Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 224/МА2026/00004

 

        

 

 

         2026          03          12                                     224/МА2026/00004

 

ЭИ  ХХК-ийн нэхэмжлэлтэй,

У аймгийн Ө сумын СТ д

холбогдох иргэний хэргийн тухай

У  аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Алтан даргалж, шүүгч Б.Мөнхзаяа, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан шүүх хуралдаанаар:

У  аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 318/ШШ2026/00062 дугаар шийдвэртэй,

ЭИ  ХХК-ын нэхэмжлэлтэй, У аймгийн Ө сумын СТ д холбогдох, худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 8,120,041.55 төгрөг, алдангид 4,060,020.78 төгрөг, нийт 12,180,062.33 гаргуулах тухай шаардлагатай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Б.Мөнхзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б (цахимаар), хариуцагчийн төлөөлөгч О.У , түүний өмгөөлөгч Ө.Н , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ЭИ  ХХК нь “худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 8,120,041.55 төгрөг, алданги 4,060,020.78 төгрөг, нийт 12,180,062.33 төгрөг гаргуулах тухай” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байна.

2. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...ЭИ  ХХК нь У  аймгийн Ө  сумын байгууллагуудыг дулаан эрчим хүчээр хангах ажлыг 2016 оноос хойш эрхлэн явуулж байгаа бөгөөд тус сумын СТ ийг дулааны эрчим хүчээр хангах тухай “Дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай гэрээ”-г 2023.01.26-ны өдөр шинэчлэн байгуулсан.

Тус гэрээгээр хангагч байгууллага нь гэрээгээр тогтоосон хугацаанд хэрэглэгчийн 2,767.85 м.куб талбайг дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэгч байгууллага нь гэрээгээр тохиролцсон дулааны төлбөрийг тухайн сар бүрийн эцэст гэрээгээр тогтоосон үнэ, тариф (1м.куб тутамд НӨАТ-тай 1,496 төгрөг)-ын дагуу тооцон төлөх үүргийг тус тус хүлээсэн байдаг.

Гэрээний хэрэгжилтийн явцад У  аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөл /УАЭХЗЗ/-ийн 2023.05.24-ний өдрийн №07 тогтоолоор Ө  сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны тарифыг шинэчлэн баталж, 2018.07.31-ний өдрийн №16 тогтоолыг хүчингүй болсныг мэдэгдэж, 2023.09.15-ны өдрөөс эхлэн дээрх тогтоолоор шинэчлэн батлагдсан үнэ, тариф (1м.куб нь НӨАТ-тай 2334.20 төгрөг)-ыг мөрдөж ажиллахыг манай компанид үүрэг болгон даалгасан.

Энэхүү дулааны үнэ тарифын асуудал нь Эрчим хүчний тухай хуулийн 27.5 болон 28.5-т заасны дагуу зохицуулагддаг бөгөөд энэ талаар талууд “Аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс баталсан үнэ, тарифыг мөрдлөг болгон ажиллахыг” мөн гэрээний 4.1-т тодорхой тусгасан байдаг.

Ингэснээр хэрэглэгч нь 2023.09.15-ны өдрөөс эхлэн буюу 2023 оны 9-12 дугаар саруудын дулааны төлбөрийг төлөхдөө дээр дурдсан шинэчлэн батлагдсан 1м.куб нь НӨАТ-тай 2334.20 төгрөгийн үнэ тарифыг мөрдөж холбогдох төлбөр тооцоог хийх ёстой байсан боловч дээрх хуулийн болон гэрээний заалтад заасны дагуу шинэчилсэн үнэ тарифыг мөрдөж төлбөр тооцоог бүрэн барагдуулаагүйгээс гадна доорх хүснэгтэд дурдсан) нийт 8,120,041.55 төгрөгийн дулааны төлбөрийг өнөөдрийг хүртэл хугацаанд манай компанид төлж барагдуулаагүй хэвээр байна.

