Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 209/МА2026/00023

 

            *******гийн нэхэмжлэлтэй
      иргэний хэргийн тухай

 

            Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, шүүгч М.Оюунцэцэг, Ерөнхий шүүгч Я.Туул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 307/ШШ2026/00569 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/29 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай,

Иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч *******ын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний агуулга:

   1.1. ...******* нь *******т 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр багшаар ажилд орох үед цэцэрлэгийн эрхлэгчийн түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан ******* багш тушаал гаргаж ажилд авч байсан.

Тухайн үед бүлгийн багш ******* нь 2026 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл жирэмсний болон амаржсаны амралтын хугацаагаа үргэлжлүүлэх хүсэлттэй байна гэсэн утгатай гараар бичсэн өргөдлийг надад үзүүлж, Хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Мөн 2025 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс үндсэн багшийн орон тоо гарна гэсний үндсэн дээр ажилд орсон. Эрхлэгч ******* нь ажилдаа орсны дараагаар удахгүй орон тоо гарна. Чамайг түрүүлж авах боломжтой гэж байсан.

...Ажлын байран дээр харилцаа хандлага өөрчлөгдөж эхэлсэн. Эрхлэгчийн хэлснээр орон тоо гарахаар үндсэн орон тоон дээр ажиллах боломжтой гэж байсан учраас 2025 оны хавар үндсэн багшаар ажиллах хүсэлтээ өгсөн боловч хариу өгөөгүй.

Ингээд 2025 оны 7 дугаар сард *******гийн түр орон тоон дээр ажиллаж байсан *******гийн ажилдаа орох хүсэлтийг эрхлэгч мэдэж байсан хэр нь 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгохыг надад мэдэгдэж, ажлаа хүлээлгэн өгөхийг шаардсан. Ажлаас халагдсан тушаалыг 2025 оны 8 дугаар сарын 27-ны өдөр буюу хожуу надад гардуулж өгсөн. Үүнээс болж ******* нь Шинэ хөтөлбөрийн сургалтад сууж чадаагүй, өөр ажил хайх боломжгүй болохоос гадна 2 настай хүүхдээ цэцэрлэгийн бүртгэлээс хоцроож, цэцэрлэгт хамруулж чадаагүй. Дээрх ажлаас халсан тушаал нь эх хувь биш, хуулбар өгсөн учраас ажилгүйдлийн тэтгэмж авах нөхцөл бүрдээгүй.

******* цэцэрлэгийн эрхлэгч *******ын гаргасан тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5.1.3, 7.1.3, 79.2, 135.1 дугаар зохицуулалтыг зөрчсөн.

Тус нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэлийг өмнө шүүхэд гаргахад нэхэмжлэгч нь шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Уг ажиллагааг хийлгүүлэхээр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг даргын Тамгын газрын дэргэдэх хөдөлмөрийн маргаан зохицуулах хороонд гомдлоо хүргүүлэхэд Шарын гол суманд Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо байхгүй тул байгууллагынхаа хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссоор шийдвэрлүүл гэсэн хариу ирүүлсэн.

Тухайн албан тоотын дагуу Дархан-Уул аймгийн Шарын голын ******* цэцэрлэгт хүсэлт хүргүүлэхэд Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс байгуулж байгаагүй гэсэн тайлбар ирүүлсэн.

Иймд 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Б/29 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулж, Нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ. / х.х-ийн 1-3 /

2. Хариуцагчийн шүүхэд гаргасан татгалзал, тайлбарын агуулга:

******* нь тус цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг түр хавсран гүйцэтгэгч Б.*******ийн 2024 оны 09 сарын 02-ны өдрийн Б/30 тоот тушаалаар багш В.*******г жирэмсний болон хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд ажиллахаар томилогдсон. Эрхлэгчийн үүргийг түр хавсран гүйцэтгэгчийн хууль эрх зүйн үндэслэл алдаатай тушаалыг Дархан-Уул аймгийн хуулийн хэлтэст хянуулан 4-10/1556 тоот албан бичгийг үндэслэн эрхлэгч ******* нь 2024 оны 10 сарын 24-ны өдрийн Б/44 тоот тушаалыг гардуулан хөдөлмөрийн гэрээг байгуулсан бөгөөд хөдөлмөрийн гэрээнд *******гийн ажиллах хугацааг Хөдөлмөрийн тухай хуулийн 50.1.4 буюу В.*******г ажилдаа орж ирэх хүртэл хугацаагаар байгуулан ажиллуулсан болно.

