Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 308

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Б.Мөнгөншагай, хохирогч Ч.Ц-ийн өмгөөлөгч Ц.Эрдэнэбат, шүүгдэгч Б.Э-, нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Т овогт Б-ийн Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1903000670095 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1994 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сант суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, аав, ээж, 3 дүүгийн хамт Сэлэнгэ аймгийн Сант сумын .... баг .......... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Т овогт Б-ийн Э.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Э нь 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өглөө 06 цаг 25 минутын орчимд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Хүннү молл” дэлгүүрийн урд талын замд Ж.З-гийн эзэмшлийн Тоёота Приус-20 маркийн, **-** СЭҮ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан “...Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” 4 дүгээр хавсралтын 5.1-т заасан “...гэрэлтүүлэх хүч нь тухайн тээврийн хэрэгслийн хийцэд тохироогүй, мөн дүрмийн 16.2-т заасан “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас гэрлэн дохио бүхий явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Ч.Ц-ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                  

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Б.Э-: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Ч.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 01 дүгээр сарын 15-ны өглөө 06 цаг 30 минутын орчимд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Хүннү Молл дэлгүүрийн урд замын явган хүний гарцаар хойноосоо урагшаа чиглэлд ногоон гэрлээр гарч явахад урд талын урсгалаар баруунаас зүүн тийш явж байхад суудлын автомашин миний баруун талаас хүчтэй ирж мөргөсөн. ...Нэг мэдсэн би газарт унаад миний хөлийн өрөөсөн гутал ойролцоогоор 4-5 метр орчим зайд замын голд хэвтэж байсан. Тэгээд намайг мөргөсөн залуу өөрийнхөө утсаар 103 дуудсан...” /хх-ийн 16-17/ гэсэн,

 

Иргэний хариуцагч Ж.З мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 01 дүгээр сарын 14-ний өглөө манай найз Б.Э бор шаргал өнгийн **-** СЭА улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн авто машин жолоодож манай үеэл ах Ж.Б-ийг Төв номын сан руу хүргэж өгөхөөр явж байгаад зам тээврийн осол гаргасан байна. Б.Э бид хоёр 2019 оны 01 дүгээр сарын 13-ны орой үеэл ах Ж.Б-ийг өглөө эрт Төв номын сан руу хүргэж өгөхөөр гэрт очиж хоносон би орой унтахдаа өөрийн найз Б.Э-ийг өглөө сэрвэл чи яваад axийг хүргээд өгчих үү гэж ярилцаж байгаад өглөө намайг сэрээгээрэй хамт явна шүү гэж хэлээд унтаж амарсан. Тэгтэл маргааш өглөө нь Б.Э намайг сэрээлгүй манай үеэл ах Ж.Б-ийг хүргэж өгөхөөр Тоёота пирус-20 маркийн **-** СЭА улсын дугаартай авто машиныг жолоодоод явсан байсан...” /хх-ийн 24/ гэсэн,

 

Гэрч Ж.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 01 дүгээр сарын 15-ны өглөө 05 цагиийн үед босоод З-г сэрээх гэсэн боловч сэрэхгүй байсан. Энэ үед найз Э нь сэрээд та явах болчихсон юм уу гэхээр нь “чамайг яв” гэж хэлсэн юм уу гэхэд Э “тийм” гэж хэлээд босож ирээд бид хоёр 05 цаг 30 минутын орчим манай гэрээс Э Тоёота Приус-20 маркийн **-** СЭҮ улсын дугаартай авто машиныг жолоодож гарсан. Манай ажлын автобус өглөө 07 цагт Эрүүл мэндийн яамны зүүн талаас Өмнөговь аймгийн Гурван тэс сум руу явдаг. Мөн хамт эмчээр ажилладаг эгч Ч.Т-гийн гэр нь яармагт байдаг болохоор замдаа аваад хамт явдаг. Тухайн өглөө Ч.Т- эгчийг аваад замын урд талын Шунхлай шатахуун түгээх станц руу орж би Э-өд 10.000 төгрөг өгч бензин хийгээд цаашаа хөдөлсөн. ...Бид баруунаас зүүн чиглэл Яармагийн урд талын замаар нэгдүгээр эгнээгээр явж байсан Хүннү молл дэлгүүрийн ойролцоо явж байтал гэнэт урд түк хий чимээ гарахаар нь би хүн мөргөчихсөн юм биш үү гэхэд Э зүүн талын автобусны зогсоол руу орж зогсоод машинаасаа буугаад яваад ...замын нэгдүгээр эгнээнээс мөргүүлсэн гэх явган зорчигчийг түшээд замын урд талын хашлага дээр суулгаж байгаа харагдсан...” /хх-ийн 28-30/ гэсэн,

