| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Болдбаатарын Батсайхан |
| Хэргийн индекс | 168/2019/0272/э |
| Дугаар | 2019/ШЦТ/275 |
| Огноо | 2019-10-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Төрболд |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 2019/ШЦТ/275
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
Улсын яллагч Б.Төрболд
Шүүгдэгч Г.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Төрболдоос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .......... овогт Г.Т-ад холбогдох 1921006590300 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .......... оны ............ дүгээр сарын ............-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, ............ настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, баяжуулалтын оператор мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, ...................... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ......... овогт Г.Т. /РД: ........................./
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Г.Т нь 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 16 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт байрлах “Тана” худалдааны төвийн дотор болон гадна талбайд иргэн С.Г-тэй “найзын дүү дээрэлхлээ” гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар нүүрэн тус газар нь гараараа алгадах, хөлөөрөө өшиглөх, газар унагах зэргээр зодож тархи доргилт, хүзүүний зулгаралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, цээжний цус хуралт, баруун тохойн зулгаралт, баруун зүүн шилбэний зулгаралт, зүүн завьжны салстын язрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Т нь 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 16 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт байрлах “Тана” худалдааны төвийн дотор болон гадна талбайд иргэн С.Г-тэй “найзын дүү дээрэлхлээ” гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар нүүрэн тус газар нь гараараа алгадах, хөлөөрөө өшиглөх, газар унагах зэргээр зодож тархи доргилт, хүзүүний зулгаралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, цээжний цус хуралт, баруун тохойн зулгаралт, баруун зүүн шилбэний зулгаралт, зүүн завьжны салстын язрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Төрболдооос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 1921006590300 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн: “...Г нь миний танил дүү Чингүүнийг дээрэхлээд байхаар нь дүүгээ өмөөрч Г-ийг зодсон. Зодохдоо зүүн шанаа руу нь 2 удаа алгадаж хөл рүү нь 1 удаа өшиглөсөн, газар унагаж хэд хэд сэгсэрсэн..., гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-52 дугаар хуудас/,
Хохирогч С.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 15 цагийн орчим Хэрлэн сумын 6 дугаар багт байрлах “Тана” худалдааны төвд байрлах үсчинд үсээ засуулчихаад таньдаг дүү Чингүүнээтэй маазарч тоглоод гарных нь бугалга руу 2-3 удаа цохисон. Тэгээд бид хоёр хөөцөлдөж байгаад “Тана” захын 1 давхарт нь Чингүүнээг барьж аваад бид хоёр барьцалдсан чигээрээ 2 давхар руу гарсан. Тэгтэл цаанаас Г.Т гэдэг хүн ирээд намайг заамдангуутаа 3-4 удаа нүүр рүү цохихоор нь “та яаж байгаа юм бэ” гэтэл “чи яагаад хүүхэд дээрэлхээд байгаа юм” гээд миний төмсөг рүү өшиглөсөн. ...“Тана” захаас зүүн тийш гарахад намайг заамдаж миний нүүр рүү 2-3 удаа цохихоор нь газар унасан. ...Миний нүүр рүү нийт гараараа 7-8 удаа цохисон...эмчилгээний мөнгө нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-28 дугаар хуудас/,
Гэрч Г.Чингүүний мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 15 цагийн орчим “Тана” худалдааны төвд хүнтэй уулзаж утсандаа тоглоом татах гэж очсон. Улмаар 1 давхарт нь үсчин хийдэг Заяатхүү гэх найзтайгаа уулзаж байгаад зүс таних Т гэх ахтай таарсан. ...Т ах цээжин тус газар 4-5 удаа цохиод өвдөөд байхаар нь урсдаг шатаар дээшээ гартал араас гарч ирээд аймхай тус газар цохисон. Тэгээд намайг зүүн шатаар авч буух гээд байхаар нь би буухгүй гээд урсдаг шатны бариулаас зуураад байж байтал манай байрны ах Б хараад Т ахад хандан “чи яагаад дүү зодоод байгаа юм” гээд Т ахыг Б ах заамдсан. Тэгээд Т ах урсдаг шатаар буухдаа надад хандан “би чамайг таарах юм бол ална” гэж хэлээд буугаад эргэж гарч ирээд Б ахыг дуудаад” хоёулаа халзрах уу” гээд Т ах Б ахыг заамдаад гадаа гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар хуудас/,
Гэрч Н.Заяатхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Т ах Б-тай халзарлаа гээд дээшээ урсдаг шатаар гарсан. Тэгээд Т ах Б ах урсдаг шатаар доошоо буугаад ирсэн. Тэгээд тэр хоёр хоорондоо зууралдаж байгаад зодолдоод байхаар нь тэнд байсан хүмүүс салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23 дугаар хуудас/,
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Жаргалангийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 602 дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
1. С.Г-ийн биед тархи доргилт, хүзүүний зулгаралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, цээжний цус хуралт, баруун тохойн зулгаралт, баруун, зүүн шилбэний зулгаралт, зүүн завьжны салстын язрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчиллээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл.
3. Дээрхи гэмтлийн тархи доргилт нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, бусад гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 38 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55, 54, 57 дугаар хуудас/,
Хохирогч С.Г-ийн шүүгдэгчтэй хохирлын ямар нэгэн маргаангүй тул хэргийг хурдан шуурхай хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр гаргасан хүсэлт /хх-ийн 59 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 1921006590300 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.Т нь 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 16 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт байрлах “Тана” худалдааны төвийн дотор болон гадна талбайд хохирогч С.Г-тэй “найзын дүү дээрэлхлээ” гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар нүүрэн тус газар нь гараараа алгадах, хөлөөрөө өшиглөх, газар унагах зэргээр зодож тархи доргилт, хүзүүний зулгаралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, цээжний цус хуралт, баруун тохойн зулгаралт, баруун зүүн шилбэний зулгаралт, зүүн завьжны салстын язрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Г.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч С.Г /хх-ийн 26-28 дугаар хуудас/, гэрч Г.Чингүүн /хх-ийн 9-10 дугаар хуудас/, Н.Заяатхүү /хх-ийн 21-23 дугаах хуудас/ нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Жаргалангийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 602 дугаартай дүгнэлт /хх-ийн 38 дугаар хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч Г.Т нь хохирогч С.Г-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул шүүгдэгч Г.Т-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Г.Т нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх санал гаргасныг харгалзан шүүгдэгч Г.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.Т нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримт болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Г.Т-ийн ....................... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ........... овогт Г.Т-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т-ийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримт болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Г.Т-ийн .................. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Т-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАТСАЙХАН