| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдорж Мандалбаяр |
| Хэргийн индекс | 197/2025/37329/И |
| Дугаар | 210/МА2026/00864 |
| Огноо | 2026-04-20 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 210/МА2026/00864
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, шүүгч Н.Гэрэлтуяа, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
*******ийн нэхэмжлэлтэй,
*******арт холбогдох,
Хөрөнгийн үнэлгээ, анхны албадан дуудлага худалдааны тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******арт холбогдуулан хөрөнгийн үнэлгээ, анхны албадан дуудлага худалдааны тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Тодруулбал,
нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн ханшаас хэт багаар үнэлсэн, хариуцагч нь хөрөнгийн үнэлгээг мэдэгдээгүй гомдол гаргах эрхийг хязгаарласан, үнэлгээний талаарх мэдэгдэл, анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг 2025 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр мэдсэн, энэ хугацаанд эмнэлэгт байсан учир мэдэгдлийг хүлээн авах боломжгүй байсан тул хөрөнгийн үнэлгээ болон анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг тус тус хүчингүй болгож өгнө үү... гэсэн бол,
хариуцагч нь ...хөрөнгийн үнэлгээг 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэгчид мэдэгдэхээр түүний хаягаар удаа дараа очиход хүнгүй байсан, 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэгчтэй утсаар холбогдоход эмнэлэгт хэвтэж байгаа, очиж авах боломжгүй гэсэн тул өөрийнх нь зөвшөөрснөөр баталгаат шуудангаар хүргүүлж, улмаар нэхэмжлэгчээс хөрөнгийн үнэлгээтэй холбоотой гомдол, санал гаргаагүй тул анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 11/01 тоот тогтоолыг 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гардуулсан... гэжээ.
3. Хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлэхэд дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:
3.1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШЗ2024/31671 дугаар Нотариатын мэдэгдэх хуудас баталгаажуулах тухай захирамжаар төлбөр төлөгч *******ээс үндсэн төлбөр 500,000,000 төгрөг, хүү 384,550,000 төгрөг, нийт 884,550,000 төгрөгийг төлбөр авагч *******д олгох нотариатын мэдэгдэх хуудсыг баталгаажуулж /х.х-ийн 22-24/
3.2. *******ар нь 2024 оны 12 дугаар сарын 16-ны 101/ГХ2024/00007 тоот гүйцэтгэх хуудсыг үндэслэн 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, /х.х-ийн 21, 25/
3.3. Эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, ******* дүүрэг, *******дугаар хороо, ******* хотхон, гудамж, дүгээр байр, 1 тоот хаягт байрлах 91.2 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 25260213/2 дугаартай тогтоолоор битүүмжилж, 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 25260213/4 дугаартай тогтоолоор хураан авч, /х.х-ийн 71-72, 27-28/
3.4. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хариуцагч тал төлбөр төлөгчид дуудлага худалдааны үнийн санал ирүүлэх мэдэгдэл хүргүүлсэн ба төлбөр төлөгч ******* нь 930,204,000 төгрөгийн үнийн санал гаргасан. /х.х-ийн 31/
Гэвч талууд барьцаа хөрөнгийн үнийн талаар харилцан тохироогүй учир хариуцагч *******рын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 9/164 тоот тогтоолоор хөрөнгийн үнэлгээчин ыг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт тус тус нийцсэн байна. /х.х-ийн 30-32/
3.4. Шинжээчээр томилогдсон хөрөнгийн үнэлгээчин нь үл хөдлөх эд хөрөнгийг 592,843,868 төгрөгөөр үнэлжээ. /х.х-ийн 79-100/
3.5. Улмаар шийдвэр гүйцэтгэгч ******* нь үнэлгээний тайлантай танилцах талаар мэдэгдэхээр төлбөр төлөгч *******тэй дугаарын утсаар 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдөр холбогдоход тэрээр эмнэлэгт хэвтэж байгаа гэсэн тул 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдөр түүний хаягаар шуудангаар хүргүүлсэн байна. /х.х-ийн 34-35/