 

Гэрч Ч.Т- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 01 дүгээр сарын 15-ны өглөө 07 цагт Эрүүл мэндийн яамны зүүн талаас Өмнөговь аймгийн Гурван тэс рүү явдаг ажлын автобусанд суухаар хамт ажилладаг Ж.Бд дайгдаж явсан. Намайг суулгаад замын урд талын Шунхлай шатахуун түгээх станцаас бензин хийчихээд шатахуун түгээх станцаас баруунаас зүүн зүг рүү явж байхад Хүннү молл дэлгүүрийн урд талын замд явж байхад түк хийх чимээ гарахаар нь би автомашины дугуй хагарсан гэж бодоод жолоочоос юу болсон талаар асуухад жолооч машинаас буугаад хүн мөргөчихлөө гэхээр нь Б бид хоёр хамт машинаас буухад жолооч залуу мөргүүлсэн явган зорчигч эмэгтэйг замын урд тал руу өргөөд гаргаж байсан. Б бид хоёрыг яваад очиход мөргүүлсэн явган зорчигч замын хашлага дээр сууж байсан ба та яаж байна гэж асуугаад харахад нүүрнийх нь баруун тал нь хавдаад хөхөрчихсөн, баруун хөлийн гутал нь сугарчихсан, хамраас цус гарч байсан байдалтай байсан. Тэгтэл мөргүүлсэн гэх явган зорчигч настай эмэгтэй би сая халтираад уначих шиг боллоо гэж бодлоо гэж ярихад Б миний хажууд зогсож байсан ба таныг машин мөргөчихлөө гэж хэлэхээр нь би таны толгой өвдөж байна уу гэхэд мөргүүлсэн гэх явган зорчигч эмэгтэй үсээ янзлаад байсан ба би Б-ийг яаралтай түргэн дууд гэж хэлэхэд Б өөрийнхөө утсаар ярьж түргэн дуудсан...” /хх-ийн 31-33/ гэсэн,

 

Шүүгдэгч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 01 дүгээр сарын 15-ны өглөө 06 цаг өнгөрч байхад Биокомбинатаас З-гийн хамаатаны ах Б-ийн гэрээс Б ахыг Төв номын сан хүргэж өгөхөөр найз З-гийн эзэмшлийн **-** СЭА улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн авто машиныг жолоодон гарсан. Замаараа Шунхлай шатахуун түгээх станц руу орж бензин авчихаад төв зам руу нийлэхэд Хүннү моллын урд талын явган хүний гарцны гэрлэн дохио ногоон гэрэл асч байсан, би хурдаа нэмээд Хүннү моллын урд талд нэгдүгээр эгнээгээр явж байхад явган зорчигч хойноосоо урагшаа чиглэлтэй гэнэт зөв талаас гараад ирэхээр нь би буруу тал руугаа дарсан боловч хашлага давалгүй хашлага мөргөөд эргээд явган зор- эмэгтэйг зөв талын толиороо шүргэн зөв талын кирло, зөв талын урд гуферийн хэсгээр мөргөж унагаасан. Тухайн үед би нэгдүгээр эгнээгээр 50-с дээш км/ц-ийн хурдтай явж байсан ба явган зорчигч нь гэнэт л зөв талаас гараад ирэхээр нь авто машинаа зогсоохоор тоормосоо гишгээд буруу тал руугаа дарсан боловч хашлага давалгүй хашлага мөргөөд буцаад явган зорчигчийг мөргөж гэмтээсэн. ...Төв зам руу нийлэх үед гэрэл дохио тээврийн хэрэгслүүд нэвтрэх ногоон гэрэл асч байхаар нь амжина гээд бодоод хурдаа нэмсэн, архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан....” /хх-ийн 61-63/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн №1402 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Ч.Ц-ийн биед баруун шаан, тахилзуур ясны ил хугарал, баруун богтос ясны ил хугарал, тохойн үений мултрал, баруун нүдний ухархай, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамар, баруун шилбэнд шарх, тархи доргилт, зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд, доод уруулын дотор салстад цус хуралт дээд үүдэн хоёр шүдний сулрал, дээд уруулын дээр, зүүн сарвуунд зулгаралт, зүүн өвдөг, баруун тахимд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл. Гэмтэл учирсан байрлалыг нарийвчлан тогтоох боломжгүй.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журын 3.1.20-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадавар алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна...” /хх-ийн 38/ гэсэн,

