Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2026/00873

 

 

 

 

 

 

 

 

 

 

  

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, шүүгч Ч.Батчимэг, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 192/ШШ2026/00098 дугаар шийдвэртэй,

 

*******ийн нэхэмжлэлтэй,

*******т холбогдох,

 

2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан 2742 дугаартай компанийн эрх шилжүүлэх гэрээ, 2743 дугаартай худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулж, 205,928,830 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******ь, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

Миний бие *******аас 2022 оны 12 дугаар сарын 12-ын өдөр ******* ХХК-ийг 160,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, гэрээ байгуулан өөрийн нэр дээр шилжүүлэн авахдаа компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулсан. Гэрээний үүрэгт *******ийн Голомт банк ХК дахь ******* дугаарын данс руу өөрийн Хаан банк ХК дахь ******* данснаас 100,000,000 төгрөгийг шилжүүлсэн, 60,000,000 төгрөгт Toyota C-HR-AX50 маркийн 2018 онд үйлдвэрлэсэн тээврийн хэрэгслийг, iphone 14-promax маркийн шинэ гар утас өгч төлбөрийг бүрэн барагдуулсан. Энэ компанийн эзэмшилд ******* тоот дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий аймгийн сумын хөндийн адаг гэх газарт байрлах 1092.77 гектар талбай бүхий ******* тоот гэрчилгээтэй, 58.22 кг алтны цэвэр нөөцтэй орд газрын лиценз дагалдан шилжиж ирсэн юм. Компанийн лицензийн холбогдох баримтууд үзүүлэх үед цас орсон байсан болохоор хавар цас хайлахаар газраа мэргэжлийн хүмүүсээр үзүүлээд олборлолт хийж болно гэж хэлээд баримт материал өгч, намайг хэн гэж бодоод байна би залилагч хулгайч биш гээд байхаар нь итгэсэн. Мөн ******* нь уул уурхай, ашигт малтмалын талаар мэдлэгтэй, худал хэлэхээргүй хүн харагдсан. Гэтэл 2023 оны хавар мэргэжлийн хүнтэй газар дээр нь очиход тухайн алтны ордтой газар ашиглагдсан, одоо ашиглах олборлох нөөцгүй гэдгийг мэдсэн. Тэрнээс хойш *******тай уулзаж наймаа буцах, мөнгөө буцаан авах талаар ярихаар явсан боловч утсаа авахгүй, олдохгүй уулзаж чадаагүй. Үүнээс гадна компанийг худалдах үедээ улсад болон бусдад төлөх өр төлбөргүй гэсэн боловч 2019, 2020 оны цалин тэтгэмж түүнтэй адилтгах орлогоос ногдох татвар 444,283 төгрөг, газрын төлбөр 28,271,102 төгрөг нийт 28,715,385 төгрөгийн татварын өр төлбөртэй болохыг 2024 оны 01 дүгээр сард Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс ярьж, дуудаж уулзахад би мэдсэн. Татварын өр төлбөр байгааг огт мэдээгүй байхдаа буюу 2023 оны 03 сард газрын татварт би 15,309,610 төгрөг төлсөн. Иймд, ******* нь 2022 оны 12 дугаар сарын сарын 12-ны өдөр 2742 дугаартай компанийн эрх шилжүүлэх гэрээ болон 2743 дугаартай худалдах, худалдан авах гэрээнүүдийг байгуулахдаа худалдан авагч талдаа үнэн зөв мэдээлэл өгөөгүй, зориуд хууран мэхэлсэн, нэхэмжлэгч тал ноцтой төөрөгдсөн байх тул дээрх хоёр гэрээнүүд буюу хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, *******аас үндэслэлгүй хөрөнгөжиж олсон 160,000,000 төгрөг, хууль бус хууран мэхэлж хийсэн гэрээ хэлцлийн тусгай зөвшөөрлийн төлбөрт 2023, 2024, 2025 оны татварт 45,928,830 төгрөг, нийт 205.928.830 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн хувийг гардаж авахаас татгалзсан.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг баримтлан Гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, хүчин төгөлдөр бус гэрээний үр дагаварт 205,928,830 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,190,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:

