| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2019/0304/Э |
| Дугаар | 316 |
| Огноо | 2019-04-24 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Баярхүү |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 316
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Б.Баярхүү, шүүгдэгч Т.Б-, нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч З овогт Т-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1910007050250 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1979 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Увс аймгийн Улаангом хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, “.........” ХХК-нд арматурчин ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Увс аймгийн Улаангом сум, .... дүгээр баг .... дугаар гудамж, .... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн З овогт Т-ийн Б.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Б нь 2019 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хөх бүрд” ХХК-ийн ажлын байрны хувцас солих өрөөнд байсан иргэн Г.Н-ын Самсунг Жэй-2 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 380,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч Т.Б-: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг гаргахгүй...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Хохирогч Г.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 08 цаг 40 минутын үед манай ажлын дүү гар утсаар чинь ярьчихаад өгье гээд миний гар утсыг авсан. Тэр үед нь би хувцасаа сольж өмсчихөөд ажилдаа түрүүлээд гараад явсан. Дараа нь нөгөө залуугаас миний утсыг яасан бэ гэж асуухад хувцасны өрөөнд орхисон гэж хэлсэн. Тэгээд хувцасны өрөөнд очиж үзэхэд байхгүй байсан. Сүүлд нь манай ажлын Б гэх залуу хувцасны өрөөнд байхад нь авчихсан гэдгийг мэдсэн...” /хх-ийн 15-16, 55/ гэсэн,
Гэрч Э.Анхбаяр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 03 дугаар сарын 08-ны өглөө 08 цагт Н ахаас утсыг нь гуйж ээжтэйгээ ярьчихаад буцааж өгөх гэхэд Н ах гараад явчихсан хувцасны өрөөнд хэн ч байхгүй байхаар нь Н ахын суудал дээр утсыг нь тавьчихсан юм. Тэгээд дараа нь Н ах надаас утсаа асуухаар нь хувцасны өрөөнд үлдээсэн гэдгээ хэлэхэд сандал дээр утас байхгүй байна гээд тэр хавийн хүмүүсээс асуугаад явж байсан...” /хх-ийн 51-52/ гэсэн,
Шүүгдэгч Т.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн ажлынхаа хувцас солих өрөөнд хувцасаа сольчихоод буух гэж байхад нэг гар утас байхаар нь авчихсан. Тухайн үед хувцас солих өрөөнд надаас өөр хүн байхгүй байсан учраас утсыг аваад гэр рүүгээ явчихсан. Цагдаад намайг дуудаад таниас өөр хүн хувцас солих өрөө рүү ороогүй байна, та гар утсыг гаргаад ир гэхээр нь утсыг цагдаад авчирч өгсөн...” /хх-ийн 48-50/ гэсэн мэдүүлгүүд,
- Эд мөрийн баримт хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 5-9/,
- Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 21/,
- Шүүгдэгч Т.Б-ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 38-40, 53-54/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Т.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч Т.Б нь 2019 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хөх бүрд” ХХК-ийн ажлын байрны хувцас солих өрөөнд байсан иргэн Г.Н-ын Самсунг Жэй-2 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 380,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Г.Н-ын “...2019 оны 03 дугаар сарын 08-ны өглөө 08 цаг 40 минутын үед манай ажлын дүү гар утсаар чинь ярьчихаад өгье гээд миний гар утсыг авсан. Тэр үед нь би хувцасаа сольж өмсчихөөд ажилдаа түрүүлээд гараад явсан. Дараа нь нөгөө залуугаас миний утсыг яасан бэ гэж асуухад хувцасны өрөөнд орхисон гэж хэлсэн. Тэгээд хувцасны өрөөнд очиж үзэхэд байхгүй байсан...” /хх-ийн 15-16, 55/ гэсэн, гэрч Э.Анхбаярын “...2019 оны 03 дугаар сарын 08-ны өглөө 08 цагт Н ахаас утсыг нь гуйж ээжтэйгээ ярьчихаад буцааж өгөх гэхэд Н ах гараад явчихсан хувцасны өрөөнд хэн ч байхгүй байхаар нь Н ахын суудал дээр тавьчихсан юм...” /хх-ийн 51-52/ гэсэн, шүүгдэгч Т.Б-ын “...2019 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн ажлынхаа хувцас солих өрөөнд хувцасаа сольчихоод буух гэж байхад нэг гар утас байхаар нь авчихсан. Тухайн үед хувцас солих өрөөнд надаас өөр хүн байхгүй байсан учраас утсыг аваад гэр рүүгээ явсан. Цагдаад намайг дуудаад танаас өөр хүн хувцас солих өрөө рүү ороогүй байна, та гар утсыг гаргаад ир гэхээр нь утсыг цагдаад авчирч өгсөн...” /хх-ийн 48-50/ гэсэн мэдүүлгүүд, эд мөрийн баримт хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 5-9/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 21/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Т.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Т.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Шүүгдэгч Т.Б-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Г.Н-ийн эд хөрөнгөд 380,000 төгрөгийн хохирол учирсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нь хохирогчид гар утсыг буцаан өгсөн /хх-ийн 9/, хохирогч Г.Н нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.
Шүүгдэгч Т.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол хор уршгийн хэмжээ, үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй хувийн байдлуудыг харгалзан түүнд хуульд зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн 1910007050250 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Г.Н гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч З овогт Т-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т-ийн Б-ыг 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Т.Б-д оногдуулсан 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Т.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн 1910007050250 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Г.Н гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР