Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 320

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Х.Эрдэнэтуяа, шүүгдэгч Б.Г-, түүний өмгөөлөгч Т.Мөнхдалай, нарийн бичгийн дарга  Ж.Буянжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б овогт Б-ийн Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1910002120132 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1988 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, шалган нэвтрүүлэх албаны мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, .......... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь:

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 94 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 05 жил 01 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг Улсын дээд шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 39 дүгээр тогтоолоор 03 жил 05 сар болгож өөрчилснийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 664 дүгээр захирамжаар оногдуулсан хорих ялыг дүйцүүлэн хасаж 02 жилийн хугацаагар хорих ялаар тогтоож, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 125 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 09 сар 19 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт Б-ийн Г.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Г нь өөрийн танил А.А-гаас 2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр өөрийгөө “төрийн тусгай албанд ажилд орох гэж байна, дүрэмт хувцасны мөнгө хэрэг болсон” гэж хуурч 1,700,000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдөр “эгчийнхээ байрны лизингийн төлбөр хэрэг болсон” гэж 1,000,000 төгрөг, 2018 оны 06 дугаар сард “үнэртэй усыг чинь өөрийн төрсөн эгч Б.Мөнгөнсувдад өгөөд заруулаад өгье” гэж хэлээд “сhanel” брэндийн 150 граммын савалгаатай үнэртэй ус 3 ширхэг, “bulgari” брэндийн 150 граммын савалгаатай үнэртэй ус нэг ширхэг нийт 1,400,000 төгрөгийн үнэтэй үнэртэй усны мөнгийн тус тус авч нийт гурван удаагийн үргэлжилсэн үйлдлээр 4,100,000 төгрөгийн хохирол учруулан залилан мэхэлсэн гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/. 

ТОДОРХОЙЛОХ нь:

                  

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Б.Г-: “...Би төрийн тусгай хамгаалалтын газар ажилд орохоор хөөцөлдөж байсан учраас хувцасаа өөрт тааруулаад хийлгэчихье гэж бодоод А-гаас нь 1,700,000 төгрөг авсан боловч миний ял шийтгэл эдэлж байсан баримт гарч ирээд тухайн газраас намайг авах боломжгүй гэж мэдэгдсэн юм. Дараа нь авсан 1,000,000 төгрөгийг өөрийн 11 сартай хүүдээ зарцуулаад дуусгасан. Тухайн үед А-д учраа хэлээд ах нь мөнгийг чинь хүүдээ зарцуулчихсан боломжоороо хүүг нь төлөөд явж байя гэж хэлсэн. Үнэртэй усны хувьд А надад 10 гаруй усыг зараад өгөөч гээд өөрөө өгсөн. Тэгээд би гурав, дөрвөн усыг нь зарчихаад үлдсэн усыг нь А-д буцааж өгсөн. Үнэртэй уснуудыг зарсан мөнгийг нь А-д “ахынх нь хүүхэд өвдөөд байгаа тул хүүдээ зарцуулчихаад дараа нь буцаагаад өгье” гэж хэлсэн. Надад А-г залилан мэхлэх санаа зорилго анхнаасаа байгаагүй, би тухай бүр зээлсэн мөнгөнийхөө хүүг төлөөд явж байсан...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч А.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Г надтай хамт нэг сургуульд сурч байсан, унаган Нисэхийн хүүхэд гэдгээр нь мэддэг. Г ах над руу залгаад Төрийн тусгай албанд ажилд орох гэж байна, эхний ээлжинд дүрэмт хувцасаа өөрөө оёулж өмсөх шаардлагатай тул 1,700,000 төгрөг хэрэгтэй байна, мөнгө зээлдэг эгчээсээ аваад өгөөч нэг сарын дараа буцааж өгнө гэж хэлсэн. Тэгэхээр нь Отгоо эгчтэй уулзаад манай найзад яаралтай мөнгө хэрэг болоод байна гэхэд манай ээж Өлзийсайханы дансанд 1,700,000 төгрөг шилжүүлсэн. Би тэр мөнгийг Г-гийн өөрийнх нь өгсөн данс болох 5033478063 дугаарын данс руу 2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр шилжүүлсэн. 2018 оны 04 дүгээр сарын 22-ноос хойш 5 хоногийн дараа Г ах дахин залгаад эгч Мөнгөнсувдын байрны лизингийн мөнгө нэхэгдээд байна, чи эгчээсээ дахин 1,000,000 төгрөг зээлээд өгөөч гэхээр нь дахин 1,000,000 төгрөг бэлнээр авч Г-д өгсөн. 2018 оны 06 дугаар сард Г нөгөө үнэртэй уснуудыг чинь Мөнгөнсувд эгчид өгөөд заруулаад өгье гэж хэлээд 1,400,000 төгрөгийн үнэ бүхий chanel брэндийн 150 граммын савалгаатай үнэртэй ус 3 ширхэг, bulgari брэндийн 150 граммын савалгаатай үнэртэй ус 1 ширхэгийг авсанаа буцааж өгөөгүй, мөнгийг нь бас өгөөгүй нийт 4,100,000 төгрөгийг нэхэмжилж байна...” /хх-ийн 6-8/ гэсэн,

