийг шинэчлэх эрхтэй эрх бүхий этгээдээс холбогдох шийдвэрийг гаргасан, ажил олгогч хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай мэдэгдлийг 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэнэ гэсэн хуульд заасан хугацааны дотор ажилтанд мэдэгдэл өгч, эрхийг нь хангасан, нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэж байсан ажлын үндсэн чиг үүрэг, ажлын байрны зорилго нь санхүү удирдлагын газрын даргын ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан, өмнө нь орон тооны дээд хязгаар 1550 байсан бөгөөд шинэ бүтцээр орон тооны дээд хязгаарыг мөн л 1550 гэж тогтоосон, бүх хэлтэст хэлтсийн даргын орон тоо байхад зөвхөн төлөвлөлт эдийн засгийн шинжилгээний хэлтэст даргын орон тоог хассан, тухайн ажлын байрыг зайлшгүй хасах болсон тодорхой бодит, нөхцөл шалтгаан тогтоогдоогүй, ажлын байрны чиг үүргийн давхардлыг арилгаж, бусад ажлын байрны чиг үүрэгт нэгтгэж байгаа нь ажлын байр хасагдсан гэх үндэслэлд хамаарахгүй, харин орон тоо цөөрсөн, тухайн орон тоон дээр үнэлгээ хийгээгүй гэх нэхэмжлэгч талаас гаргасан тайлбар үндэслэл бүхий байна, хариуцагч “*******” ХХК-иас нэхэмжлэгч *******ыг ажлаас чөлөөлөхдөө санал болгосон ажлын байр нь түүний ажиллаж байсан санхүү, эдийн засгийн хэлтсийн даргын ажлын байрны нөхцөлөөс статусын хувьд буурсан, өмнө нь авч байсан үндсэн цалин буурсан болох нь тогтоогдож байх бөгөөд энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн ажилтныг өөр ажилд шилжүүлэх эсвэл өөр ажлын байр санал болгохдоо адил чанарын ажлын байраар хангах зарчимд нийцээгүй, ажилтны эрх зүйн байдлыг дордуулсан гэж дүгнэсэн байна.

5. Анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчдын хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй боловч маргаанд хамаарах хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна гэж дүгнэлээ.

6. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогджээ.

6.1. Нэхэмжлэгч ******* нь “*******” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 03 сарын 10-ны өдрийн Б/170 дугаартай тушаалаар Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтсийн даргаар түр томилогдон, 2023 оны 05 сарын 01-ний өдөр тус албан тушаалд  хугацаагүйгээр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 12 сарын 24-ний өдрийн Б/1386 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-т заасан ажлын байр хасагдсан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа ажил олгогчийн санаачилгаар цуцлагдсан байна. /1-р хх-ийн 5, 7-11, 43 дугаар хуудас/

6.2. “*******” ХХК-ийн 2024 оны 11 сарын 20-ны өдрийн мэдэгдэх хуудсаар санхүү эдийн засгийн хэлтсийн даргын ажлын байр хасагдсан тул хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах болсныг бичгээр мэдэгдсэн бөгөөд нэхэмжлэгч нь тухайн өдрөө мэдэгдлийг хүлээн авч, гарын үсэг зурсан, мөн 2024 оны 11 сарын 20-ны өдөр түүнд Төлөвлөлт, эдийн засгийн шинжилгээний хэлтсийн эдийн засагчийн сул ажлын байранд ажиллах санал хүргүүлснийг нэхэмжлэгч ******* хүлээн авч, тус ажлын байр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т заасан шаардлагыг хангахгүй байгаа талаар хариу хүргүүлсэн байна. /1 дүгээр хх-ийн 44-46 дугаар хуудас/

Мөн өдрөө нэхэмжлэгч ******* нь Дотоод хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, Хамтын ажиллагааны албанд албаны даргын албан тушаалд шилжин ажиллах боломжтой талаар хариуцагч байгууллагад санал бичгээр хүргүүлсэн боловч ажил олгогч дээр дурдсан тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан байна. /1 дүгээр хх-ийн 47 дугаар хуудас/