- “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Сонгинохайрхан техникийн хяналтын төвийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн №2374 тоот шинжээчийн дүгнэлтэд: “...1. **-** СЭА улсын дугаартай Тоёота маркийн Приус 20 загварын автомашин нь техникийн бүрэн бүтэн байдал, өнгө үзэмж стандартын шаардлага хангахгүй байна.

2. Уг тээврийн хэрэгслийн баруун гар талын оврын гэрэл асахгүй, аваарын дохионы гэрэл ажиллахгүй, дохионы гэрэл баруун болон зүүн талдаа асахгүй, урд буферын зүүн талын булан нь хагарч байхгүй болсон, зүүн гар талын крыло нь дотогшоо хонхойсон, зүүн гар талын крылоны дохио нь байхгүй, зүүн гар талын толь байхгүй, зүүн гар талын урд хаалга урд хэсгээрээ бага зэрэг хонхойсон байна.

Мөн тоног төхөөрөмжөөр шалгаж үзэхэд урд их гэрлийн тусгалын эрчим нь ойр дээрээ зүүн гар талдаа 5000, баруун гар талдаа 8100 люкс /стандарт нь 10,000 люкс/ байна.

3. Уг тээврийн хэрэгслийн баруун гар талын оврын гэрэл асахгүй, аваарын дохионы гэрэл ажиллахгүй, дохионы гэрэл баруун болон зүүн талдаа асахгүй, урд буферын зүүн талын булан нь хагарч байхгүй болсон, зүүн гар талын крыло нь дотогшоо хонхойсон, зүүн гар талын крылоны дохио нь байхгүй, зүүн гар талын толь байхгүй, зүүн гар талын урд хаалга урд хэсгээрээ бага зэрэг хонхойсон эвдрэл гэмтэл нь ослын үед үүссэн гэмтэл болно.

Тоног төхөөрөмжөөр шалгаж үзэхэд урд их гэрлийн тусгалын эрчим нь ойр дээрээ зүүн гар талдаа 5000, баруун гар талдаа 8100 люкс /стандарт нь 10,000 люкс/ байгаа гэмтэл нь уг зам тээврийн осолд хэрхэн нөлөөлсөнийг тогтоох боломжгүй.

4. Тээврийн хэрэгслийн урд их гэрлийн тусгалын эрчим нь ойр дээрээ зүүн гар талдаа 5000, баруун гар талдаа 8100 люкс /стандарт нь 10,000 люкс/ байгаа гэмтэл нь уг зам тээврийн осолд хэрэв нөлөөлсөн бол жолоочид замын үзэгдэх орчин бага зэргээр хязгаарлагдах байдлаар нөлөөлнө.

5. Уг тээврийн хэрэгслийн тоормос нь шингэн дамжуулгат, цахилгаан, ABS системтэй.

6. Уг тээврийн хэрэгслийн тоормос хэвийн ажиллагаатай, стандартын шаардлага хангаж байна...” /хх-ийн 44-48/ гэсэн,

 

- Тээврийн цагдаагийн албаны 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн №885 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...1. Тоёота Приус маркийн **-** СЭА дугаартай автомашиныг жолоодож явсан жолооч Б овогтой Э нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан Жолооч дараах үүрэг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, 5.1 Гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийн тоо, хэлбэр, өнгө, байрлал, ажиллах горим, гэрэлтүүлэх хүч нь тухайн тээврийн хэрэгслийн хийцэд тохироогүй, мөн дүрмийн 16.2. Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч Ч.Ц нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг зүйл заалтыг зөрчсөн гэх үндэслэл хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд тогтоогдохгүй байна.