...нэхэмжлэгчийн хувьд ******* ХХК-ийн нэгж хувьцаа нь 10,000 төгрөгийн 100 ширхэг хувьцаа, нийт 1,000,000 төгрөгийн үнэ бүхий хувьцааг 160,000,000 төгрөгөөр худалдан авах хүсэл зориг огт байгаагүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчид MV-021303 тоот дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий ******* тоот гэрчилгээтэй, 58.22кг цэвэр алтны нөөцтэй гэх ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ******* ХХК-ны хувьцааг худалдан авах замаар тусгай зөвшөөрөлтэй болох хүсэл зориг байсан.

...Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлохоор нэхэмжлэлтэй уялдаа холбоо бүхий №2025/ШЦ/1119 шийтгэх тогтоол, №2025/ДШМ/1006 магадлал зэргийг шүүхэд өгсөн. Уг эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд ******* цахимаар оролцсон. Шүүхийн хэлэлцүүлэг болон шийтгэх тогтоолд авагдсан гэрчийн мэдүүлэгтээ ******* ... ******* ХХК-ийн эзэмшдэг MV-021303 Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий ******* тоот гэрчилгээтэй газар нь өмнө нь олборлолт хийгдсэн, ямар ч алтны нөөцгүй газар болохыг, мөн Авлигатай тэмцэх газраас тухайн компанийн шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт хийсэн болохыг өөрөө мэдэж байснаа мэдүүлдэг.

Гэтэл анхан шатны шүүх алтны ордны нөөц дууссан болохыг хариуцагч тал өөрөө мэдэж байсан байхад үүнд огт дүгнэлт хийгээгүй мөртлөө нэхэмжлэгчийг алтны ордны нөөц дууссан болохыг баримтаар нотлоогүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

Нэхэмжлэгчийн хувьд анхнаасаа уурхайн үйл ажиллагаа эрхлэх зорилгоор тухайн компанийн хувьцааг худалдан авах хүсэл зоригтой байсан нь илэрхий байгаа нь уурхай гэх утгатайгаар төлбөрийг шилжүүлснээс тодорхой харагдана. Харин 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ******* ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээг байгуулах үед уг алтны ордны нөөц дууссан болох нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 01-ны өдрийн шүүх хуралдаанд мэдүүлсэн хариуцагчийн өөрийнх мэдүүлгээр нотлогдож байна.

Дээрхээс дүгнэвэл анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг буруу дүгнэж, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь дүгнээгүй нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Түүнчлэн Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор *******ын 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн №277 тоот Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай зөвшөөрлөөр Эрүүгийн 1902006980256 дугаартай н.Эрдэнэбатад холбогдох хэрэгт гэмт хэрэг үйлдэж олсон үндэслэлээр ******* ХХК-ний шилжилт хөдөлгөөн, нэр дээр бүртгэлтэй дугаар бүхий хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн шилжилт хөдөлгөөнүүдийг хязгаарласан шийдвэр өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байна.

Гэтэл Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн хэлтэс нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн эцсийн өмчлөгч өөрчлөгдөхөд төлбөл зохих татвар төлөгдөөгүй, эрх бүхий байгууллагаас компанийн эзэмшдэг хайгуулын тусгай зөвшөөрлийн шилжилт, хөдөлгөөнийг хязгаарласан байхад өөрчлөлтийг бүртгэсэн нь хууль зөрчсөн үйлдэл юм.

Иймд, дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч *******ь нь хариуцагч *******т холбогдуулан 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан 2742 дугаартай компанийн эрх шилжүүлэх гэрээ, мөн 2743 дугаартай худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулж, 205,928,830 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч *******т 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулах гэсэн боловч тэрээр гардан авахаас татгалзсан байна. /х.х-ийн 46/

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс залруулна.