...Түүнчлэн гэрээний 4.5-д заасны дагуу алданги тооцох нөхцөл бүрдсэн бөгөөд ийнхүү тооцохдоо Иргэний хуулийн 232.4-т заасныг баримтлан хэрэглэгчээс хугацаа хоцорсны алдангид гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь болох нийт 4,060,020.78 төгрөгийн алдангийг бид нэхэмжилж байна.

Иймд дулааны төлбөрийн үлдэгдэл 8,120,041.55 төгрөг, алданги 4,060,020.78 төгрөг, нийт 12,180,062.33 төгрөгийг Ө  сумын СТ өөс гаргуулж өгнө үү” гэх агуулгаар тайлбарлажээ.

Анхан шатны шүүх хуралдаанд:

- Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж “...хариуцагч талаас нэхэмжлэгч тал энэ талаар мэдэгдэж байгаагүй, мөнгөө нэхэж байгаагүй, нэгэнт төлсний дараа буюу 2 жилийн дараа нэхсэн, тариф нэмэгдсэн цаг хугацаанд мэдэгдээгүй гэдэг агуулгатай зүйлийг ярьдаг. Тухайн хариуцагчийн тайлбарууд нь ямар нотлох баримтаар үгүйсгэгддэг вэ? гэхээр хэрэгт авагдсан У  аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 8 тоот хүсэлт гаргах тухай гэх У  аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Б.Эрдэнэсүрэнд хүргүүлсэн албан бичигт үнэ тариф У  аймгийн хэмжээнд нэмэгдсэн, уг үнэ тарифыг ингээд төсвийн нэмэлт тодотголд оруулж өгнө үү гэж төсвийн байгууллагад мэдэгдсэн нь энэ баримтаар нотлогддог. Иймд У аймгийн Ө сумын СТ өөс 2023 оны 9-12 дугаар саруудын дулааны төлбөр 8,120,041.55 төгрөг, алданги 4,060,020.78 төгрөг, нийт 12,180,062.33 гаргуулж ЭИ  ХХК-д олгож өгнө үү” гэх агуулгаар мэтгэлцсэн байна.

3. Хариуцагчийн төлөөлөгч О.У  нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, татгалзлын үндэслэлээ “...Тус сумын СТ ийн байрыг дулааны эрчим хүчээр хангахаар 02 тоот гэрээг “Э- И” ХХК-тай 2023 оны 01 дүгээр сарын 26-ний өдөр хоёр тал харилцан зөвшөөрч баталгаажуулсан. Гэвч У  аймгийн эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 07 тоот тогтоолоор үнэ тариф шинэчлэн баталж 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр мөрдөхөөр заасан байдаг. Дээрх тогтоол нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.5 төсвийн жилийн дундуур орлого бууруулах, зарлага нэмэгдүүлэх үр дагавартай бодлогын аливаа шийдвэр гаргасан бол дараагийн төсвийн жилээс хэрэгжүүлдэг байх гэсэн заалтыг хангахгүй байна.

Иймд манай байгууллага 2023 оны 01 дүгээр сарын 26-ний өдрийн 02 тоот гэрээний үүргээ биелүүлж сар бүр төлбөрөө тогтмол төлсөн болно” гэж тайлбарласан байна.

Анхан шатны шүүх хуралдаанд:

- Хариуцагчийн төлөөлөгч О.У  нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...нэхэмжлэгч нь сар сардаа нэмэгдсэн үнээр нэхэмжлэхээ ирүүлээгүй, ирсэн нэхэмжлэлийн дагуу төлсөн. Манай байгууллага ЭИ  ХХК-д ямар нэгэн өр төлбөр байхгүй гэж үзэж байна. Тариф өөрчлөгдсөн талаар 2025 оны 8 дугаар сард шүүхэд нэхэмжлэл ирсний дараа л мэдсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх агуулгаар мэтгэлцжээ.