 

Гэрч Б.Мэндбаяр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 11 дүгээр сард А надтай уулзаад манай танил ах намайг гуйгаад байхаар нь хүнээс хүүтэй мөнгө зээлээд өгчихсөн чинь өгөхгүй алга болчихлоо, одоо надад мөнгө зээлүүлсэн хүн мөнгөө өг гээд намайг шахаад байна гэхээр нь би 4,100,000 төгрөг өгөөд Отгоо гэх хүний өрийг дарсан. Би тухайн мөнгийг А-гаас мөнгө нэхэмжлэхгүй, ахын хувиар тусалсан юм...” /хх-ийн 13/ гэсэн,

 

Гэрч Б.Мөнгөнсувд мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “... Б.Г нь миний үеэл дүү юм. ...Ер нь бол бэлэнчлэх сэтгэлгээтэй хүн, янз бүрийн өр энд тэнд тавьсаныг би бага багаар төлдөг байсан хэдий ч сүүлдээ залхаад Г-г гэрээсээ хөөж явуулсан. 2018 оны 08 дугаар сараас хойш огт уулзаагүй . ...Би Г-г нэг ч удаа байрны мөнгө өг гэж хэлж үзээгүй, Г-гийн утасны төлбөрийг хүртэл би төлдөг байсан. Нэг удаа Г надад таван ширхэг үнэртэй ус авчирч өгөөд энийг манай танил зараад өгвөл надад хувь өгнө гэсэн гэхээр нь би хоёрыг нь өөрөө аваад, гурвыг нь хүмүүст зарсан. Г-д үнэртэй уснуудыг чинь зарчихсан нөгөө хүн рүү шилжүүлье гэхээр нь надад өгчих би аваачиж өгнө гээд надаас бэлэн мөнгө авсан. ...2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр А над руу залгах үед үнэртэй уснуудыг А-гийх байсныг мэдсэн. Мөн миний үнэртэй ус зарсан мөнгийг А-д огт өгөөгүй, төрийн тусгайд орох гэж байгаа гэж худлаа хэлээд мөнгө авсан байсан...” /хх-ийн 14-15/ гэсэн,

 

Шүүгдэгч Б.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би төрийн тусгай хамгаалалтын албанд орох гэж байсан боловч намайг урьд нь ял шийтгэл эдэлж байсан гээд аваагүй, намайг хувцасаа өөрөө хийлгэ гэж хэлээгүй, би худлаа хэлээд мөнгө авсан. Мөн эгчийн байрны мөнгө нэхэгдсэн, үнэртэй усны мөнгийг А-д өгнө гэж худлаа хэлээд мөнгө авсан нь үнэн. Дээрх мөнгөнүүдийг ойр зуурын хэрэгцээнд зарцуулаад дууссан...” /хх-ийн 57/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Төрийн тусгай хамгаалалтын газрын албан бичиг /хх-ийн 31/,

