Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 224/МА2026/00003

 

        

 

 

 

 

 

 

      2026         02          24                                        224/МА2026/00003

 

Д.У, Т,Ч  нарын нэхэмжлэлтэй, “ЭӨ ” нөхөрлөл БНН,

У  аймгийн ЭМГ  дэргэдэх ёс зүйн

салбар хороонд холбогдох иргэний хэргийн тухай

У  аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Алтан даргалж, шүүгч Б.Мөнхзаяа, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулж,

У  аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 318/ШШ2025/01127 дугаар шийдвэртэй,

Д.У, Т,Ч  нарын нэхэмжлэлтэй, “ЭӨ ” нөхөрлөл БНН, У  аймгийн ЭМГ  дэргэдэх ёс зүйн салбар хороонд холбогдох У  аймгийн ЭМГ  дэргэдэх ёс зүйн салбар хорооны 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 01 тоот шийдвэрийг хүчингүйд тооцуулах, ЭӨ өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2025 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Б/17 дугаар тушаалыг хүчингүйд тооцуулах тухай шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Б.Мөнхзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.У, Т,Ч , тэдгээрийн өмгөөлөгч Д.Д , хариуцагч Ч.О , түүний өмгөөлөгч Т.У , хариуцагч Б.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.У, Т,Ч  нар “У  аймгийн ЭМГ  дэргэдэх ёс зүйн салбар хорооны 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 01 тоот шийдвэрийг хүчингүйд тооцуулах, ЭӨ өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2025 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Б/17 дугаар тушаалыг хүчингүй тооцуулах тухай” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байна.

2. Нэхэмжлэгч нар хамтран гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...ЭӨ ” ӨЭМТ-нь 2 жил хэрүүл маргаан тасрахгүй байгаа. ...сувилагч Д.Н нь Д.У, Т,Ч  нарын өрөөнд орж ирж удаа дараа хэрүүл маргаан үүсгэдэг, мөн үйлчлүүлэгчид байхад ажилчдыг өмөөрч удаа дараа өрөөнд орж ирж хэрүүл маргаан үүсгэдэг. Д.У ын ажилтай маргалдаж хэрүүл хийдэг, ажилчдын групп чатад нэр цоллож дарамт үүсгэж ирсэн.

Б.Б  дарга Д.Н-г ийм гэдгийн мэддэг тул арга хэмжээ авах болов уу гээд өргөдөл өгөхөд уншиж харахгүйгээр ширээн дээрээ чулуудаж орхисон. Байгууллагын дарга нь үл тоож байгаа юм бол гээд ЭМГ  дэргэдэх ёс зүйн хороонд 2025 оны 4 дүгээр 30-ны өдөр өргөдөл гаргасан. ЭМГ  ёс зүйн хороо нь дөнгөж байгуулагдсан байсан бөгөөд 2025 оны 5 дугаар 28-ны өдөр бидний өргөдлийг хэлэлцэх хурал болсон. Уг өргөдлийг Д.У, Т,Ч  бид нар гаргасан байхад хурлын үеэр бид гурвын лиценз цуцлах талаар ярьж, ажилдаа алдаа гаргаагүй байхад бид гуравт адилхан үндсэн цалинг 2 сарын хугацаанд 20%-иар хасах сахилгын шийтгэл ногдуулж шийдвэрлэсэн байдаг. Хурлын үер хорооны гишүүд нь “энэ шийтгэл нь тухайн байгууллагын даргад санал зөвлөмж, үүрэг чиглэл хүргүүлэх агуулгатай” гэсэн боловч ажлаас чөлөөлөхийг тухай хугацаатай албан бичиг хүргүүлсэн.

Б.Б  нь “тухайн албан бичиг 2025 оны 7 дугаар 01-ний өдөр ирсэн боловч мартсан байна. 7 дугаар сарын 04-нд хариу хүргүүлэх юм байна” гэж Т.Ч д хэлсэн. ...Сахилгын шийтгэл оногдуулсан тушаалаа Д.У д 7 дугаар сарын 09-нд, Т.Ч д 7 дугаар сарын 04-ны өдөр тухайн тушаалаа явуулсны дараа танилцуулсан. Зөрчлийн шинж үр дагаврын талаар уулзаж сонсох ажиллагаа явуулаагүй, байгууллагадаа хурал хийж авч хэлэлцээгүй.

Тухайн байгууллага нь нөхөрлөл хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулдаг тул байгууллагын даргыг ЭМГ  дарга томилж чаддаггүй. Гэтэл ЭМГ  дарга н.Д  нь арга хэмжээ заавал ав гэж хэлсэн болохоор дээд шатныхаа байгууллагын тушаалыг хэрэгжүүлнэ гэж хэлээд алдаа дутагдал гаргаагүй, мөн ёс зүйн алдаа байнга гаргадаг сувилагчийн талаар талаар гомдол гаргасны төлөө бидэнд арга хэмжээ авч байгаад гомдолтой байна.

           Нэхэмжлэгч Т.Ч  , Д.У  нар нь 2025 оны 7 дугаар сарын 18-нд У  сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд өргөдөл гаргасан.

Өргөдлийн хурал нь 2025 оны 8 дугаар сарын 04-нд болж, хурлын явцад санал асуулга асуусан.

...Хөдөлмөрийн тухай хуулийн 123.3-т зааснаар ажил олгогч хөдөлмөрийн сахилга ноогдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж тайлбар авч, сахилгын шийдвэрийг сонгож хэрэглэх ёстой.

...Т.Ч , Д.У  нь хөдөлмөрийн харилцаатай холбоотой буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 123.1-д заасан зөрчил гаргасан нь тогтоогдохгүй байна” гэх агуулгаар тайлбарлажээ.

