| Шүүх | Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Алтан |
| Хэргийн индекс | 318/2025/00669/И |
| Дугаар | 224/МА2026/00005 |
| Огноо | 2026-03-12 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 224/МА2026/00005
Б.М, Ц.О, М.П
нарт холбогдох иргэний хэргийн тухай
У аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзаяа даргалж, Ерөнхий шүүгч Л.Алтан, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
У аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 318/ШШ2025/01173 дугаар шийдвэртэй,
“ХБ ” ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.М, Ц.О, М.П нарт холбогдох, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг нийт 103,505,970.80 төгрөг гаргуулах, М.П гийн өмчлөлийн У аймаг, У сум 3-р баг 1-48 айл ** тоот, 29 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагатай иргэний хэргийг хариуцагч М.П гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Л.Алтангийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагч Ц.О , хариуцагч М.П , нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Т /цахимаар/, Б.У /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “ХБ ” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг нийт 103,505,970.80 төгрөг гаргуулах, М.П гийн өмчлөлийн У аймаг, У сум 3-р баг 1-48 айл ** тоот 29 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай.
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: “Б.М , Ц.О нар нь 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр ХБ тай *** дугаартай жижиг, бичил бизнесийн зээлийн гэрээ байгуулан, 100,000,000 /нэг зуун сая/ төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, 365 хоногт 21,72 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. Банк 100,000,000 төгрөгийг 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 5000918170 дугаартай харилцах дансанд шилжүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж зээлийг олгосон. ХБ ХК, М гийн П нар нь 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр *** -01 дугаартай Ипотекийн гэрээг байгуулан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дараах хөрөнгийг барьцаалсан. Үүнд: 1. Орон сууц: У аймаг, У сум 3-р баг 1-48 айл ** тоот эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, 29 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууц. Гэрээний хугацаанд хариуцагч нь үндсэн зээлд 19,999,999.98 төгрөг, зээлийн хүү 21,424,449.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,664.84 төгрөгийг төлсөн. Б.М , Ц.О нар нь *** дугаартай зээлийн гэрээнд заасан төлбөрийн үүргээ 2024 оны 05 дугаар сарын 25-ний өдрөөс эхлэн зөрчиж эхэлсэн ба нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 422 хоног хугацаа хэтрүүлэн 68,042,500.41 төгрөгийн зөрчил үүсээд байгаа тул зээлийн гэрээг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон. Нэхэмжлэлийн үндэслэл, үнийн дүнгийн тооцоолол: Иргэний Хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалт, 458, 460 дугаар зүйл, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт, талуудын хооронд байгуулсан *** жижиг, бичил бизнесийн зээлийн гэрээг үндэслэн банк нь 2025 оны 8 дугаар сарын 04-ний өдрөөр нэг талын санаачилгаар зээлийн гэрээг цуцлан дараах зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байна. Үүнд: Зээлийн үндсэн төлбөр 80,000,000.02 төгрөг, зээлийн үндсэн хүү 22,184,153.43 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,321,817.35 төгрөг, нийт төлбөрийн дүн 103,505,970.80 төгрөг байна.
Б.М , Ц.О нараас *** дугаартай зээлийн гэрээний үүрэгт 103,505,970.80 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч нар нь сайн дураар төлбөрөө төлөөгүй нөхцөлд М.П гийн өмчлөлийн дараах хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.
Үүнд: Эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай, У аймаг, У сум *** м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө” гэжээ.
3. Хариуцагч Б.М , Ц.О нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Бид 2 хамтран У аймаг дахь ХБ наас бизнесийн зээл авсан. У аймгийн М сумын спорт цогцолборын барилгын ажлыг 2022 онд авч хийж гүйцэтгэх явцад яам нэгдсэнтэй холбоотой санхүүжилт маань удааширч, санхүүжилтийн мөнгөний тал нь буцаан татагдсаны улмаас банкны зээлээ хугацаандаа төлж чадахгүй хэтрүүлсэн. Одоо санхүүжилт шийдэгдэж, барилгын ажил хэвийн явагдаж байгаа ба энэ оны 10 дугаар сард багтаан хүлээлгэн өгөхөөр байна. Тухайн үед сонгуулийн жил, мөн засгийн газар шинэчлэгдэх, яамд нэгдэхтэй холбоотой санхүүжилт удааширч, зээл төлөлт хугацаандаа хийгдэж чадаагүй шалтгаан бий болсон. Санхүүжилт маань 2026 оны 01 дүгээр сард орж ирэх тул харж үзнэ үү” гэжээ.
