Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 2024/ХШТ/109  

 

                                          Я.Д-д холбогдох эрүүгийн  хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Амарбаясгалан даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, прокурор С.Батсүрэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Билгүүн, иргэний хариуцагч Ч.А, түүний өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ, хохирогч Ж.Г, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.О өмгөөлөгч Л.Жавзмаа, нарийн бичгийн дарга Г.Далайцэцэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 04 дүгээр шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 33 дугаар магадлалтай, Я.Д холбогдох эрүүгийн 2332000570095 дугаартай хэргийг хохирогч Ж.Г, иргэний хариуцагч Ч.А, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Билгүүн нарын гаргасан гомдлуудыг үндэслэн 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1982 онд төрсөн, 41 настай, эрэгтэй, боловсролгүй, жолооч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “ ********** ” ХХК-д лифтчний туслах ажилтай байсан, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 73 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 зааснаар 500,000 төгрөгөөр торгох, мөн шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 34 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, О овогт Я-ын Д.

 

Я.Д нь 2023 оны 04 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 00-01 цагийн орчимд Ч.А-ийн эзэмшлийн “Тоёота приус-10” загварын *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумаас Улаанбаатар хот орохоор замын хөдөлгөөнд оролцож явахдаа Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа ** дүгээр багийн нутаг, Хадагтай мод гэх газарт Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3 дахь заалтыг зөрчиж зам тээврийн осол гарган тээврийн хэрэгслээ замын хажуу руу унагаснаас уг тээврийн хэрэгсэлд зорчин явсан Л.С амь насыг хохироож, Ж.Г эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

      

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 04 дүгээр шийтгэх тогтоолоор Я.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон, хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар Я.Д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 04 жил хасч, хорих ял оногдуулахгүйгээр 01 жил 06 сарын хугацаагаар тэнсэж,  Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.4.1-д заасныг баримтлан 2006 онд төрсөн охин С.Н, 2009 онд төрсөн хүү С.Ч, 2015 онд төрсөн охин С.Х, 2017 онд төрсөн хүү С.Ч нарыг 18 насанд хүртэл сар бүр тус тус 27,500 төгрөгийг Я.Д гаргуулан олгож,  мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасныг баримтлан Я.Д гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрт 82,500,000 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.О олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Л.О 28,572,200 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 13,840,000 төгрөгийн шаардлага хангагдсан, 14,732,200 төгрөгийн нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэхээр хэлэлцэхгүйгээр орхисон болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Жавзмаагийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хянан хэлэлцэж 33 дугаар магадлалаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтыг: “8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 499.5, 511 дүгээр зүйлийн 511.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Я.Д гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн 70 хувь буюу 115,500,000 төгрөгийг, иргэний хариуцагч Ч.А 30 хувийг буюу 49,500,000 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.О-д олгосугай” гэж өөрчлөлт оруулан шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээжээ.

 