4. У  аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 318/ШШ2026/00062 дугаар шийдвэрээр:

- Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар хариуцагч У аймгийн Ө сумын СТ өөс худалдах-худалдан авах гэрээний үүрэг 8,120,041.55 төгрөг, алдангид 4,060,020.78 төгрөг, нийт 12,180,062.33 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Э- И” ХХК-д олгохоор;

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч “Э И” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 209,831 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч У аймгийн Ө сумын СТ өөс 209,831 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Э И” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

5. Хариуцагчийн төлөөлөгч О.У  дээрх шийдвэрийг эс зөвшөөрч “...Хариуцагч буюу Ө  сумын СТ ийн удирдлага миний бие 2023.01.26-нд нэхэмжлэгч буюу ЭИ  ХХК-тай дулаан эрчим хүчээр хангах, хэрэглэх гэрээг байгуулж хамтран ажиллахдаа гэрээний хугацаа хэтрүүлээгүй, тухайн цаг хугацаанд эрчим хүч ашигласны төлбөрөө төлж байсан ба нэг ч төгрөгийн үлдэгдэл байхгүй болно.

Хавтас хэрэгт авагдсан хэргийн нотлох баримтаар нэхэмжлэгч байгууллага төлбөрийн нэхэмжлэлээ хуучин үнийн тарифаар нэхэмжилж байсан нь тогтоогдсон. Манай байгууллага гэрээ зөрчөөгүй, гэрээний үүргээ биелүүлж байсан. Иймд У  аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх агуулгатай давж заалдах гомдол гаргажээ.

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б “...У  аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөл нь Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу төсвийн зохицуулалтыг аймгийн хэмжээнд хэрэгжүүлэх эрхтэй, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.3-д заасны дагуу үнэ тарифыг шинэчлэн батлах, шалгах эрх бүхий субъект байдаг. Тухайн эрх хэмжээнийхээ хүрээнд У  аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс үнэ тарифыг шинэчлэн батлаад, өмнөх тарифыг баталсан 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн №16 тогтоолыг хүчингүй болсныг мэдэгдэж, 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн дээрх №07 дугаар тогтоолоор шинэчлэн батлагдсан үнэ, тарифыг мөрдөж ажиллахыг манай компанид үүрэг болгон даалгасан бөгөөд тухайн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн №07 тоот тогтоол нь 2025 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хэм хэмжээний актын бүртгэлийн 6280-т бүртгэгдэж, Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлийн 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 20 дугаарт нийтлэгдэж, Захиргааны ерөнхий хуулийн 67.1-д заасны дагуу хүчин төгөлдөр эрх зүйн акт болсон.

Эрчим хүчний тухай хууль болон гэрээний заалтын дагуу манай байгууллага ямар нэгэн доголдолгүйгээр дулаанаар хангаж байсан. Хариуцагч байгууллагаас ямар нэгэн байдлаар доголдол гаргасан гэх гомдол гаргаж байгаагүй. Харин манай байгууллагаас тухайн шинэ тарифаар төлбөрөө төлнө үү гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан.

...Хариуцагч байгууллагын зүгээс давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо төлбөрийн нэхэмжлэлээ хуучин тарифаар нэхэмжилж байсан нь тогтоогдсон, бид гэрээгээ зөрчөөгүй, гэрээний дагуу төлбөрөө төлсөн гэж дурдсан байна.

Тухайн гэрээний 4.1 дэх заалтад талууд эрчим хүчний төлбөр тооцоог төлөхдөө аймгийн эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс батлагдсан үнэ тарифыг мөрдөж ажиллана гэж заасан. Мөн Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсэгт зааснаар талууд Эрчим хүчний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт заасны дагуу үнэ тариф шинэчлэн батлагдсан бол батлагдсан үнэ тарифын талаар гэрээндээ 15 хоногийн дотор нэмэлт өөрчлөлт оруулна. Хэрвээ талууд шинэ үнэ тарифыг гэрээндээ тусгаагүй бол шинэ үнэ тарифаас татгалзах үндэслэл болохгүй буюу талууд ямар ч тохиолдолд хуульд заасны дагуу Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс баталсан хүчин төгөлдөр үнэ тарифыг мөрдөж ажиллана гэдгийг заасан байдаг.

