Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 978

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюунцэцэг даргалж,

Төв аймгийн Мөнгөнморьт сумын Булаг багийн 11 дүгээр гудамж 9 тоотод оршин суух НП66040869 регистрийн дугаартай “Зураачийнхан” овогт Балжиннямын Цэрэннадмидын улсад ажилласан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Б.Цэрэннадмид, нарийн бичгийн дарга Г.Сугармаа нарыг оролцуулав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Б.Цэрэннадмид шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

Миний бие 1966 онд Төв аймгийн Мөнгөнморьт сумын Гэрэлт хэмээх газар төрсөн. Сумын дунд сургуулийг 1982 онд төгсөөд малын эмчийн 45 хоногийн курсд суралцсан. Би Улаанбаатар нэгдэлд мал эмнэлгийн санитарч, эмчилгээ тэжээлийн цэгт малын эмчээр 1983 оны 07 сарын 15-наас 1991 оны 07 сарын 01-нийг хүртэл ажилласан. Энэ үеийн хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн тул дээрх хугацаанд ажиллаж байсан болохыг миний цуглуулсан нотлох баримт, архивын лавлагаа болон гэрчүүдийн тодорхойлолт болон бусад нотлох баримтанд үндэслэн тогтоож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар, Улаанбаатар нэгдлийн даргын тушаалууд, Мөнгөнморьт сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны захирамж, архивын тодорхойлолт, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Цэрэннадмид нь Төв аймгийн Мөнгөнморьт сумын “Улаанбаатар” нэгдэлд 1983 оны 07 сарын 15-наас 1991 оны 01 сарын 01-нийг хүртэлх хугацаанд санитарч, тэжээл эмчилгээний цэгт малын эмчээр ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор дараах нотлох баримтыг ирүүлсэн байна. Үүнд:

1.Улаанбаатар нэгдлийн даргын 1983 оны 07 сарын 25-ны өдрийн 68 тоот Ажилд томилох ба өөрчлөх тухай тушаалд “Тус нэгдлийн Жаргалант бригадын ЭТ Цэгийн санитарчнаар Балжиннямын Цэрэннадмидыг 07 сарын 15-наас, ... томилсугай” гэсэн бичилт,

-1986 оны 03 сарын 17-ны өдрийн “Ээлжийн амралт олгох тухай” тушаалын хавсралтад “... санитарч Б.Цэрэннадмидыг 11 сарын 01-нээс 18 хоног амраасугай”,

-1987 оны 12 сарын 01-ний өдрийн “Ажилд томилох ажлаас өөрчлөх, ээлжийн амралт олгох тухай” тушаалд “... малын санитарч Цэрэннадмидыг 12 сарын 01-нээс ЭТЦэгийн малын эмчээр тус тус томилсугай”,

-1989 оны 07 сарын 24-ний өдрийн 13 тоот “Ээлжийн амралт олгох, ажилд томилох тухай” тушаалд “ЭТЦ-ийн эмч Б.Цэрэннадмид,  ... 07 сарын 24-нөөс ээлжийн амралтыг олгосугай”,

-1990 оны 04 сарын 09-ний өдрийн 17 тоот “Чөлөө олгох тухай” тушаалд “ЭТЦэгийн малын эмч Б.Цэрэннадмидад 3 сарын 25-наас 5 сарын 25-ныг хүртэл хүүхдээ асрах цалингүй чөлөө олгосугай” гэсэн бичилт, 

2.Төв аймгийн Архивын тасгийн 2016 оны 09 сарын 09-ний өдрийн 719 тоот албан бичигт: “Тус аймгийн Мөнгөнморьт сумын Улаанбаатар нэгдлийн даргын 1991 оны тушаал, мөн нэгдлийн зөвлөлийн даргын 1990-1991 оны тушаал төрийн архивт шилжиж ирээгүй тул иргэн Б.Цэрэннадмидад лавлагаа олгох боломжгүй байна” гэсэн тодорхойлолт,

3.Гэрч С.Баасангийн Балжиннямын Цэрэннадмидыг сайн мэднэ, намайг Төв аймгийн Мөнгөнморьт сумын Улаанбаатар нэгдлийн мал эмнэлэгт 1976-1998 онуудад ажиллаж байхад Б.Цэрэннадмид нь 1983 оны 07 сараас 1991 оны 07 сарыг хүртэл мал эмнэлгийн санитарч, малын эмчээр ажиллаж байсан” гэх тодорхойлолт түүний нотариатаар гэрчлүүлсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбарын 3-13 дахь талд бичигдсэн бичилт,

4.Б.Цэрэннадмидын малын эмчийн үнэмлэхийн хуулбар, 1983, 1987, 1991 онд хамт олонтойгоо авахуулсан гэрэл зураг зэрэг бичгийн нотлох баримтууд байна.

 

Хүсэлт гаргагч Б.Цэрэннадмид Төв аймгийн Мөнгөнморьт сумын “Улаанбаатар” нэгдэлд санитарч, малын эмчээр ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр болон анх ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаал зэрэг баримтууд өөрт нь хадгалагдаагүй буюу архиваас олдохгүй, архивын газар хадгалагдаагүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, аймгийн архивын тасгаас ирүүлсэн 719 тоот лавлагаа зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.

Нэхэмжлэгчийн  хөдөлмөрийн  дэвтэр  үрэгдсэн  хэдий  ч  түүний  тухайн цаг үед   малын эмчээр  ажиллаж  байсан   болох нь       ажилд орсон,  гарсан  үеийн  тушаалуудаар,  мөн   гэрч  нарын  мэдүүлэг, тэдний   хөдөлмөрийн  дэвтрийн хуулбар  зэргээр   нотлогдож  байна  гэж  үзлээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн  40.1-д “шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж зааснаар хүсэлт гаргагчаас ирүүлсэн дээрх бичгийн нотлох баримтуудыг үнэлж нэхэмжлэгч Б.Цэрэннадмидыг Төв аймгийн Мөнгөнморьт сумын Улаанбаатар нэгдэлд 1973 оны 07 сарын 15-наас 1991 оны 07 сарын 01-нийг хүртэл  санитарч малын эмчээр ажиллаж байсан болохыг тогтоох үндэслэлтэй байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан НП66040869 регистрийн дугаартай “Зураачийнхан” овогт Балжиннямын Цэрэннадмидыг 1983 оны 07 сарын 15-наас 1991 оны 07 сарын 01-нийг хүртэлх хугацаанд Төв аймгийн Мөнгөнморьт сумын “Улаанбаатар” нэгдэлд санитарч, малын эмчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагч Б.Цэрэннадмидын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авах үүрэгтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Л.ОЮУНЦЭЦЭГ