Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 322

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал улсын яллагч Г.Ганчимэг, хохирогч Г.Э-, шүүгдэгч Б.Т-, түүний өмгөөлөгч А.Энхбуйр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б овогт Б-ийн Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1810015080240 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1995 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, ..... дүгээр гудамжны ...... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт Б-ийн Т.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Т нь 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 18 цагийн орчим Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Морин тойруулгын авто зогсоолын талбайд иргэн Г.Э-ыг өөрийн эзэмшлийн **-** УБД улсын дугаартай “Соната 7” маркийн автомашинд унтаж байх үед нь “Самсунг Эс-9” маркийн гар утсыг хууль бусаар, нууцаар, хулгайлж бусдад 1,737,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                  

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:

 

Хохирогч Г.Э-: “...2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр таксинд явж байгаад 25 дугаар эмийн сангийн хойд талд нэг хүн гараа өргөхөөр нь авахад хорооллын Москва их дэлгүүр орно гэсэн. Тэр хүн би үздэг хардаг гээд байхаар нь би үзүүлье гээд замын эсрэг талд очоод амьдралаа асуусан. Т анх өөрийнхөө нэрийг Саруул гэж байсан. Тэр өдрөө дөрвөн замаас ээжийг авчихаад Зурагтад гэртээ очиж юм асуусан, Т маргааш чиний заслыг хийж өгнө гээж хэлээд Саппоро дээр хүргүүлсэн. Тэгээд маргааш нь нь буюу 2018 оны 06 дугаар сарын 16-ны өглөө Т намайг Саппорогийн ар талын автобусны буудал дээр хүрээд ир гэхээр нь очиж аваад, гэртээ ирээд бага эгч, том эгч нартаа Т-ын талаар хэлсэн. Гэтэл Т эхлээд танай юмыг хийж өгье тэгэхгүй бол оройтох нь байна гэхээр нь бид хоёр гарцгаасан. Замаараа Гандангийн төв хаалганы зүүн урд талын дэлгүүрээс хадаг, арц аваад Хөдөө аж ахуйн сургуулийн ойролцоо очиход хүн ихтэй байна гээд Яармагийн морин тойруулгын ойролцоо очсон. Тэгтэл Т унтаж байхад нь засал хийвэл маш сайн байдаг гэж хэлэхээр нь гайхсан. Намайг унтах гэж байхад Т машинаас буугаад сүү өргөчихөөд над руу ирээд танай эхнэрийн зургийг үзье гэхээр нь би утасныхаа кодыг тайлаад Т-д гар утсаа өгсөн. Нэг мэдэхэд би цаг гаран унтчихсан байсан, сэрээд харахад машины хаалгыг дутуу хаасан, Саруул байхгүй, мөн миний утас бас алга болсон байсан...” гэв.

 

Шүүгдэгч Б.Т-: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, дахин гэмт хэрэгт холбогдохгүй байж чадна, надад нэг удаа боломж олгоно уу...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Г.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр гадуур машинтайгаа явж байхдаа 25 дугаар эмийн сангийн ойролцоо газраас нэг эмэгтэй хүн аваад хорооллын Москва их дэлгүүрийн замын эсрэг талд хүргэж өгсөн. Тэр үед тухайн эмэгтэй өөрийгөө үзэж хардаг гээд утсаар яриад байхаар нь өөрийгөө үзүүлж болох уу гэж асуухад болно, жил чинь орж байгаа юм байна, засал номыг чинь хийгээд өгнө гэж хэлсэн. Тэгээд надад утсаа өгөөд би байгаа газарт нь очиж авахаар тохиролцоод салсан. 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 11 цаг өнгөрч байхад Саруул гэх эмэгтэй над руу залгаад Саппорогийн хойд талын автобусны буудлаас ирээд авчих уу гэхээр нь очиж аваад эгчийн гэрт хамт очиход эгч юм асуугаад сайн мэддэг хүн байна гэж хэлсэн. Тэгээд эгчийн гэрээс 16 цагийн үед гараад өөрийгөө  үзүүлье гэхэд хүн цөөтэй газар очиж үзвэл илүү гээд Зайсан руу явсанаа хүн ихтэй байна гээд Яармагийн эцэс рүү яваад Морин тойруулгын зогсоол дээр зогссон. Би өмнөх өдөр нь Төв аймаг руу явж ирсэн нойр дутуу, жаахан ядруу харагдаж байхад Саруул гэх эмэгтэй намайг жаахан унтаад амарчих, би харын талын засал хийдэг унтаж байхад чинь засал хийдэг юм гэсэн. Эхэндээ унтахгүй хэвтэж байсан нэг мэдсэн унтаад өгчихсан байсан. Нэг мэдэхэд би цаг гаран унтчихсан, сэрээд харахад Саруул гэх эмэгтэй алга болчихсон байсан. Намайг унтахаас өмнө Саруул гэх эмэгтэй миний утсыг барьж байсан тэгээд алга болчихсон...” /хх-ийн 29-30, 31-33, 34-36/ гэсэн,