3. “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 002374 тоот дүгнэлтэд тусгагдсан MNS 4598:2011 стандарт шаардлага хангахгүй байгаа байдал нь тухайн зам тээврийн осол гарахад нөлөөлсөн эсэхийг тогтоох боломжгүй...” /хх-ийн 53-54/ гэсэн дүгнэлтүүд,  

 

- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-12/,

- Согтуурал шалгасан тэмдэглэл /хх-ийн 74-77/,

- Тээврийн хэрэгсэл түр саатуулсан тэмдэглэл /хх-ийн 15/,

- Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /хх-ийн 49/,

- Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 57-58/,

- Дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 66/,  

- Түргэн тусламжийн дуудлагын хуудас /хх-ийн 67/,

- Наадамчдын зам, Хүннү их дэлгүүрийн урд явганы гэрлэн дохионы ажиллах ерөнхий горим /хх-ийн 72/,

- Шүүгдэгч Б.Э-ийн иргэний үнэмлэхний лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 79-83/,

- Хохирлын баримтууд /хх-ийн 84-162/,

- Гэрэл зургууд /хх-ийн 166-181/,

- Хохирогчийн өвчний түүхийн хуулбар /хх-ийн 182-193/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Б.Э-өд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б.Э нь 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өглөө 06 цаг 25 минутын орчимд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Хүннү молл” дэлгүүрийн урд талын замд Ж.З-гийн эзэмшлийн Тоёота Приус-20 маркийн, **-** СЭҮ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан “...Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, 4 дүгээр хавсралтын 5.1-т заасан “...гэрэлтүүлэх хүч нь тухайн тээврийн хэрэгслийн хийцэд тохироогүй, мөн дүрмийн 16.2-т заасан “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас гэрлэн дохио бүхий явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Ч.Ц-ийг мөргөж, эрүүл мэндэд нь баруун шаан, тахилзуур ясны ил хугарал, баруун богтос ясны ил хугарал, тохойн үений мултрал, баруун нүдний ухархай, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамар, баруун шилбэнд шарх, тархи доргилт, зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд, доод уруулын дотор салстад цус хуралт дээд үүдэн хоёр шүдний сулрал, дээд уруулын дээр, зүүн сарвуунд зулгаралт, зүүн өвдөг, баруун тахимд цус хуралт бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ч.Ц-ийн “...2019 оны 01 дүгээр сарын 15-ны өглөө 06 цаг 30 минутын орчим Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Хүннү Молл дэлгүүрийн урд замын явган хүний гарцаар хойноосоо урагшаа чиглэлд ногоон гэрлээр гарч явахад урд талын урсгалаар баруунаас зүүн тийш явж байхад суудлын автомашин миний баруун талаас хүчтэй ирж мөргөсөн. ...Нэг мэдсэн би газарт унаад миний хөлийн өрөөсөн гутал ойролцоогоор 4-5 метр орчим зайд замын голд хэвтэж байсан...” /хх-ийн 16-17/ гэсэн, гэрч Ж.Б-ийн “...Тухайн өглөө Ч.Т- эгчийг аваад замын урд талын Шунхлай шатахуун түгээх станц руу орж би Э-өд 10.000 төгрөг өгч бензин хийгээд цаашаа хөдөлсөн. ...Бид баруунаас зүүн чиглэл Яармагийн урд талын замаар нэгдүгээр эгнээгээр явж байсан Хүннү молл дэлгүүрийн ойролцоо явж байтал гэнэт урд түк хий чимээ гарахаар нь би хүн мөргөчихсөн юм биш үү гэхэд Э зүүн талын автобусны зогсоол руу орж зогсоод машинаасаа буугаад яваад ...замын нэгдүгээр эгнээнээс мөргүүлсэн гэх явган зорчигчийг түшээд замын урд талын хашлага дээр суулгаж байгаа харагдсан...” /хх-ийн 28-30/ гэсэн, гэрч Ч.Т-гийн “...Намайг суулгаад замын урд талын Шунхлай шатахуун түгээх станцаас бензин хийчихээд шатахуун түгээх станцаас баруунаас зүүн зүг рүү явж байхад Хүннү молл дэлгүүрийн урд талын замд явж байхад түк хийх чимээ гарахаар нь би автомашины дугуй хагарсан гэж бодоод жолоочоос юу болсон талаар асуухад жолооч машинаас буугаад хүн мөргөчихлөө гэхээр нь Б бид хоёр хамт машинаас буухад жолооч залуу мөргүүлсэн явган зорчигч эмэгтэйг замын урд тал руу өргөөд гаргаж байсан. Б бид хоёрыг яваад очиход мөргүүлсэн явган зорчигч замын хашлага дээр сууж байсан ба та яаж байна гэж асуугаад харахад нүүрнийх нь баруун тал нь хавдаад хөхөрчихсөн, баруун хөлийн гутал нь сугарчихсан, хамраас цус гарч байсан байдалтай байсан...” /хх-ийн 31-33/ гэсэн, шүүгдэгч Б.Э-ийн “...2019 оны 01 дүгээр сарын 15-ны өглөө ...замаараа Шунхлай шатахуун түгээх станц руу орж бензин авчихаад төв зам руу нийлэхэд Хүннү моллын урд талын явган хүний гарцны гэрлэн дохио ногоон гэрэл асч байсан, би хурдаа нэмээд Хүннү моллын урд талд нэгдүгээр эгнээгээр явж байхад явган зорчигч хойноосоо урагшаа чиглэлтэй гэнэт зөв талаас гараад ирэхээр нь би буруу тал руугаа дарсан боловч хашлага давалгүй хашлага мөргөөд эргээд явган зор- эмэгтэйг зөв талын толиороо шүргэн зөв талын кирло, зөв талын урд гуферийн хэсгээр мөргөж унагаасан. Тухайн үед би нэгдүгээр эгнээгээр 50-с дээш км/ц-ийн хурдтай явж байсан ба явган зорчигч нь гэнэт л зөв талаас гараад ирэхээр нь авто машинаа зогсоохоор тоормосоо гишгээд буруу тал руугаа дарсан боловч хашлага давалгүй хашлага мөргөөд буцаад явган зорчигчийг мөргөж гэмтээсэн...” /хх-ийн 61-63/ гэсэн мэдүүлгүүд,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны №1402 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Ч.Ц-ийн биед баруун шаан, тахилзуур ясны ил хугарал, баруун богтос ясны ил хугарал, тохойн үений мултрал, баруун нүдний ухархай, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамар, баруун шилбэнд шарх, тархи доргилт, зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд, доод уруулын дотор салстад цус хуралт дээд үүдэн хоёр шүдний сулрал, дээд уруулын дээр, зүүн сарвуунд зулгаралт, зүүн өвдөг, баруун тахимд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл. Гэмтэл учирсан байрлалыг нарийвчлан тогтоох боломжгүй.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журын 3.1.20-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” /хх-ийн 38/ гэсэн,