 

3. Хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэхэд дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:

 

3.1. Талууд 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 2743 дугаартай компанийн хувьцаа худалдах худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******ьд ******* ХХК-ийн 1,000,000 төгрөгийн үнэ бүхийн 100 хувийн хувьцааг 160,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, /х.х-ийн 8/

 

3.2. Улмаар мөн өдөр 2742 дугаартай компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулж, уг компанийн хувьцаа эзэмшигчээр *******ь бүртгэгджээ. /х.х-ийн 9, 19/

 

4. Хэрэгт авагдсан баримт болох Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ШЦТ/1119 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ДШМ/1006 дугаар магадлалаар *******ыг үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж *******ьд их хэмжээний хохирол /1,221,970,000 төгрөг/ учруулан залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, түүнээс 1,160,790,000 төгрөг гаргуулан *******ьд олгохоор шийдвэрлэсэн байна. /х.х-ийн 96-121/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж зааснаар зохигч нар энэ талаар маргах эрхгүй.

 

5.Тус шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд маргаан бүхий ******* ХХК-ийн хувьцааг шилжүүлэхтэй холбоотойгоор ******* болон *******ь, ******* нарын өгсөн мэдүүлгийг тус тус үзвэл:

 

5.1. Нэхэмжлэгч *******ь

 

...******* нь алтны А лицензтэй Мөнх номхон далай ХХК-ийн 90 хувийн хувьцаа эзэмшигч нь н. гэж хүн бий 10 хувийн хувьцаа эзэмшигч нь би байгаа юмаа гэж хэлсэн. н. бол манай ахын охин энэ компанийн 90 хувь нь н.ын нэр дээр байдаг боловч энэ компанийг 100 хувь би мэднэ, тэгэхээр компанийн 90 хувийг чиний нэр лүү шилжүүлж өгье энэ компанийг хоёулаа хамтраад алтны уурхайгаа ажиллуулъя гэж хэлсэн. Тэгээд 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн тойргийн нотариат орж н.ын 90 хувийг над руу шилжүүлсэн гэсэн итгэмжлэл хийлгэж баталгаажуулсан. Ингээд ******* нотариатаас гараад Мөнх номхон далай ХХК нь чиний нэр дээр шилжсэн чи 90 хувийн эзэмшигч боллоо гээд энэ өдрөөс эхлээд надаас мөнгө авч эхэлсэн. ******* нь 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр уурхай ажиллуулахад их хэмжээний мөнгө хэрэгтэй байна тэгэхээр чиний 90 хувийн хувьцаа болон өөрийн 10 хувийн хувьцааг зараад мөнгийг чинь гаргаж өгөх хэрэгтэй байна гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд нотариат ороод ******* гэж хүний нэр дээр хувьцаа худалдах худалдан авах гэрээгээр эрх шилжүүлэх гэрээг хийж шилжүүлсэн. Тухайн үед ******* компанийг 750,000,000 төгрөгөөр зарж байна мөнгө нь ороод ирэхээр чиний мөнгийг өгнө гэж хэлж байсан. Тэгтэл мөнгө орж ирээгүй. ******* худлаа яриад утсаа авахаа болиод алга болсон. Би, энэ хэрэг дээр ******* дээр гомдол гаргаад шалгуулаад явж байхад ******* над руу холбогдоод уулзъя гэхээр нь ХХК-ийн ажлын байранд очиж уулзаж, хохироод явж байгаа талаараа хэлсэн. Үүнээс хэд хоногийн дараа ******* утсаар яриад чи ингээд хоосон хохирч байхаар миний нэр дээр байх Мөнх номхон далай ХХК-ийг 160,000,000 төгрөг өгөөд ав, ах нь дахин *******тай уулзахгүй гэж хэлсэн. Ингэхээр нь би *******тай уулзаад энэ байдлыг хэлээд энэ мөнгийг гаргаад компанийг авчих гэж хэлсэн чинь ******* надад мөнгө алга гэж хэлсэн. Ингээд би өөрөө *******тай Мөнх номхон далай ХХК-ийг худалдан авахаар болж гэрээ хийгээд өөрөөсөө 160,000,000 төгрөгийг төлж компанийг нэр дээрээ шилжүүлж авсан... гэх,

 

5.2 Хариуцагч *******

 

