Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 986

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюунцэцэг даргалж,

Төв аймгийн Зуунмод сумын 2 дугаар баг Дэнжийн 3-в-4 тоотод оршин суух Цэмбэлдоржийн Оюуны хүсэлттэй А.Гомбодоржийн улсад ажилласан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюун, нарийн бичгийн дарга Г.Сугармаа нарыг оролцуулав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон  шүүх хуралдаанд тайлбарлахдаа: А.Гомбодорж нь одоогийн Төв аймгийн Сэргэлэн сумын Сүхбаатарын зам /Авдархангай нэгдэл/ нэгдлийн Хөшиг бригадад 1975 оны 10 сарын 20-ноос 1976 оны 03 сарын 01-нийг хүртэл шуудан хүргэгчээр, 1976 оны 03 сарын 05-наас 1984 оны 02 сарын 31-ныг хүртэл малчнаар, 1984 оны 02 сарын 28-наас 1986 оны 02 сарын 01-нийг хүртэл нэгдлийн манаачаар, 1986 оны 02 сарын 01-нээс 1991 оны 01 сарын 01-нийг хүртэл нярваар тус тус тасралтгүй ажилласан байна. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах болоход түүнийг ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн зарим тушаал архиваас олдохгүй байгаа юм. Иймд түүнийг Төв аймгийн Сэргэлэн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Хөшиг бригадад дээрх хугацаанд тасралтгүй ажиллаж байсан болохыг цуглуулсан нотлох баримт, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг бусад бичгийн нотлох баримтанд үндэслэн тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, Төв аймгийн Сэргэлэн сумын Сүхбаатарын зам нэгдлийн даргын тушаал, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюун нь А.Гомбодоржийн Төв аймгийн Сэргэлэн сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1975 оны 10 сарын 20-ноос 1991 оны 01 сарын 01-нийг хүртэл шуудан хүргэгч, малчин, манаач, нярваар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор дараах нотлох баримтуудыг ирүүлжээ. Үүнд:

1.Төв аймгийн Сэргэлэн сумын Авдархангай нэгдлийн даргын 1975 оны 11 сарын 22-ны өдрийн 58 тоот “Ажилд томилох тухай” тушаалын 1 дүгээрт “Аймгийн ХААУ Газрын томилолтоор ирсэн ... Алтангэрэлийн Гомбодоржийг нэгдлийн шуудан хүргэгчээр, ... 10 сарын 20-ноос тус тус авч ажиллуулсугай”,

-1976 оны 03 сарын 01-ний өдрийн 17 тоот “Ажилд томилох тухай” тушаалын 1 дүгээрт “Тус нэгдэлд өртөөчнөөр ажиллаж байсан н.Гомбодоржийн өөрийнх нь хүсэлтээр ажлаас чөлөөлсүгэй”,

Төв аймгийн Сэргэлэн сумын Монгол Вьетнамын найрамдалт Сүхбаатарын зам нэгдлийн даргын 1981 оны 04 сарын 02-ны өдрийн 26 тоот “Ажилд томилох тухай” тушаалын 1 дүгээрт “Нэгдлийн гишүүдийн хөдөлмөрийн дэвтэр шинэчлэгдэж байгаатай холбогдуулан “Хөшиг” бригадын малчид саальчдыг дор дурдсанаар 1981 оны 04 сарын 01-нээс эхлэн ... Үхэр суурийн малчин А.Гомбодорж ... томилон баталсугай”,

-1984 оны 02 сарын 27-ны өдрийн 13 тоот “Ажлаас чөлөөлж ажилд түр тоимлох тухай” тушаалын 1 дүгээрт “... Алтангэрэлийн Гомбодоржийн Саалийн механикжсан фермийн манаачаар 2 сарын 28-ны өдрөөс ... томилсугай”,

-1986 оны 02 сарын 20-ны өдрийн 46 тоот “А.Гомбодоржийг ажилд томилох тухай” тушаалын 1 дүгээрт “... Сүхбаатарын зам нэгдлийн 2 дугаар бригадын аж ахуйн нярваар А.Гомбодоржийг 1986 оны 02 сарын 01-нээс эхлэн тоимлон ажиллуулсугай”,

-1988 оны 06 сарын 14-ний өдрийн 48 тоот “Зарим хүмүүсийн ээлжийн амралтыг олгох тухай” тушаал, хавсралтын 19 дүгээрт “нярав А.Гомбодоржийг 07 сарын 01-нээс ажлын 22 өдөр ... амраасугай”,

1989 оын 11 сарын 27-ны өдрийн 49 тоот “Ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай” тушаалын 5 дугаарт “... аж ахуйн нярав Гомбодоржийг 1989 оны 11 сарын 15-наас үүрэгт ажлаас нь чөлөөлж мөн өдрөөс эхлэн тоо бүртгэгч хэсгүүдийн үндсэн хөрөнгө аж ахуйн нярваар ... томилсугай”,

-1990 оны 05 сарын 21-ний өдрийн 24 тоот “Ажилд томилж, ажлаас чөлөөлөх тухай” тушаалын 2 дугаарт “... Алтангэрэлийн Гомбодоржийг нярваар томилсугай”,