Гэрээний үүрэг үүсэхдээ тус гэрээний 4.1-д заасан үнэ тодорхойлох аргачлалын дагуу гэрээнийхээ төлбөрийг бүрэн төлсөн эсэх асуудал яригдаж байгаа. Гэтэл нөгөө талаас бид хуучин тарифаар төлбөрөө төлсөн гэж эсэргүүцэж байгаа. Хуучин тарифаар төлбөр төлнө гэдэг ойлголт ерөөсөө байхгүй.

Хуучин тарифын хувьд хүчин төгөлдөр бус болчихсон. Бид хүчин төгөлдөр байгаа тарифыг тусгачихсан учраас гэрээнд болон хуулийн дагуу эрх нь байгаа.

...Гэтэл хариуцагч талаас гэрээний үүргээ бүрэн гүйцэтгээгүй, төлбөрөө хуульд заасан болон гэрээнд заасан шаардлагын дагуу бүрэн төлөөгүй асуудлаа, үүсгэсэн нэхэмжлэхийнх нь дагуу бид төсөвлөчихсөн гэж үндэслээд байдаг. Иргэний хуульд үүрэг хэзээ дуусгавар болох вэ гэдгийг 236 дугаар зүйлийн 236.1.1-д үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэснээр дуусгавар болно гэж заасан. Зохих ёсоор гүйцэтгэсэн гүйцэтгэл гэдэг нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгч тал бодитой санал болгосон байхыг ойлгоно. Талуудын маргаж байгаа үйл баримтын хүрээнд буюу хариуцагч талаас хүчин төгөлдөр үнэ тарифаа баримтлаад төлөхийг санал болгоогүй. Мөн аймгийн төсөвт тусгагдаагүй учраас бид төлөх боломжгүй. Төсөвт тусгагдаад ирэхээр нь төлье, одоохондоо төсөвт тусгагдсан боломжтой дүнгээр нь нэхэмжлэлээ үүсгээд төлбөрөө аваач гэж хүссэн бөгөөд энэ хүсэлтийнх нь дагуу бид тухайн үед үүргийг хэсэгчлэн гүйцэтгэж байна гэж ойлгоод, төлөх боломжтой хэмжээгээр нь төлбөрөө аваад явж байсан.

2023 оны төгсгөлд хариуцагч талаас 2024 оны төсөвт тусгагдаагүй учир төлбөрийг төлөх боломжгүй гэдгийг манай байгууллагад мэдэгдсэн байдаг. Улмаар шүүхэд хандах шаардлага үүссэн. Мөн хариуцагч талаас татгалзлынхаа үндэслэлээ тодорхойлж байсан тооцооны үлдэгдлийн баталгааны баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж маргаж байсан боловч анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн явцад хариуцагч талын нягтлан бодогчоор ажиллаж байсан н.Энхзул гэх хүнийг гэрчээр оролцуулж, тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтыг нэхэмжлэгч талтай хамт байж бодитоор үйлдсэн эсэхийг тодруулахад  хамт суугаад бодитоор үйлдээгүй, дараа нь нөхөж үйлдсэн хуурамч баримт гэдгийг хэлсэн байдаг.

Түүнчлэн хариуцагч талаас давж заалдах журмаар гаргаж буй гомдлын үндэслэлүүд нь хэрэгт авагдсан дараах баримтуудаар үгүйсгэгддэг. Үүнд: Бид нарт огт мэдэгдээгүй, бид мэдээгүй гэх боловч манай байгууллагаас нотлох баримтаар гаргаж өгсөн У  аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс, У  аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга н.Э-д хандсан 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн №3 дугаар албан бичгээр У  аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөл нь Эрчим хүчний тухай хуульд заасныхаа дагуу үнэ тарифаа шинэчлэн баталж байна. Тухайн үнэ тарифаар дулааны төлбөрийг олгохыг У  аймгийн Төрийн санд хуульд заасны дагуу мэдэгдэж, мэдэгдэл хүргүүлсэн байдаг.