 

Гэрч Ц.Болортоль мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр манай хамаатны дүү Г.Э ...20-25 орчим насны залуухан эмэгтэйг дагуулан ирчихсэн байсан, тухайн эмэгтэй нь бөө удган, үзмэрч гэж өөрийгөө танилцуулж байсан. Тэгээд манай гэрт байсан хүмүүсийг үзэж эхэлсэн, ер нь юм мэддэг юм шиг байсан миний хувьд ажил хөдөлмөр болон цаашдын зам шугамыг асуухад засал хийнэ, булууны яс, хадаг, сүү гэх мэт зүйлс авчих гэхээр нь 7 буудал орж эд зүйлээ авчихаад ирсэн. Намайг гэрийн гадаа ирэхэд Г.Э нөгөө эмэгтэй хоёр гарч яваад тааралдахад гадаа харанхуй болохоос өмнө Г.Э-ын заслыг хийх ёстой гэж байсан. Тэгээд буцаж ирээгүй. Харин Г.Э нөгөө эмэгтэй миний гар утсыг унтсан хойгуур аваад явчихсан байна гээд 21 цагийн үед урвайсан хүн л ирж байсан...” /хх-ийн 39/ гэсэн,

 

Гэрч Э.Должмаа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр дүү Г.Э 20-25 насны залуухан эмэгтэйг дагуулан ирсэн. Тухайн эмэгтэй өөрийгөө үзмэрч, манай багш Хөвсгөл аймаг руу би удахгүй явна гэж ярьж байсан.  ...Тухайн охин юм мэддэг юм шиг санагдсан, бид нараас олон юм шалгаалгүй ерөнхийд нь хэлээд байсан учраас итгэсэн. Тэгээд засал хийж байгаад том эгч Ц.Болортолийг булууны яс, сүү, хадаг гэх мэт зүйлс аваад ир гэж явуулаад Г.Э-ын заслыг орой болохоос өмнө хийхгүй бол болохгүй гээд явсан. ...Тэгээд орой 21 цагийн үед Г.Э гар утсаа хулгайд алдсан гээд ирсэн...” /хх-ийн 40/ гэсэн,

 

Гэрч О.Даваадулам мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 07 дугаар сард ломбард ажиллуулдаг залуугаас танайд зарчихаар утас байна уу гэхэд манай Эс-9 байгаа сонирхох уу гэхээр нь тэгье гээд Миний маркет дэлгүүрийн дотор байрлах ломбарданд очиж утсыг үзээд 1,300,000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд 2018 оны 08 дугаар сард өөрийн Саран мишээл гэх фэйсбүүк хуудсанд утсыг худалдахаар зар тавихад Шагай Амгалан гэх нэртэй залуу авахаар болсон. Миний Хаан банкны 5079067219 дугаарын данс руу  1,400,000 төгрөг шилжүүлж, би Баянхонгор явах автобусанд утсыг өгч явуулсан...” /хх-ийн 56-57/ гэсэн,

 

Иргэний нэхэмжлэгч А.Алтаншагай мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 08 дугаар сарын 02-ноос интернетээр гар утас худалдаж авахаар хайж эхэлсэн. Тэгээд Эс-9 зарна гэх фэйсбүүкд хаяг руу ороход хар өнгийн эс-9 зарна гээд байршуулсан байхаар нь Хаан банкны 5079067219 дугаартай дансанд 1,400,000 төгрөг шилжүүлсэн, утас орой нь автобусаар ирсэн...” /хх-ийн 50-51/ гэсэн,

 