Анхан шатны шүүх хуралдаанд:

- Нэхэмжлэгч Д.У  нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж “...Манай байгууллага 2 жил шүүхээр явж байгаа. Бүгдээрээ дотооддоо хэрүүл маргаантай байгаа үед хүртэл ахиад нэг арга хэмжээ авч, цалин хассан нөхцөл байдал үүсээд байгаа учраас нэхэмжлэлээ шүүхэд гаргасан. Дотоодын асуудлаас шалтгаалж бид хоёр Б.Б  эмчид өргөдлөө өгөхөд бид хоёрын өргөдлийг авч хэлэлцэхгүйгээр хажуудаа аваад шидсэн. Бид хэдийгээр асуудалтай байсан ч тэрийгээ дотооддоо зохицуулах арга хэмжээ авсан бол энэ асуудал шүүх хүртэл явах шаардлагагүй байсан гэж би бодож байна. Хөдөлмөрийн гэрээний ямар нэгэн заалтыг зөрчөөгүй байхад эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэж бидэнд сануулах арга хэмжээ авсан гэж үзэж байна. Мөн байгууллагын дарга бидэнд мэдэгдэхгүйгээр сануулах арга хэмжээ авсан. Ёс зүйн хороо нь зөвхөн санал тавих эрхтэй атлаа өөрийн бүрэн эрхийг хэтрүүлж, байгууллагын даргад заавал арга хэмжээ ав гэж үүрэг болгосон” гэх агуулгаар;

- Нэхэмжлэгч Т.Ч  нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж “...Би ахлах сувилагчийн хувьд одоо ажлын үүрэг, хариуцлагын талаар шаардлага тавьсны төлөө өрөө тасалгаандаа хүнээр биедээ халдуулаад, хэл амаар доромжлуулсандаа их гомдолтой байсан учраас өрхийн эмнэлгийнхээ ёс зүйн баг болон өрхийн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Б.Б  эмчид гомдол гаргасан боловч гомдлыг маань авч танилцахгүй ширээн дээрээ шидсэнээс болоод бид хоёр ЭМГ  дэргэдэх Ёс зүйн хороонд хандсан юм. Тэгээд одоо хүнээр хэл амаар доромжлуул, биедээ халдуулчхаад өнөөдөр дахиад энэ цалингийн 20%-ийг хасуулсан арга хэмжээ авхуулж байгаад би үнэхээр их гомдолтой байна” гэх агуулгаар;

- Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Д.Д  “...2025 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 01 дугаартай ёс зүйн салбар хорооны даргын албан бичиг дээр: Энэ энийг ингэж ингэж зөрчсөн учраас цалингийн 20% сахилгын шийтгэл ногдуулахаар шийдвэрлэсэн болно гэж маш тодорхой бичсэн байгаа юм. Иймд сахилгын шийтгэл ногдуулсан талаар баримтыг 7 дугаар сарын 04-ний дотор ирүүл гэж. Өөрөөр хэлбэл энэ албан бичгээр юуг илэрхийлж байна вэ гэвэл шууд үүрэг болгосон заалтуудыг оруулсан. ЭӨ  өрхийн эмнэлгийн дарга Б.Б  2025 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Б/17 тушаал гаргахдаа үндэслэх хэсэг дээрээ хоёрхон заалт тавьсан. Түүний нэг нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123.2.3. Энэ нь 3 сар хүртэл хугацаагаар цалингийн 20% хүртэл хасах гэдэг тэр заалт байгаа юм. Нөгөө заалт нь дээр дурдсан 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 01 тоот албан тоотыг үндэслэж гэж дурдсан. Гэтэл ёс зүйн салбар хорооны хуралдааны тэмдэглэлийн төгсгөл дээр санал болгож байгаа юм.

...Тэгэхээр ёс зүйн салбар хороо 7 хүнийхээ бүрэлдэхүүнтэй хуралдаад шууд сахилгын шийтгэл ноогдуул гэсэн шийдвэр гаргаагүй, зөвхөн санал болгож байгаа юм.

...ЭӨ , өрхийн эмнэлгийн захирал Б.Б  тушаал гаргахдаа тушаалд тавигдах шаардлагуудыг хангаагүй. Тушаал гаргах эрхээ дурдаагүй. ...Хөдөлмөрийн тухай хуулийн 123.4-т сахилгын зөрчил гаргасан өдрөөс эсвэл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш 6 сар ажил олгогч үүнийг илрүүлснээс хойш 1 сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ноогдуулна. ...энэ 3 хүн чинь хэзээ хэрэлдээд, хэзээ зодолдоод юу болчихсон юм бэ энээ тэрээ гээд энэ хугацааг нь тогтоох гээд энэ хэрэгтэй танилцахаар энэ дотор ердөөсөө тодорхой зүйл нэг ч байхгүй. Ганцхан Т.Ч ын ёс зүйн хорооны хуралдааны явцад хэлсэн нэг үг байдаг 4 сарын хэдэнд билээ орж ирж намайг одоо мөрлөж өшиглөж, тэр юм хум урж хаясан юм аа л гэсэн нэг өгүүлбэр үг бий. Тэгвэл одоо энэнээс чинь ингээд харахаар одоо жишээлбэл хөөн хэлэлцэх хугацааг яаж хэрэгжүүлчихсэн, яаж хэрэглэсэн юм бэ гэдэг маань туйлын тодорхой биш байгаа юм. ...Б/17 гэдэг тушаал бол үндэслэлгүй гарсан” гэх агуулгаар мэтгэлцсэн байна.