4. Хариуцагч М.П анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Би тухайн зээлийг аваагүй, харин Б.М Ц.О нар зээлийн гэрээнд гарын үсэг зурж зээлийг авсан, миний эд хөрөнгө барьцаалсан байхад надаас зээлийн төлбөр нэхэмжлэх нь үндэслэлгүй. Б.М нь банкнаас нэмэлт барьцаа хөрөнгө шаардаж байна, та хөрөнгөө түр хугацаанд барьцаанд тавьж өгөөч ээ, удахгүй зээл хаагаад чөлөөлж өгнө гэсэн хүсэлт тавьснаар барьцаанд тавихыг зөвшөөрсөн. Гэвч ХБ нь зээлийг 36 сарын хугацаатай олгохоор болсон байсан, ийм урт хугацаанд би хөрөнгөө барьцаалах боломжгүй гэхэд тухайн банкны зээлийн ажилтан Д.С эднийх урьдчилаад төлчих байх, тэгээд таны барьцаа чөлөөлөгдөнө гэж хэлсэн ба миний ажил дээр Б.М ын хамт ирж барьцааны гэрээнд гарын үсэг зуруулсан. Урт хугацаанд зээл олгосон нь өнөөдөр ийм байдал хүрэхэд тодорхой хэмжээнд нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй. Тухайн зээлийн барьцаанд зөвхөн миний эд хөрөнгийг барьцаалаагүй, бараа материал болон бизнесийн орлого зэргийг нь барьцаалсан байна. Тиймээс миний эд хөрөнгөөр зээлийн төлбөрийг барагдуулна гэж байгаа нь үндэслэлгүй. Б.М , Ц.О нарын өөрийн эзэмшлийн орон сууц нь ХБ ны өөр зээлийн барьцаанд байгаа бөгөөд тухайн зээлийн гэрээг мөн ялгаагүй нэг талын санаачилгаар хугацаанаас өмнө цуцалж, тухайн хөрөнгөөр Б.М , Ц.О нарын нийт зээлийн төлбөрийг барагдуулах боломжтой, энэ нь шударга ёсонд нийцнэ. Мөн Б.М , Ц.О нарын гаргаж өгсөн тайлбарт тодорхой нөхцөл байдлаас шалтгаалж бизнес нь доголдож, орлого саатсан тухай болон зээлийг төлбөрийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байгаа тул миний эд хөрөнгөөр зээлийн төлбөр барагдуулах, надаас зээлийн төлбөр гаргуулах нь үндэслэлгүй байна” гэжээ.
5. У аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 318/ШШ2025/01173 дугаар шийдвэрээр:
- Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.М , Ц.О нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 103,505,970.80 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХБ ХК-д олгож,
- Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар нь үүргээ гүйцэтгээгүй бол У аймгийн У сумын 3 дугаар баг, 1 дүгээр 48 айлын орон сууцны ** тоот хаягт байрлах хариуцагч М.П гийн өмчлөлийн 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг У аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 745,680 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.О , Б.М нараас 745,680 /долоон зуун дөчин таван мянга зургаан зуун ная/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч ХБ ХК-д олгохоор шийдвэрлэжээ.
6. Хариуцагч М.П давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “У аймаг дахь сум дундын анхан шатны шүүх иргэний хэргийг хянан хэлэлцэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан миний эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.
Шүүх хурал болох тухай надад 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр шүүхээс утсаар мэдэгдэхэд, би “Улаанбаатар хотод албан ажилтай явна, У д 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр очно, шүүх хуралд биечлэн оролцоно” гэдгээ хэлсээр байтал намайг байлцуулахгүйгээр шүүх хурлыг 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хийсэн байна.
Тухайн өдөр би Улаанбаатар хотоос МИАТ компанийн онгоцоор У руу ирж байсан ба тухайн онгоцны тийз, ярианы биллийг нотлох баримтаар хавсаргаж өгсөн.