Мөн 2023 оны 11 дүгээр сарын 27-нд төсөвт байгууллагууд төлбөрөө төлөхгүй, төсөвт тусгагдаагүй гэх шалтгаанаар хуучин хүчин төгөлдөр бус болчихсон тарифаар төлчихье гэдэг асуудлыг хөндсөн учраас бид төлбөрөө бүрэн төлөхгүй байгаа шаардлагыг У  аймгийн Засаг дарга, мөн У  аймгийн Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга нарт У  аймгийн хэмжээнд дулааны үйл ажиллагаа эрхэлдэг, 18 сумын хэмжээнд дулаанаар хангагч 16 байгууллагууд хамтраад албан бичиг шаардлага боловсруулаад 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр аймгийн Засаг дарга, мөн Төрийн сангийн дарга н.Э, Иргэдийн хурлын дарга, иргэдийн хурлын төлөөлөгч нарт хүргэсэн байдаг. Үүнээс хэрэгт У  аймгийн Засаг дарга болон Төрийн сангийн хэлтсийн дарга н.Э нарт хүргүүлсэн албан бичгийн хуулбарыг нотлох баримтаар гаргаж өгсөн байгаа.

Иймд хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэх тайлбар гаргасан.

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд: Хариуцагчийн төлөөлөгч О.У  “...Би гаргасан гомдлоо дэмжиж байна. Учир нь манай байгууллага ЭИ  ХХК-иас ирүүлсэн нэхэмжлэлийн дагуу халаалтынхаа төлбөрийг сар бүр нь төлсөөр ирсэн. ЭИ  ХХК нь манай сумын олон байгууллагуудад холбогдуулан ийм нэхэмжлэл гаргаж, зарим байгууллага нь төлөх ёстой, нөгөө хэсэг нь төлөхгүй гэсэн шүүхийн шийдвэр гаргаад байгаа. Нэг төрлийн маргаан дээр шүүхээс олон өөр шийдвэр гарч байгаа нь хууль хэрэглээний зөрүүтэй асуудал юм уу,  яагаад өөр өөр гарч байгаа гэдгийг би ойлгохгүй байна. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэж хүсэж байна” гэх агуулгатай тайлбар;

- Хариуцагчийн өмгөөлөгч Ө.Н  “...гэрээний 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “гэрээ хүчинтэй байх хугацаа болон дүгнэх, сунгах үед хангагч хэрэглэгч талаар гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай саналаа албан ёсоор гаргаж болох бөгөөд асуудлыг 2 тал хамтран хэлэлцэж шийдвэрлэнэ гэж маш тодорхой заачихсан байгаа.

Гэрээг байгуулж байх хугацаанд талуудын хувьд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шинжлэн судалсан 4.1 дэх заалт буюу тухайн үед аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн баталсан үнэ тарифыг мөрдлөг болгож гэрээ хийх үед 1м.кв дулааны үнэ нь 1496 төгрөг байхаар гэрээндээ тусгаад явж байсан. Гэрээний хавсралтад 01 дүгээр сард гэхэд хариуцагч байгууллага 4 сая 140 мянган төгрөг, 9, 10 дугаар сард харьцангуй доошлоод 2 сая төгрөг төлөөд явж байгаа.

...Гэтэл тухайн онд У  аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн тогтоолоор үнэ тарифт өөрчлөлт орсныг дулаанаар хангаж байгаа байгууллагууддаа хамгийн түрүүн мэдэгдэх үүрэгтэй. Гэрээнд өөрчлөлт оруулах талаар саналаа гаргаад, 2 тал хамтран хэлэлцэнэ гээд заачихсан. Гэтэл цахимаар явуулж байгаа төлбөрийн нэхэмжлэхээ гэрээнд заасан хуучин үнийн дүнгээр нэхэмжилчхээд, 2 жилийн дараа шинэ тарифаар заавал төлөх ёстой, үүнийг төрийн албан хаагч заавал мэдэх ёстой, төрийн мэдээлэл хэвлэлд нийтэлсэн гэдэг байдлаар хариу тайлбар гаргаад, мөнгө нэхэмжлээд яваад байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэл нь хэрэгт цугларсан баримтаар шинэ тарифаар нэхэмжлэх нь үндэслэлтэй гэж үзсэн. Гэтэл нэхэмжлэх эрх нь нэхэмжлэгч байгууллагад байгаа боловч өөрсдөө шинэ тарифаар нэхэх эрхээ алдсан. Шинэ тарифаар өөрсдөө нэхэмжлээд, түүнийг нь хариуцагч тал төлөөгүй байсан бол нэхэмжлэлийн шаардлага хангагдах хууль зүйн үндэслэлтэй. Гэтэл өөрсдөө шаардах эрхээ алдчихаад, хариуцагч байгууллагуудаас нэхэмжлээд байгаа нь үндэслэлгүй байна.