3. Хариуцагч ЭӨ өрхийн эрүүл мэндийн төвийн төлөөлөгч Б.Б  нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, татгалзлын үндэслэлээ “...Т.Ч , Д.У  нарын гаргасан нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна. ...У  аймгийн ЭМГ  дэргэдэх ёс зүйн салбар хорооноос 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдөр ирсэн 01 тоот албан бичгийг үндэслэн уг тушаалыг гаргасан болно. 2025 оны 7 дугаар сарын 04-ний өдөр уг тушаалыг гаргаж байгааг Д.Н , Т.Ч , Д.У  нарт мэдэгдсэн. Д.Н нь хүлээн зөвшөөрч мэдэж байгаагаа хэлсэн. Т.Ч  “заа яахав, нэг гутал авах мөнгө гэж бодоод орхилоо” гэж хэлсэн. Д.У  нь хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа утсаар мэдэгдсэн” гэж;

 - Хариуцагч У  аймгийн ЭМГ  дэргэдэх ёс зүйн салбар хорооны төлөөлөгч Ч.О  нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, татгалзлын үндэслэлээ “...ЭМГ  дэргэдэх ёс зүйн салбар хорооны бүрэлдэхүүнийг Эрүүл мэндийн яамны дэргэдэх ёс зүйн хорооны тогтоолоор баталсан бөгөөд У  аймгийн ЭМГ  даргын шууд удирдлагад байдаггүй.

- Эрүүл мэндийн сайдын 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/174 дугаар тушаалын 2-р хавсралтаар ёс зүйн салбар хорооны ажиллах журмын 2.1.6- д эмнэлгийн мэргэжилтний ёс зүйтэй холбоотой асуудлаар иргэд, албан тушаалтан, байгууллагаас ирүүлсэн өргөдөл гомдол, бусад материалыг хүлээн авах, хянаж судалж хэлэлцэн шийдвэрлэх гэж заасны дагуу Д.У, Т,Ч  нарын гомдлыг хэлэлцэж шийдвэрлэсэн.

- Энэхүү хэрүүл маргаан нь нэг хүний хэрүүл биш 2, 3-уулаа нэг нэгэн лүүгээ дайрч үйлчлүүлэгчийн хажууд харилцан хэрэлдэж ёс зүйгүй харилцаж байсан нь тухайн үеийн бичлэг, дундын чатаар нотлогдсон.

          Т.Ч , Д.У  нарын бичсэн нэхэмжлэлд Д.Н байгууллагын бусад ажилчдыг өмөөрч удаа дараа өрөөнд орж ирж үйлчлүүлэгч байхад хэрүүл маргаан үүсгэсэн гэж бичсэн нь Т.Ч , Д.У  нар нь эмнэлгийн бусад ажилчидтай таарамжгүй харилцаатай болох нь харагдаж байна.

ЭМС-ын А/174 дүгээр тушаалын 2-р хавсралтаар батлагдсан салбар хорооны ажиллах журмын 4.9, 4.9.8-д заасны дагуу мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг цуцлах саналыг хүргүүлэхээр шийдвэрлэсэн талаар Т.Ч  Д.У , Д.Н нарт танилцуулж хүлээн зөвшөөрөх эсэх талаар тодруулахад гэм буруугаа хүлээн зөвшөөрч, дахиж ийм ёс зүйн зөрчил гаргахгүй хоорондоо эвлэрч ажиллах тул шийтгэлийг хөнгөрүүлж өгөхийг хүссэнийг харгалзан үзэж уг журмын 4.9.7-д зааснаар Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу сахилгын шийтгэл оногдуулахаар санал гаргаж өрхийн эрүүл мэндийн төвийн даргад албан бичгээр хүргүүлсэн болно.

У  сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдаанаар эрүүл мэндийн салбарын онцлог, ЭМГ  дэргэдэх Ёс зүйн салбар хорооны эрх хэмжээг судлаагүй, ёс зүйн салбар хорооноос тайлбар авахгүйгээр шийдвэр гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна.

У  сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо нь Ёс зүйн салбар хорооны шийдвэрийг хянах эрх бүхий дээд байгууллага биш болно.

Д.У ,Т.Ч , Д.Н нарын хэлснээр энэхүү ёс зүйгүй эмч эмнэлгийн мэргэжилтний хоорондын харилцаа нь 2017 оноос эрүүл мэндийн төвийн даргыг нөхөрлөлөөрөө сонгохтой холбоотой эхэлсэн олон жил үргэлжилсэн маргаан бөгөөд У  аймгийн эрүүл мэндийн салбарын нийт эмч эмнэлгийн мэргэжилтэн нарын нэр хүндийг унагасан үйлчлүүлэгч эрүүл мэндийн ажилтанд итгэх итгэлцлийг алдагдуулж байгааг таслан зогсоох зорилгоор энэхүү эмнэлгийн мэргэжилтэн хоорондын ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн маргааныг шийдвэрлэсэн болно.

Т.Ч  нь тухайн үед фейсбүүкийн чатаар ирүүлсэн бичлэг болон бусад нотлох баримтыг устгасан. Иймд Д.У, Т,Ч  нарын гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна” гэж тус тус тайлбарласан байна.

Анхан шатны шүүх хуралдаанд:

- Хариуцагчийн төлөөлөгч Б.Б  нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...энэ хоёрын өргөдөл нь 4 сард ирсэн, ирэхэд нь би үзлэгтэй байсан. Би 2, 4 дүгээр багийг хариуцахынхаа хажуугаар даргын үүргийг түр орлон гүйцэтгэдэг. Үзлэгтэй байхад өргөдлөө өгөхөөр нь би аваад цонхон дээр тавьсан, түүнээс биш аваад шидээд байсан зүйл болоогүй. ...Нэхэмжлэгч нар манай вакцинатор сувилагчийн талаар өргөдөл бичиж өгсөн, тэр хүн нь жирэмсэн байсан. Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэм буюу Эрүүл мэндийн сайдын 406 дугаар тушаалаар батлагдсан ёс зүйн дүрэмд Монгол Улсын нутаг дэвсгэрт эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн ажилтан нь энэхүү дүрмийг мөрдөнө өө гээд байдаг. Тийм учраас бид хувийн хэвшил гээд энэ хүмүүст хариуцлага тооцохгүй үлдээж болохгүй юм байна гэж би бодсон. 2 дугаарт эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн тулгуур 3 зарчим дээр хүнлэг энэрэнгүй байх ёстой гэсэн зарчим байсан. Үнэхээр ёс зүйн алдаа зөрчилгүй, ёс зүйг дээдэлдэг хүн бол магадгүй сарын дараа төрөх гэж байгаа хамтран ажилладаг жирэмсэн хүний талаар хоёулаа ингээд өргөдөл бариад явах нь өөрөө хүнлэг энэрэнгүй байдал мөн үү гэдэг байдлаар би үзсэн. Тэгээд энэ 2 хүмүүсийн гаргаж байгаа зан аашийн хувьд надад бас ёс зүй дээр доголдолтой санагдсан. Өгсөн үүрэг даалгавар ч юм уу аливаа юманд чадахгүй, түр дарга байж чамд тийм эрх мэдэл байдаг юм уу гэсэн үгнүүд байдаг болохоор би ерөнхийдөө бодож байгаад энэ ёс зүйн хороо нь ингээд шийдсэн, мөн энэ гурван хүн ёс зүйн алдаа зөрчил байгаагаа одоо ухамсарлаад цаашдаа энэ талаа засах байх, ямар ч байсан шийтгэлийг нь өгнө гэдэг байдлаар би ёс зүйн хорооны шийдвэрийг хүлээж аваад тушаалыг нь гаргасан” гэх агуулгаар;

