| Шүүх | Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Алтан |
| Хэргийн индекс | 318/2025/01109/И |
| Дугаар | 224/МА2026/00006 |
| Огноо | 2026-04-10 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 224/МА2026/00006
ТӨХК-ийн нэхэмжлэлтэй, УААХ ТББ-д
холбогдох иргэний хэргийн тухай
У аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Мөнхжаргал даргалж, Ерөнхий шүүгч Л.Алтан, шүүгч Б.Мөнхзаяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулж,
У аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 318/ШШ2026/00087 дугаар шийдвэртэй,
УД2С ТӨХК-ийн нэхэмжлэлтэй, УААХ ТББ-д холбогдох, худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 11’295’228 төгрөг, алданги 5’647’614 төгрөг, нийт 16’942’842 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хариуцагч УААХ ТББ-ын дарга Я.Ч ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Л.Алтангийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э , хариуцагчийн төлөөлөгч Я.Ч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ц нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч УД2С ТӨХК-ийн нэхэмжлэлийн шаардлага: худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 11’295’228 төгрөг, алданги 5’647’614 төгрөг, нийт 16’942’842 төгрөг гаргуулах тухай,
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: “УААХ нь 2021 оноос 2023 оны 5 дугаар сар хүртэлх хугацааны халаалтын төлбөр нь сар бүр 1,507,220 төгрөг байсан бол Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 542 дугаар тогтоолоор У аймгийн У сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны үнэ тариф шинэчлэн батлагдсантай холбоотой сарын төлбөрийн хэмжээ нэмэгдсэн. Дээрх тогтоолоор, төсөвт байгууллагын эзлэхүүнээр тооцох халаалт нь НӨАТ-гүй 2,190 төгрөг, НӨАТ-тэй 2,409 төгрөг болсон. У аймгийн аймгийн АХ ТББ-ын дулаан түгээх эзлэхүүн нь 806м3 бөгөөд шинэчлэн батлагдсан тарифаар бол сард төлөх төлбөр /806м3 х2409=1,941,654/ 1,941,654 төгрөг болсон.
Мөн Эрчим хүчний зохицуулах хорооны 2024 оны 12 дугаар сарын 11-ны өдрийн 733 дугаар тогтоолоор У аймгийн У сумын төсөвт байгууллагад борлуулах дулааны тариф дахин шинэчлэгдэж, төсөвт байгууллагын эзлэхүүнээр тооцох халаалтын тариф НӨАТ-гүй 3200 төгрөг, НӨАТ-тэй 3520 төгрөг болж нэмэгдсэн ба 2025 оны 1 дүгээр сараас төлж эхлэх нэг сарын халаалтын төлбөр нь 806м3 х3520=2,837,120 төгрөг болж өөрчлөгдсөн. УААХ ТББ-аас манай компанид төлөхөөр өр үүсээд байгаа нь дээрх тарифын өөрчлөлтүүдтэй холбоотой юм. 2024 онд сар бүр 1,941,654 төгрөгөөр төлөх байсныг 1,500,000 төгрөгөөр, 2025 оны 1 дүгээр сараас сард 2,837,120 төгрөгөөр төлөх байсныг 1,941,654 төгрөгөөр дутуу төлөлтүүдийг хийснээр зөрүү /төлбөр тооцооны дэлгэрэнгүйгээр дутуу хийсэн төлөлтүүд харагдана/ 11,295,228 төгрөгийн өр үүссэн. Иймд гэрээний 4.5-д заасны дагуу алданги тооцох үндэслэлтэй байх тул алданги 5,647,614 төгрөг, нийт 16,942,842 төгрөгийг УААХ ТББ-аас гаргуулж өгнө үү” гэжээ.
3. Хариуцагч УААХ ТББ-ын дарга Я.Ч ын татгалзал болон татгалзлын үндэслэл: “Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Эрчим хүчний зохицуулах хорооноос гаргаж байгаа тариф батлах тухай тогтоолууд нь дулаан халаалтын өр төлбөр үүсгэж буй гол үндэслэл болсон. Энэхүү тогтоолууд нь Монгол Улсын Төсвийн тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Эрчим хүчний тухай хуулиудын тодорхой зүйл заалттай зөрчилдөж байгаа тул УД2С ТӨХК-ийн гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
2 удаа тариф шинэчлэн баталсан шийдвэр гарсан гэж байна. Үндсэндээ 3 шийдвэр гарсан. Энэ шийдвэрүүдээ манай АХ нд албан ёсоор бичгээр ирүүлээгүй, гэрээнд өөрчлөлт оруулаагүй.
Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар төсвийн жил нь тухайн оны 1 дүгээр сарын 01-ний өдөр эхэлж, тухайн оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болно гэж заасан. Бид нар төсвийн төслөө боловсруулаад, хүргүүлээд, батлуулдаг байгууллага.
Мөн хуулийн 7.3-т “төсвийг нэг жилээр баталж, тайлагнах бөгөөд батлагдсан төсвийг сар, улирлаар хуваарилан, хэрэгжилтийг зохион байгуулна. Мөн хуулийн 8 дугаар зүйлд Төсвийн цаглабарыг 8.3.1, 8.3.2, 8.3.4, 8.4.1, 8.4.5, 8.4.9-д гэсэн заалтуудад тодорхой заасан байна. Жишээлбэл Төсвийн тухай хуулийн 8.4.1-д Төсвийн төвлөрүүлэн захирагчид харьяалагддаг төсвийн шууд захирагч нь жилийн төсвийн төслөө жил бүрийн 7 дугаар сарын 09-ний дотор харьяалах төсвийн төвлөрүүлэн захирагчид хүргүүлнэ гэж заасны дагуу бид төсвөө боловсруулаад хугацаанд нь хүргүүлж байсан.
Эрчим хүчний зохицуулах хорооны дээрх тогтоол шийдвэрүүд нь Монгол Улсын Төсвийн тухай хуулийн дараах заалтуудтай зөрчилтэй, зөрүүтэй байх тул шийдвэрийг хэрэгжүүлэх боломжгүй. Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-д “Төсвийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээг худалдан авах ажиллагаа хууль тогтоомжийн дагуу зохион байгуулагдаагүй бол төсвийн санхүүжилт гаргахыг хориглоно” гэж тодорхой заасан байгаа. Бид төсвөө хийчихсэн байхад Эрчим хүчний зохицуулах хорооноос 8 дугаар сард, 11 дүгээр сард тус тогтоолууд гарсан.
УААХ нь Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн Төсвийн хэрэгжилтийг зохион байгуулах гэсэн заалтын 41.2.2-д батлагдсан төсвийн хүрээнд зарлага гаргах, 41.2.3-д төсвийн гүйцэтгэлийг хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлж, тайлагнах, 41.2.4-д төсвийн сар, улирлын хуваарийг баримталж ажиллах гэсэн заалтуудыг дагаж мөрдөн ажиллаад төсвөө хийчихсэн байхад дундуур нь Эрчим хүчний зохицуулах хороо шийдвэр гаргаад түгээх байгууллага нь Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтлэгдсэний дараа хүчинтэй болно гэсний дагуу хүчинтэй болонгуут нэхэмжлэгч байгууллага манай байгууллагад зохиомол өр үүсгэж байгаа нь үндэслэлгүй, хууль зөрчиж байна.
У ын дулааны 2 дугаар станц ТӨХК-аас Эрчим хүчний зохицуулах хорооны тогтоол гэх баримтыг үндэслэл болгож ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлага нь Монгол Улсын Захиргааны ерөнхий хууль, Төсвийн тухай хууль, Эрчим хүчний тухай хууль болон бусад хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
4. У аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 318/ШШ2026/00087 дугаар шийдвэрээр:
- Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар хариуцагч УААХ ТББ-аас худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 11,295,228 төгрөг, алдангид 5,647,614 төгрөг, нийт 16,942,842 төгрөг гаргуулж нэхэмжлэгч У аймгийн УД2С ТӨХК-д олгож,
- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч У аймгийн УД2С ТӨХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242,664 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч УААХ ТББ-аас 242,664 төгрөг гаргуулж нэхэмжлэгч У аймгийн УД2С ТӨХК-нд тус тус олгохоор шийдвэрлэжээ.
5. Хариуцагч УААХ ТББ-ын дарга Я.Ч давж заалдах шатны шүүхэд дараах агуулгуудаар давж заалдах гомдол гаргасан.