******* нь 2025 оны 04 сард багшийн сул орон тооны сонгон шалгаруулалт зарлагдахад нөөцөд байгаа гэх шалтгаанаар удаа дараа дарамт үзүүлэн шууд томилохыг шаардсан бөгөөд эрхлэгчийн зүгээс 1 сул орон тоонд 2 багш хүсэлт ирүүлсэн тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй талаар хариуг мэдэгдсэн. Мөн төрийн үйлчилгээний албан тушаалтан буюу сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш ажилтныг сул орон тоо гарсан тухай бүрт нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлан ажилтныг авч ажиллуулдаг бөгөөд өмнө тэнцсэн гэх үндэслэлээр давуу байдал олгодоггүй.

Тус цэцэрлэгийн багш В.******* нь 2018 оны 09 сарын 03-ны өдрөөс томилогдсон хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан үндсэн ажилтан бөгөөд 2024 оны 08 сарын 30-ны өдрөөс жирэмсний болон амаржсаны амралт хүүхэд асрах чөлөөг авах хүсэлтийг ирүүлсэн тул уг ажлын байр нь хадгалагдаж байгаа ажилтны оронд *******г томилсон. Үндсэн ажилтан В.******* нь Хөдөлмөрийн тухай хуулийн 139.2- т заасны дагуу 2025 оны 07 дугаар сарын 07-нд хүсэлт ирүүлсэн тул ажил олгогч ажилд нь эгүүлэн томилох үүргийн дагуу хүсэлтийг үндэслэн урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн авах тухай 61.1.4 дэх хэсгийг үндэслэн *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгон хөдөлмөрийн тухай хуулийн 78.1.5 дахь заалтын дагуу чөлөөлсөн.

Иймд *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд дурдсан хугацаагаар буюу ажлын байр нь хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллуулах хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь В.******* ажилдаа орж ирэх хүртэл хугацаагаар байгуулагдсан учир 2025 оны 08 сарын 15-ны өдрийн Б/29 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ. /х.х-ийн 31 /

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******г *******ийн бүлгийн багшийн ажилд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******ээс дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 16,889,885.9 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-т зааснаар нэхэмжлэгч *******д төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр дээрх олговроос шимтгэл тооцохгүйгээр тооцон нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг *******т даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 307,664.17 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж... шийдвэрлэжээ.

4. Хариуцагч *******ын давж заалдах гомдлын агуулга:

4.1. ...Энэ хэрэгт нэхэмжлэгчийн эрх ашиг зөрчигдсөн гэж үзэхгүй байна, харин ажил олгогчийн буруу хуулийн заалт барьж *******гийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосноор хүүхэд асрах чөлөөтэй байж байгаад ажлаа үргэлжлүүлэн хийж байгаа В.*******гийн эрх ашиг зөрчигдөж байна.

Нөгөө талаар шүүхийн шийдвэрийг биелүүлж *******г ажилд томилсноор үндсэн орон тоон дээр үргэлжлүүлэн ажиллаж байгаа В.*******г ажлаас халах нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.3-т заасныг зөрчсөн, эрхийг сэргээх биш эсрэгээрээ В.*******гийн хөдөлмөрлөх эрхийг зөрчих үндэслэлийг бий болгож байна.

Хэрвээ ажил олгогчоос жирэмсний болон амаржсаны амралтаа авсан В.*******гээс ажилдаа орох талаар хүсэлт гаргаагүй байхад нь түүнийг өргөдөл гаргасан мэтээр хуурч өөр хүнийг ажилд авч улмаар *******гийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон бол байгууллагын туйлын буруу байсан гэдгийг эрхэм шүүх бүрэлдэхүүн анхаарна уу.

4.2. Манай байгууллагын *******г чөлөөлсөн 2025.08.15-ны өдрийн Б/29 дугаартай тушаалын үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1.5 дахь заалтыг эх сурвалж болгосон нь буруу байсан.

...тухайн хүн ажилгүй байж байгаад дээрх үндэслэлээр ажилдаа эргэж орсон тохиолдолд түүний оронд орсон ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1.5-д зааснаар дуусгавар болох бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 80.4-т зааснаар тэр орон тоон дээр ажиллаж байгаа ажилтанд 30 хоногийн өмнө мэдэгдэх учиртай юм.

Үүнээс үзэхэд манай байгууллагад Хөдөлмөрийн тухай хуулийн 61.1, 61.1.1, 61.1.3, 61.1.4-т заасан нөхцөл байдал огт бий болоогүй байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1.5 дахь заалтыг тушаалдаа эх сурвалж болгон хэрэглэсэн нь буруу гэдгээ ойлгосон.