Хяналтын шатны шүүхэд хохирогч Ж.Г гаргасан гомдолдоо: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1, 1.2-т заасан үндэслэлээр хяналтын журмаар дараах гомдлыг гаргаж байна. Миний бие нь зам тээврийн ослын улмаас хүндэвтэр гэмтсэн. Одоог хүртэл эмчилгээ хийгдээд бие сайнгүй байгаа. Ослын улмаас эмчилгээ хийгдсэн баримтыг цуглуулдаг талаар ямар нэгэн мэдлэг байхгүй байсан учир анхан шатны шүүх хурал болох хүртэл эмчилгээний баримтыг цуглуулж өгөөгүй бөгөөд нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй талаараа хэлсэн. Цаашид нэхэмжлэх зүйлгүй талаараа хэлээгүй. Гэтэл шүүхийн шийдвэрт цаашид хийх эмчилгээний зардлаа нэхэмжлэх эсэхийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгаагүй байна. Иймд эмчилгээний зардлаа цаашид нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд иргэний хариуцагч Ч.А гаргасан гомдолдоо: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1, 1.2-т заасан үндэслэлээр хяналтын журмаар дараах гомдлыг гаргаж байна. Давж заалдах шатны шүүхээс Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4-т " гэмт хэргийн улмаас бүтэн өнчин болсон бага насны хүүхдийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж тогтооно” гэж зааснаар 82,500,000 төгрөгийг хоёр дахин нэмэгдүүлэн тогтоож 165,000,000 төгрөгийн 30 хувийг иргэний хариуцагч Ч.А гаргуулж хууль ёсны төлөөлөгч, асран хамгаалагч Л.О олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.О мэдүүлгээс “...талийгаач нөхрөөсөө салаад хэсэг хугацаа өнгөрч байгаа...” гэсэн мэдүүлгээс амь хохирогчийн нөхөр хүүхдүүдийн эцэг эсэн мэнд байгаа учир хүүхдүүдийг тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөгдөхгүй бөгөөд хүүхдүүдийг асран хамгаалах тэжээн тэтгэх үүрэгтэй болно. Иймд амь хохирогчийн хүүхдүүд ослын улмаас бүтэн өнчин болоогүй байна гэж үзэж байна. 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр батлагдсан Шүүх шинжилгээний тухай хуулийн 39, 40 дүгээр зүйлд Хүний сэтгэцэд учирсан хор уршигт шинжилгээ хийх, учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох үнэлгээ хийхийг хууль тогтоогчоос хуульчлан баталсан байна. Мөн хуулийн 80.6-д “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж заасан байна. Дээрх хууль батлагдсантай холбогдуулан Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан А/268, А/275 дугаартай тушаал 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр, Монгол улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 25 дугаар тогтоолоор Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг баталсан байна. Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх талаар давж заалдах шатны шүүхээс Иргэний хуулийн 499, 511 дүгээр зүйлийг баримтлан сэтгэцэд учирсан хохирол гаргуулж байгаа нь эрүүгийн хэрэг дэх иргэний нэхэмжлэлийн асуудал гэж миний зүгээс ойлгож байна. Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Хуульд зааснаас бусад тохиолдолд Иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан байгаа нь иргэний хариуцагчаас сэтгэцэд учирсан хохирол гаргуулан шийдсэн давж заалдах шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа тул гомдлыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Билгүүн гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалт, магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг тус тус эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн дараах гомдлыг гаргаж байна. Үүнд: Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 8 дахь заалтад "... Я.Д гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрт 82,500,000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ... Л.О олгосугай” гэж, Магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад Я.Д гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн 70 хувь буюу 115,500,000 төгрөгийг, иргэний хариуцагч Ч.А 30 хувийн буюу 49,500,000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ... Л.О олгосугай” гэж өөрчлөлт оруулан шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах хуулийн үйлчлэх цаг хугацаанд хамаарахгүй байна. Анхан болон давж заалдах шатны шүүх “... шүүгдэгч Я.Д нь 2023 оны 04 дүгээр сарын 22-23-нд шилжих шөнө 00:00-01:00 цагийн орчимд Ч.