...******* нь надад 1,750,000,000 төгрөгийг одоог хүртэл төлөөгүй байгаа, үүнийгээ төлөөч гэдэг шаардлагыг удаа дараа тавихад тэрээр сүүлд нь буюу 2021 оны 01 дүгээр сарын үед энэ мөнгөнөөс ахаа 750,000,000 төгрөгийг төлөх боломж байна, учир нь надад аймгийн суманд байрлах, алтны 50 кг нөөц тогтоогдсон, олборлолтын лицензтэй компани байна, та үүнийг надаас 1,500,000,000 төгрөгөөр тооцоод худалдаад авчих. Энэ мөнгөнөөсөө дээрх төлбөрийнхөө 750,000,000 төгрөгийг хасаад надад бэлнээр 750,000,000 төгрөгийг гаргаад өгчих, би энэ авч байгаа мөнгийг хүнд өгөх ёстой юм, би тэр хүнд өртэй байгаад байгаа юм гэж хэлсэн. Би, тэгээд тухайн саналыг нь хүлээн зөвшөөрсөн. Ингээд тухайн компанийн эрхийг шилжүүлэн авахаар нотариат дээр очиж компанийн эрх шилжүүлэх гэрээг *******, *******ь нартай байгуулсан. Тухайн үед *******ийг *******аас мөнгө авах ёстой хүн нь гэж ойлгосон. Ингээд би 750,000,000 төгрөгт 2 ширхэг тээврийн хэрэгсэл, мөн 125,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Маргаашаас нь тухайн компанийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн авах гээд Улсын бүртгэлийн газарт очиж хандахад дээрх компанийн гэрчилгээг гарган өгөх боломжгүй байна, учир нь, Авлигатай тэмцэх газраас шилжилт хөдөлгөөний хязгаарлалт хийсэн байна гэх хариуг өгсөн. Ингээд би ******* руу залгаад наймаагаа буцаая, чи намайг хуурсан байна, өгсөн зүйлүүдээ буцааж авъя гэж хэлсэн. ... аймгийн суман дахь газрыг нь судалж үзсэн чинь ойр орчмын хүмүүс нь надад наад газар дээр олборлолт хийгээд дуусчихсан, ямар ч хэрэггүй лиценз авсан байна гэх зүйл ярьсан учраас би эрчимтэй хөөцөлдөж байгаад өгсөн 2 машинаа буцаан авсан, Бэлнээр өгсөн 125,000,0000 төгрөгөө буцаан авч байж би энэ компанийг чинь буцааж өгнө гэсэн. Одоог хүртэл миний мөнгийг өгөөгүй байгаа ба би энэхүү лицензийн 2 жилийн төлбөр болох 32,000,000 төгрөгийг өөрөөсөө төлсөн, баримтууд нь байгаа юм. Иймд, би бэлэн өгсөн мөнгө дээрээ төлбөрт төлсөн мөнгөө нэмээд нийт 157,000,000 төгрөгөө авч байж энэ компанийг нь өгнө... гэх,

 

5.3. *******

 

...2020 онд аймаг, суманд байх хөндий гээд алт олборлох ашиг малтмалын А зөвшөөрөлтэй ******* ХХК-ийг 380,000,000 төгрөгөөр худалдаж авсан, тухайн газарт хайгуул хийгээд нөөц тогтоогоод 58 кг алт олборлох нөөцтэй А зөвшөөрөл олгосон, энэ ажилд мөнгө хэрэгтэй байсан учир *******иас дансаар 500,000,000 төгрөг авсан, ...мөнгө авахдаа алтны уурхайн тусгай зөвшөөрлийн лицензээ *******ийн нэр дээр шилжүүлж өгсөн, одоо түүний нэр дээр байгаа, ...надаас энэ лицензийг худалдаж авах хүн байгаа, лицензийг буцааж аваад *******ийн мөнгийг төлж барагдуулах боломжтой... мэдүүлгийг тус тус өгчээ.

 

6. Иргэний хуулийн Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д Хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй. Энэ тохиолдолд хууран мэхэлсэн этгээд ашиг хонжоо олох, эсхүл мэхлэгдсэн этгээдэд гэм хор учруулах зорилготой байсан эсэх нь хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцоход нөлөөлөхгүй гэж заасан.

