| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагваагийн Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 151/2016/01031/И |
| Дугаар | 977 |
| Огноо | 2016-09-26 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 977
Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюунцэцэг даргалж,
Нэхэмжлэгч: Төв аймгийн Сэргэлэн сумын 1 дүгээр баг, Баянбүрд 8-2 тоотод оршин суух, НС63053063 регистрийн дугаартай Харнууд овогт Баастын Энхтайваны хүсэлттэй Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Энхтайван, нарийн бичгийн дарга Ж.Оюунзул нарыг оролцуулав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Энхтайван шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Улаанбаатар хотын Налайх дүүрэгт 1963 онд төрсөн 54 настай. Би Төв аймгийн Баянзүрх /одоогийн Сэргэлэн сум/ сумын бага сургуульд 1971 онд орж суралцаж байгаад аав ээж хоёрт мал маллахад нь тус болох зорилгоор 1975 онд сургуулиас гарч бага наснаасаа эхлэн мал маллаж эхэлсэн.
Төв аймгийн Сэргэлэн сумын “Сүхбаатарын Зам” нэгдлийн Баянбүрд бригадад 1978 оны 01 сарын 01-нээс туслах малчин болж байсан, тэр үед аавын нэр дээр цалин гардаг байсан. 1992 оноос 1995 оны 11 сарын 10-ныг хүртэл түрээсийн мал маллаж байсан. Миний хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн, архиваас ажиллаж байх үеийн тушаал шийдвэр гараагүй, би 6 хүүхэд төрүүлсэн өндөр насны тэтгэврээ тогтоолгох шаардлагатай болсон. Иймд намайг 1978 оноос 1994 оныг дуустал мал маллаж байсан байдлыг миний цуглуулсан нотлох баримт, гэрчүүдийн мэдүүлэг зэргийг үндэслэн тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, Төв аймгийн Сэргэлэн сумын Сүхбаатарын зам ХК-ийн ерөнхий захирлын тушаалууд, гэрчүүдийн мэдүүлгүүд болон тэдгээрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Б.Энхтайван нь Төв аймгийн Сэргэлэн сумын “Сүхбаатарын Зам” нэгдлийн Баянбүрд бригадад 1978 оны 1 сарын 1 нээс 1994 оны 12 сарыг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор дараах нотлох баримтуудыг ирүүлжээ. Үүнд:
1.Төв аймгийн Сэргэлэн сумын “Сүхбаатарын зам” ХК-ийн ерөнхий захирлын 1992 оны 05 сарын 15-ны өдрийн 68 тоот “Түрээсийн гэрээ батлах тухай” тушаалын 2 дахь хэсэгт “... түрээсийн гэрээ хийсэн малчдын жагсаалтыг 1 дүгээр хавсралтаар баталсугай” гэсэн тушаалын 14 дүгээрт Б.Энхтайван гэж бичигдсэн байдал,
-1994 оны 07 сарын 05-ны өдрийн 39 тоот “Тэтгэмжтэй чөлөө олгох тухай” тушаалын 1 дүгээрт “... Бааст овогтой Энхтайванд нярай хүүхдээ асрахад нь зориулж 1994 оны 02 сарын 14-нөөс эхлэн .... 1 жилийн тэтгэмжтэй чөлөө олгосугай”,
-1995 оны 11 сарын 18-ны өдрийн 77 тоот “Түрээсийн гэрээ цуцлах тухай” тушаалын “... түрээсийн гэрээгээр ажиллаж байсан малчдыг 11 сарын 10-наас эхлэн үүрэгт ажлаас нь хавсралт 1-д зааснаар чөлөөлсүгэй” гэсэн тушаалын 295 дугаар Б.Энхтайван гэж бичсэн хуулбарууд,
2.Гэрч Г.Даваадорж: “Б.Энхтайван нь 1975 оноос Төв аймгийн Баянзүрх сумын Сүхбаатарын зам нэгдлийн Хонины бригадад аав малчин Баастын туслах малчнаар ажиллаж эхэлсэн. Тус нэгдлийн Хонины бригадад малчнаар 1994 оны 12 сарыг хүртэл тасралтгүй ажилласан. Би 1978 оноос Төв аймгийн Баянзүрх сумын Сүхбаатарын зам нэгдэлд дадлагын оюутан байх цагаас эхлэн тус нэгдэлд Зоо техникч, мал эмнэлгийн тасгийн эрхлэгч, малын эмчээр 1999 оныг хүртэл ажиллаж байсан” гэх,
-Гэрч Ш.Цагаанхүү: “Б.Энхтайван нь 1980 оноос хойш мал маллаж байгаа хүн. Нэгдэл задрахад 5 жил орчим түрээсийн малчнаар Сүхбаатар зам ХК-д ажилласан. Төв аймгийн Сэргэлэн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Хонины бригадад аав малчин Баастын туслах малчнаар 1994 оны 12 сарыг хүртэл тасралтгүй ажилласан. Би 1976 оноос хойш Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар нэгдэл тарах хүртэл ажиллаж байсан” гэх мэдүүлгүүд, тэдгээрийн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбарууд,
3.Төв аймгийн Архивын тасгийн 2015 оны 06 сарын 16-ны өдрийн 587 тоот албан бичигт: Тус аймгийн Сэргэлэн сумын Сүхбаатарын зам нэгдлийн даргын 1982-1991 оны баримт төрийн архивт шилжиж ирээгүй тул лавлагаа олгох боломжгүй” гэсэн тодорхойлолт зэрэг баримтууд байна.