6.3. “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 12 сарын 24-ний өдрийн Б/1387 дугаартай тушаалаар *******т ажлын байр хасагдсан үндэслэлээр 1 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж болох 5,961,000 төгрөг олгохоор шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгч ******* нь 2025 оны 01 сарын 06-ны өдөр хариуцагч байгууллагад тэтгэмжийн хэмжээг Хөдөлмөрийн тухай хууль, хамтын гэрээний дагуу 1 сараас дээш хэмжээгээр нэмэгдүүлэн олгох тухай хүсэлт гаргасны дагуу гүйцэтгэх захирлын 2025 оны 01 сарын 09-ний өдрийн Б/22 дугаартай тушаалаар 1 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээ буюу 5,961,000 төгрөг нэмж олгохоор шийдвэрлэж, нийт 2 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгосон байна. /1 дүгээр хх-ийн 48-50 дугаар хуудас/

Эдгээр үйл баримтын талаар талууд маргаагүй болно.

7. Хэрэгт авагдсан “Эрдэнэс монгол” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 11 сарын 06-ны өдрийн 82 дугаартай тогтоолоор “*******” ХХК-ийн зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн баталж, үүнтэй холбогдуулан шаардлагатай арга хэмжээг авч ажиллахыг гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчид даалгасан бөгөөд тус нэхэмжлэгчийн ажиллаж байсан хэлтсийг Төлөвлөлт, эдийн засгийн шинжилгээний хэлтэс болгож, “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 11 сарын 18-ны өдрийн тушаалаар компанийн нэгжүүдийн орон тоо, ажил мэргэжлийн ангилал, албан тушаалын нэршил шинэчлэн баталж, төлөвлөлт, эдийн засгийн шинжилгээний хэлтсийг ахлах эдийн засагч, эдийн засагч 2, туслах тооцоологч гэсэн нийт 4 орон тоотой байхаар тогтоожээ. /1 дүгээр хх-ийн 51-58 дугаар хуудас/

8. Хэрэгт авагдсан “*******” ХХК-ийн  дүрмийн 2.1.3-т “Компанийн төрийн өмчлөлийн хувьцаа эзэмшигч нь “” ХХК байна”, Засгийн газрын 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 108 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Эрдэнэс монгол” ХХК-ийн дүрмийн 3.2.7.4-т: “нэгдлийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг тогтоох” бүрэн эрхийг төлөөлөн удирдах зөвлөл хэрэгжүүлнэ гэж заасан. /1 дүгээр хх-ийн 60-66 дугаар хуудас/

Энэ талаар анхан шатны шүүхээс “Эрдэнэс монгол” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлөөс “*******” ХХК-ийн зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн батлах эрх бүхий этгээд байна гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

9. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хууль тогтоомжид заасан хугацаа, журмын дагуу хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар мэдэгдлийг өгөөгүй гэж дурдсан бөгөөд анхан шатны шүүх хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчид хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай мэдэгдлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т заасан хугацаанд өгсөн гэж үзсэн нь үндэслэл бүхий болжээ.

10. Харин анхан шатны шүүхээс компанийн шинэ бүтцэд хуучин байсан хэлтсийн дарга гэх удирдах албан тушаалын ажлын байрны гүйцэтгэх үндсэн чиг үүрэг огт байхгүй болоогүй, чиг үүрэг нь өөр ажлын байрны чиг үүрэгт нэгтгэгдэж хадгалагдсан хэвээр байгаа, орон тооны хязгаар 1550 буюу хуучин байсантай адил тогтоогдсон зэргээр ажлын байр хасагдсан биш орон тоо цөөрсөн үндэслэлд хамаарах тул хуульд заасан сонгон шалгаруулалт явуулах, үнэлгээ хийх ажиллагаа хийгдээгүй гэх агуулгаар дүгнэлт хийсэн нь хэргийн үйл баримттай нийцээгүй, Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн гэх ойлголтуудыг буруу тайлбарлаж, хэрэглэсэн гэж үзэхээр байна.

10.1. Нэхэмжлэгч *******ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах ажил олгогчийн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-т заасан ажлын байр хасагдсан үндэслэл заасныг нэхэмжлэгч тал орон тоо цөөрсөн үндэслэлд хамаарч байна гэж маргасан.