Тухайн сумын төрийн байгууллагуудын энэ өр төлбөрийн асуудал нь шүүхээр өөр өөр шийдвэрлэгдэж байгаа нь хууль хэрэглээний асуудал гэж үзэж байна. Тус хэрэгт хангалттай нотлох баримт цугларсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэл байхгүй.

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, мөнгөн хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэхдээ нэхэмжлэлийн үүргийн гүйцэтгэл нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нь гүйцэтгэвэл зохих үүргийн гүйцэтгэлийн оронд өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан буюу талуудын хооронд үүрэг дуусгавар болсон гэж үзэх үндэслэл тогтоогдож байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байр суурьтай байна” гэх агуулгатай санал, тайлбар тус тус гаргажээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хариуцагчийн төлөөлөгч О.У ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн У  аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 318/ШШ2026/00062 дугаар шийдвэртэй иргэний хэргийг давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр бүхэлд нь хянав.

2. Нэхэмжлэгч “ЭИ ” ХХК нь “Дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай гэрээ”-ний үүрэгт 8,120,041.55 төгрөг, алдангид 4,060,020.78 төгрөг, нийт 12,180,062.33 төгрөг нэхэмжилсэн, хариуцагч У аймгийн Ө сумын СТ ийн төлөөлөгч “...нэхэмжлэгч байгууллагаас ирүүлсэн нэхэмжлэхийн дагуу гэрээний төлбөрийг төлж дуусгасан, үлдэгдэл өр төлбөргүй, үнэ тариф өөрчлөгдсөн талаар 2025 оны 8 дугаар сард шүүхэд нэхэмжлэл ирсний дараа л мэдсэн. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэж маргажээ.  

3. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар хариуцагч У аймгийн Ө сумын СТ өөс худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 8,120,041.55 төгрөг, алдангид 4,060,020.78 төгрөг, нийт 12,180,062.33 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Э- И” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

4. Хэргийн баримтаар, нэхэмжлэгч “ЭИ ” ХХК нь тусгай зөвшөөрлөөр У  аймгийн Ө  сумын төрийн байгууллага, аж ахуй нэгж, айл өрхөд гэрээгээр дулаан нийлүүлдэг байх ба 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр У аймгийн Ө сумын СТ тэй “Дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай” гэрээ байгуулсан, уг гэрээний 4 дэх зүйлд 1 м2 дулааны үнийг 1496 /НӨАТ орсон дүн/ төгрөг байхаар, хангагч нь төлбөрийн нэхэмжлэлээ сар бүрийн 25-ны өдөр өгөх ба хэрэглэгч төлбөрийн нэхэмжлэл авсан өдрөөс хойш  3 хоногийн дотор төлбөрөө бүрэн төлж байхаар тус тус тохиролцсон.