Хариуцагч миний биеийг шүүх хуралдаанд оролцох боломжгүй байхад шүүх хурлыг явуулж, 3 хариуцагчаас зөвхөн нэгийг нь оролцуулж хийсэн нь миний эрхийг зөрчсөн. Ийм өндөр үнийн дүнтэй буюу 103 сая төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй хэрэгт хариуцагч намайг биечлэн оролцуулж, миний өмчлөх эрхэд халдаж буй үндэслэлээ талууд тайлбарласан бол би ойлгох байлаа. Ядаж цахимаар ч болов оролцох боломжийг шүүх надад олгоогүйд маш их гомдолтой байна.
Мөн нэхэмжлэгч тал “хариуцагч Б.М , Ц.О нараас 103,505,970.80 төгрөгийг гаргуулах...” гэж нэхэмжилсэн байхад шүүхээс “...У аймгийн У сумын 3 дугаар баг 1 дүгээр 48 айлын орон сууцны ** тоот хаягт байрлах хариуцагч М.П гийн өмчлөлийн 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг албадан худалдаж...” гэж шийдвэрлэн миний өмчлөх эрхийг зөрчлөө.
Хариуцагч Б.М , Ц.О нар нь “У аймгийн М суманд спорт цогцолбор барих ажлыг хийж гүйцэтгэх хугацаанд санхүүжилт нь удааширснаас зээлийн хугацаа хэтэрсэн. 2026 оны 01 дүгээр сард санхүүжилт нь орж ирэхээр зээлээ төлнө гэх тайлбарыг өгсөөр байхад шүүх миний орон сууцыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт албадан худалдах шийдвэр гаргасныг буруу гэж үзэж байна.
Миний бие анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа, миний эд хөрөнгөөр зээлийн төлбөр барагдуулах үндэслэлгүй, Б.М , Ц.О нар нь өөрсдөө орон сууцтай, тодорхой эд хөрөнгөтэй, энэхүү бизнесийн зээлээ төлөх бүрэн чадвартай хүмүүс гэдгийг тайлбарласан. Мөн зээл авсан хүмүүс ч өөрсдөө төлнө гэдгээ удаа дараа тайлбартаа хэлсээр байтал миний болон миний гэр бүлийн амар тайван амьдрах, хань үр хүүхдийн минь өмчлөх эрхэд ноцтой хохирол учруулсан шийдвэр гаргаж эрх хэмжээгээ хэтрүүлсэн.
Зээлийн барьцаанд зөвхөн миний орон сууц барьцаалаагүй, барилгын материал болон бизнесийн орлого зэргийг барьцаалсан байхад зөвхөн миний орон сууцаар үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэж байгаад гомдолтой байна. Тийм учраас шүүхийн шийдвэр ойлгомжгүй, 2 салаа утгатай, Б.М , Ц.О нарыг хамгаалсан шударга бус шийдвэр болсон гэж үзэж байна.
Шүүхийн шийдвэр бодит үнэнд нийцсэн, хууль ёсыг хангасан, хэргийн оролцогчдын эрх, үүргийг хүндэтгэсэн, шударга ёсонд нийцсэн байх ёстой гэж ойлгож байна.
Шүүх хуралд намайг биечлэн оролцуулж, миний нөхцөл байдлыг сонсож, бидэнд эвлэрэх боломж олгох ёстой байсан.
Анхан шатны шүүх хуралдаанд би 3 удаа оролцож, нэг удаа миний хүсэлтээр, мөн хариуцагч Б.М , Ц.О нарын хүсэлтээр 1 удаа, дараагийн удаа нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүх хуралдаан хойшлогдож байсан. Надад өөрийн эрхээ хамгаалах, эвлэрэх боломж олгож байгаагүй.
Нэхэмжлэгч тал 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд “ М.П д нэг удаа хугацаа олгоод тухайн хугацаандаа зээлээ төлж барагдуулах боломж олгоход М.П зөвшөөрөөгүй” гэх тайлбарыг хэлсэн байсан. Хэрэв би тухайн шүүхийн хэлэлцүүлэгт оролцож байсан бол би саналыг чинь хүлээн зөвшөөрч байна гээд эвлэрч, хугацаа авах байсан. Гэвч намайг шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжоор хангаагүй.