А эзэмшлийн “Тоёота приус”-10 загварын *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ... Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3 дахь заалтыг зөрчиж зам тээврийн осол гарган тээврийн хэрэгслээ замын хажуу руу унагасан ...” хэмээн хэрэг болсон он, сар, өдөр, цаг хугацааг зөв тогтоон шийдвэрлэсэн хэр нь 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн хуулийн заалтыг үндэслэн сэтгэцэд учирсан гэм хорыг гаргуулж шийдвэрлэжээ. Сэтгэцэд учирсан гэм хорыг гаргуулж шийдвэрлэсэн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5 дахь заалтууд нь Иргэний хуульд 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр нэмэгдэж, Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6-д “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж хуульчлагдсан байна. Мөн Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Хуульд зааснаас бусад тохиолдолд Иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан тул сэтгэцэд учирсан гэм хорыг гаргуулж шийдвэрлэсэн хуулийн дээрх нэмэлт заалтуудыг буцаан хэрэглэх боломжгүй юм. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5 дахь зохицуулалт нь 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр дагаж мөрдөхөөс өмнө үйлдэгдсэн гэмт хэргийн сэтгэцэд учирсан гэм хорыг шийдвэрлэхэд үйлчлэх хуулийн үндэслэлгүй байх тул сэтгэцэд учирсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр гаргуулж шийдвэрлэсэн тогтоол, магадлалын холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Иргэний хариуцагчийн өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ хяналтын шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Би иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт гомдол гаргасан. Уг осол 2023 оны 04 дүгээр сарын 22-ноос 23-ны хооронд шилжих шөнө болсон. Сэтгэцэд учирсан гэм хорыг нөхөн төлөхтэй холбоотой хуулийн заалтууд Шүүх шинжилгээний хуульд 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр батлагдсан, 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хууль үйлчилж байна. Мөн хууль зүйн яам, эрүүл мэндийн сайдын тушаал, Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 25 дугаар тогтоол 07 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд гарсан байдаг. Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Хуульд зааснаас бусад тохиолдолд Иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй” заасан байдаг. Гэтэл хуулийг буцаан хэрэглэж сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулж шийдсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Энэ хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Жавзмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О өмгөөлөгчөөр анхан шатны шүүхээс эхэлж ажилласан. О нь насанд хүрээгүй таван хүүхдийн хууль ёсны асран хамгаалагчаар тогтоогдсон. Би эдгээр хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалж явна гэж ойлгож байгаа. Тэгэхээр хяналтын шатны шүүхэд гаргасан иргэний хариуцагчийн гомдлын тухайд иргэний хариуцагч гэдэг нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрүүгийн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг Иргэний хуулийн 499, 514 дүгээр зүйлд заасны дагуу хариуцах ёстой хүн гэж үзэж байна. Тийм ч учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүхийн магадлалаар Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4, 511 дүгээр зүйлийн 511.4 дахь хэсгийг баримтлан өөрчлөлт оруулж, хуулийн дагуу хоёр дахин нэмэгдүүлсэн нь хууль ёсны буюу үндэслэлтэй байна. А хувьд анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй. Би анхан шатны шүүхийн хуралд оролцсон. Сая А өмгөөлөгч тайлбарлаж байна сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах тухай Иргэний хуульд орсон өөрчлөлт 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн гэж би бодож байна. Хэрэг бол 2023 оны 04 дүгээр сарын 22-ноос 23-ны хооронд шилжих шөнө болсон тул хуулийн хүрээ үйлчилнэ. Шүүгдэгчийн болон иргэний хариуцагчийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол хууль зүйн үндэслэлгүй, давж заалдах шатны шүүхийн шийдвэр хуулийн үндэслэлтэй байна. Иймд давж заалдах шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Хохирогч Ж.Г хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжлэх боломжийг нээлттэй үлдээж өгнө үү гэв.