Гэрээний дагуу “ЭИ ” ХХК нь хэрэглэгч байгууллага болох У аймгийн Ө сумын СТ өөс дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөр гаргуулахаар 2023 оны 01 дүгээр сарын 24, 2023 оны 02 дугаар сарын 17, 2023 оны 3 дугаар сарын 21, 2023 оны 4 дүгээр сарын 24, 2023 оны 5 дугаар сарын 17, 2023 оны 9 дүгээр сарын 29, 2023 оны 10 дугаар сарын 24, 2023 оны 11 дүгээр сарын 20, 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрүүдэд тус тус төлбөрийн нэхэмжлэхийг цахимаар үүсгэж хүргүүлсэн, хариуцагч байгууллага нь төлбөрийн нэхэмжлэхэд заасан үнийн дүнгээр төлбөрийг тухай бүр нь төлж байсан нь хэрэгт авагдсан төлбөрийн нэхэмжлэх, төлбөрийн хүсэлт гэх баримт /хх-ийн 104-121 дүгээр хуудас/-уудаар нотлогдсон байна.

5. У  аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөл нь 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдөр “Тариф батлах тухай”, 07 дугаартай тогтоол гаргаж, тус тогтоолоор У  аймгийн Ө  сумын төсөвт байгууллагын дулааны тарифыг 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 1 м.куб-ыг 2122 /НӨАТ ороогүй дүн/ төгрөг байхаар тогтоосон.

Нэхэмжлэгч “ЭИ ” ХХК нь Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс баталсан шинэчилсэн тарифын дагуу 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөрийг тооцож, төлбөрийн зөрүүнд 8,120,041.55 төгрөг, хугацаа хэтрүүлсний алдангид 4,060,020.78 төгрөг, нийт 12,180,062.33 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулахаар нэхэмжилж, шаардлагын үндэслэлээ “У  аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 07 дугаартай тогтоол нь 2025 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хэм хэмжээний актын бүртгэлийн 6280 дугаарт бүртгэгдэж, Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлийн 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 20 дугаарт нийтлэгдсэн тул хариуцагч тал уг шинэчилсэн тарифыг мэдсэн” гэх агуулгаар тайлбарлаж, маргасан.

Харин хариуцагч тал тариф шинэчлэгдсэн талаар мэдээгүй, талуудын хооронд байгуулсан гэрээний 4.1-д заасны дагуу дулааны төлбөрийг төлсөн буюу гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан.

6. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч гэрээний агуулгыг болон Эрчим хүчний тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэж чадаагүй байна.

 “Дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай гэрээ”-ний 4.1-д тус аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс баталсан дулааны тарифыг мөрдөхөөр заасан боловч талуудын хооронд байгуулсан хүчин төгөлдөр гэрээнд “1 м.куб дулааны үнэ 1496 /НӨАТ орсон дүн/ төгрөг” гэж заасан ба хангагч тал гэрээнд заасан үнийн дүнгээр төлбөрийн нэхэмжлэх үүсгэж, хэрэглэгч тухайн нэхэмжлэхийн дагуу төлбөрийг төлж барагдуулсан байна. 

Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар шинээр баталсан хууль тогтоомж буюу хэм хэмжээ тогтоосон акт нь гэрээний нэг буюу хоёр талын эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулахаар бол гэрээний нөхцөл хүчин төгөлдөр байна. Тодруулбал эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс шинэчлэн баталсан тариф нь гэрээний заалтын нэгэн адил шууд үйлчлэхгүй бөгөөд гагцхүү гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсны дараа дагаж мөрдөхөөр байна.

Эрчим хүчний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д “...Зохицуулах хороо нь эрчим хүчний тарифт орох өөрчлөлтийн талаар түүнийг мөрдөж эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө хэрэглэгчид мэдэгдэх буюу хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлнэ” гэж журамласан бөгөөд энэхүү хэрэгт авагдсан баримтаар эрчим хүчний зохицуулах зөвлөл нь дулааны үнэ тариф нэмэгдсэн талаар хэрэглэгч  У аймгийн Ө сумын СТ д мэдэгдсэн, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн гэх үйл баримт тогтоогдоогүй.

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэж сэтгүүл зүйн үйл ажиллагаа эрхэлдэг хэвлэл мэдээллийн байгууллага мэдээллийг олон нийтэд, эсхүл тодорхой бүлэг этгээдэд хүргэх, түгээх зорилгоор ашиглаж байгаа сонин, сэтгүүл, радио, телевиз, редакцтай мэдээллийн цахим хуудсыг ойлгох бөгөөд хуульд зааснаар уг тариф тогтоосон зохицуулах зөвлөлийн тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлснийг гэрээний нэг тал болох хэрэглэгчид мэдэгдсэн, хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн гэж үзэх үндэслэлгүй.