- Хилийн цэргийн төв архивын лавлагаа /хх-ийн 34/,

- Л.Өлзийсайханы Хаан банкны дансны хуулга /хх-ийн 36-48/,

- Шүүгдэгч Б.Г-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 16-26/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Б.Г-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б.Г нь өөрийн танил А.А-гаас 2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр өөрийгөө “төрийн тусгай албанд ажилд орох гэж байна, дүрэмт хувцасны мөнгө хэрэг болсон” гэж 1,700,000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдөр “эгчийн байрны лизингийн төлбөр хэрэг болсон” гэж 1,000,000 төгрөг, 2018 оны 06 дугаар сард “үнэртэй усыг чинь өөрийн төрсөн эгч Б.Мөнгөнсувдад өгөөд заруулаад өгье” гэж хэлээд 1,400,000 төгрөгийн үнэ бүхий дөрвөн ширхэг үнэртэй усыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглан залилж нийт гурван удаагийн үргэлжилсэн үйлдлээр 4,100,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч А.А-гийн “...Г ах над руу залгаад Төрийн тусгай албанд ажилд орох гэж байна, эхний ээлжинд дүрэмт хувцасаа өөрөө оёулж өмсөх шаардлагатай тул 1,700,000 төгрөг хэрэгтэй байна, мөнгө зээлдэг эгчээсээ аваад өгөөч нэг сарын дараа буцааж өгнө гэж хэлсэн. Тэгэхээр нь Отгоо эгчтэй уулзаад манай найзад яаралтай мөнгө хэрэг болоод байна гэхэд манай ээж Өлзийсайханы дансанд 1,700,000 төгрөг шилжүүлсэн. Би  тэр мөнгийг  Г-гийн өөрийнх нь өгсөн данс болох 5033478063 дугаарын данс руу 2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр шилжүүлсэн, үүнээс хойш 5 хоногийн дараа Г ах дахин залгаад эгч Мөнгөнсувдын байрны лизингийн мөнгө нэхэгдээд байна, чи эгчээсээ дахин 1,000,000 төгрөг зээлээд өгөөч гэхээр нь дахин 1,000,000 төгрөг бэлнээр авч Г-д өгсөн. 2018 оны 06 дугаар сард Г нөгөө үнэртэй уснуудыг чинь Мөнгөнсувд эгчид өгөөд заруулаад өгье гэж хэлээд 1,400,000 төгрөгийн үнэ бүхий дөрвөн ширхэг үнэртэй ус авсанаа буцааж өгөөгүй, мөнгийг нь бас өгөөгүй нийт 4,100,000 төгрөг авсан...” /хх-ийн 6-8/ гэсэн, гэрч Б.Мэндбаярын “...2018 оны 11 дүгээр сард А надтай уулзаад манай танил ах намайг гуйгаад байхаар нь хүнээс хүүтэй мөнгө зээлээд өгчихсөн чинь өгөхгүй алга болчихлоо, одоо надад мөнгө зээлүүлсэн хүн мөнгөө өг гээд намайг шахаад байна гэхэээр нь би 4,100,000 төгрөг өгөөд Отгоо гэх хүний өрийг дарсан...” /хх-ийн 13/ гэсэн, гэрч Б.Мөнгөнсувдын “...Би Г-г нэг ч удаа байрны мөнгө өг гэж хэлж үзээгүй, Г-гийн утасны төлбөрийг хүртэл би төлдөг байсан. Нэг удаа Г надад таван ширхэг үнэртэй ус авчирч өгөөд энийг манай танил зараад өгвөл надад хувь өгнө гэсэн гэхээр нь би хоёрыг нь өөрөө аваад, гурвыг нь хүмүүст зарсан. Г-д үнэртэй уснуудыг чинь зарчихсан нөгөө хүн рүү шилжүүлье гэхээр нь надад өгчих би аваачиж өгнө гээд надаас бэлэн мөнгө авсан. ...2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр А над руу залгах үед үнэртэй уснуудыг А-гийх байсныг мэдсэн. Мөн миний үнэртэй ус зарсан мөнгийг А-д огт өгөөгүй, төрийн тусгайд орох гэж байгаа гэж худлаа хэлээд мөнгө авсан байсан...” /хх-ийн 14-15/ гэсэн, шүүгдэгч Б.Г-гийн “...Би төрийн тусгай хамгаалалтын албанд орох гэж байсан боловч намайг урьд нь ял шийтгэл эдэлж байсан гээд аваагүй, намайг хувцасаа өөрөө хийлгэ гэж хэлээгүй, би худлаа хэлээд мөнгө авсан. Мөн эгчийн байрны мөнгө нэхэгдсэн, үнэртэй усны мөнгийг А-д өгнө гэж худлаа хэлээд авсан нь үнэн. Дээрх мөнгөнүүдийг ойр зуурын хэрэгцээнд зарцуулаад дууссан...” /хх-ийн 57/ гэсэн мэдүүлгүүд, Төрийн тусгай хамгаалалтын газрын албан бичиг /хх-ийн 31/, Хилийн цэргийн төв архивын лавлагаа /хх-ийн 34/, Л.Өлзийсайханы Хаан банкны дансны хуулга /хх-ийн 36-48/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

 

Энэ гэмт хэргийн арга болох хууран мэхлэлт нь бусдыг хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх замаар гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдэл төрүүлэх аргаар илэрч өмчлөгч, эзэмшигч өөрийн хөрөнгийг өөрөө өгөхөд хүргэх бөгөөд шүүгдэгч Б.Г-гийн дээрх үйлдэл нь энэ гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч А.А-гийн эд хөрөнгөд 4,100,000 төгрөгийн хохирол учирсан шүүхийн шатанд шүүгдэгч нь хохирлыг бүрэн төлсөн, хохирогч А.А гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд хуульд зааснаар 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Г урьд нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэгт хорих ял шийтгүүлж, биеэр 09 сар 14 хоногийг эдэлж, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 125 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 09 сар 19 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх эдлээгүй үйлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэмж нэгтгэнэ...” гэж заасан бөгөөд Б.Г нь хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдаж хяналтын хугацаа дуусаагүй байх үед буюу 2018 оны 04 дүгээр сарын 22-ноос 2018 оны 06 дугаар сар хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний эдлээгүй үлдсэн 09 сар 19 хоногийн хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 06 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 01 жил 03 сар 19 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоов.

 

Эрүүгийн 1910002120132 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч А.А гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон шүүгдэгч Б.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.  

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Б-ийн Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглан бусдын эд хөрөнгийг нь залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-гийн Г-г 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-гийн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 94 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 09 /ес/ сар 19 /арван ес/ хоногийн хугацаагаар хорих ял дээр, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 01 /нэг/ жил 03 /гурав/ сар 19 /арван ес/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д оногдуулсан 01 /нэг/ жил 03 /гурав/ сар 19 /арван ес/ хоногийн ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн 1910002120132 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч А.А гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон шүүгдэгч Б.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Д.АЛТАНЖИГҮҮР