3.6. Мөн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 11/01 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг төлбөр төлөгч *******д 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гардуулжээ. /х.х-ийн 37/
4. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч ******* нь өөрийн оршин суугаа хаяг, и-мэйл, фейсбүүк хаяг болон холбоо барих утасны дугаарын талаарх мэдээллийг өгсөн бөгөөд шийдвэр гүйцэтгэгч түүний утсаар холбогдож, оршин суугаа хаягаар хөрөнгийн үнэлгээний тайланг хүргүүлсэн болох түүний 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн утсаар ярьсан тэмдэглэлээр тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаарх мэдэгдэл, холбогдох эрхийн акт, шийдвэр зэргийг төлбөр төлөгчид бус шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч бус, хамааралгүй этгээдэд хүргүүлж байсан... гэх гомдлыг хүлээн авахгүй. /х.х-ийн 70/
Тодруулбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 14.4-т тус тус зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар мэдэгдэх хэлбэр, арга журмын талаар тухайлан зохицуулсан бөгөөд хариуцагч *******ар нь нэхэмжлэгч *******д хөрөнгийн үнэлгээ болон анхны албадан дуудлага худалдаа явуулах талаар баталгаат шуудангаас гадна утсаар мэдэгдсэн байх тул нэхэмжлэгчийн мэдэх, сонсох эрхийг зөрчсөн гэж дүгнэхгүй.
Түүнчлэн шийдвэр гүйцэтгэгч ажиллагааны талууд хүндэтгэн үзэх шалтгаанаар шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаанд оролцох боломжгүй байгаа тохиолдолд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан оролцох боломжтой байдаг.
5. Хэрэгт цугларсан баримтаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна. Үүнд:
5.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49.1-т Хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах гэж тухайн хөрөнгийг захиран зарцуулах, түүнчлэн эзэмших, ашиглах эрхийг хязгаарлах ажиллагааг ойлгоно гээд 49.2-т Энэ хуулийн 49.1-д заасан эрхийг хязгаарлах хүрээ болон хугацааг тухайн хөрөнгийн шинж чанар, гүйцэтгэх үүрэг, түүнийг эзэмшиж, ашиглаж байгаа хэлбэр, гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг биелүүлэхэд эзлэх хувийг харгалзан шийдвэр гүйцэтгэгч бие даан тогтооно гэж тус тус заасан.
Тодруулбал, хуульд шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр барагдуулах зорилгоор эд хөрөнгийг битүүмжлэх үйл ажиллагааг явуулахдаа тухайн хөрөнгийн эрхийг хязгаарлах хүрээ болон хугацааг бие даан тогтоох бөгөөд үүнд хөндлөнгийн гэрчийг заавал оролцуулахаар зохицуулаагүй.
5.2. Мөн энэ хуулийн 48.1-д Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн эд хөрөнгийн хэмжээ, тэдгээрийн үнэлгээ, үнэлгээнд нөлөөлөхүйц шинж чанарыг тогтоох зорилгоор өөрт нь болон бусдын эзэмшилд байгаа түүний өмчлөлийн эд хөрөнгөд нэг бүрчлэн үзлэг хийх, тээврийн хэрэгсэл, ажлын байр, агуулах сав, эзэмшил газарт нэвтрэн орж иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд ач холбогдол бүхий баримт, мэдээллийг гаргуулан авах, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн зөвшөөрснөөр бусдын орон байранд нэвтрэн орох эрхтэй гэж заажээ.
Шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгчийн болон мөн бусдын эзэмшилд байгаа түүний өмчлөлийн эд хөрөнгөд нэвтрэх үйл ажиллагааг явуулах нь эд хөрөнгө битүүмжлэхээс өөр агуулгатай буюу анхнаасаа тодорхой зорилгыг хэрэгжүүлэхээр нэвтэрдэг байх тул үүнийг ахлах шийдвэр гүйцэтгэгч зөвшөөрөхөөс гадна мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-т Төлбөр төлөгчийн эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийх ажиллагааг явуулахад энэ хуулийн 41.1-д заасны дагуу хөндлөнгийн гэрчийг оролцуулна гэж зааснаар хөндлөнгийн гэрч оролцуулах зохицуулалттай.