5.1. Нэхэмжлэгч “УД2С” ТӨХК нь Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 542 тоот тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахын тулд дулаан халаалтын улирал эхэлж байгаатай холбогдуулж, 09 дүгээр сарын эхний 15 хоногоос өмнө үнэ тарифт өөрчлөлт орсонтой холбоотойгоор 2023 оны 9, 10, 11, 12 дугаар саруудын дулаан халаалтын төлбөр тооцоог шинэчлэгдсэн үнийн дүнтэйгээр “Дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай гэрээ”-г байгуулах ёстой.
Гэтэл “УД2С” ТӨХК нь шинээр гэрээ байгуулаагүй атлаа 2023 оны 9, 10, 11, 12 дугаар саруудын дулаан халаалтын төлбөр тооцоог гаргахдаа шинэчилсэн гэрээ байгуулсан мэтээр ярьж бичиж, дулаан халаалтын төлбөр тооцоог нэхэмжилж байгаа нь хууль бус гэж үзэж байна.
Иймд “Дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай гэрээ”-г шинэчилж хийхгүйгээр, шинээр гэрээ байгуулахгүйгээр төлбөр тооцоо бичиж бичилт хийснийг хасах үндэслэлтэй гэж үзэж байна.
5.2. УААХ нь төрийн болон төсвийн байгууллага бус учраас тухайн жилийн санхүүгийн дэмжлэгийн хуваарьт нэр нь харьяалагдаж огт ордоггүй төрийн бус байгууллага юм. Харин аймгийн хэмжээний ахмад настнуудын дунд үйл ажиллагаа явуулахын тулд аймгийн Засаг даргатай төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хамтран ажиллах гэрээ байгуулж, аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсээс “Ахмад настны хөгжил хамгаалал” гэсэн нэрээр бага хэмжээний санхүүгийн дэмжлэг туслалцаа авч ажилладаг байгууллага юм.
Эрчим хүчний зохицуулах хорооны 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 733 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад зааснаар үйлдвэр аж ахуйн нэгж, байгууллага болон орон сууц, айл өрхөд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг мөрдөж хэрэгжүүлэх байгууллагын жагсаалтад орох учиртай юм. Учир нь, аймгийн АХ нь аль ч талаас нь үзсэн ч төрийн болон төсвийн байгууллагын багцад ордоггүй учраас дээрх тогтоолын 2 дугаар хавсралтад заасан үнэ тарифт хамаарах ёстой байгууллага юм. Төсөвт байгууллагад мөрддөг дулааны үнэ тарифаар төлбөр тооцох үндэслэлгүй.
5.3. Аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсээс бага хэмжээний санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлэхдээ Төсвийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-д зааснаар “Төсвийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээг худалдан авах ажиллагаа хууль тогтоомжийн дагуу зохион байгуулагдаагүй бол төсвийн санхүүжилт гаргахыг хориглоно” гэсэн заалтыг дагаж мөрдөж ажиллахыг шаарддаг тул түүнд нь бид шууд захирагдан ажилладаг. Энэхүү хуулийн заалтыг нь зөрчих эрх бидэнд байхгүй.
Улсын Их хурал, Засгийн газраас болон аймгийн ИТХ-аас 2023 оны дулаан халаалтын зардлыг нь 2022 онд төлөвлөөд батлаад өгчихсөн болохоор Эрчим хүчний зохицуулах хорооноос гаргасан үнэ тарифын өөрчлөлтийг шууд дагаж мөрдөх эрх мэдэл байхгүй, батлагдсан зардлаараа буюу сар бүр 1,507,220 төгрөгөөр төлбөр тооцоо хийгдэнэ.
Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 8 дугаар 23-ны өдрийн 542 дугаар тогтоолын дагуу “Дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай гэрээ” байгуулаагүй учраас 2023 оны 9, 10, 11, 12 дугаар сарын төлбөр тооцоог дахин нягтлах хэрэгтэй байна.
“УД2С” ТӨХК-аас гаргасан төлбөр тооцооны дэлгэрэнгүй тайлан гэх баримтын жагсаалтын аль хэсэг нь төлбөр тооцоо хийсэн эсэх, аль хэсэг нь өр төлбөр болох нь тодорхойгүй, ойлгомжгүй байхад хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэж байна.