 

Иргэний хариуцагч Ч.А хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Өмгөөлөгчтэйгөө санал нэг байна гэв.

 

Прокурор С.Батсүрэн хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Шүүгдэгч Я.Д нь 2023 оны 04 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 00-01 цагийн орчимд Ч.А эзэмшлийн “Тоёота приус-10” загварын *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумаас Улаанбаатар хот орохоор замын хөдөлгөөнд оролцон явахдаа Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа ** дүгээр багийн нутаг Хадагтай мод гэх газарт Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3 дахь заалтыг зөрчиж, зам тээврийн осол гарган тээврийн хэрэгслээ замын хажуу руу унагаснаас уг тээврийн хэрэгсэлд зорчин явсан иргэн Л.С амь нас хохирсон, иргэн Ж.Г эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон, анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн гэм буруугийн байдлыг үндэслэлтэй дүгнэсэн байна. Харин анхан шатны шүүх Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “… бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж, …” гэснийг "... таван жилээс дээш найман жил хүртэл хугацаагаар хасаж, …” гэж нэмэгдэл ялыг хүндрүүлэн өөрчилсөн бөгөөд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Я.Д мөн хуулийн зүйл хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулж эрх хасах нэмэгдэл ялыг 4 жилийн хугацаагаар тогтоохдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1-д заасан "Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно гэснийг журамлаагүй орхигдуулсан байх тул энэ талаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй. Түүнчлэн анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байхад иргэний хариуцагч Ч.А хохирогчийн нэхэмжилж байгаа хохирол, нөхөн төлбөрийг төлүүлэх шаардлагагүй гэж үзсэн үндэслэлээ дурдаагүй, шүүгдэгчид эрх хасах нэмэгдэл ял оногдуулсан атлаа давхар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.4-т заасан үйл ажиллагаа явуулах эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг хэрэглэж байгаа үндэслэлээ тайлбарлаагүй, шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 6-д “шүүгдэгчид оногдуулсан тэнссэн болон үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээнд тавих хяналтыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж” нэмэгдэл ялыг хэрхэн хэрэгжүүлэх талаар дүгнэлт хийлгүй орхигдуулсан зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-т заасан шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхэд тодорхой, ойлгомжтой, эргэлзээгүй байхаар бичигдсэн байх шаардлагыг хангаагүй байна. Мөн анхан болон давж заалдах шатны шүүх хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах нөхөн төлбөрт Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар 82,500,000 төгрөг гаргуулах, түүнийг 2 дахин нэмэгдүүлж, иргэний хариуцагчаас 30 хувь, шүүгдэгчээс 70 хувийг гаргуулах шийдвэрүүд нь үндэслэл муутай байна. Хэдийгээр Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд буюу эдийн бус гэм хорыг арилгах заалтад 2022 оны 12 дугаар сарын  23-ны өдөр нэмэлт өөрчлөлт орсон ч уг зүйл хэсэгт заасан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах заалтыг Иргэний хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай мөн хуулийн 5 дугаар зүйлд зааснаар Шүүхийн шинжилгээний тухай хууль хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан буюу Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6-д “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж тус хуулийн сэтгэцэд учирсан хор уршгийн үнэлгээ хийхтэй холбогдох хэсэг болон түүнийг дагалдах бусад хуулийн хүчин төгөлдөр үйлчилж эхлэх хугацааг тусгайлан зохицуулсан байна. Иймд хуулийн хүчин төгөлдөр үйлчилж эхлэхээс өмнө үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд дээр дурдсан зөрчлүүдийг арилгаж, холбогдох хэсэгт өөрчлөлт оруулан, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтад тулгуурлан хоёр шатны шүүх нь 2023 оны 04 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө шүүгдэгч Я.Д нь Ч.А эзэмшлийн “Тоёота приус-10” загварын *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумаас Улаанбаатар хот руу явахдаа мөн аймгийн Баянгол сумын Хараа ** дүгээр багийн нутаг Хадагтай мод гэх газарт Замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3 дахь заалтыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргаж, тээврийн хэрэгслээ замын хажуу руу унагааснаас уг тээврийн хэрэгсэлд зорчин явсан Ж.Г эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, Л.С амь насыг хохироосон үйл баримтыг эргэлзээгүй хөдөлбөргүй тогтоож, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль зүйн дүгнэлт хийсэн байна.

 

Хоёр шатны шүүх нь хэргийн үйл баримтыг ийнхүү үндэслэлтэй тогтоосон атлаа прокурорын яллах дүгнэлтэд /хэргийн 1 дэх хавтас, 152-156 дахь тал/ Я.Д-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгүүдээр давхар зүйлчилснийг зөвтгөн шийдвэрлээгүй орхигдуулжээ.

 

Эрүүгийн хууль нь нийтлэг үндэслэл, зарчмуудыг тусгасан ерөнхий анги, тодорхой гэмт хэргийн бүрэлдэхүүн, ялын төрөл, хэмжээг тогтоосон тусгай анги гэсэн хоёр хэсгээс бүрддэг нэгдмэл, төрөлжсөн хууль юм.

Уг хуулийн тусгай анги нь бүлэг, зүйл, хэсэг, заалтаас бүрддэг бөгөөд тухайн гэмт хэргийн үндсэн буюу ердийн, хүндрүүлэх ба онц хүндрүүлэх шинж, оногдуулах ялын төрөл, хэмжээг хуульчлан тогтоосон байдаг билээ.