- “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Сонгинохайрхан техникийн хяналтын төвийн шинжээчийн 2019 оны №2374 тоот шинжээчийн дүгнэлтэд: “...1. **-** СЭА улсын дугаартай Тоёота маркийн Приус 20 загварын автомашин нь техникийн бүрэн бүтэн байдал, өнгө үзэмж стандартын шаардлага хангахгүй байна.

2. Уг тээврийн хэрэгслийн баруун гар талын оврын гэрэл асахгүй, аваарын дохионы гэрэл ажиллахгүй, дохионы гэрэл баруун болон зүүн талдаа асахгүй, урд буферын зүүн талын булан нь хагарч байхгүй болсон, зүүн гар талын крыло нь дотогшоо хонхойсон, зүүн гар талын крылоны дохио нь байхгүй, зүүн гар талын толь байхгүй, зүүн гар талын урд хаалга урд хэсгээрээ бага зэрэг хонхойсон байна.

Мөн тоног төхөөрөмжөөр шалгаж үзэхэд урд их гэрлийн тусгалын эрчим нь ойр дээрээ зүүн гар талдаа 5000, баруун гар талдаа 8100 люкс /стандарт нь 10,000 люкс/ байна.

3. Уг тээврийн хэрэгслийн баруун гар талын оврын гэрэл асахгүй, аваарын дохионы гэрэл ажиллахгүй, дохионы гэрэл баруун болон зүүн талдаа асахгүй, урд буферын зүүн талын булан нь хагарч байхгүй болсон, зүүн гар талын крыло нь дотогшоо хонхойсон, зүүн гар талын крылоны дохио нь байхгүй, зүүн гар талын толь байхгүй, зүүн гар талын урд хаалга урд хэсгээрээ бага зэрэг хонхойсон эвдрэл гэмтэл нь ослын үед үүссэн гэмтэл болно.