- Хариуцагчийн төлөөлөгч Ч.О  нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...Нэгдүгээрт  Д.У, Т,Ч  нар ЭМГ  дэргэдэх ёс зүйн салбар хороонд өргөдлөө өгсөн. Ёс зүйн салбар хороо бол 2025 оны 4 дүгээр сард байгуулагдсан Эрүүл мэндийн яамны дэргэдэх салбарын хяналтын хороо гэдгээр батлуулж, 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулсан. Салбар хорооны үүрэг нь 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн А174 тоот тушаал гэж журам шинэчлэн батлах тухай, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээний ажиллах журмыг баталж өгсөн байгаа. Энэ журмын 1.5 дээр ЭМГ  дэргэдэх эмнэлгийн мэргэжлийн салбар хороо нь Эрүүл мэндийн тухай багц хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд хяналт тавьж ажиллана гэж заасан. Бид Т.Ч  Д.У  нарын өргөдлийг уншиж танилцаад видео бичлэгээр өгсөн тэр хэрүүл маргааныг нь үзээд эмчлэх эрхийг нь хасъя. Яагаад 2017 оноос хойш хэрүүл маргаан нь ингээд дэгдээд яваад байгаа юм, хамт олонгүй байвал яадаг юм бол, цалингүй байвал яадаг юм бол, энэ асуудлыг таслан зогсооё гэдэг байр сууринаас манай эмнэлгийн мэргэжлийн ёс зүйн хороо тийм санал гаргасан. Тэгтэл энэ гурав “энэ саналыг хүлээн зөвшөөрөхгүй байна, та нар эргэж нэг бодооч ээ, бид 3 эвлэрмээр байна” гэсэн. ...Дээрх журмын 2.1.7-д “Эмнэлгийн мэргэжилтэн ёс зүйн зөрчил гаргасныг тогтоосон тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авхуулах саналыг тухайн байгууллагын ажил олгогчид хүргүүлнэ” гэсэн заалт байсан. Тийм учраас бид нар энэ саналыг авч хэлэлцсэн. Маргааш нь Т.Ч  Д.У  хоёр “бид хоёр цалингаа хасуулмааргүй байна” гээд манай ёс зүйн хорооны нарийн бичгийн дарга н.О г бид хоёртой уулзахаар ирэхэд нь “бид нар бас яг хуулийн дагуу ажилласан, бид энэ өргөдлийг бүхэл бүтэн 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр шийдчихээд, дахиад бид хоёр ингэж өөрчлөх арга байхгүй. Бид нар гаргасан шийдвэрээ өөрчилж чадахгүй, та нар ханддаг дээд шатны газарт хандаж болно” гэдгийг нь хэлээд явуулсан. ЭӨ ийн эмч нь над руу “бид нар ингээд арга хэмжээ авах гэж байна” гэж утсаар ярихаар нь би ерөөсөө энэ хүнд арга хэмжээ тооц гэж нэг ч удаа хэлээгүй. Би яагаад гэвэл эрүүл мэндийн салбар хорооныхоо Эрүүл мэндийн сайдын 174 тоот тушаалынхаа авах арга хэмжээ үүргийнхээ хүрээнд тус шийдвэрийг гаргасан учраас надад бол заавал арга хэмжээ ав гэх эрх байхгүй, тэгвэл би өөрөө ёс зүй алдсан болно. Би бол хоёуланд нь Хөдөлмөрийн тухай хуулиараа арга хэмжээ тооцоорой гэж хэлээгүй.

...Нэхэмжлэгч нарын асуудал бол арай л хэтэрчихсэн байгаа байхгүй юу. Тийм учраас бид нар энэ асуудлыг авч үзээд ийм шийдвэрт хүрсэн байгаа. Түүнээс биш би энэ хүнийг заавал арга хэмжээ ав гэдэг асуудлыг тавиагүй. Ёс зүйн хорооны даргын үүднээс би тийм ёс зүйгүй шийдвэрийг гаргахгүй” гэх агуулгаар тус тус мэтгэлцжээ.

