| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагваагийн Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 151/2016/0913/И |
| Дугаар | 984 |
| Огноо | 2016-09-27 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 984
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюунцэцэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
нэхэмжлэгч: Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг 4 дүгээр баг 1-52 тоотод оршин суух Боржигон овогт Бэгзийн Цэенхүү /РД:ЙЕ79010508, утас:88468129/-гийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Төв аймгийн Батсүмбэр сумын 2 дугаар баг Хужирын тохой гэх газар оршин суух Боржин овогт Баттулгын Батням /РД:НБ80062914, утас:80203793/-д холбогдох “хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Цэенхүү, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Сонинбайгаль, хариуцагч Б.Батням, нарийн бичгийн дарга Г.Сугармаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Цэенхүү шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:
Миний бие Б.Батнямтай 1998 онд танилцаж 1999 оны 11 сарын 18-нд хүү Б.Батхүүг төрүүлсэн. Хүүг төрөхөөс 5 сарын өмнө Б.Батням нь харилцаагаа тасалсан ба хүүгээ төрсний дараа гэрт нь байхад ч ирдэггүй байсан. Үүнээс хойш 1 жилийн дараа Б.Батням өөр гэр бүлтэй болсон. Би хүүгээ хүний гар харуулахгүй өдий болтол эрүүл саруул өсгөж хүмүүжүүлсэн. Одоо миний хүү коллежид суралцаж байгаа бөгөөд сургалтын төлбөр мөнгөний асуудал тулгарч байгаа тул эцгээс нь тэтгэлэг гаргуулах шаардлагатай байна. Иймд хүү Б.Батхүүд төрсөн эцэг Б.Батнямаас тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Батням шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:
Бид хоёр үерхэж байгаад 1999 оны 11 сарын 18-нд хүүтэй болсон. Бид хоёр хамт амьдарч байгаагүй. Би Б.Цэенхүүд 2008-2009 онд тугалах гунж, нэг охин бяруу, нэг морь, нэг байдас нийт 4 тооны малыг хүүхдийн тэтгэлэгт тооцож өгсөн. Бид тухайн үед тэтгэлгийг дээрх байдлаар тохиролцсон. Б.Батхүү бол миний хүүхэд мөн, маргах зүйл байхгүй, хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна гэв.
Шүүх хуралдаанаар хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Эрүүл мэндийн төвийн эмчийн хүүхэд “эрүүл бойжиж байгаа тухай” тодорхойлолт, зохигчдын бичгээр ирүүлсэн тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Цэенхүү нь хариуцагч Б.Батнямыг хүү Б.Батхүүгийн эцэг мөн болохыг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Б.Батням нь Б.Батхүүг өөрийн хүүхэд мөн гэдгийг хүлээн зөвшөөрч бичгээр тайлбар гаргаж зохигчдын хооронд маргаан байхгүй байна.
Зохигчид нь 1998 оноос эхлэн үерхэж гэр бүлийн харилцаатай байсан ба тэдний дундаас 1999 оны 11 сарын 18-нд хүү Б.Батхүү төрсөн болох нь зохигчдын өөрсдийн тайлбар, хүүхэд төрсний гэрчилгээний хуулбар, Сумын эрүүл мэндийн төвийн тодорхойлолт зэрэг нотлох баримтаар нотлогдож байна. Иймд Б.Батхүүгийн эцэг нь Б.Батням мөн болохыг тогтоож, түүнээс хүүхдийн тэтгэлэг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч Б.Цэенхүүгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Батнямаас улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Цэенхүүд олгож, нэг жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлэгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 28 209 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлд заасныг ныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-д зааснаар 1999 оны 11 сарын 18-нд төрсөн хүү Б.Батхүүг 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Б.Батнямаар тэжээн тэтгүүлсүгэй.
2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг мэдэгдсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан хариуцагчаас улсын тэмлэгтийн хураамж 70 200 төгрөгийн гаргуулж нэхэмжлэгчид, нэг жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлэгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 28 209 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ОЮУНЦЭЦЭГ