Тэгэхээр битүүмжлэх ажиллагаа нь орон байр, эд хөрөнгө байгаа газарт нэвтрэх, эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийх, түүнийг хураан авах ажиллагаанаас өөр тул хөндлөнгийн гэрч байлцуулах шаардлагагүй.
Энэ талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д Төлбөр төлөгчийн орон байр, эд хөрөнгө байгаа газарт нэвтрэх, эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийх, түүнийг хураан авах үйл ажиллагааг хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийн оролцоотой явуулна гэж заажээ.
5.3. Хэрэгт авагдсан баримтаар 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх ажиллагаанд төлбөр төлөгч ******* оролцсон байна.
Тиймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ гүйцэтгэхэд байлцах гэж зааснаар нэхэмжлэгч /төлбөр төлөгч/ - ийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцох, танилцах, тайлбар өгөх эрх хангагдсан.
5.4. Харин төлбөр төлөгч ******* нь 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн эд хөрөнгө хураах ажиллагаанд оролцоогүй бөгөөд энэ хугацаанд эмнэлэг /өвчтэй/-т байсан гэх боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй.
Гэвч хариуцагч байгууллагын зүгээс төлбөр барагдуулахаар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн түрээслэгч болон хөндлөнгийн гэрч Ц.Ууганбаатар, Д.Наранцэцэг нарыг байлцуулан эд хөрөнгө хураах ажиллагааг явуулж, эд хөрөнгө хураах тогтоолыг түрээслэгчид гардуулан өгч, төлбөр төлөгч *******д өгөхийг даалгасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсгийг зөрчсөн гэж дүгнэхэд учир дутагдалтай байна.
Хэргийн баримтаар төлбөр төлөгч ******* нь эд хөрөнгө хураан авах тухай тогтоолыг түрээслэгч оос мэдсэн ба шийдвэр гүйцэтгэгчийн уг үйл ажиллагааны талаар эрх бүхий этгээдэд гомдол гаргаагүй бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн үнийн санал ирүүлэх мэдэгдлийг хүлээн авч, 930,204,000 төгрөгийн санал гаргасан байгаагаас үзвэл эд хөрөнгө хураах ажиллагааг зохих ёсоор явуулсан гэж үзнэ.
5.5. Хөрөнгийн үнэлгээчин ын 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн үнэлгээний тайланд үл хөдлөх эд хөрөнгийг өртгийн хандлагын аргаар 262,476,730 төгрөгөөр, зах зээлийн хандлагын аргаар 592,843,868 төгрөгөөр, тус тус үнэлсэн ба хөрөнгийн үнэлгээг тогтоохдоо тухайн хөрөнгөтэй ижил төрлийн хийгээд байршлын хувьд ойролцоо худалдахаар нийтэд саналын дуудлага гаргасан 3 объектыг зохих шалгуураар сонгон авч харьцуулалт хийх замаар зах зээлийн хандлагын аргаар үнэлж тогтоосон 502,566,627 төгрөгийн үнийн дүнг бодитой гэж үзсэн нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т заасныг зөрчөөгүй гэж үзнэ. /х.х-ийн 79-100/
Энэ талаар Үнэлгээний олон улсын стандарт 105-ын 10 дугаар зүйлийн 10.4-т Хөрөнгийн үнэлгээний хувьд, ялангуяа үнэлгээчин нь гэрээт ажлын бодит байдал, нөхцөл байдлуудыг харгалзан үзсэнээр нэг аргыг үнэн зөв бөгөөд найдвартай гэдэгт өндөр түвшиний итгэлтэй байгаа тохиолдолд нэгээс олон аргыг ашиглахыг үнэлгээчнээс шаарддаггүй... гэж зааснаар бүх аргачлалыг заавал нэгэн зэрэг хамтад нь хэрэглэх талаар тухайлан заагаагүй, харин үнэлгээчин нөхцөл байдлаас хамаарч эдгээр аргуудаас сонгон хэрэглэж болохыг зөвшөөрсөн байна.