4. У  аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 318/ШШ2025/01127 дугаар шийдвэрээр:

- Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч Д.У, Т,Ч  нарын У  аймгийн ЭМГ  дэргэдэх ёс зүйн салбар хорооны 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 01 тоот шийдвэрийг хүчингүйд тооцуулах, ЭӨ өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2025 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Б/17 дугаар тушаалыг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

- Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар уг нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгч Д.У, Т,Ч  нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч “...2025 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 01 дугаартай ёс зүйн салбар хорооны даргын албан бичиг дээр цалинг 20% хасах сахилгын шийтгэл ногдуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл ёс зүйн хорооны тэмдэглэлээр цалин 20%-иар хасах сахилгын шийтгэл ногдуулах талаар санал болгож тэмдэглэсэн. Ёс зүйн хороо нь 7 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. 7 гишүүний шийдвэр санал болгож байхад, 7 гишүүн нь ижил тэгш эрхтэй байхад ёс зүйн хорооны дарга албан бичгээ үйлдэж явуулахдаа ганцаараа давуу талаа эдэлж хатуу үүрэг олгож албан бичгээ үйлдсэн. Хурлын тэмдэглэл, албан бичиг хоёрыг зөрүүтэй гаргаж, эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, ганцаараа шийдвэр гаргаж “ЭӨ ” ӨЭМТ-ийн дарга Б.Б т шууд 20 %-ийг хасах үүрэг өгсөн.

...Ажил олгогч Б.Б  нь Хөдөлмөрийн тухай хуулийн сахилгын шийтгэл ногдуулахдаа холбогдсон бүх хуулийн заалтыг зөрчиж эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж бид хоёрт урьдчилж мэдэгдэхгүйгээр цалингаас суутгаж хасаж оруулсан. Аливаа ёс зүйн хороонуудын дүрэм журмуудыг судлаад үзэх юм бол ёс зүйн хороо бол бас шууд шийтгэл ногдуулдаггүй. Ер нь аливаа тохиолдолд сахилгын арга хэмжээг авахад Хөдөлмөрийн тухай хууль дээр заасны дагуу ажил олгогч авна. Ажлын байран дээрээ алдаа дутагдал, хөдөлмөрийн хууль зөрчсөн зөрчил гаргаагүй байхад “ЭӨ ” ӨЭМТ-ын даргыг түр орлон гүйцэтгэгч Б.Б , ЭМГ  дэргэдэх ёс зүйн салбар хороо нь албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж 2 ажилтнаа хохироож байгаа явдалд гомдолтой байгаа тул давж заалдах шатны шүүхэд хандаж байна” гэх агуулгаар давж заалдах журмаар гомдол гаргажээ.

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.У : “...Би тус өрхийн эмнэлэгт арван жил ажиллахдаа хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн хууль болон байгууллагын дотоод журамд заасан ёс зүйн алдаа зөрчил гаргаж байгаагүй.

Ажлын байранд удаа дараа дарамталсан сувилагчийн талаар өргөдөл өгснөөс болж өөрөө сануулах арга хэмжээ авсандаа маш их гомдолтой байна. Бидэнд урьдчилж мэдэгдэлгүйгээр 7, 8 дугаар саруудад цалингийн 20%-ийг хассан, тухайн сахилгын шийтгэл оногдуулсан баримтыг нь одоо ч би аваагүй байгаа.

У  аймгийн ЭМГ  дэргэдэх ёс зүйн хорооны санал хүргүүлэх тухай албан тоотод шийдвэрлэ гэж тулган шаардсан учир хүлээн зөвшөөрөхгүй, сахилгын арга хэмжээ авсанд гомдолтой байна” гэх тайлбар;

- нэхэмжлэгч Т.Ч : “...Ахлах сувилагч н.Н гэх хүнд ажлын шаардлага тавьсны төлөө надад сахилгын шийтгэл оногдуулсан.

Анх манайд ёс зүйн хороо байдаг гэж бодоод бид өргөдлөө өгсөн. Гэтэл 4 дүгээр сарын 30-ны өдөр ёс зүйн хороо байгуулагдсан байсан. Анхны хурлаар нь ороход лиценз цуцална гэсэн учир бид тулгамдаад, тийм арга хэмжээ авна гэж мэдээгүй байсан. Тухайн хуралд биднийг олон удаа гаргаж оруулсан. Анхан шатны шүүх бүрэн гүйцэт дүгнэлт хийж чадаагүй гэж үзэж байгаа учир хүлээн зөвшөөрөхгүй байна” гэх тайлбар;

- нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Д.Д : “...Би анхан шатны шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцож, тодорхой 2, 3 саналыг хэлсэн. Нэгдүгээрт, өргөдөл илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гарснаас хойш 6 сарын дотор арга хэмжээ авах ёстой . Гэтэл  энэ 2 хүний үйлдсэн гэх зөрчил нь яг хэзээ гарсан болох нь тодорхойгүй, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг дээр ч асууж ярилцаад тодруулж чадаагүй. Сая хариуцагч талаас 3 дугаар сард гарсан гэж тайлбарлаж байна.

Эмнэлгийн ажилтны ёс зүйн хорооны ажиллах журмын 6 дугаар зүйлд ёс зүйн хариуцлага хүлээлгэх, 6.1.5-д Хөдөлмөрийн тухай хуульд заасан сахилгын шийтгэл оногдуулах саналыг байгууллагын удирдлагад тавих гэж ёс зүйн хорооны эрх хэмжээг тодорхойлсон. Гэтэл Ч.О  даргын албан бичигт 2 сар 20%-иар цалинг бууруулах сахилгын арга хэмжээг авч, 7 дугаар сарын 07-ны өдрийн дотор хариу мэдэгд гэж үүрэг болгосон нь үндэслэлгүй.

Сая шинжлэн судлуулснаар тооцуулсан сахилгын хорооны хурлын тэмдэглэлд 7 хүн ярилцаад санал болголоо гэж дүгнэсэн байгаа. Гэтэл санал болгох бус, үүрэг болгосон байдлаар өрхийн эрүүл мэндийн төвд албан бичгийг хүргүүлсэн.

Монгол Улсын ёс зүйн хорооны 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 05 тоот тогтоолоор ёс зүйн дэд хорооны ажиллах журам батлагдаж, үүнтэй холбогдуулаад бүх байгууллагууд ёс зүйн хороогоо шинэчлэн байгуулаад батлуулсан. Эрүүл мэндийн байгууллага өөрийнхөө ёс зүйн хорооны ажиллах дүрэм журмыг захиргааны хэм хэмжээний актын бүртгэлд бүртгүүлж чадаагүй учраас тухайн хороо нь хууль бус болохыг анхан шатанд мөн хэлсэн.