Хэрэглэгч буюу хариуцагч У аймгийн Ө сумын СТ д мэдэгдсэн гэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүй тул хариуцагч талыг уг зохицуулах зөвлөлийн тогтоолыг эс зөвшөөрч маргаагүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.

 Түүнчлэн дээрх хуульд зааснаар аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөл нь тарифын өөрчлөлтийн талаар хэрэглэгч талд мэдэгдэх үүрэгтэй хэдий ч гэрээний нэг тал буюу хангагч тал болох ЭИ  ХХК-д уг үүрэг мөн хамааралтай. Нэхэмжлэгч тал хариуцагчид дулааны тариф өөрчлөгдсөн талаар мэдэгдээгүй, түүнчлэн шинэчилсэн тарифын дагуу гэрээнд өөрчлөлт оруулах талаар санал гаргасан,  шинэ тарифын дагуу төлбөрөө нэхэмжилж байсан гэх үйл баримт хэргийн баримтаар нотлогдоогүй.  Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотолж чадаагүй байна.

Нэхэмжлэгч “ЭИ ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцсон, тус компанийн нягтлан бодогчоор ажилладаг О.Э шүүхэд “У  аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс 2023 оны 7 дугаар сард албан тоотоор манай байгууллагад уг 07 дугаар тогтоолыг хавсралтын хамт ирүүлсэн. Сар бүрийн 20-ны өдрөөс хойш би тухайн байгууллагуудын нягтлан бодогч нартай холбогдож, шинэ тарифаар нэхэмжлэхээ шивэх үү гэж асуухад аймгийн Төрийн сангаас мөнгө нь орж ирээгүй байна, төсөвт байгаа мөнгөнөөс хамаараад хуучин үнэ тарифын дагуу нэхэмжлэхээ шивээд өгөөч гэж гуйж байсан. Би 6 жилийн хугацаанд Ө  сумын төсөвт байгууллагуудыг дулааны эрчим хүчээр хангаж байсан. Гэрээнд заасны дагуу тус байгууллагын нягтлан бодогч нарын утсаар холбогдоход “манай байгууллага энэ сард өргүй гармаар байна. Та байж байгаач, дараа сараас өгье гэдэг байсан. Энэ харилцаа цэвэр итгэлцэл дээр явагддаг харилцаа” гэх мэдүүлэг өгсөн байна.

Уг мэдүүлгээр “ЭИ ” ХХК-ийн зүгээс хэрэглэгч Ө  сумын СТ д У  аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн  2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 07 дугаар тогтоолын талаар мэдэгдсэн, хүргүүлсэн,   хэрэглэсэн дулааны төлбөрийг шинэчилсэн тарифаар нэхэмжилж байсан, нэхэмжлэх үүсгэсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-т зааснаар хариуцагч У аймгийн Ө сумын СТ ийг гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн гэж үзэх тул У  аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 318/ШШ2026/00062 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар төсвийн байгууллагын шүүхэд гаргасан нэхэмжлэл, гомдол нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө. Гэтэл төсвийн байгууллага болох У аймгийн Ө сумын СТ ийн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа 209,831 төгрөгийг төлсөн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар уг 209,831 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. У  аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 318/ШШ2026/00062 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 236 дугаар зүйлийн 236.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч ЭИ  ХХК-ийн У аймгийн Ө сумын СТ өөс худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 8,120,041.55 төгрөг, алдангид 4,060,020.78 төгрөг, нийт 12,180,062.33 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь заалтад зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 209,831 төгрөгийг төрийн сангаас буцаан гаргуулж хариуцагч У аймгийн Ө сумын СТ д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн  7511.2 дахь хэсэгт зааснаар энэхүү магадлал нь эцсийн шийдвэр болохыг дурдсугай.