Ажилтан В.******* нь жирэмсний болон амаржсаны амралтаа авсан нь түүний хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдсан гэсэн үг биш түүний хөдөлмөр эрхлэлтийн харилцаа хууль зүйн талаасаа үргэлжилж байгаа гэж ойлгоно.

Жирэмсний болон амаржсаны амралттай байсан ажилтан В.******* нь Хөдөлмөрийн тухай хуулийн 139.2-т заасан эрхээ эдэлж ажилдаа орох хүсэлт гаргаснаар түүний оронд орсон нэхэмжлэгч *******гийн Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа Хөдөлмөрийн тухай хуулийн 50.1.4-т зааснаар хөдөлмөрийн гэрээнд тохирсон хугацаа дууссан. Ийнхүү түүний Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1.3 дахь заалт буюу хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр ажлаас чөлөөлөх ёстой байсан.

Ажил олгогч нэхэмжлэгч *******г чөлөөлсөн тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1.3 дахь заалтыг эх сурвалж болгосон бол Хөдөлмөрийн тухай хуулийн 80.4-т заасан эрх зүйн үр дагавар үүсэхгүй бөгөөд тодруулбал *******д мэдэгдэл өгөх үүрэг үүсэхгүй, мэдэгдэл өгөх ёстой гэсэн асуудал гаргахгүй байсан.

Хэдий ажил олгогч нэхэмжлэгч *******г чөлөөлсөн маргаан бүхий 2025.08.15- ны өдрийн Б/29 дугаартай тушаалд үндэслэх хэсэгтээ буруу заалт барьж Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1.5 дахь заалтыг эх сурвалж болгосон хэдий ч үйл баримтын хувьд нэхэмжлэгч хүний оронд орсон, хүсэл зоригийн асуудал анхнаасаа тодорхой байсан гэдэг үйл баримтад давж заалдах шатны шүүх бодит дүгнэлт хийнэ гэдэгт хариуцагчийн хувьд эргэлзэхгүй байна.

4.3. Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1.3 дахь заалтыг эх сурвалж болгон *******г ажлаас чөлөөлөх ёстой байсан хэдий ч 78.1.3, 78.1.5 гэсэн хоёр тооноос болж ажил олгогч байгууллага 16,000,000 төгрөг төлөх, энэ мөнгийг дараа нь эрхлэгч ******* би хувиасаа төлнө гэдэг үнэхээрийн харамсалтай байна.

...дээрх нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. / х.х-ийн 109-112 /

5. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.

ХЯНАВАЛ:

6. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй байх боловч хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

7. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/29 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон бөгөөд хариуцагчийн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ. / х.х-1-3, 31/

Хэргээс үзэхэд:

8. *******ийн эрхлэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/40 дугаар тушаалаар бүлгийн багшаар ажиллаж байсан В.*******д жирэмсний болон амаржсаны амралт, хүүхэд асрах чөлөөг 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс олгож, 2024 оны 09 сарын 02-ны өдрийн Б/30 дугаартай тушаалаар *******г 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2026 оны 08 сарын 20-ны өдрийг хүртэл В.*******гийн жирэмсний болон амаржсаны амралт, хүүхэд асрах чөлөөг дуусгавар болтол бүлгийн багшийн орон тоонд түр хугацаагаар томилсон. /х.х-ийн 6/

Ажил олгогч нь 2024 оны 09 сарын 02-ны өдрийн Б/30 дугаартай тушаалыг хүчингүй болгож, *******ийн эрхлэгчийн 2024 оны 10 сарын 24-ний өдөр Б/44 дугаар тушаалаар *******г 2024 оны 09 сарын 02-ны өдрөөс багшийн ажилд түр томилж, уг тушаалыг нэхэмжлэгч *******д танилцуулсан байна. / х.х-ийн 35, 45-50/

9. Ажилд томилсонтой холбогдуулан талууд 2024 оны 10 сарын 23-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан байх бөгөөд уг гэрээний 2 дугаар зүйлийн 2.6.1-т ... В.*******г ажилдаа орж ирэх хүртэл гэж гэрээний хугацааг тохиролцжээ. /х.х-7-9/

Дээрх үйл баримтын талаар талууд маргаагүй, харин ажил олгогчийн санаачилгаар нэхэмжлэгч *******гийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/29 дугаартай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.5-т заасныг баримталсан, уг үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож байгаа тохиолдолд ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т зааснаар ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэж маргасан.