Тийм учраас хариуцагч миний хуулиар олгосон эрхийг ноцтой зөрчиж шүүх хуралдаанд оролцуулахгүй хэргийг хянан шийдвэрлэсэн 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 318/ШШ2025/01173 тоот шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.
Миний гаргасан гомдолтой холбогдуулан нэхэмжлэгч талаас ирүүлсэн тайлбартай танилцаад, миний зүгээс мөн тайлбар гаргаж өгсөн, тухайн тайлбарыг харгалзан үзэхийг эрхэм шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байна” гэжээ.
7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Т , Б.У нар давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч М.П нь давж заалдах гомдолдоо “Үндсэн зээл 100 сая төгрөгийг 50009187170 тоот дансандаа хийж авсан эзэн нь эхнэр нөхөр 2 болох Б.М , Ц.О нар байдаг. Өөрсдөө тусдаа орон сууцанд амар амгалан амьдарч байдаг. Яахаараа би тэдний хариуцлагагүй, тооцоогүй үйлдлийн төлөө өөрийн орон сууцаа албадан дуудлага худалдаанд оруулж тэдний зээлийг төлөх ёстой юм. Зээлийн барьцаанд зөвхөн миний орон сууц барьцаалаагүй, барилгын материал болон бизнесийн орлого зэргийг нь барьцаалсан байхад миний орон сууцаар үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэж байгаад гомдолтой байна” гэжээ.
Хариуцагч Б.М , Ц.О нар нь 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр ХБ тай жижиг, бичил бизнесийн зээлийн гэрээ байгуулж, 100,000,000 /нэг зуун сая/ төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 365 хоногт тогтмол 21.72 хувь, сарын 1.81 хувийн хүүтэй авсан. Зээл хүүгийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ХБ нь хариуцагч М.П тэй 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр *** -01 дугаартай Ипотекийн гэрээг бичгээр байгуулж М.П гийн өмчлөлийн У аймгийн У сумын 3 дугаар баг, 1 дүгээр 48 айлын орон сууцны ** тоот хаягт байрлах 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалж эд хөрөнгийн эрхийн улсын бүргэлд бүртгүүлсэн тул гэрээ хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэрээ юм.
Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.3 дахь хэсэгт заасан зохицуулалтаар, нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор барьцаалсан барьцааны зүйлээс сонгож, барьцааны эрхээ хэрэгжүүлэх эрхийг олгосон байна. Үүрэг гүйцэтгүүлэгч уг шаардах эрхээ хэрэгжүүлэн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байхад өөр бусад барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах ёстой байсан гэх хариуцагч М.П гийн тайлбар үндэслэлгүй юм. Шүүх хуулийн дээрх зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх зарчимд нийцсэн гэж үзэж байна.
Дараа нь шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхээр хангаагүй гэж тайлбарлаж байна. Шүүх хариуцагч М.П д шүүх хуралдааны товыг утсаар мэдэгдэж, ийнхүү мэдэгдсэн талаар баримтжуулсан байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлд зааснаар шүүх хуралдааны бэлтгэл хангах ажиллагааг хуульд заасны дагуу явуулсан гэж үзнэ. Мөн зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэйг дурдах нь зүйтэй. Хариуцагч М.П шүүх хуралдааны тов мэдэгдсэн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс хойш шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхээр хангуулах үүднээс зохих баримтыг хавсарган товлогдсон шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргах боломжтой байжээ. Гэтэл хариуцагч энэ талаар шүүхэд хүсэлт, тайлбар баримт гаргаагүй байх тул шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхээр хангаагүй гэх гомдол нь үндэслэлгүй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч М.П гийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
8. Хариуцагч Ц.О давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэг зүйл ойлгомжгүй байна. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хугацаа олгоод, гурван талаас эвлэрэх боломжтой юу гэхэд нэхэмжлэгч талаас М.П гэх хүн зөвшөөрөхгүй байгаа гэдэг зүйлийг надад 2, 3 удаа хэлж байсан. Өнөөдрийн М.П ахын тайлбараас үзэхэд хугацаа өгөөд эвлэрэхэд боломжтой гэж харж байна. Нэхэмжлэгч талаас ч гэсэн та нар манай олон жил харилцсан харилцагч нар учир зээлээ л тохирсон хугацаандаа төлчихвөл манай талаас татгалзах зүйл байхгүй, ганцхан М.П гэх хүн л болохгүй гээд байсан, харин М.П нь би хүлээн зөвшөөрч байна гээд, 3 тал ойлголцохгүй байна.