 

Тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэж энэ гэмт хэргийн үндсэн шинжийг заасан бол мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийн улмаас хүний амь хохирсон” хэмээн уг хэргийн хүндрүүлэх шинжийг тодорхойлсон байна.

 

Эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт гэмт хэргийг нийлмэл ба нэгдмэл гэж ангилан үздэг бөгөөд Я.Д гэмт үйлдэл нь объектив болон субьектив шинжээрээ нэгдмэл гэмт хэрэгт хамаарч байхад үүссэн үр дагавраар нь прокурор хэргийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгүүдээр давхар зүйлчилсэн нь үндэслэлгүй болжээ.

 

Тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээд нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал болон ашиглалтын журам зөрчин осол гаргаж Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн хэд хэдэн хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг буй болгосон бол түүний үйлдлийг тухайн зүйлийн хамгийн хүнд ялтай хэсэгт зааснаар зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг нь хууль хэрэглээний тогтсон жишиг юм.

 

Хэргийн зүйлчлэлийг нэгтгэн шийдвэрлээгүй атлаа хоёр шатны шүүх нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгээр шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ингэхдээ мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн болон тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилээр хассан нь түүний хувийн болон гэм буруугийн байдалд тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэж, зүйлчлэлтэй холбоотой гаргасан зөрчлийг хяналтын шатны шүүхээс зөвтгөх боломжтой гэж үзэв.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн хорин зургадугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хуулийг Улсын Их Хурал албан ёсоор нийтлэх бөгөөд хэрэв хуульд өөрөөр заагаагүй бол ийнхүү нийтэлснээс хойш арав хоногийн дараа хүчин төгөлдөр болно.

 

Харин хуульд мөрдөж эхлэх хугацааг тусгайлан зохицуулсан бол тэр хугацаанаас эхлэн хуулийг дагаж мөрддөг ба хууль цаг хугацааны хувьд хуулийн хүчин чадалтай болсон тэр үеэс хойш тэдгээрт заасан зохицуулалтыг хэрэглэж эхэлнэ.

 

Гэхдээ хуульд тусгайлан зохицуулсан бол хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн тухайн хуулийн хэм хэмжээг уг хууль хүчин төгөлдөр болохын өмнө үүссэн харилцаа, болж өнгөрсөн үйл баримтын хувьд буцаан хэрэглэдэг билээ.

 

Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа уг хуулийг дагалдуулан Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.5, 511 дүгээр зүйлд 511.3, 511.4, 511.5 дахь хэсгүүдийг нэмсэн байна.

 

Иргэний хуульд ийнхүү нэмэлт оруулсан хуулийг Шүүх шинжилгээний тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс мөрдөхөөр мөн хуулийн 5 дугаар зүйлд заасан бол Шүүх шинжилгээний тухай хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний эхлэн дагаж мөрдөхөөр энэ хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д зохицуулсан тул уг хууль нь мөн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхэлжээ.

 

Харин мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.6-д “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж тусгайлан зааснаас гадна сэтгэцэд учруулсан гэм хорыг хэн, ямар хэмжээгээр хариуцан арилгах үүрэгтэйг шинээр зохицуулсан Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3, 511.4, 511.5-д тус тус заасан хэм хэмжээг буцаан хэрэглэх талаар Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуульд заагаагүй тул эдгээр заалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-нээс хойш болж өнгөрсөн үйл явдал буюу үүссэн харилцаанд хэрэглэнэ.

 

Учир нь Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Хуульд зааснаас бусад тохиолдолд Иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан бөгөөд хууль тогтоогч сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой хуулиудыг шинээр батлан гаргахдаа эдгээр хуулийг буцаан хэрэглэх талаар хуульд тусгайлан зохицуулаагүй тул 2023 оны 07 дугаар сарын 01-нээс өмнө үйлдэгдсэн гэмт хэргийн хохирогчийн хувьд сэтгэцэд учирсан гэх гэм хорыг  мөнгөн хэлбэрээр шүүх гаргуулах үндэслэлгүй болно.