 

Тодруулбал, хэлцэл хийх зорилгоор тухайн гэрээ, хэлэлцээрийн нэг тал нь нөгөө талаа санаатайгаар төөрөгдүүлсэн бол хууран мэхэлсэн гэж үзэх бөгөөд үүнд хэдийгээр түүнтэй уг гэрээг байгуулаагүй боловч тус гэрээ, хэлцэл хийхэд хүргэсэн гуравдагч этгээдийн идэвхтэй үйлдэл, эс үйлдэхүй мөн адил хамаардаг.

 

Хууран мэхлэх үйлдэл /эс үйлдэхүй/ -д хэлцлийн агуулга /гол нөхцөл/ -ын талаар бодит нөхцөл байдлыг далдлах, мушгин гуйвуулах, худал зүйлийг үнэн мэт итгүүлэх, үнэлэмж /дүгнэлт/ -ийг буруу ойлгуулах, түүнчлэн мэдээлэх үүргээ зөрчин бодит байдлыг нуух зэрэг, мөн талуудын эрх зүй, эрүүл мэнд, бусад зайлшгүй хэрэгцээ, эдийн засгийн хүнд нөхцөл байдлыг ашиглан тухайн хэлцэл хийхэд хүргэсэн эдгээр нөхцөл байдал /хүчин зүйл/-ыг нөлөөлсөн эсэхийг харгалзана.

 

Нэхэмжлэгчийн тайлбар, хэргийн баримтаар:

 

6.1. ******* нь *******ийг залилан мэхэлсэн болохыг шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоосон бөгөөд тэрээр нэхэмжлэгчид анхнаасаа маргаан бүхий ******* ХХК-ийг алтны нөөцтэй гэж итгүүлсэн, улмаар түүнээс залилан авсан 1,221,970,000 төгрөгийн хохирлыг тус компанийн хувьцааг шилжүүлэх замаар барагдуулан гэсэн боловч шилжүүлж өгөөгүй,

 

6.2. Үүний дараа нэхэмжлэгчид алт олборлох үйл ажиллагаа зардал ихтэй гэсэн ойлголтыг төрүүлж, харин компанийн хувьцааг бусад этгээд /*******/-д худалдахаар тохирсон, уг худалдах, худалдах авах гэрээний орлого /750,000,000 төгрөг/-оос дээрх хохирлыг барагдуулна гэсэн боловч *******аас авсан 125,000,000 төгрөг, 2 ширхэг тээврийн хэрэгслийг өөртөө авч ашигласан,

 

6.3. Худалдан авагч ******* нь ******* ХХК-ийг 58.22 кг алтны нөөцгүй гэж, мөн прокурорын байгууллагын зүгээс тус компанийн хөрөнгийн эрхийг түдгэлзүүлсэн байсныг мэдээд талууд /******* - *******/ худалдах, худалдан авах гэрээнээс татгалзах болоход ******* нь *******ьд эдгээр мэдээллийг өгөхгүйгээр түүний хүнд нөхцөл байдалтай байгааг ашиглан уг компанийн хувьцааг худалдан авч, өөрт учирсан хохирлыг барагдуулах боломжтой гэсэн ойлголт төрүүлсэн,

 

6.4. Хожим ******* нь *******ьд 1,221,970,000 төгрөгийн хохирлыг 58.22 кг алтны нөөцтэй компанийн хувьцаа шилжүүлэн өгч, хохирлоо барагдуулсан гэж эрүүгийн хэрэгт тайлбар, гомдол гаргасан боловч шүүх хүлээн аваагүй байна.

 

6.5. Мөн нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар ******* ХХК-ийн ашиглах эрхтэй газарт дээрх хэмжээний алтны нөөц бий эсэхийг тогтоосон баримтгүй боловч хариуцагч ******* нь тус компанийг 58.22 кг алтны нөөцгүй, түүнчлэн прокурорын байгууллагаас компанийн хөрөнгийн эрхийг түдгэлзүүлсэн байсныг тус тус мэдэж байсан атлаа үүнийг нуун дарагдуулсан байна.

