Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 983

 


 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюунцэцэг даргалж,

 

Нэхэмжлэгч Төв аймгийн Баян сумын 2 дугаар баг Өгөөмөр гэх газар оршин суух НВ56092013 регистрийн дугаартай “Боржигин” овогт Жанчивдоржийн Бямбын хүсэлттэй Улсад ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Ж.Бямба, нарийн бичгийн дарга Г.Сугармаа нарыг оролцуулав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Ж.Бямба шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Төв аймгийн Баян суманд 1956 онд төрсөн. Би сургуулиа төгсөөд эвлэлийн илгээлтээр гарч Төв аймгийн Баян сумын Цацралт нэгдэлд 1972 оны 03 сарын 15-наас 1974 оны 05 сарын 28-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байгаад цэргийн албаа хааж халагдаж ирээд тус нэгдэлдээ 1980 оны 01 сарын 01-нээс 1995 оны 01 сарын 01-нийг хүртэл малчнаар тасралтгүй ажилласан. Миний хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч бичилт бүрэн хийгдээгүйгээс болоод тэтгэврээ тогтоолгож чадахгүй, шүүхэд хандаж байна. Би архиваас холбогдох тушаалуудыг болон цалин хөлс авч байсан тухай баримтыг шүүлгэж авсан байгаа. Иймд намайг Төв аймгийн Баян сумын Цацралт нэгдэлд малчнаар ажиллаж байсан хугацааг миний цуглуулсан нотлох баримтанд үндэслэн тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар,хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,  Төв аймгийн Архивын тасгийн лавлагаа, цалингийн түүвэр, Баян сумын Цацралт нэгдлийн даргын тушаалууд, гэрчүүдийн тодорхойлолт мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Ж.Бямба нь Төв аймгийн Баян сумын Цацралт нэгдэлд 1972 оны 03 сарын 15-наас 1974 оны 05 сарын 28-ныг хүртэл, 1980 оны 01 сарын 01-нээс 1995 оны 01 сарын 01-нийг хүртэл тус тус малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор дараах нотлох баримтуудыг ирүүлжээ. Үүнд:

1.Ж.Бямбад Төв аймгийн Баян сумын Цацралт нэгдлээс 1981 оны 06 сарын 01-ний өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн 1-3  дахь  талд “1972 оны 03 сарын 15-ны өдрийн №17 тоот тушаалаар Төв Баян сумын Мааньт бригадад малчнаар томилов”, мөн дэвтрийн 6-15 дахь талд “1981-1990 онуудад 269-544 төгрөгийг цалин хөлс авч байсан” тухай тэмдэглэл,  

-1991 оны 06 сарын 26-ны өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн 1, 6-10 даь  талд “1991-1995 онуудад 712-2450 төгрөгийг цалин хөлс авч байсан” тухай бичилт,

2.Төв аймгийн Баян сумын Монгол Польшийн найрамдалт Цацралт нэгдлийн даргын 1974 оны 05 сарын 27-ны өдрийн 16 тоот “Ажрдын цэрэгт татагдсан хүмүүсийг чөлөөлөх тухай” тушаалын хавсралтанд “... малчин Жанчивдоржийн Бямба ... нарыг 1974 оны 05 сарын 27-ноос эхлэн хариуцаж байгаа ажлаас нь чөлөөлсүгэй”,

-1987 оны 10 сарын 29-ний өдрийн 101 тоот “Малчдад ээлжийн амралт олгох тухай” тушаалын 1 дүгээрт “... Мааньт хэсгийн малчин ... Ж.Бямба ... нарын ээлжийн амралтыг 11 сарын 01-нээс ажлын 15 өдрөөр бодож олгосугай”,

-1988 оны 10 сарын 25-ны өдрийн 88 тоот “Малчдад ээлжийн амралт олгох тухай”

-1989 оны 05 сарын 24-ний өдрийн 36 тоот “Ээлжийн амралт олгох тухай” тушаалын 1 дүгээрт “... Ж.Бямба ... нарын энэ оны ээлжийн амралтыг 06 сарын 01-нээс ажлын 15 өдрөөр, ... олгосугай” гэсэн тушаалын хуулбарууд,