“*******” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 11 сарын 18-ны өдрийн А/377 дугаартай тушаалаар нэхэмжлэгч *******ын ажиллаж байсан санхүү, эдийн засгийн хэлтэс буюу шинэчлэгдсэн нэршлээр төлөвлөлт, эдийн засгийн шинжилгээний хэлтсийн даргын ажлын байрыг хасаж, ахлах эдийн засагч, эдийн засагч, туслах тооцоочин гэсэн 4 орон тоотой байхаар тогтоосон байх бөгөөд хэлтсийн даргын ажлын үндсэн чиг үүргийг ажлын байрны давхардлыг арилгасан гэх үндэслэлээр Санхүүгийн удирдлагын газрын даргын чиг үүрэгт хамааруулсан гэж хариуцагч тайлбарлаж байна.

10.2. Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны 7 сарын 03-ны өдрийн 33 дугаартай “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” тогтоолоор орон тоо хасагдах, орон тоо цөөрүүлэх гэдгийг тайлбарласан бөгөөд үүнд  “..."орон тоо хасагдсан" гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлговол зохино. Энэ тохиолдолд ажил олгогч зөвхөн хасагдсан орон тооны ажлын байранд ажиллаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцална” гэж, “..."орон тоо цөөрүүлэх" гэдэгт хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцийн адил ажил, албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоог хассаныг ойлгоно” гэж тус тус тайлбарлажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-т ажлын байр хасагдсан нөхцөл нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэлд хамаарахаар заасан бөгөөд энэ нь тухайн байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын байр байхгүй болсныг ойлгохоор байна.

Харин ажил, албан тушаалын байр байхгүй болсон нь тухайн албан тушаалтны гүйцэтгэж байсан ажил үүрэг мөн адил бүхэлдээ байхгүй болох тухай ойлголт гэж үзэх боломжгүй.

10.3. Хэрэгт авагдсан “Эрдэнэс монгол” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 11 сарын 06-ны өдрийн 82 дугаартай тогтоолын 2.3-т заасны дагуу “*******” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2023 оны 09 сарын 22-ны өдрийн 01/03 дугаартай тогтоолын 2-т зааснаар компанийн орон тооны дээд хязгаарыг 1550 байхаар, 2.4-т заасан ажилтнуудын бүтээмжийг нэмэгдүүлэх, ажлын байрны чиг үүргийн давхардлыг арилгах байдлаар орон тооны хэмнэлт гаргах, улмаар ажиллагсдын дундаж цалинг өсгөх талаар судлах зэрэг арга хэмжээ авахыг үүрэг болгожээ.

Хэрэгт авагдсан эдийн засаг, төлөвлөлтийн хэлтсийн даргын болон санхүүгийн удирдлагын газрын даргын ажлын байрны тодорхойлолт, мөн ахлах эдийн засагч, эдийн засагчийн ажлын байрны тодорхойлолтыг харьцуулан үзэхэд ажлын байрны зорилго нь компанийг эдийн засгийн үр нөлөөтэй, ашигтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгдэж байгаа бөгөөд Санхүүгийн удирдлагын газрын даргын ажлын байрны тодорхойлолтод нэхэмжлэгчийн ажиллаж байсан эдийн засаг, төлөвлөлтийн хэлтсийн даргын чиг үүрэгт хамаарах зарим ажлуудыг  нарийвчлан өргөжүүлж тусгасан байдал нь ажлын байр хасагдаагүй гэж үзэх үндэслэл болохгүй. /1 дүгээр хх-ийн 119-120, 127-128, 138-143, 165-168 дугаар хуудас/

Нөгөө талаас хариуцагч байгууллагад одоо ажиллаж байгаа Санхүүгийн удирдлагын газар гэсэн нэгж хуучин бүтцэд ч байсан бөгөөд тус газарт харьяалагдах хэлтсийн даргын чиг үүргийг газрын дарга хэрэгжүүлэхээр шийдвэрлэснийг хасагдсан ажлын байрны зарим чиг үүрэг байна гэж үзэж орон тоо цөөрүүлсэн гэх ойлголтод хамааруулах үндэслэлгүй юм.

Мөн Санхүүгийн удирдлагын газрын болон хэлтсийн даргын ажлын байранд тавигдах шаардлагууд, ажлын туршлага, томилох журам, гүйцэтгэх ажлын хүрээ, албан тушаалын шатлалын хувьд өөр байна.