Гэрч М.Хаш-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 19 цаг 58 минутын үед УП95120804 регистрийн дугаартай Б-гийн Т гэх эмэгтэй Самсунг Эс-9 маркийн хар өнгөтэй гар утсыг барьцаанд тавьж 1,100,000 төгрөгийн зээлийг 14 хоногийн хугацаатай авсан. Тухайн утас үнэтэй байсан учир бичиг баримтыг нягталж байж утсыг авсан. Урьд нь Б.Т нь Айфоне-6 плас утсыг барьцаанд тавьж байсан учир таньж байсан. Дараа нь 14 хоног нь дуусах дөхөөд ирэхэд Б.Т би гар утсыг авч чадахгүй болчихлоо, нөхрөөсөө салсан, Хөвсгөл аймаг руу явлаа гэж байсан. Нэгэнт Т энэ утсыг авч чадахгүй гэсэн тул 1,300,000 төгрөгөөр утсыг худалдсан, худалдаж авсан хүний овог нэрийг сайн мэдэхгүй. ...Т утсыг манай ээжийн утас гэж хэлсэн бөгөөд анх ирэхдээ 1,000,000 төгрөгөөр зээл аваад хэд хоногийн дараа дахин ирж 100,000 төгрөг нэмж авсан. ...Манайд ирэх үедээ сэтгэл санааны хувьд тайван, хувцас хунар нь урагдаагүй, цэвэрхэн хувцастай, үсний самналт нь цэвэрхэн байсан...” /хх-ийн 58-60, 63/ гэсэн,

 

Гэрч Д.Ундармаа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Манай хүү Г.Э 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр таксинд явж байгаад юм үздэг сайн хүнтэй таарлаа гээд утсаар ярьсан. Тухайн үед би Бөмбөгөр орчмоос Э-ын машинд суугаад зурагтад байдаг гэртээ хүргүүлсэн. Тэр үед нөгөө эмэгтэй машины урд суудалд сууж байсан. Тэр эмэгтэйг сайн үздэг хардаг гэхээр нь гэртээ оруулж бууз хийж өгсөн. ...Удалгүй манай хүүг дагуулаад гэртээ хүргүүлнэ гээд явсан. Маргааш нь хүү Э над руу залгаад надад засал хийж өгнө гэсэн би явах уу яах уу гэхээр нь өөрөө мэд гэж хэлсэн. ...Тэгсэн орой нь хүү Эрхэмбаяр гар утсаа алдчихсан, цагдаад бүртгүүлчихлээ гээд ирсэн...” /хх-ийн 63-70/  гэсэн,

 

Гэрч Б.Ербахыт мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 19 цаг 30 минутын үед Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 102 дугаарын тусгай дугаарт Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Морин тойруулгын гадна машины зогсоол дээр иргэн Г.Э машинаасаа гар утсаа хулгайд алдсан тухай дуудлага өгсөн, удалгүй дуудлага өгсөн иргэн манай хэлтэс дээр өөрөө хүрээд ирсэн. ...Г.Э нь машин дотроо унтаж байхад хамт ирсэн бөөлж засал хийнэ гэсэн үл таних эмэгтэй гар утсыг нь аваад явсан гэж тайлбарлаж байсан ба гар утас алдсан гэх газраас машинаа хөдөлгөсөн байсан тул бид хэрэг болсон гэх газарт үзлэг хийгээгүй...” /хх-ийн 71-72/ гэсэн,

 

Шүүгдэгч Б.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Э-ын гар утсыг хулгайлж аваагүй. Э нь 2018 оны 5 дугаар сарын 3-ны өдрөөс 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл над руу фэйсбүүкийн дуудлага болон чатаар зогсоо зайгүй залгаж, чат бичдэг байсан. Би тэр хүнд огт хариу өгдөггүй байсан. Сүүлдээ аргаа бараад өөрийнхөө очдог хөгшин хүний фэйсбүүкийг өгсөн. ...Э надад 20,000 төгрөг өгөөд чи өөрийнхөө гар утсыг тавьсан ломбард дээр очоод байж бай гэж хэлсэн. Энэ үед Э Яармагт байсан. Би таксинд суугаад Хархорин захын ломбардны гадаа үүдэнд ирсэн. ...Би Э-ын гар утсанд хийсэн өөрийнхөө симийг авсан. Хархорин захын араар хороолол руу явдаг дундын замын хажуугийн ломбарны хажууд би зогсож байсан. Замын нөгөө талд Э машинтай ирж сигнал дарсан. Би зам гарч очоод Э-ын машинд суухад Э надад Самсунгийн аккаунтыг гаргаж, тайлж өгсөн, мөн дэлгэцний кодыг өөрөө тайлж өгсөн. ...Би Э-од ломбарданд хамт оръё гэж хэлсэн боловч юу яриад байгаа юм бэ, чи орчоод ир гээд намайг оруулсан. Ломбард руу ороод Э-ын Самсунг Эс-9 маркийн гар утсыг нэг сая төгрөгөөр барьцаанд тавьсан. Тэгээд өмнө нь барьцаанд тавьсан байсан гар утасны төлбөр дөрвөн зуун мянган төгрөгийг суутгуулаад үлдсэн мөнгийг бэлнээр авч гарсан...” /хх-ийн 85-87, 97-99/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 16-18, 19-21/,