Хүсэлт гаргагч Б.Энхтайваны Төв аймгийн Сэргэлэн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Баянбүрд бригадад ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр болон ажилд анх томилсон тушаал зэрэг баримтууд өөрт нь хадгалагдаагүй буюу архиваас олдохгүй байгаа, түүнчлэн ажиллаж байх үеийн цалингийн цэс, ажиллаж байх үеийн зарим тушаал, санхүүгийн баримтууд аймгийн архивын газар хадгалагдаагүй болох нь нэхэмжлэгч Б.Энхтайваны тайлбар, аймгийн архивын тасгаас ирүүлсэн 587 тоот лавлагаа зэргээр нотлогдож байна.
Нэхэмжлэгч нь 1978 онд насанд хүрээгүй байхдаа буюу 15 наснаасаа эхлэн Төв аймгийн Сэргэлэн сумын Сүхбаатарын зам нэгдэлд туслах малчин байсан болох нь өөрийнх нь “туслах малчин байхдаа аавын нэр дээр цалин гардаг байсан” гэх тайлбараар мөн түүний хүсэлтээр түүнтэй хамт ажиллаж байсан Г.Даваадорж, Ш.Цагаанхүү нараас хууль сануулж авсан гэрчийн мэдүүлэг, тэдний хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдсэн байдлаар тус тус нотлогдож байна.
Гэрч нарын мэдүүлэгт нэхэмжлэгчийг 1975, 1978 онуудад мал маллаж байсан гэж мэдүүлж байгаа ба дээрх онд Б.Энхтайван нь 12-15 настай буюу бага насандаа эцэг эхийн хамт мал маллаж байсныг нотолж байна.
Гэрч Ш.Цагаанхүү нэхэмжлэгчийг “1980 оноос хойш мал маллаж нэгдэл тарах хүртэл, мөн 5 жил түрээсийн мал малласан” гэж мэдүүлсэн ба түүний хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр дээрх бичилт нь давхар нотолж байх тул ач холбогдолтой баримт гэж үзлээ.
Харин нэхэмжлэгчийг хэдэн оны хэдэн сараас ажиллаж эхэлсэн он, сар өдрийг тодорхойлох баримт хэрэгт авагдаагүй ба түүний 1978 оны 01 сарын 01-нээс мал малласан гэж тайлбарласан он нь насанд хүрээгүй үе байх тул гэрчийн мэдүүлэгт үндэслэн 1980 оны 01 сарын 01-ний өдрөөс ажиллаж эхэлснээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Иймд Б.Энхтайваныг Төв аймгийн Сэргэлэн сумын “Сүхбаатарын Зам “нэгдлийн Баянбүрд бригадад 1980 оны 01 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-нийг хүртэл малчнаар ажиллаж байсан болохыг тогтоох үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан НС63053063 регистрийн дугаартай нэхэмжлэгч Баастын Энхтайваныг Төв аймгийн Сэргэлэн сумын “Сүхбаатарын Зам” нэдлийн Баянбүрд бригадад 1980 оны 01 сарын 01-нээс 1994 оны 12 сарын 31-нийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Энхтайваны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өмнөговь, Дундговь, Төв аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ОЮУНЦЭЦЭГ