Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 307

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Б.Энхмэнд, хохирогч С.Э-, шүүгдэгч Д.В-, нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч С овогт Д-ийн Вийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1910004300161 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1958 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Дорнод аймгийн Баянтүмэн суманд төрсөн, 69 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, автын жолооч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 5, эхнэр, охин, хүргэн, зээ нарын хамт Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 4 дүгээр байрны 3-7 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь

Дорнод аймгийн сум дундын шүүхийн 2002 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 02 жилийн хугацаагаар хянан харгалзсан, бие эрүүл, ухаан бүрэн, С овогт Д-ийн В.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Д.В нь согтуугаар 2019 оны 02 дугаар сарын 11-ний шөнө 23 цагийн үед Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 4 дүгээр байрны 3 дугаар орц, 6 тоотод агсам тавихаа боль гэснээс болж С.Э-ийн нүүр толгой хэсэг рүү нь гараар болон сандлаар цохиж тархи доргилт, зулайн хуйханд шарх бүхий гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

                                             

ТОДОРХОЙЛОХ нь:

                  

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:

 

Хохирогч С.Э-: “...Тухайн өдөр би нөхөртөө хоол аваачиж өгчихөөд ирсэн. Тэгтэл Т- эгч цагаан сарын бууз хийх гэсэн юм хийлцээд өг гэхээр нь ортол В гуай архи ууж байсан. Намайг ороход буузаа хийгээд дуусч байсан. Би шөнө 23 цагийн үед орсон. Намайг гэрт нь ороход В гуай чи хүний утас хулгай хийх гэж байна уу гээд байсан. Тэгээд эхнэрээ цохих гээд байхаар нь боль гэхэд чамд ямар хамаатай юм гээд намайг сандлаар цохисон. Хэн түргэн тусламж дуудсаныг мэдэхгүй байна. Маргааш нь би гэмтэл орж зургаа авахуулсан. Шүүхийн шатанд шүүгдэгчээс хохиролд хөргөгчийг авч, бид эвлэрсэн тул надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй...” гэв.

 

Шүүгдэгч Д.В-: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хохиролд өгөх бэлэн мөнгө байхгүй, өөртөө хэрэглэж байсан, худалдаж аваад 1 сар болж байсан хөргөгчөө хохирогчид өгсөн, хохирогч хохиролд авахад татгалзахгүй гэсэн, хохирлоо төлж барагдуулсан, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү....” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч С.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 02 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө ...22 цагийн үед хөрш В-ийн гэрт ороход Гантөмөр ах болон өөр дөрвөн хүн архи ууж байсан. Намайг орсны дараа 0,5 литрийн архи гаргаж ирээд бүгдэд нь нэг хундагыг хийж өгснөөс уучихаад байж байхад В гэртээ байсан хүмүүс рүү агсам тавих гээд байхаар нь та болиоч гэхэд над руу дайраад байсан. Энэ үед В-ийн эхнэр Т- хүн дуудах гээд гадагшаа гарахад хуванцар сандлаар миний толгой руу цохиж, дараа нь гар руу нэг удаа цохисон..." /хх-ийн 10-11, 12-13/ гэсэн,

 

Гэрч Л.Т- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: "...2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хөршүүдээ гэртээ оруулаад  байж байхад ...В тэнд байсан хүмүүс рүү агсраад би хүний юмыг авахдаа тулаагүй гээд орилоод байсан чинь Чимэгээ таныг авсан гээгүй, намбатай бай гээд хэлэхэд В босч ирээд намайг баруун гараараа түлхсэн. Энэ үед Э та эхнэрээ яаж байгаа юм бэ гээд тэр хоёр барьцалдаж авахаар нь би тусламж дуудах гээд гарчихаад эргээд орж ирэхэд гэрийн хана, шал, хөргөгч бүх зүйл цус болчихсон байсан. Энэ үед Э танай нөхөр чинь намайг зодсон гээд пивор шанага хагарсан..." /хх-ийн 19-20, 22-23/ гэсэн,

 