Анхан шатны шүүхээс миний сая хэлсэн асуудалд дүгнэлт хийхдээ, ёс зүйн хороо нь хэдийгээр хэм хэмжээний актад бүртгүүлж чадаагүй ч гэсэн ёс зүйн дүрэм нь байгаа учраас түүнийг мөрдөх ёстой, ёс зүйн хороо нь санал болгосон байна гэсэнд миний зүгээс маргахгүй байна. Харин албан бичигт нь санал бус, үүрэг болгосон чиглэл өгсөн гэдгийг хэлмээр байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт “Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна” гэдэгт шүүхээс дүгнэлт хийгээгүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт, ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэнэ гэж заасан. Гэтэл шүүх дүгнэлт хийхдээ “сахилгын хорооны хуралд Т.Ч , Д.У  нар оролцож, өөрт нь сахилгын арга хэмжээ авах гэж байгааг мэдсэн учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг биелүүлэх шаардлагагүй байна” гэсэн зөрүүтэй дүгнэлт хийсэн.

Гэвч салбар хорооны хурлаас санал гарах учир, эдгээр хүмүүс нь надад сахилгын шийтгэл оногдуулах санал гарч байгаа юм байна гэдгийг мэдэж байсан. Түүнээс ажил олгогчийн зүгээс сахилгын шийтгэл оногдуулж байгаагаа урьдчилан мэдэгдэж, тайлбар гаргах боломжийг нь олгоогүй.

Эдгээр зөрүүтэй дүгнэлтүүдийг хийсэн учир анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэж хүсэж байна” гэх агуулгатай санал, тайлбар тус тус гаргасан.

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд: Хариуцагчийн төлөөлөгч Б.Б  “...анхан шатны шүүхийн шийдвэрийг зөв гарсан гэж бодож байна. Яагаад гэвэл ёс зүйн хороо нь ёс зүйн алдаа, зөрчил байгааг тогтоож, түүний дагуу би сахилгын шийтгэл оногдуулсан” гэх агуулгатай тайлбар;

- Хариуцагчийн төлөөлөгч Ч.О  “...ЭМГ  ёс зүйн салбар хорооны даргын ажлыг 2025 оны 4 дүгээр сард хүлээн авсны дараа манайд өрхийн эрүүл мэндийн төвөөс ажилтнууд хоорондын маргаан, ёс зүйн асуудлын талаар өргөдөл ирсэн. Байгуулагдаад удаагүй байсан учир анхны хурлаар 100% ирцтэйгээр асуудлыг хянан хэлэлцсэн. Т.Ч ын тухайн үед өгсөн бичлэгийг үзээд, хуралд оролцсон хорооны гишүүдээс би маш их ичсэн. Тухайн хүмүүс эрүүл мэндийн систем ийм ёс зүйгүй болчихсон юм уу гэж гайхаж байсан. Эд нарын асуудал нь 2017 оноос хойш үргэлжилж байгаа асуудал. Өөрсдөө ёс зүйн зөрчил гаргаагүй гэж байна. Тэгвэл яагаад 2017 оноос хойш хэрүүл маргаан үргэлжлээд байгаа юм. Түүнийг судалж үзэхэд маш олон удаагийн гомдол  манай эрүүл мэндийн газарт ирж байсан. Тухайн цаг хугацаанд нь би ёс зүйн хорооны даргын ажил хийж байгаагүй учраас сонсоод л явж байсан. н.А  дарга байх үед л хоорондоо хэрүүл маргаантай байна гэдэг байсан.

...Тухайн баримтуудыг үндэслээд, эрүүл мэндийн сайдын 174 тоот тушаалын дагуу бид тухайн хурлаас сувилагчийн лицензийн эрхийг нь хасах тухай санал оруулахад нэхэмжлэгч нар бид хоорондоо эвлэрье, гаргасан шийдвэрээ дахин нэг удаа анхаарч үзээч гэж гуйхад нь дахиад хуралдаад, Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу ажил олгогч нь 2 сарын хугацаанд цалингийн 20%-иар хасах арга хэмжээ авах саналыг гаргаж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нар тухайн үед үүнийг хүлээн зөвшөөрч, бид эвлэрч байна гээд гарсан.

Би тухайн бичлэгийг гаргаж ирэхийг Т.Ч аас хүсэж байна. Энэ байдлыг таслан зогсоомоор байна” гэх агуулгатай тайлбар;

- Хариуцагчийн төлөөлөгч Ч.О ын өмгөөлөгч Т.У  “...Миний хувьд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байгаа. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагад 2 үндсэн шаардлага байгаа. Эхнийх нь ЭМГ  дэргэдэх ёс зүйн салбар хорооны 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 01 тоот шийдвэрийг хүчингүйд тооцуулах тухай шаардлага гаргасан. Энэ төрлийн нэхэмжлэлийн шаардлага нь иргэний хэргийн шүүхийн харьяаллын маргаан биш. Өөрөөр хэлбэл ЭМГ  дэргэдэх ёс зүйн салбар хорооноос гарч байгаа ёс зүйн зөрчлийг гаргасан гэх асуудлыг шийдвэрлэж байна. Эмнэлгийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 6.1, 6.2, 8.9, 8.10 дахь заалтуудыг зөрчиж, ёс зүйн зөрчил гаргасан гэдгийг шийдвэрлэж байгаа шийдвэр нь захиргааны байгууллагаас гаргаж байгаа, Захиргааны хууль болон Эрүүл мэндийн тухай хууль, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрмийг үндэслэж гаргаж байгаа учир Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны акт юм.