Бидний дансыг хааж, зээлээ төл гэж байгаа боловч, манай гэр бүлийн болон хүүхдийн маань эрхийг зөрчиж, амьдралын маань бүх боломжийг хааж байгаад гомдолтой байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хариуцагч М.П гийн давж заалдах гомдлыг үндэслэн У аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 318/ШШ2025/01173 дугаар шийдвэртэй иргэний хэргийг давж заалдах журмаар хэлэлцэж, гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр бүхэлд нь хянав.
2. Нэхэмжлэгч “ХБ ” ХК нь хариуцагч Б.М, Ц.О, М.П нарт холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг нийт 103,505,970.80 төгрөг гаргуулах, М.П гийн өмчлөлийн У аймаг, У сум 3-р баг 1-48 айл ** тоот 29 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд хариуцагч Б.М , Ц.О нар нэхэмжлэлийн шаардлагын талаар “...У аймаг дахь ХБ наас бизнесийн зээл авсан. У аймгийн М сумын спорт цогцолборын барилгын ажлыг 2022 онд авч, хийж гүйцэтгэх явцад санхүүжилт маань яам нэгдсэнтэй холбоотой удааширч, тал санхүүжилт нь буцаан татагдсаны улмаас банкны зээлээ хугацаандаа төлж чадахгүй, хугацаа хэтрүүлсэн. Одоо ажил маань 11 дүгээр сарын 01 гэхэд дуусаж, санхүүжилт маань 2026 оны 01 дүгээр сард орж ирэх тул энэ байдлыг харж үзнэ үү” гэх тайлбарыг гаргасан,
- хариуцагч М.П нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...Б.М , Ц.О нарын гаргаж өгсөн тайлбарт тодорхой нөхцөл байдлаас шалтгаан бизнес нь доголдож, орлого саатсан тухай болон зээлийг төлбөрийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч тайлбарласан байгаа тул миний эд хөрөнгөөр зээлийн төлбөр барагдуулах, надаас зээлийн төлбөр гаргуулах үндэслэлгүй байна” гэж маргасан байна.
3. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.М , Ц.О нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 103,505,970.80 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ХБ ХК-д олгож,
- Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар нь үүргээ гүйцэтгээгүй бол У аймгийн У сумын 3 дугаар баг 1 дүгээр 48 айлын орон сууцны ** тоот хаягт байрлах хариуцагч М.П гийн өмчлөлийн 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг У аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэснийг хариуцагч М.П эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.
4. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрхийг хангаагүйгээс шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
4.1. Анхан шатны шүүх нэхэмжлэгч “ХБ ” ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.М, Ц.О, М.П нарт холбогдох иргэний хэргийг 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхдээ зохигч буюу хариуцагч М.П гийн шүүх хуралдаанд биеэр оролцож, мэтгэлцэх эрхийг хангаагүй гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.
У аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 3067 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч Ц.Оюун-Эрдэнийн шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 14 цаг 00 минут хүртэл хугацаагаар хойшлуулж, хариуцагч Б.М болон М.П нарт шүүх хуралдааны тов мэдэгдэхийг шүүгчийн туслахад даалгаж шийдвэрлэсэн байна.
Хариуцагч М.П д шүүхээс шүүх хуралдааны товыг утсаар мэдэгдэх үед тэрээр Улаанбаатар хотод байсан байх ба тэрээр “2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр онгоцоор Улаанбаатар хотоос У д очно, онгоц хойшлохгүй бол амжиж шүүх хуралдаанд очно” гэдгээ шүүгчийн туслахад мэдэгдсэн, мөн тухайн өдөр онгоц буух цагаасаа 40 орчим минутаар хоцорч буух талаар шүүгчийн туслахад урьдчилан мэдэгдсэн, мөн 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 15:02 цагт У д онгоцноос бууж байгаа талаараа шүүгчийн туслахын 99954048 дугаарт залгаж мэдэгдсэн болох нь шүүгчийн туслахын үйлдсэн дараах тэмдэглэлүүдээр нотлогдсон байна. Үүнд:
- шүүхээс хариуцагч М.П / ** дугаар/-д 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 15:53 цагт шүүх хуралдааны тов мэдэгдэхэд, тэрээр “Би Улаанбаатар хотоос онгоцоор очиж байгаа, онгоц хойшлохгүй бол амжиж очно” гэх хариу өгсөн гэх шүүгчийн туслахын үйлдсэн тэмдэглэл /хх-ийн 160 дугаар тал/,
- 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 13:37, 13:53 цагт хариуцагч М.П гийн утас тус тус холбогдох боломжгүй байв. 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 15:02 цагт хариуцагч М.П шүүгчийн туслах миний **** дугаарт залгаж “Би одоо л онгоцноос бууж байна, хурал юу болсон бэ” гэж асуув гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 161 дүгээр тал, утсаар холбогдсон тухай баримт/,
- хариуцагч М.П гийн ** дугаарын утаснаас шүүгчийн туслах Д.Н миний *** дугаарын утас руу 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 11:07 минутад “сайн байна уу, би У д 13:55-д буух байсан. Нислэг хойшилж, 40 минут орчим хоцорч буухаар болж байна” гэх зурвас илгээсэн байх боловч миний бие шүүх хуралд орсны дараа тухайн зурвасыг харсан бөгөөд над уруу зурвас бичсэн талаараа залгаж мэдэгдээгүй болно” гэх тэмдэглэл /164 дүгээр тал, утсаар холбогдсон тухай баримт/ зэрэг болно.
4.2. Хариуцагч нь шүүх хуралдааныг хойшлуулах талаар бичгээр хүсэлт гаргаагүй байх боловч 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 14 цагт товлосон шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох хүсэл зоригоо шүүхэд илэрхийлж, урьдчилан мэдэгдсэн гэж үзэх үндэслэлтэй. Харин түүнийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй гэх шүүхийн дүгнэлт нотлох баримтад үндэслээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нь ирцийг танилцуулж, ирээгүй этгээдэд мэдэгдэх хуудас гардуулан өгсөн эсэх, ямар шалтгаанаар ирээгүй болохыг даргалагчид танилцуулах үүрэгтэй бөгөөд хэргийг хянан хэлэлцсэн 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл /хх-ийн 165-170/-д хариуцагч М.П д шүүх хуралдааны тов мэдэгдсэн гэснээс өөр зүйл тусгагдаагүй, тухайлбал хариуцагч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй шалтгаан, шүүх хуралдааны тов мэдэгдэхэд ямар хариу өгсөн талаар нарийн бичгийн дарга болон шүүгчийн туслахаас тодруулах ажиллагаа хийгдээгүй байна.
4.3. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-т: “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхтэй” гэж заасан ба Үндсэн Хуулийн энэхүү зохицуулалтыг баталгаажуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ”, мөн зүйлийн 6.4-т “Зохигч шүүх хуралдаанд биеэр оролцож, үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т “зохигч шүүх хуралдаанд оролцох эрхтэй” гэж тус тус хэргийн оролцогчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх эрхийг тодорхойлсон байна.
Дээрх хуульд зааснаар шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь мэтгэлцээний үндсэн дээр явагдах тул талуудын маргааны талаар мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжийг шүүхээс бүрдүүлэх үүрэгтэй байна.
Гэтэл анхан шатны шүүх хэргийн зохигч буюу хариуцагч М.П г шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь Монгол Улсын Үндсэн хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрхийг хязгаарласан, хуульд заасан эрхээ эдлэх тэгш боломжоор хангаагүй гэж үзнэ.
5. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүх зохигчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэлд хамаарч байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй байна.
6. Хариуцагч М.П гийн: “Хариуцагч миний хуулиар олгосон эрхийг ноцтой зөрчиж, шүүх хуралдаанд оролцуулахгүй хэргийг хянан шийдвэрлэсэн тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.
7. Давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн тул хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь заалтыг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. У аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 318/ШШ2025/01173 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч М.П гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсгүүдэд зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА
ШҮҮГЧ М.НЯМБАЯР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.АЛТАН