-1991 оны 01 сарын 02-ны өдрийн 01 тоот “Ажилд шилжүүлэх тухай” тушаал, хавсралтанд “.. аж ахуйн нярав А.Гомбодорж”,

2.Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбулаг хоршооллын даргын 1991 оны 01 сарын 05-ны өдрийн 01 тоот “Ажилд томилох тухай” тушаалд “... хоршооны ажилчин албан хаагчдыг 01 сарын 01-нээс эхлэн .... /нярав А.Гомбодорж/ томилон ажиллуулсугай” гэсэн тушаалын хуулбар,

3.Төв аймгийн Сэргэлэн сумын Сүхбаатарын зам нэгдлээс Алтангэрэлийн Гомбодоржид 1973 оны 05 сарын 10-ны өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтэрт “191975-1980 онуудад 156-250 төгрөгийн цалин хөлс авч байсан” бичилт,

1981 оны 04 сарын 01-ний өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтэрт 1981-1990 оныг хүртэл 127-350 төгрөгийн цалин хөлс авч байсан баримт,

-хөдөлмөрийн дэвтрийн 2-5 талд “1973 оны 04 сарын 10-наас Хөшиг бригадад үхэрчнээр, 1987 оны 05 сарын 13-наас үхэрчний үүрэгт ажлаас чөлөөлж нэгдэлд аж ахуйн нярваар, 1990 оны 4 сарын 1-нээс нэгдлийн нярвын үүрэгт ажлаас чөлөөлж саалийн механикжсан фермд нярьаар, 1993 оны 03 сарын 12-ноос Саалийн механикжсан фермийн нярвын үүрэгт ажлаас чөлөөлөв” гэсэн бичилт,  

4.Гэрч Л.Хишигнямын “А.Гомбодорж нь 1977 оноос Төв аймгийн Сэргэлэн сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1991 оныг хүртэл тасралтгүй ажиллаж байсныг мэднэ. Тухайн үед Сэргэлэн сумын Сүхбаатарын зам нэгдэлд нь Зуунмод сумын 8 жилийн сургуулийн дэргэд байрладаг байсан ба би А.Гомбодоржтой хамт ажиллаж байсан. 1979 онд Сэргэлэн сум, нэгдэл одоогийн нутагтаа нүүж очсон ба энэ үед би өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөж Зуунмод суманд үлдсэн. А.Гомбодорж нь Төв аймгийн Сэргэлэн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Хөшиг бригадад нярав, малчин, манаач, бичиг хүргэгч зэрэг ажлыг хийж байсан” гэх мэдүүлэг, түүний хөдөлмөрийн дэьтрийн хуулбараар,       

-гэрч Р.Батдэлгэрийн “Би Сэргэлэн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Хөшиг бригадад 1976-1989 он хүртэл малчнаар ажиллаж байсан. Энэ үед А.Гомбодорж нь манай бригадад малчин, аж ахуйн нярав, Баянбулан хоршоонд нярваар хамт ажиллаж байсан нь үнэн” гэх тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтууд байна.

 

Хүсэлт гаргагч А.Гомбодоржийн Төв аймгийн Сэргэлэн сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд ажиллаж байсан үеийн зарим ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тухай тушаал зэрэг баримтууд өөрт нь хадгалагдаагүй буюу архиваас олдохгүй, архивын газар хадгалагдаагүй болох нь хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар нотлогдож байна.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн  40.1-д “шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж зааснаар хүсэлт гаргагчаас ирүүлсэн дээрх бичгийн нотлох баримтуудыг  үнэлж, нэхэмжлэгч А.Гомбодоржийг Төв аймгийн Сэргэлэн сумын Сүхбаатарын зам /Авдархангай нэгдэл/ нэгдлийн Хөшиг бригадад 1975 оны 10 сарын 20-ноос 1976 оны 03 сарын 01-нийг хүртэл шуудан хүргэгчээр, 1976 оны 03 сарын 05-наас 1984 оны 02 сарын 37-ныг хүртэл малчнаар, 1984 оны 02 сарын 28-наас 1986 оны 02 сарын 01-нийг хүртэл нэгдлийн манаачаар, 1986 оны 02 сарын 01-нээс 1991 оны 01 сарын 01-нийг хүртэл нярваар тус тус тасралтгүй ажиллаж байсан  болохыг тогтоож, хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан НС56101776 регистрийн дугаартай Боржигин овогт Алтангэрэлийн Гомодоржийг Төв аймгийн Сэргэлэн сумын Сүхбаатарын зам /Авдархангай нэгдэл/ нэгдлийн Хөшиг бригадад 1975 оны 10 сарын 20-ноос 1976 оны 03 сарын 01-нийг хүртэл шуудан хүргэгчээр, 1976 оны 03 сарын 05-наас 1984 оны 02 сарын 37-ныг хүртэл малчнаар, 1984 оны 02 сарын 28-наас 1986 оны 02 сарын 01-нийг хүртэл нэгдлийн манаачаар, 1986 оны 02 сарын 01-нээс 1991 оны 01 сарын 01-нийг хүртэл нярваар тус тус тасралтгүй ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагч А.Гомбодоржийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авах үүрэгтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Л.ОЮУНЦЭЦЭГ