Захиргааны акттай холбоотой маргааныг Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д заасны дагуу, мөн 93 дугаар зүйлийн 93.1-д заасны дагуу дээд шатны байгууллагад 30 хоногийн дотор гомдол гаргана гээд, 94 дүгээр зүйлд хугацааг нь заагаад өгчихсөн байгаа. 30 хоногийн дотор тухайн ёс зүйн хороо нь ёс зүйн зөрчлийг гаргасан гэдгийг зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд дээд шатны байгууллага буюу Эрүүл мэндийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан тухайн салбар хорооны дээд шатны байгууллага болох Эрүүл мэндийн яамны дэргэдэх ёс зүйн хяналтын хороонд гомдлоо гаргах ёстой байсан. Тухайн хяналтын хорооны шийдвэрийг эс зөвшөөрөх юм бол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасны дагуу тухайн шийдвэрийг авснаас хойш 30 хоногийн дотор захиргааны хэргийн шүүхэд хандаад явах ёстой.

Гэтэл нэхэмжлэгч нар ёс зүйн хорооны, ёс зүйн зөрчил гаргасан шийдвэртэй холбоотой маргаан үүсгээгүй. Өөрөөр хэлэх юм бол ёс зүйн хорооны “Ёс зүйн дүрмийн 6.1, 6.2, 8.1, 8.6, 8.9 ,8.10 гэсэн заалтуудыг зөрчиж, зөрчил гаргасан байна” гэдэг шийдвэр өнөөдөр хуулийн хүчин төгөлдөр болчихсон байгаа. Ийм учраас тухайн ёс зүйн зөрчлийг гаргасан эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэх нь үндэслэлгүй гэж харж байна. Энэ асуудал хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу албан ёсоор тогтоочихсон нөхцөл байдал байгаа.

...Хоёрдугаарт, сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгуулъя, урьдчилж мэдэгдээгүй гэдэг асуудлыг ярьж байгаа. Ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг шийдвэрлэх 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн ёс зүйн хорооны хуралдаанд нэхэмжлэгч нар өөрсдөө оролцож, ямар ёс зүйн зөрчил гаргасан гэдгээ өөрсдөө мэдсэн. Сахилгын шийтгэл ногдуулах гэж байгаа талаар өөрсдөө санал дүгнэлт, тайлбараа илэрхийлсэн гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байгаа.

Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д сахилгын шийтгэлийг ямар тохиолдолд авах вэ гэдэгт, хөдөлмөрийн хууль тогтоомж зөрчсөн, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн тохиолдолд сахилгын шийтгэлийг ноогдуулна гэж заасан. Тус бүрдээ таслалтай байгаа учраас аль нэгийг нь зөрчсөн тохиолдолд сахилгын шийтгэлийг оногдуулах үндэслэл болдог.

Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэлд нь сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болж байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлд ажилтны хүлээх эрх, үүргийг хуульчилж өгсөн байдаг. Мөн зүйлийн 2.12-д ажилтан нь хууль тогтоомжид заасан бусад үүргийг хэрэгжүүлнэ гэж заасан. Хууль тогтоомжид заасан бусад үүрэг гэдэгт Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт эрүүл мэндийн ажилтны хуулиар хүлээх эрх үүргийг хуульчлаад өгчихсөн. Эрүүл мэндийн ажилтан гэдэгт Эрүүл мэндийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт тодорхойлсон, нэхэмжлэгч нар ямар хувийн хэвшилд ажилладаг байсан ч гэсэн эрүүл мэндийн мэргэжилтэн гэдэг нэр томьёонд багтахаар хуульчлаад өгчихсөн.

Иймд эрүүл мэндийн мэргэжилтний хувьд эдгээр хүмүүс Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан эрх, үүргийг хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй байна гэж харж байгаа юм. Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 4.1 дэх заалтад эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг биелүүлэхийг үүрэг болгож заасан. Өөрөөр хэлэх юм бол эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг эдгээр хүмүүс өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллах ёстой, хуулиар олгогдсон үүрэг байна гэж үзэж байгаа.

Тэгэхээр тухайн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл нь Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 4.1 болон Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.12-т заасны дагуу хуульд заасан бусад үүргээ хэрэгжүүлээгүй зөрчил гаргасан байгаа учраас мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасны дагуу хөдөлмөрийн хууль тогтоомж зөрчсөн гэдэг үндэслэлээр сахилгын шийтгэлийг ногдуулах үндэслэл болж чадаж байна гэж үзэж байгаа учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна” гэх агуулгатай санал, тайлбар тус тус гаргажээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Д.У, Т,Ч  нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн У  аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 318/ШШ2025/01127 дугаар шийдвэртэй иргэний хэргийг давж заалдах журмаар хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр бүхэлд нь хянав.

2. Нэхэмжлэгч Д.У, Т,Ч  нар “У  аймгийн ЭМГ  дэргэдэх ёс зүйн салбар хорооны 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 01 тоот шийдвэрийг хүчингүйд тооцуулах, ЭӨ ӨЭМТ-ийн даргын 2025 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Б/17 дугаар тушаалыг хүчингүй тооцуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч ЭӨ өрхийн эрүүл мэндийн төвийн төлөөлөгч Б.Б , хариуцагч У  аймгийн ЭМГ  дэргэдэх ёс зүйн салбар хорооны төлөөлөгч Ч.О  нар эс зөвшөөрч маргажээ.

           3. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч Д.У, Т,Ч  нарын У  аймгийн ЭМГ  дэргэдэх ёс зүйн салбар хорооны 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 01 тоот шийдвэрийг хүчингүйд тооцуулах, ЭӨ өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2025 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Б/17 дугаар тушаалыг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

3.1. Нэхэмжлэгч нар сахилгын зөрчил гаргаагүй буюу үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл ногдуулсан гэж, хариуцагчийн төлөөлөгч нар ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдсон гэж тус тус маргасан.