 

Дээр дурдсаны дагуу 2023 оны 04 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө үйлдэгдсэн авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учирсан сэтгэцийн гэм хорыг мөнгөн хэлбэрээр тооцож гаргуулах үндэслэлгүй тул шийтгэх тогтоолын 8 дахь заалт, түүнд өөрчлөлт оруулсан магадлалын 1 дэх заалтыг тус тус хүчингүй болгож, энэ талаар иргэний хариуцагч Ч.А, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Билгүүн нарын гаргасан гомдлуудыг хангахаар тогтоов.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заажээ.

 

Энэхүү үүрэг нь гагцхүү гэх хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоотой үүссэн байхаас гадна дээрх хуулийн зүйл, хэсэгт нэрлэн заасан объектод учирсан байх шаардлагатай.

 

Иргэний хуулийн дээрх зүйл, хэсэгт заасан “бусдын амь насанд” учруулсан гэм хорд ямар хохирлыг тооцох, түүнийг хэрхэн арилгах талаар мөн хуулийн 508 дугаар зүйлд тусгайлан тодорхой зохицуулсан байна.

 

Энэ зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зардал болон гэм хор учруулсны төлбөрийг гэм буруутай этгээд нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд гэм хор учруулсны төлбөрт ямар зардал хамаарах, түүнийг тооцох журам, төлбөр гаргуулах хугацаа зэргийг мөн зүйлийн 508.2, 508.3, 508.4 дэх хэсгүүдэд дэлгэрэнгүй байдлаар хуульчлан тогтоожээ.

 

Анхан шатны шүүх нь Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт заасан амь хохирогчийг оршуулахтай холбогдон гарсан зайлшгүй зардал болох 13,840,000 төгрөгийг шүүгдэгч нөхөн төлснийг дурдаж, бусад зардалд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 14,732,200 төгрөгийг нэхэмжилснийг хэлэлцэхгүйгээр орхиж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Мөн шүүх нь талийгаач Л.С нас барах үедээ хувиараа хөдөлмөр эрхэлж байсныг харгалзан Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.4.1-д зааснаар тухайн үед мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг иш үндэс болгон гэм хор учруулсны төлбөр буюу тэжээгчээ алдсаны тэтгэвэр, цалингийн зөрүүнд насанд хүрээгүй 4 хүүхдэд сар бүр 27,500 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж олгохоор шийдвэрлэснийг хууль зөрчөөгүй гэж үзэв.

 

Анхан шатны шүүх нь шүүгдэгч Я.Д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилээр хасах нэмэгдэл ял оногдуулсан мөртлөө түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 жил 6 сарын хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодох үйл ажиллагаа явуулахыг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3.4-т заасныг баримтлан давхардуулан хэрэглэснийг хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 04 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Прокуророос Я.Д Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн зүйлийн 3 дахь хэсгээр нэгтгэн зүйлчилж...” гэсэн хэсэг нэмсүгэй.

2.Мөн хэсгийн 2 дахь заалтын “...7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох үйл ажиллагаа явуулахыг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тогтоосугай.”

4 дэх заалтын “...хязгаарлалтыг зөрчсөн...” гэснийг тус тус хүчингүй болгосугай.

3.Мөн хэсгийн 6 дахь заалтын “...хязгаарлаж албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг...” гэснийг “...тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын биелэлтэд хяналт тавихыг ...” гэж өөрчилсүгэй.

4.Сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах тухай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалт, түүнд өөрчлөлт оруулсан магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт болон үүнтэй холбоотой 2 дахь заалтыг тус тус хүчингүй болгосугай.

5.Шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогч Ж.Г гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

                         ДАРГАЛАГЧ                                          Б.АМАРБАЯСГАЛАН

                         ШҮҮГЧИД                                              С.БАТДЭЛГЭР

                                                                                             Б.БАТЦЭРЭН

                                                                                             С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                             Ч.ХОСБАЯР