Орон тоо цөөрүүлэх тухай ойлголт нь адил ажил, албан тушаалын хэд хэдэн орон тооноос зарим орон тоог хасах тухай бөгөөд газрын даргын болон хэлтсийн даргын ажлын байрыг адил ажил, албан тушаал гэж үзэхгүй тул орон тоо цөөрсөн үндэслэлд хамаарахгүй.

11. Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т ажил олгогч, ажилтан харилцан тохиролцож, хөдөлмөрийн гэрээ байгуулахаар заасан бөгөөд хөдөлмөрийн гэрээ нь иргэний эрх зүйн гэрээний төрөлд хамаардаг тул Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй.

12. Хариуцагч “*******” ХХК-иас нэхэмжлэгч *******ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах болсон талаар мэдэгдсэний үндсэн дээр өөр ажлын байр санал болгосныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөөгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон бөгөөд дээрх хуульд зааснаар талууд харилцан тохиролцоогүй, гэрээ байгуулагдах нөхцөл бүрдээгүй байхад *******ыг адил чанарын өөр ажилд авах үүргийг ажил олгогч байгууллагад хүлээлгэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулиар ажилтныг ажлын байраар хангахыг ажил олгогчид үүрэгжүүлсэн тодорхой тохиолдлуудыг хуульчилсан. Тухайлбал: Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т: “Сэлгэн ажиллах хугацаа дууссан, эсхүл сэлгэн ажиллаж байгаа ажилтны хувьд энэ хуулийн 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан нөхцөл бий болсон тохиолдолд урьд ажиллаж байсан ажлын байранд нь эгүүлэн авна”, 59.5-д: “Урьд ажиллаж байсан ажлын байранд авах боломжгүй бол адил чанарын өөр ажлын байранд авч ажиллуулна”, 60 дугаар зүйлийн 60.4-т: “Ажлын байр нь хадгалагдаж байгаа ажилтны ажлын байр хасагдсан, эсхүл орон тоо нь цөөрсөн бол ажил олгогч уг ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажлын байранд ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ шинээр байгуулна” гэж тус тус заажээ.

13. Нэхэмжлэгч *******ын тухайд хэрэгт авагдсан баримтаар эрх бүхий этгээдийн шийдвэрээр тодорхой үндэслэлээр ажлын байр хасагдсан нөхцөл байдал тогтоогдож байх тул дээрх хуульд заасан үндэслэлд хамаарахгүй байна.
           Нөгөө талаар нэхэмжлэгч ******* нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах шийдвэрийг хүлээн авсны дараа буюу 2025 оны 01 сарын 06-ны өдөр “*******” ХХК-д ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээ цуцлагдаж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон талаар дурдаж, 1 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн нь тус байгууллагад ажилласан жил, хийж бүтээсэн ажилтай харьцуулахад маш бага тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн гэж үзэж Хөдөлмөрийн тухай хууль, хамтын гэрээнд зааснаар тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлж шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасны дагуу нийт 2 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон үйл баримт тогтоогдсон.

Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1-т: “тухайн аж ахуйн нэгж, байгууллагад зургаан сараас хоёр жил хүртэл ажилласан бол нэг ба түүнээс дээш сарын үндсэн цалинтай тэнцэх” хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгохоор, “Дарханы төмөрлөгийн үйлйдвэр” ТӨХК-ийн захиргаа, үйлдвэрчний эвлэлийн хороотой байгуулсан хамтын гэрээ /2023-2025/-ний 2.3-т ажилтан 6 сараас 2 жил хүртэл ажилласан бол 1 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг 1 удаа олгохоор тус тус зохицуулсан бөгөөд нэхэмжлэгч Д.******* нь тус байгууллагад 2023 оны 03 сарын 10-ны өдрөөс 2024 оны 12 сарын 24-ний өдрийг хүртэл ажиллажээ. /1 дүгээр хх-ийн 111-118 дугаар хуудас/
           Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь ажил олгогчийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч, хүсэлт гаргаснаар ажил олгогч байгууллага саналыг хүлээн авч тэтгэмж олгосон байдал нь хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдсаны дараах харилцаа болох тэтгэмжийн талаар талууд харилцан тохирсон гэж үзэхээр байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч *******ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажил олгогчийн шийдвэр үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. 