Аймгийн АХ нь 2020 оны 10 дугаар сараас эхлэн “УД2С” ТӨХК-д дулаан халаалтын төлбөр тооцоо хийж эхэлсэн байдаг. 2021 онд аймгийн Засаг дарга Ч.Ч нь албан бичгээр мэдэгдэл хүргүүлж санхүүжилтийг нь зогсоосон. Ийнхүү санхүүжилтийг зогсоосон ч дулаан халаалтын зардал болох 27.129.960 төгрөгийг аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсээс 7 удаагийн үйлдлээр шилжүүлсэн гэж байгаа.
Аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсээс 2023 оны 4, 5, 9 саруудад хийж байсан гүйлгээ нь дутуу ч юм шиг, аль эсвэл зарим зардал гүйлгээ нь давхардсан ч юм шиг харагдаж байна.
Мөн аймгийн АХ ноос 2023 оны 10, 11, 12 дугаар сарын хийгдсэн төлбөр тооцоо нь бас л хийгдээгүй юм шиг, аль эсвэл дутуу тооцоолол хийсэн мэтээр харагдаж байсан.
Иймд хэрэгт авагдсан “УД2С” ТӨХК-иас гаргасан “Төлбөр тооцооны дэлгэрэнгүй тайлан” гэх тооцоолол нь тодорхой биш, нотлох баримтын шаардлага хангаагүй тул үндэслэлгүй гэж үзэж байна.
5.4. “У ын дулааны 2 дугаар станц” ТӨХК нь Эрчим хүчний зохицуулах хороонд хүсэлт гаргаж, үнэ тарифын өөрчлөлтийг хийхдээ хэрэгжүүлэх цаг хугацааны тухайд Төсвийн хуультай уялдуулж хийхгүй байгаа нь Эрчим хүчний тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-д “Эрчим хүчээр хангагч нь хууль тогтоомжид заасан, орон нутгийн удирдлага, эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон бусад тохиолдолд гэрээнд заагаагүй шаардлага тавьж хэрэглэгчийн эрхийг хязгаарлахыг хориглоно” гэсэн заалтын дагуу хэрэглэгчийн эрхийг хязгаарлаж байна гэдгийг хэлмээр байна.
Иймд У аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 318/ШШ2026/00087 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ үүсээд байгаа өр болон маргаан нь тарифын өсөлттэй холбоотой. У аймгийн АХ ны Дулааны 2 дугаар станц төрийн өмчит компанид үүссэн өр нь У аймгийн АХ ны 2021 оноос 2023 оны 5 дугаар сар хүртэлх хугацаанд халаалтын төлбөр нь сард 1,507,220 төгрөгөөр гардаг байсан бол Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 542 дугаар тогтоолоор У аймгийн У сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны үнэ тариф шинэчлэн батлагдсантай холбогдуулан төлбөрийн зөрүү гарах болсон.
Хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол нь анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй давхацсан, шинэ нотлох баримт агуулаагүй гэж үзэж байна. Хариуцагч байгууллага нь дулааны эрчим хүчийг бодитоор хэрэглэсэн атлаа төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй. Нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлтэй, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү” гэв.
7. Хариуцагч УААХ ТББ-ын дарга Я.Ч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч байгууллагын хувьд Эрчим хүчний зохицуулах хорооны нэмэгдсэн үнийн зөрүүг өр болгоод яваад байгаа ба гэрээний дагуу төлбөр бүрэн хийгдсэн. Хэрэгт авагдсан дэлгэрэнгүй тайлан гэдэг баримт бол зүгээр л байгууллагын бичиг баримт, энэ баримтаар яг хэдэн сарын хэдэнд ямар өр төлбөр төлөх ёстой байсан юм, түүнийг нь хэн баталгаажуулах ёстой юм зэрэг нь тодорхойгүй, ямар ч гарын үсэг тамга тэмдэггүй баримт байгаа юм.
Манай талаас, шүүхэд гаргаж өгсөн баримтдаа төлбөр хийсэн бүх баримтаа сар сараар нь хавсаргаж өгсөн. Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн баримтаар бол У аймгийн АХ ны төлөх дулааны өр төлбөрийн асуудал хангалттай нотлогдохгүй байгаа гэж үзэж байна.