 

Түүнчлэн *******ийг *******ад залилан мэхлэгдэж их хэмжээний хохирол учирсан эдийн засгийн хувьд хүнд нөхцөл байдалтай байх үед компанийн хувьцаагаар хохирлын хэмжээг тодорхой хэмжээгээр барагдуулах боломжтой гэсэн буруу ойлголт төрүүлж, худалдах худалдан авах гэрээг байгуулжээ.

 

Дээрх нөхцөл байдлаас үзвэл нэхэмжлэгч *******ь нь ******* ХХК-ийг хувьцааг хариуцагч *******аас худалдан авахдаа бодит нөхцөл байдлын талаар үнэн зөв мэдээлэлтэйгээр бүрэн ухамсарлан ойлгосны үндсэн дээр хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлсэн гэж үзэх боломжгүй, харин тухайн худалдах, худалдан авах гэрээг байгуулахад ******* /гуравдагч этгээд/-ын санаатай төөрөгдүүлсэн үйлдэл нөлөөлсөн байхын сацуу хариуцагч *******ийн зүгээс мэдээлэх үүргээ зөрчиж бодит байдлыг нуун дарагдуулснаар нэхэмжлэгч *******ийг хууран мэхлэгдсэн гэж үзэхээр байна.

 

7. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т Сонирхогч этгээд энэ зүйлд заасан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах үндэслэл байгааг мэдсэнээс хойш нэг жилийн дотор нөгөө талдаа гомдлын шаардлага гаргах эрхтэй гэжээ.

 

Гэвч гэрээ, хэлэлцээрийн аль нэг тал нь нөгөө талдаа гомдлын шаардлага гаргах болон шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэх талаар маргах нь үүрэг гүйцэтгэгчийн татгалзах эрхэд хамааралтай хэдий ч хариуцагч *******ийн зүгээс хариу тайлбар, татгалзал гаргаж маргаагүй байна.

 

Энэ талаар мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж заажээ.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж, 77 дугаар зүйлийн 77.7-д Зохигч мэдэгдэх хуудсыг хүлээн авахаас татгалзвал энэ тухай мэдэгдэх хуудсанд тэмдэглэж шүүхэд буцаана. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэхэд саад болохгүй гэж тус тус заасан.

 

8.1. Анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 192/ШЗ2025/34527 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэж, улмаар 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр *******т нэхэмжлэлийн хувийг гардуулах гэсэн боловч гардан авахаас татгалзсан, /х.х-ийн 46, 53,

 

8.2. Мөн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хариуцагчид хэргийн материал танилцуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангид очиход тэрээр ...би хэргийн материалтай танилцахгүй, шүүх хуралдаанд оролцохгүй... гэх тайлбар өгч, танилцахаас татгалзсан, /х.х-ийн 127-128/

 

8.3. Түүнчлэн анхан шатны шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд ...хэргийн материалтай танилцаагүй тул өмгөөлөгчөөр дамжуулан хэргийн материалтай танилцах хэрэгтэй тул шүүхэд очих боломжгүй байна... гэх тайлбар гаргаснаас гадна, /х.х-ийн 130-131,

 

8.4. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр товлогдсон шүүх хуралдааны товыг хариуцагчид мэдэгдэхээр түүний ял эдэлж буй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа 421 дүгээр нээлттэй хорих анги руу 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр албан бичиг хүргүүлсэн боловч тэрээр ...хэргийн материалтай танилцаагүй, процессыг мэдэхгүй тул өмгөөлөгчтэйгөө холбогдоод оролцуулах хүсэлт байна, өөрийн биеэр орохгүй... гэх тайлбар гаргасныг хүлээн авч шүүх хуралдааныг 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хойшлуулсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох өмгөөлөгчөө ирүүлээгүй. /х.х-ийн 157, 163, 167-168, 171/

 

Тиймээс хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа эсэх талаар хариу тайлбар, татгалзал гаргаагүй тул түүнийг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэх боломжтой.

9. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй гээд, 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж тус тус заажээ.

 

Өөрөөр хэлбэл, зохигчийн байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцсон тул үүнтэй холбоотойгоор аль нэг тал үндэслэлгүй хөрөнгөжиж үлдэх ёсгүй.