Тоног төхөөрөмжөөр шалгаж үзэхэд урд их гэрлийн тусгалын эрчим нь ойр дээрээ зүүн гар талдаа 5000, баруун гар талдаа 8100 люкс /стандарт нь 10,000 люкс/ байгаа гэмтэл нь уг зам тээврийн осолд хэрхэн нөлөөлсөнийг тогтоох боломжгүй.

4. Тээврийн хэрэгслийн урд их гэрлийн тусгалын эрчим нь ойр дээрээ зүүн гар талдаа 5000, баруун гар талдаа 8100 люкс /стандарт нь 10,000 люкс/ байгаа гэмтэл нь уг зам тээврийн осолд хэрэв нөлөөлсөн бол жолоочид замын үзэгдэх орчин бага зэргээр хязгаарлагдах байдлаар нөлөөлнө.

5. Уг тээврийн хэрэгслийн тоормос нь шингэн дамжуулгат, цахилгаан, ABS системтэй.

6. Уг тээврийн хэрэгслийн тоормос хэвийн ажиллагаатай, стандартын шаардлага хангаж байна...” /хх-ийн 44-48/ гэсэн,

 

- Тээврийн цагдаагийн албаны 2019 оны №885 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...1. Тоёота Приус маркийн **-** СЭА дугаартай автомашиныг жолоодож явсан жолооч Б овогтой Э нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан Жолооч дараах үүрэг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, 5.1 Гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийн тоо, хэлбэр, өнгө, байрлал, ажиллах горим, гэрэлтүүлэх хүч нь тухайн тээврийн хэрэгслийн хийцэд тохироогүй, мөн дүрмийн 16.2. Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” /хх-ийн 53-54/ гэсэн дүгнэлтүүд, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-12/, согтуурал шалгасан тэмдэглэл /хх-ийн 74-77/, тээврийн хэрэгсэл түр саатуулсан тэмдэглэл /хх-ийн 15/, автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /хх-ийн 49/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 57-58/, дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 66/, түргэн тусламжийн дуудлагын хуудас /хх-ийн 67/, наадамчдын зам, Хүннү их дэлгүүрийн урд явганы гэрлэн дохионы ажиллах ерөнхий горим /хх-ийн 72/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актын зохих заалтыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж бөгөөд хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нь энэ гэмт хэргийн хүндрүүлэх шинж болохоор хуульчилсан бөгөөд явган зорчигч Ч.Ц-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж шүүх үзэв.

 

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Б.Э-өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Э-ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Ц-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хохирогч нь эмчилгээний зардалтай холбоотой хохирол төлбөрт 9,282,597 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны явц болон шүүхийн шатанд төлж барагдуулсан хохирогч Ч.Ц нь гомдол саналгүй гэсэн тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна. Гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан тул түүний цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхиж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол, хор уршиг, үйлдсэн хэрэгтээ чин санаасаа гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, тэнссэн хугацаанд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.

 

Хуульд зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ял оногдуулахтай холбогдуулан хэрэгт хураагдаж ирүүлсэн Б.Э-ийн №85**** дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Сэлэнгэ аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн ерөнхийн газарт хүргүүлэх нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ч.Ц гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

      

1. Шүүгдэгч Т овогт Б-ийн Э-ийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Б-ийн Э-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, хянан харгалзсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тэнсэгдсэн 1 жил 6 сарын хугацаанд Б.Э-өд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Б.Э нь зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг биелүүлээгүй болон санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-өд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасах ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Эрүүгийн 1903000670095 дугаартай хэрэгт хураагдаж ирсэн Б.Э-ийн №85**** дугаартай жолоочийн үнэмлэхийг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн ерөнхий газарт хүргүүлсүгэй.  

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь хохирол төлбөрт хохирогч Ч.Ц-д 9,000,000 төгрөг төлсөн, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн 1903000670095 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй битүүмжилсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Э-өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Д.АЛТАНЖИГҮҮР