Хэрэгт авагдсан, зохигчдын шаардлага болон татгалзлаа нотолсон баримтуудаар:

- У  аймгийн ЭМГ  дэргэдэх ёс зүйн салбар хорооны 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн гомдол шийдвэрлэх хуралдааны 02 дугаартай тэмдэглэлээр (хавтаст хэргийн 108-114 дүгээр хуудас): Д.У, Т,Ч  нараас 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр гаргасан гомдлыг үндэслэн ЭӨ өрхийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын сувилагч Д.Н тай холбоотой ёс зүйн асуудлыг хэлэлцэхээр тус салбар хорооны гишүүдийн 100 хувийн ирцтэйгээр хуралджээ.

Уг хуралдаанд Д.Н , нэхэмжлэгч Д.У, Т,Ч  нар оролцсон бөгөөд тус салбар хорооны хуралдаанаас гишүүдийн 100 хувийн саналаар Т.Ч , Д.У , Д.Н нарт үндсэн цалинг 2 сар 20 хувиар хасах сахилгын шийтгэл ногдуулах саналыг ЭӨ өрхийн эрүүл мэндийн төвийн даргад хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна.

У  аймгийн ЭМГ  дэргэдэх ёс зүйн салбар хорооны дарга Ч.О  2025 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 01 дугаартай, “...ЭМГ  дэргэдэх ёс зүйн салбар хорооны 2 дугаар хуралдаанаар хэлэлцэж Эрүүл мэндийн сайдын 2019 оны 406 дугаар тушаалаар батлагдсан эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрмийн 6.2, 8.6, 8.9, 8.10 дахь заалтыг тус тус зөрчин ёс зүйн зөрчил гаргасан Т.Ч , Д.У , Д.Н нарт үндсэн цалинг 2 сар 20 хувиар хасах сахилгын шийтгэл ногдуулахаар шийдвэрлэсэн болно. Иймд Т.Ч , Д.У , Д.Н нарт сахилгын шийтгэл ногдуулсан талаарх мэдээлэл, баримтыг 2025 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн дотор ирүүлнэ үү” гэх албан бичиг (хавтаст хэргийн 115 дугаар хуудас)-ийг ЭӨ өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Б.Б т илгээжээ.

ЭӨ өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Б.Б  2025 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.3 дахь заалт, У  аймгийн ЭМГ  дэргэдэх ёс зүйн салбар хорооны 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 01 тоот албан бичгийг үндэслэн Т.Ч , Д.У , Д.Н нарт үндсэн цалинг 2 сар 20 хувиар хасах сахилгын шийтгэл ногдуулсан (хавтаст хэргийн 137 дугаар хуудас) байна.

3.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан тус хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийн төрөл, хэмжээнээс сонгож хэрэглэдэг. Энэхүү зохицуулалтын нэг агуулга нь ажил олгогчид ажилтны гаргасан сахилгын зөрчлийг нотлох үүргийг хуулиар хүлээлгэсэн байна. Тодруулбал ажил олгогч нь ажилтныг хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ямар үйлдэл, эс үйлдэхүйг хэзээ гаргасан /хэдний өдөр, хэрэв үргэлжилсэн бол уг гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй төгсөн өдрийг/-ыг зайлшгүй тогтоох учиртай.

Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар ажил олгогч ЭӨ өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Б.Б  нь нэхэмжлэгч Д.У, Т,Ч  нарыг хэзээ, ямар үйлдлээр сахилгын зөрчил гаргасныг тогтоохгүйгээр, У  аймгийн ЭМГ  дэргэдэх ёс зүйн салбар хорооны албан бичгийг үндэслэн шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй.

Мөн У  аймгийн ЭМГ  дэргэдэх ёс зүйн салбар хорооны 2 дугаар хуралдааны явцад ч нэхэмжлэгч Д.У, Т,Ч  нарыг хэзээ, ямар үйлдэл гаргасныг нотолж, тогтоож чадаагүй атлаа Д.У, Т,Ч , Д.Н нарын хооронд бий болсон, цаг хугацааны хувьд нарийвчлан тогтоогдоогүй, таарамжгүй харилцааны талаарх ярианд ач холбогдол өгч эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрмийн хэм хэмжээг зөрчсөн гэж шийтгэл ногдуулах санал гаргасан нь үндэслэлгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт зааснаар сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулдаг тул сахилгын зөрчил үйлдсэн цаг хугацааг нарийн тогтоох нь шийтгэл оногдуулсан ажил олгогчийн шийдвэрт хууль зүйн дүгнэлт хийх гол нөхцөл юм.

Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч нар нь хэдэн сарын хэдний өдөр, ямар сахилгын зөрчил үйлдсэн нь тодорхойгүй, нотлогдоогүй байхад сахилгын шийтгэл оногдуулах санал гаргаж байгаа У  аймгийн ЭМГ  дэргэдэх ёс зүйн салбар хорооны 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн шийдвэр, уг шийдвэрийг үндэслэн гаргасан ЭӨ өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Б.Б ийн 2025 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Б/17 дугаартай тушаал нь тус тус үндэслэлгүй байна.

4. Анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлын талаар дүгнэхгүйгээр зөвхөн сахилгын шийтгэл ногдуулах урьдаж ажиллагааны талаар дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, үндэслэлгүй шийдвэр болжээ.

Иймд У  аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 318/ШШ2025/01127 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

5. Нэхэмжлэгч нарын давж заалдсан гомдлыг хангаж шийдвэрлэсэн тул давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг буцаан олгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. У  аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 318/ШШ2025/01127 дугаар шийдвэрийг хүчингүй болгож;

- Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1 дэх заалтад зааснаар У  аймгийн ЭМГ  дэргэдэх ёс зүйн салбар хорооны нэхэмжлэгч Д.У, Т,Ч  нарт шийтгэл оногдуулсан шийдвэр, ЭӨ өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2025 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Б/17 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.У давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг (далан мянга хоёр зуу) шүүгчийн захирамжаар төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч Н.Удвалд олгосугай.

3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                                 ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Л.АЛТАН

                                           ШҮҮГЧ                               Д.КӨБЕШ

                      ШҮҮГЧ                                Б.МӨНХЗАЯА