Өөрөөр хэлбэл, хөрөнгийн үнэлгээний шинжээч нь зохигчийн маргаж буй үл хөдлөх эд хөрөнгө оршин буй газарт ойролцоо байршилд худалдахаар санал болгосон 3 үл хөдлөх эд хөрөнгүүдийн зах зээлийн үнийг харьцуулан судалж, хөрөнгийн үнэлгээг тогтоосныг буруутгахгүй учир энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авахгүй.
5.6. Түүнчлэн төлбөр авагч болон төлбөр төлөгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд эсрэг-тэсрэг ашиг сонирхолтой оролцож буй этгээд болохын хувьд шүүхийн шийдвэрийг албадан биелүүлж байгаа эрх бүхий байгууллагын үйл ажиллагааны хүрээнд томилогдсон хөрөнгийн үнэлгээчний тайланг үндэслэлгүй гэж маргаж буй тохиолдолд анхнаасаа үүнийг нотлох үүргийг тухайн маргасан нэхэмжлэгч нь хүлээх учиртай.
Гэтэл нэхэмжлэгч нь уг үнэлгээг үндэслэлгүй, зах зээлийн ханшнаас хэт бага гэсэн тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.
5.7. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн *******дугаар зүйлийн 15.8-д Хөрөнгийн үнэлгээчний эрхийг сунгаснаас хойш энэ хуулийн 12.1-д заасан үүргээ биелүүлсэн тохиолдолд үнэлгээчинд хөрөнгийн үнэлгээ хийх эрхийг хугацаагүй олгоно гэж заажээ.
Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтийн удирдах зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 10 тоот тогтоолоор т хөрөнгийн үнэлгээчний эрхийг хугацаагүйгээр олгосон ба тэрээр хөрөнгийн үнэлгээний тайланд гарын үсэг зурж, хугацаагүй эрхтэй үнэлгээчний гэрчилгээг хавсаргасан байна. /х.х-ийн 102/
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шинжээчээс шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаар мэдээллийг тодруулж, түүнд эрх үүрэг тайлбарласан бөгөөд тэрээр шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцож болохгүй нөхцөл байдал байхгүй талаар баталгаа гарган гарын үсэг зуржээ. /х.х-ийн 75-77/
Мөн энэ магадлалын 4.5-д шинжээчийн дүгнэлт хууль зөрчөөгүй талаар дүгнэсэн тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шинжээч ын шүүх хуралдаанд гаргасан мэдүүлсэн мэдүүлэг болон түүний бичгээр гаргасан үнэлгээний тайлан хоорондоо илтэд зөрүүтэй, эргэлзээтэй байхад үүнийг шүүх анхаарч үзээгүй гэсэн гомдол үндэслэлгүй.
6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно гэж, 44.4-т Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно гэж тус тус заасан.
Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч ******* нь 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 11/01 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гардаж авсан бөгөөд уг өдрөөс хойш 7 хоногийн дотор буюу 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргах ёстой байтал тэрээр 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гомдол гаргасан нь дээрх хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байгааг үүгээр нэмж дүгнэнэ.
Өөрөөр хэлбэл, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд хуулиар тогтоосон хугацааны дотор эрх бүхий этгээд / шийдвэр гаргах тогтолцоо/ -д шүүхэд тухайн асуудлаар нэхэмжлэл гаргахаас өмнө урьдчилан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах журамтай бөгөөд нэхэмжлэгч нь хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэдгээ баримтаар нотлоогүй.
Хэдийгээр нэхэмжлэгчийг эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан талаар зохигч маргаагүй боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүйн сацуу 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдөр утсаар холбогдоход ...би, 5 дахь өдөр эмнэлгээс гарна... гэх хариу өгснөөс үзвэл анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг гардаж авсан 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс хойш түүнийг эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан гэж үзэх боломжгүй.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 197/ШШ2026/04095 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул талууд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.ГЭРЭЛТУЯА
Б.МАНДАЛБАЯР