- Эд зүйл баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 22-23/,

- Эвсэг хүсэл барьцаат зээлийн гэрээний онлайн бүртгэл /хх-ийн 62/,

- Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 75/,

- Г.Э-ын утасны дуудлагын лавлагаа /хх-ийн 127-129/,

- 88432128 дугаарын дуудлагын лавлагаа /хх-ийн 132-134/,

- Юнител ХХК-ийн албан бичиг /хх-ийн 136/,

- Хаан банкны албан бичиг /хх-ийн 144-148/,

- Шүүгдэгч Б.Т-ын хувийн байдалтай холбоотой гэрч Б.Доржхандмаа, Б.Т нарын мэдүүлэг /хх-ийн 64-65/,

-  Шүүгдэгч Б.Т-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 100-105, 110-116/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Б.Т-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч Б.Т нь 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 18 цагийн орчим Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Морин тойруулгын авто зогсоолын талбайд иргэн Г.Э-ыг өөрийн эзэмшлийн **-** УБД улсын дугаартай “Соната 7” маркийн автомашинд унтаж байх үед нь “Самсунг Эс-9” маркийн гар утсыг хууль бусаар, нууцаар авч бусдад 1,737,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Г.Э-ын “...2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 11 цаг өнгөрч байхад Саруул гэх эмэгтэй над руу залгаад Саппорогийн хойд талын автобусны буудлаас ирээд авчих уу гэхээр нь очиж аваад эгчийн гэрт хамт очиход эгч юм асуугаад сайн мэддэг хүн байна гэж хэлсэн. Тэгээд эгчийн гэрээс 16 цагийн үед гараад өөрийгөө  үзүүлье гэхэд хүн цөөтэй газар очиж үзвэл илүү гээд ...Яармагийн эцэс рүү яваад Морин тойруулгын зогсоол дээр зогссон. Би өмнөх өдөр нь Төв аймаг руу явж ирсэн нойр дутуу, жаахан ядруу харагдаж байхад Саруул гэх эмэгтэй намайг жаахан унтаад амарчих, би харын талын засал хийдэг унтаж байхад чинь засал хийдэг юм гэсэн. Эхэндээ унтахгүй хэвтэж байсан нэг мэдсэн цаг гаран унтчихсан, сэрээд харахад Саруул гэх эмэгтэй алга болчихсон байсан. Намайг унтахаас өмнө Саруул гэх эмэгтэй миний утсыг барьж байсан тэгээд алга болчихсон...” /хх-ийн 29-30, 31-33, 34-36/ гэсэн, иргэний нэхэмжлэгч А.Алтаншагайгийн “...2018 оны 08 дугаар сарын 02-ноос интернетээр гар утас худалдаж авахаар хайж эхэлсэн. Тэгээд Эс-9 зарна гэх фэйсбүүкд хаяг руу ороход хар өнгийн эс-9 зарна гээд байршуулсан байхаар нь Хаан банкны 5079067219 дугаартай дансанд 1,400,000 төгрөг шилжүүлсэн, утас орой нь автобусаар ирсэн...” /хх-ийн 50-51/ гэсэн, гэрч Э.Должмаагийн “...2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр дүү Г.Э 20-25 насны залуухан эмэгтэйг дагуулан ирсэн. Тухайн эмэгтэй өөрийгөө үзмэрч, манай багш Хөвсгөл аймаг руу би удахгүй явна гэж ярьж байсан.  ...Тухайн охин юм мэддэг юм шиг санагдсан, бид нараас олон юм шалгаалгүй ерөнхийд нь хэлээд байсан учраас итгэсэн. Тэгээд ...Г.Э-ын заслыг орой болохоос өмнө хийхгүй бол болохгүй гээд явсан. ...Тэгээд орой 21 цагийн үед Г.Э гар утсаа хулгайд алдсан гээд ирсэн...” /хх-ийн 40/ гэсэн, гэрч О.Даваадуламын: “...2018 оны 07 дугаар сард ломбард ажлуулдаг залуугаас танайд зарчихаар утас байна уу гэхэд Эс-9 байгаа сонирхох уу гэхээр нь тэгье гээд Миний маркет дэлгүүрийн дотор байрлах ломбарданд очиж утсыг үзээд 1,300,000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд 2018 оны 08 дугаар сард өөрийн Саран мишээл гэх фэйсбүүк хуудсанд утсыг худалдахаар зар тавихад Шагай Амгалан гэх нэртэй залуу авахаар болсон. Миний Хаан банкны 5079067219 дугаарын данс руу  1,400,000 төгрөг шилжүүлж, би Баянхонгор явах автобусанд утсыг өгч явуулсан...” /хх-ийн 56-57/ гэсэн, гэрч М.