Шүүгдэгч Д.В мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 02 дугаар сарын 11-ний орой 22 цагийн үед ...Э- орж ирээд Э-, Энхбат, Т- бид дөрөв хамтдаа 0,5 литрийн архи хувааж уусан. Архиа ууж дуусчихаад Энхбат, Э- хоёр харилаа гээд явсан. Ингээд Т- бид хоёр унтаж амрах гээд байж байхад Эрдэчимэг дахин архи ууна гээд гаднаас орж ирэхээр нь “одоо архи байхгүй, харьж унт, хүний юм хулгай хийхгээгүй л юм бол харьж амар” гэж хэлэхэд танай юмыг тоож хулгай хийхгүй, хөгшин тархи минь гээд намайг алгадсан. Тэгэхээр нь би Э-ийг пивор шанагаар толгой руу нь нэг удаа цохиход Т- боль гээд байсан. ...Ширээний хажууд өлгөөтэй байсан цэнхэр шанагаар толгой руу нэг удаа, улаан хүрэн өнгийн пивор сандлаар гар руу нэг удаа цохисон..." /хх-ийн 34-36, 37-38/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн №2299 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. С.Э-ийн биед тархи доргилт, зулайн хуйханд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” /хх-ийн 25/ гэсэн дүгнэлт,

 

- Хохирлын баримтууд /хх-ийн 7/,

- Шүүгдэгч Д.В-ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 44-49/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Д.В-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

                                                                                                                              

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч Д.В нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2019 оны 02 дугаар сарын 11-ний шөнө 23 цагийн үед Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, ....дүгээр байрны .... дугаар орцны .... тоотод “агсам тавихаа боль” гэснээс болж С.Э-ийн тархи доргилт, зулайн хуйханд шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч С.Э-ийн “...2019 оны 02 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө ...22 цагийн үед хөрш В гэртээ байсан хүмүүс рүү агсам тавих гээд байхаар нь та болиоч гэхэд над руу дайраад байсан. Энэ үед В-ийн эхнэр Т- хүн дуудах гээд гадагшаа гарахад хуванцар сандлаар миний толгой руу цохиж, дараа нь гар руу нэг удаа цохисон..." /хх-ийн 10-11, 12-13/ гэсэн, гэрч Л.Т-ийн "...В тэнд байсан хүмүүс рүү агсраад би хүний юмыг авахдаа тулаагүй гээд орилоод байсан чинь Чимэгээ таныг авсан гээгүй, намбатай бай гээд хэлэхэд В босч ирээд намайг баруун гараараа түлхсэн. Энэ үед Э та эхнэрээ яаж байгаа юм бэ гээд тэр хоёр барьцалдаж авахаар нь би тусламж дуудах гээд гарчихаад эргээд орж ирэхэд гэрийн хана, шал, хөргөгч бүх зүйл цус болчихсон. Энэ үед Э танай нөхөр чинь намайг зодсон гээд пивор шанага хагарсан байдалтай байсан..." /хх-ийн 19-20, 22-23/ гэсэн, шүүгдэгч Д.В-ийн “...би Э-ийг пивор шанагаар толгой руу нь нэг удаа цохиход Т- боль гээд байсан. ...Ширээний хажууд өлгөөтэй байсан цэнхэр шанагаар толгой руу нэг удаа, улаан хүрэн өнгийн пивор сандлаар гар руу нэг удаа цохисон..." /хх-ийн 34-36, 37-38/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны №2299 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. С.Э-ийн биед тархи доргилт, зулайн хуйханд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 25/ гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.В-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Д.В-т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч С.Э-ийн эрүүл мэндэд тархи доргилт, зулайн хуйханд шарх бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчийн гэртээ хэрэглэж байсан хөргөгчийг хохирол төлбөрт тооцон авсан одоо гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

 

Шүүгдэгч Д.В нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирлын хэмжээ, түүний насны байдал, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж буй зэрэг хувийн байдлыг харгалзан түүнд хуульд зааснаар торгуулийн ял оногдуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн 1910004300161 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч С.Э гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:        

 

1. Шүүгдэгч С овогт Д-ийн В-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д-гийн В-ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Д.В-т оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.В торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 1910004300161 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй хохирогч С.Э гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.В-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.В-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

      

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Д.АЛТАНЖИГҮҮР