14. Үр дүнгийн нэмэгдэл цалин гаргуулах шаардлагын тухайд дүгнэхэд нэхэмжлэгч 2024 оны жилийн үр дүнгийн нэмэгдэл цалин 5,961,000 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасан бөгөөд үндэслэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т зааснаар ажилд эгүүлэн тогтоосноор өмнө үүсгэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа бүхэлдээ сэргээгдэх тул ажиллаж байсан бол 2024 оны жилийн үр дүнгийн нэмэгдэл цалинг авсан байсан гэж тодорхойлсон байна.

Анхан шатны шүүх 2024 онд бүтэн ажилласан, улмаар ажлын байр хасагдаагүй гэж ажилд нь эгүүлэн тогтоосон тул үр дүнгийн нэмэгдэл цалинг олгох үндэслэлтэй гэж дүгнэжээ.

           Хэрэгт “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 02 сарын 17-ны өдрийн А/82 дугаартай тушаал авагдсан бөгөөд тус тушаалаар жилийн ажлын үр дүнгийн нэмэгдэл цалин олгох журмыг баталсан. /1-р хх-ийн 69-73 дугаар хуудас/

Тус тушаалд өмнө үйлчилж байсан гүйцэтгэх захирлын 2024 оны 01 сарын 10-ны өдрийн А/03 дугаар тушаалаар баталсан цалин хөлсний журмын холбогдох заалтыг хүчингүй болгож, шинэ журмыг 2025 оны 02 сарын 17-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан байх тул хэрэгт авагдсан журмын үндэслэл 2024 оны үр дүнгийн нэмэгдэл цалин авах шаардлагад хамааралгүй байна.

Нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоох үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэсэн тул нэхэмжлэлийн үндэслэлд заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцаа сэргэх боломжгүй бөгөөд нэхэмжлэгчийн ажиллаж байх хугацаанд ажлын үр дүнг хэрхэн дүгнэж, ямар үндэслэлээр нэмэгдэл цалин олгодог байсан талаар холбогдох журам, баримт хэрэгт авагдаагүй тул зөвхөн одоо ажиллаж байгаа ажилтнуудад 2024 оны нэмэгдэл цалинг 2025 онд 1 сарын цалинтай тэнцэх хэмжээгээр олгосон гэх тайлбарыг үндэслэн нэхэмжлэгч *******т үр дүнгийн нэмэгдэл цалин олгох үндэслэлгүй гэж үзлээ.

15. Анхан шатны шүүхийн шийдвэрээр улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилахдаа нэхэмжлэгч *******ыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсан атлаа түүний нэхэмжлэл гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс залруулж, 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогоос гаргуулж, нэхэмжлэгч *******т буцаан олгохоор шийдвэрлэв.

16. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6.5 буюу шийдвэрийн 8 дугаар хуудасны сүүлийн өгүүлбэрийн төгсгөл байхгүй, 7.6 буюу шийдвэрийн 9 дүгээр хуудасны сүүлийн хэсэг, 10 дугаар хуудасны эхний хэсэгт нэг өгүүлбэр давхардан бичигдэж утга ойлгомжгүй болсон, мөн 10 дугаар хуудасны 9 дэх хэсгийн сүүлийн өгүүлбэр төгсгөлгүй байх боловч Иргэн-2014 нэгдсэн системд хийсэн шүүхийн шийдвэрийн хаалт бүрэн байгаа бөгөөд энэ нь техникийн шинжтэй, хэвлэлтийн алдаа гэж үзсэн тул цаашид анхаарахыг дурдаж байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь : 

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 307/ШШ2026/00415 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7, 108 дугаар зүйлийн 108.1-д тус тус заасныг баримтлан “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/1386 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, үр дүнгийн нэмэгдэл цалин гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийлгэх” тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтыг хүчингүй болгож, 3 дахь заалтыг  2 гэж дугаарлан “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч *******т олгосугай” гэж, 4 дэх заалтыг 3 гэж тус тус өөрчилж, бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч нарын давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 804,815 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Я.ТУУЛ

                                            ШҮҮГЧИД                                      Г.МЯГМАРСҮРЭН                   

                                                                                                             М.ОЮУНЦЭЦЭГ