3.Төв аймгийн Архивын тасгийн 2016 оны 08 сарын 30-ны өдрийн 688 тоот албан бичигт “Баян сумын Цацралт нэгдлийн малчин Ж.Бямба нь 1980 оны 01 сараас 1991 оны 12 сарыг хүртэл 487-1804 төгрөгийн цалин хөлс авч байсан” тухай цалингийн түүвэр,

-689 тоот албан бичигт “Тус аймгийн Баян сумын Цацралт нэгдлийн даргын 1970-1973, 1976-1986, 1990-1994 оны тушаалд холбогдох баримт гараагүй тул иргэн Ж.Бямбад лавлагаа олгох боломжгүй байна” гэсэн лавлагаа,

         4.Гэрч Н.Очирвааний “Ж.Бямба нь 1971 онд эвлэлийн илгээлтээр малчнаар 1971 онд гарч байсан Төв аймгийн Баян сумын Цацралт нэгдлийн Мааньт 2 дугаар бригадад ажиллаж эхэлсэн. Энэ бригаддаа 1971-1974 оны 5 сард цэргийн албанд татагдтал ажилласан. Цэргийн албаа хааж 1978 онд ирээд тус нэгдэлдээ малчнаар одоог хүртэл ажиллаж байгаа хүн. Би 1977-1979 онд Төв аймгийн Үйлдвэрчний эвлэлийн нярваар, 1979 онд Төв аймгийн Баян сумын Цацралт нэгдэлд жолоочоор 1982 оныг хүртэл, Худалдаа бэлтгэлийн ангид нярав, жолоочоор 1982-1988 оныг хүртэл, 1988-2015 оныг хүртэл Баян сумын захиргааны жолоочоор тус тус ажиллаж байсан. Бид нэг байгууллагад малчин, жолоочоор хамт ажиллаж байсан учраас Ж.Бямбын ажиллаж байсан байдлыг мэдэж, гэрчилж байна” гэсэн мэдүүлэг,

          -гэрч Л.Батсуурийн “Ж.Бямба нь 1972 онд МХЗЭ-ийн илгээлтээр Төв аймгийн Баян сумын Цацралт нэгдэлд малчнаар 1972-1974 онд ажиллаж байгаад цэргийн алба хааж 1977 оноос хойш тус нэгдэлдээ тасралтгүй малчнаар ажиллаж байсныг гэрчилж тодорхойлж байна” гэх тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтууд байна.

 

Хүсэлт гаргагч Ж.Бямбыг Төв аймгийн Баян сумын Цацралт нэгдэлд анх ажилд томилсон болон ажлаас чөлөөлөгдсөн тухай тушаал өөрт нь хадгалагдаагүй буюу архиваас олдохгүй, төрийн архивын газар хадгалагдаагүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, архивын тасгийн лавлагаа зэргээр давхар нотлогдож байна.              

Харин нэхэмжлэгч нь тус нэгдэлд ажиллаж байгаад 1974 оны 5 сарын 27-нд    цэргийн албанд татагдаж ажлаас чөлөөлсөн тухай мөн өдрийн 16 тоот Төв аймгийн  Баян сумын Монгол Польшийн найрамдалт нэгдлийн даргын тушаалаар анх ажилд орсон байдал, ажлаас чөлөөлөгдсөн нь түүний хөдөлмөрийн дэвтрийн бичилт болон  бусад гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байна гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж зааснаар хүсэлт гаргагчаас хэрэгт ирүүлсэн дээрх бичгийн нотлох баримтуудыг  үндэслэн хүсэлтийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иймд нэхэмжлэгч Ж.Бямбыг Төв аймгийн Баян сумын Цацралт нэгдэлд 1972 оны 03 сарын 15-наас 1974 оны 05 сарын 28-ныг хүртэл, 1980 оны 01 сарын 01-нээс 1995 оны 01 сарын 01-нийг хүртэл тус тус малчнаар ажиллаж байсан болохыг тогтоох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төрийн  санд үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд  заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар НВ56092013 регистрийн дугаартай “Боржигин” овогт Жанчивдоржийн Бямбыг Төв аймгийн Баян сумын Цацралт нэгдэлд 1972 оны 03 сарын 15-наас 1974 оны 05 сарын 28-ныг хүртэл, 1980 оны 01 сарын 01-нээс 1995 оны 01 сарын 01-нийг хүртэл тус тус малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагч Ж.Бямбын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Л.ОЮУНЦЭЦЭГ