10. Хүүхэд асрах чөлөөтэй байсан В.******* нь хүүхэд асрах чөлөөг дуусгаж, ажилдаа орох хүсэлт гаргасныг ажил олгогч хүлээн авч, 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/29 дүгээр  тушаалаар нэхэмжлэгч *******гийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг Боловсролын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.3.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 50 дугаар зүйлийн 50.1.4, 61 дүгээр зүйлийн 61.1, 61.1.4, 61.3, 78 дугаар зүйлийн 78.1.5, 139 дүгээр зүйлийн 139.2, цэцэрлэгийн хөдөлмөрийн дотоод журмын 2 дугаар зүйлийн 2.1.6, 3 дугаар зүйлийн 3.10-т заасныг тус тус үндэслэж дуусгавар болгожээ. /х.х-5, 7-8, 85-86/

11. Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.5-д тухайн ажлын байранд өмнө нь ажиллаж байсан хүнийг энэ хуулийн 61.1-д заасны дагуу эгүүлэн авах болсон, гэж 61 дүгээр зүйлийн 61.1-д ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдаж хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь дуусгавар болсон хүн хөдөлмөрийн чадвар сэргээгдсэн тухай эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор ажилдаа орох хүсэлтээ гаргасан, хүнийг урьд нь эрхэлж байсан ажлын байранд эгүүлэн тогтоох тухай хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо, эсхүл шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон, ажлын байр нь хасагдсан шалтгаанаар ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосноос хойш гурван сарын дотор уг ажлын байр дахин бий болсноос хойш 30 хоногийн дотор ажилтан хүсэлт гаргасан тохиолдолд хүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн авах үүрэгтэй гэж тус тус хуульчилсан.

Гэтэл ажил олгогч нь тухайн ажлын байранд өмнө нь ажиллаж байсан хүнийг ажилд авах шаардлага үүссэн гэх үндэслэлээр ажилтан *******гийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан дуусгавар болгож байгаа нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хөдөлмөрийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.

12. Ажил олгогчийн гаргасан шийдвэр нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, ажлаас чөлөөлсөн, халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох үндэслэлтэй тохирч байхыг шаарддаг.

Нөгөө талаас ажил олгогч хүүхэд асрах чөлөөг өөрийн хүсэлтээр дуусгах хүсэлт гаргасан В.*******гийн хүсэлтийг хүлээн авснаар зохигчдын хооронд 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болох ба ажил олгогч хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон гэх үндэслэлээр нэхэмжлэгч *******гийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, хүүхэд асрах чөлөөтэй байсан В.*******гийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг сэргээх үүрэгтэй юм.

Ийнхүү нэхэмжлэгч *******гийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцласан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.3-т жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтны ажлын байрыг ажил олгогч хадгалах, мөн хуулийн 139 дүгээр зүйлийн 139.2-т хүүхэд асрах чөлөө нь дуусаагүй боловч ажилтан хүсэлт гаргасан бол ажил олгогч түүнийг ажлын байранд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй гэж заасантай нийцсэн.                                                                          

12. Дээрх хуульд заасан үүргээ ажил олгогч биелүүлж, *******гийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохдоо гаргасан тушаалдаа холбогдох хуулийн зохицуулалтыг зөв хэрэглээгүй боловч энэ нь нэхэмжлэгч *******г ажилд эгүүлэн тогтоох үндэслэл болохгүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т заасан хугацааны өмнө мэдэгдэх хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл ажил олгогч хуульд заасан тодорхой үндэслэлүүдээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдэхээр заасан бөгөөд энэхүү үндэслэлд *******гийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан үндэслэл хамаарахгүй.

Нөгөө талаас дээрх хуулийн зохицуулалтын зорилго нь тухайн ажилтан ажлаас чөлөөлөгдөж байгаагаа урьдчилан мэдэж, улмаар дараагийн ажлын байраа олох боломж нөхцөлийг бүрдүүлэх агуулгатай бол нэхэмжлэгч ******* нь анхнаасаа хүүхэд асрах чөлөөтэй байгаа хүний ажлын байранд түүнийг ажилдаа орох хүртэл хугацаагаар ажиллаж байгаагаа мэдэж байдаг тул түүнд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахдаа мэдэгдэх тухай зохицуулалт хуульчлагдаагүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 307/ШШ2026/00569 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,664 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Г.МЯГМАРСҮРЭН

                                          ШҮҮГЧИД                      М.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                    Я.ТУУЛ