 

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч *******ь нь хариуцагч *******т 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 10,000,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 90,000,000 төгрөг /20,000,000 + 20,000,000 + 20,000,000 + 20,000,000 + 10,000,000/, нийт 100,000,000 төгрөг төлсөн болох нь түүний Хаан банк ХК дахь ******* тоот дансны хуулгаар тогтоогдсон, мөн нэхэмжлэгчийн ...2018 онд үйлдвэрлэсэн Toyota C-HR-AX50 маркийн тээврийн хэрэгсэл, Iphone-14 promax маркийн гар утсыг 60,000,000 төгрөгт тооцон өгч төлбөрийг барагдуулсан... гэх тайлбарыг хариуцагч нь баримтаар няцаагаагүй. /х.х-ийн 29, 70-71/

 

10. Түүнчлэн хэргийн баримтаар ******* ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр олгосон бөгөөд нэхэмжлэгч *******ь нь компанийн хувьцааг 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр шилжүүлэн авснаас хойш 2023 онд 5 дахь жилийн, 2024 онд 6 дахь жилийн, 2025 онд 7 дахь жилийн тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлж зардал гаргасан байна. /х.х-ийн 76, 77, 80/

 

Тодруулбал, нэхэмжлэгч нь холбогдох этгээдэд 2023 онд 5 дахь жилийн төлбөрт 15,309,610 төгрөг, 2024 онд 6 дахь жилийн төлбөрт 15,309,610 төгрөг, 2025 онд 7 дахь жилийн төлбөрт 15,309,610 төгрөг, нийт 45,928,830 төгрөгийг төлжээ.

 

Иймд, нэхэмжлэгч *******ь нь хариуцагч *******т хүчин төгөлдөр бус гэрээний дагуу 160,000,000 төгрөг төлсөн, мөн маргаан бүхий компанийн үйл ажиллагаанд 45,928,830 төгрөгийн зардал гаргасан байх тул эдгээрийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. /160,000,000 + 45,928,830 = 205,928,830/

 

11. Улсын Дээд шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 25 дугаартай тогтоолын 5 дугаар зүйлийн 5.1.2-т ...иргэний хэргийн шүүх нэхэмжлэлийн шаардлагаар хязгаарлагдан зөвхөн хувийн эрх зүйн маргааны үйл баримтыг шийдвэрлэж, бүртгэлийн асуудлыг орхигдуулдгаас дахин захиргааны маргаан үүсэх шалтгаан болж байна. Иймд иргэний хэргийн шүүх цаашид бүртгэлийн маргааны үндэс болох хувийн эрх зүйн маргааныг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч улсын бүртгэлийн байгууллагыг хариуцагчаар татсан эсэхээс үл шалтгаалж улсын бүртгэлийн асуудлыг шүүхийн шийдвэр биелүүлэх арга, журмыг тодорхойлохдоо нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй байна. Ийнхүү шийдвэрлэснээр нэхэмжлэгчийн эрх зүйн байдал дордохгүй, харин ч эрх зүйн хамгаалалтыг бүрэн үзүүлэх тул агуулгын хувьд шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн-д тооцогдохгүй, мөн нэхэмжлэгч хариуцагчаа тодорхойлох зарчимтай зөрчилдөхгүй ... гэжээ.

 

Үүнээс үзвэл талуудын хооронд байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцсоноос үүсэх үр дагавар болох ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр *******ийг бүртгэхийг Улсын бүртгэлийн Ерөнхийн газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 192/ШШ2026/00098 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д тус тус заасныг баримтлан 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2742 дугаартай компанийн эрх шилжүүлэх гэрээ, 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2743 дугаартай худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцож, хариуцагч *******аас 205,928,830 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******ьд олгож,

 

******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр *******ийг бүртгэсэн өөрчлөлт оруулахыг Улсын бүртгэлийн Ерөнхийн газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт даалгасугай гэж,

 

2 дахь заалтад ...үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагчаас 1,190,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,190,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ

 

ШҮҮГЧИД  Ч.БАТЧИМЭГ

 

Б.МАНДАЛБАЯР