Аймгийн АХ гэх байгууллага бол төрийн, төсөвт байгууллага биш, төрийн бус байгууллага. Улсын бүртгэлийн гэрчилгээ дээр нь ч төрийн бус байгууллага гэж тэмдэглэсэн байгаа. Манай байгууллага нь аймгаас үйл ажиллагааны зардал авч үйл ажиллагаа явуулдаг, гишүүддээ үйлчилдэг байгууллага. Аймгийн Засаг дарга жил бүр төсвийн зардлын хуваарь хийдэг 2025 оны хуваарийг хэрэгт өгсөн байгаа, 2026 оны хуваарьт АХ гэх байгууллага байхгүй, Ахмад настны хөгжлийн сан гэж явдаг юм.
Эрчим хүчний зохицуулах хорооноос баталсан тогтоолын 1 дүгээр хавсралтад төсөвт байгууллага гэсэн байна. Төсөвт байгууллага, төрийн байгууллага гэдэг бол нэг ойлголт, харин тогтоолын 2 дугаар хавсралтад үйлдвэр аж ахуй нэгж, байгууллага болон орон сууц, айл өрх гэсэн байна. Манай байгууллага бол аж ахуйн нэгж, байгууллага гэх нэршилд хамаарах ёстой бөгөөд Эрчим хүчний зохицуулах хорооноос баталсан тогтоолын дагуу 2 дугаар хавсралтад заасан байгууллагын дулааны төлбөрийг төлөх хугацааг хойшлуулсан тул манай байгууллага ч үүнд хамаарна үзэж байгаа тул ямар нэгэн өр төлбөр манай байгууллагад үүсээгүй. Хойшлогдсон хугацаа нь 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэхээр байсан ба энэ хугацаанаас хойш нэмэгдсэн үнэ тариф болох 2,837,000 төгрөгөөр төлөөд явж байгаа. 2 байгууллагын хооронд тооцоо хийж байгаа санхүүгийн хүмүүс нь буруу тарифаар тооцоолоод байна гэж үзэж байна. Эрчим хүчний зохицуулах хорооны 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг тогтоолын 2 дахь заалтад энэ тухай заасан.
АХ гэдэг байгууллага бол ахмадуудад мэдлэг мэдээлэл өгч, сургалт орж соён гэгээрүүлэх ажлыг ажлын байрандаа хийдэг. Байрлаж, эзэмшиж ашиглаж байгаа байрны хувьд аймгийн Тамгын газрын өмчлөлийн байр юм.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хариуцагч У аймгийн АХ ны дарга Я.Ч ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн У аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 318/ШШ2026/00087 дугаар шийдвэртэй иргэний хэргийг давж заалдах журмаар хэлэлцэж, гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр бүхэлд нь хянав.
2. Нэхэмжлэгч “УД2С” ТӨХК нь УААХ ТББ-д холбогдуулан, худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 11,295,228 төгрөг, алданги 5,647,614 төгрөг, нийт 16,942,842 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч УААХ эс зөвшөөрч маргасан байна.
3. Анхан шатны шүүх 2026 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 318/ШШ2026/00087 дугаар шийдвэрээр: нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар хариуцагч УААХ ТББ-аас худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 11,295,228 төгрөг, алданги 5,647,614 төгрөг, нийт 16,942,842 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч У аймгийн УД2С ТӨХК-нд олгохоор шийдвэрлэснийг хариуцагч Я.Ч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.
4. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.
4.1. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ, УД2С ТӨХК-аас нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн төлбөр тооцооны дэлгэрэнгүй тайлан гэх баримтыг үнэлж, 2021 оны 1 дүгээр сараас 2025 оны 9 дүгээр сарын хооронд УААХ ТББ-ын дулааны эрчим хүч хэрэглэсний төлөгдөөгүй төлбөр нийт 11,295,228 төгрөг байгаа нь тогтоогдож байна гэх дүгнэлт хийсэн нь шүүх иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны нотлох баримтыг үнэлэх үндэслэл, журмыг зөрчсөн гэж дүгнэв.
Тодруулбал, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон /хэргийн 9, 10, 11 дүгээр талд авагдсан/, нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн “төлбөр тооцооны дэлгэрэнгүй тайлан” гэх баримт нь бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй байна. Тухайлбал уг баримтыг байгууллагын санхүүгийн баримт гэж үзэх боломжгүй бөгөөд хэн, хэзээ үйлдсэн нь тодорхойгүй, огноо, гарын үсэггүй гэх зэргээр баримт бичигт тавигдах шаардлага хангаагүй байна.