Хаш-Эрдэнийн “...2018 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 19 цаг 58 минутын үед УП95120804 регистрийн дугаартай Б-гийн Т гэх эмэгтэй Самсунг Эс-9 маркийн хар өнгөтэй гар утсыг барьцаанд тавьж 1,100,000 төгрөгийн зээлийг 14 хоногийн хугацаатай авсан. Тухайн утас үнэтэй байсан учир бичиг баримтыг нягталж байж утсыг авсан. ...Т утсыг манай ээжийн утас гэж хэлсэн бөгөөд анх ирэхдээ 1,000,000 төгрөгөөр зээл аваад хэд хоногийн дараа дахин ирж 100,000 төгрөг нэмж авсан. ...Манайд ирэх үедээ сэтгэл санааны хувьд тайван, хувцас хунар нь урагдаагүй, цэвэрхэн хувцастай, үсний самналт нь цэвэрхэн байсан...” /хх-ийн 58-60, 63/ гэсэн, шүүгдэгч Б.Т-ын “...Ломбард руу ороод Э-ын Самсунг Эс-9 маркийн гар утсыг нэг сая төгрөгөөр барьцаанд тавьсан. Тэгээд өмнө нь барьцаанд тавьсан байсан гар утасны төлбөр дөрвөн зуун мянган төгрөгийг суутгуулаад үлдсэн мөнгийг бэлнээр авч гарсан...” /хх-ийн 85-87, 97-99/ гэсэн мэдүүлгүүд, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 16-18, 19-21/, эд зүйл баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 22-23/, “Эвсэг хүсэл” барьцаат зээлийн гэрээний онлайн бүртгэл /хх-ийн 62/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 75/, Г.Э-ын утасны дуудлагын лавлагаа /хх-ийн 127-129/, 88432128 дугаарын дуудлагын лавлагаа /хх-ийн 132-134/, Юнител ХХК-ийн албан бичиг /хх-ийн 136/, Хаан банкны албан бичиг /хх-ийн 144-148/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Т нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Шүүгдэгч Б.Т-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Г.Э-ын эд хөрөнгөд 1,737,000 төгрөгийн /хх-ийн 75/ хохирол учирсан, хохирол төлөгдөөгүй байх тул гэм буруутай этгээдээс гаргуулж хохирогч Г.Э-од олгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Т нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол хор уршгийн хэмжээ, үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй хувийн байдлуудыг харгалзан түүнд хуульд зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан үндэслэлээр 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ /хх-ийн 166/ авагдаж, өнөөдрийг хүртэл нийт 40 хоног цагдан хоригдсон байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож /8 цаг х 40 хоног= 320 цаг/ нийт 320 цагийг түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасч тооцох хууль зүйн үндэслэлтэй.

 

Эрүүгийн 1810015080240 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б-ийн Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-гийн Т-ыг 350 /гурван зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-ын цагдан хоригдсон 40 /дөч/ хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож 320 /гурван зуун хорь/ цагийг түүнд оногдуулсан 350 /гурван зуун тавь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасч, түүний биечлэн эдлэх ялыг 30 /гуч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

4. Шүүгдэгч Б.Т-д оногдуулсан 30 /гуч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Т нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т /РД: .........., Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, ........ дүгээр гудамжны ....... тоотод оршин суух хаягттай/-аас 1,737,000 /нэг сая долоон зуун гучин долоон мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Г.Э /РД: ................., Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, ............. тоотод оршин суух хаягтай/-д олгосугай.

7. Эрүүгийн 1810015080240 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй  болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Т-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

           

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Д.АЛТАНЖИГҮҮР