Шүүх нотлох баримтын шаардлага хангаагүй дээрх баримтыг үнэлэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн.
Шүүх хэргийн оролцогчийн гаргаж ирүүлсэн баримт бүрийг хүлээн авах үүрэгтэй боловч, тухайн бичмэл нотлох баримтыг эхээр нь, эсвэл нотариатчаар гэрчлүүлж өгөөгүй байвал нотлох баримтад тавигдах хуульд заасан шаардлагыг хангуулахыг сануулах, баримтыг хуульд нийцүүлэхийг шаардах, уг шаардлагыг биелүүлэхгүй бол хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтаар үнэлэх боломжгүй үр дагавар үүсэхийг тайлбарлах үүрэгтэй. Улмаар маргааны үйл баримтын талаар зохигчид мэтгэлцэх боломжийг хангах ажиллагааг шүүх хийх ёстой бөгөөд энэ ажиллагааг хэрэгжүүлэхгүйгээр дээр дурдсан баримтыг үнэлсэн нь талуудын тэгш байдлыг хангах, мэтгэлцэх зарчмыг зөрчжээ.
4.2. Түүнчлэн анхан шатны шүүх нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлага буюу худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 11,295,228 төгрөг, алдангид 5,647,614 төгрөг, нийт 16,942,842 төгрөг гаргуулах шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ тухайн шийдэлд хүрсэн хууль зүйн үндэслэл буюу эрх зүйн дүгнэлтийг хийгээгүйгээс шүүхийн шийдвэр ойлгомжгүй, тодорхой бус болжээ.
Тухайлбал, нэхэмжлэгчийн нэхэмжилсэн дулааны төлбөрийн зөрүү 11,295,228 төгрөг нь хэдий хугацаанд хамаарах төлбөр болох, нийт хэчнээн хэмжээний төлбөр төлөхөөс хариуцагч тал хэдийг төлсөн, үлдэгдэл төлбөр хэд байгаа, уг төлбөрт хэдэн хувийн алдангийг хэрхэн тооцсон зэрэг нь тодорхой бус байхад, эдгээр нөхцөл байдалд дүгнэлт хийхгүйгээр зөвхөн нэхэмжлэгчийн гаргасан үнийн дүнгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.
Мөн зохигчдын хооронд байгуулсан “Дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай гэрээ”-ний 4.5-т: “ хэрэглэгч хэрэглэсэн дулааныхаа төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй хэрэглэгчид хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн дүнгийн 0.5 хүртэл хувиар алданги ноогдуулна” гэж заасан байх ба талууд гэрээндээ алдангийг 0.5 хувь хүртэл гэж тодорхой бус хэмжээ заасан /гэрээний хугацаа зөрчигдөх энэ тохиолдолд талууд алдангийн хэмжээг дахин тохиролцох юм уу, эсхүл шууд дээд хэмжээ буюу 0.5 хувь гэж тооцох эсэх нь тодорхой бус/ байна. Нэхэмжлэгч тал нэхэмжлэл гаргахдаа алдангийг хэдэн хувиар, хэрхэн тооцоолсон нь тодорхой бус, тодруулбал гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг тооцохдоо хэтэрсэн хугацаа нь хэчнээн хоног болсон буюу хэдий хугацааг хамруулсан нь тодорхойгүй, энэ талаар шүүхэд тайлбарлаагүй, нотлоогүй, шүүх мөн энэ талаар дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр тодорхой бус болжээ.
5. Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх үндэслэлээр гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул хангаж шийдвэрлэв.
6. Анхан шатны шүүхийн дүгнэлт тодорхой бус, ойлгомжгүй, шүүх иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчсөн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаарч байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлтэй гэж дүгнэлээ.
7. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн тул хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 242,664 /хоёр зуун дөчин хоёр мянга зургаан зуун жаран дөрөв/ төгрөгийг төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж, хариуцагч У аймгийн АХ нд олгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. У аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 318/ШШ2026/00087 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч байгууллагын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242,664 төгрөгийг /хоёр зуун дөчин хоёр мянга зургаан зуун жаран дөрөв/ шүүгчийн захирамжаар төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж, хариуцагч УААХ ТББ /РД:*** /-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсгүүдэд зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.АЛТАН