| Шүүх | Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шаравын Баттогтох |
| Хэргийн индекс | 305/2025/00918/И |
| Дугаар | 215/МА2026/00014 |
| Огноо | 2026-04-14 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 215/МА2026/00014
Ц.Б, Ч.З нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ш.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 305/ШШ2026/00017 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн ********** сумын *** -р баг, ********** өргөө ***-р байр, *** тоотод оршин суух, Д овгийн Ц.Б,
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн ********* сумын ***-р баг, ********* өргөө ***-р байр, *** тоотод оршин суух, Б овгийн Ч.З нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Говь-Алтай аймгийн ********** сумын ***-р баг, ******** *** тоотод оршин суух, С овгийн С.Ц-д холбогдох,
Газар болон үл хөдлөх хөрөнгө албадан чөлөөлөхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Б (цахимаар), шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.О нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: Говь-Алтай аймгийн ********* сумын ***-р баг *********** гудамжны *** тоот хаягт байршилтай 40000 м.кв талбайтай, №000******** дугаарын гэрчилгээтэй газар, уг хашаанд байрлах улсын бүртгэлийн Ү-05*******дугаартай 600 м.кв талбайтай агуулахын зориулалттай барилга, улсын бүртгэлийн Ү-05*******дугаартай 2234 м.кв талбайтай агуулахын зориулалттай барилга, улсын бүртгэлийн Ү-05*******дугаартай 18 м.кв талбайтай агуулахын зориулалттай зоорь, улсын бүртгэлийн Ү-05*******дугаартай 80 м.кв талбайтай агуулахын зориулалттай барилга эдгээр үл хөдлөх эд хөрөнгө зэргийг С.Ц-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай.
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Би анх 2020 оны 08 дугаар сард Говь-Алтай аймгийн ********** сумд барилгын ажил хийж байхад Б гэдэг хүнд энэ газрыг худалдаж авъя гэдэг санал тавьсан юм. Тэгээд тухайн үл хөдлөхүүдийг үзээд дахин төлөвлөлт хийх боломжтой юм байна гэдэг үндсэн дээр худалдаж авсан. Худалдах худалдан авах гэрээ хийгээд татвараа төлөөд дахин төлөвлөлтийн ажил эхлэх гэж байхад цар тахал гараад 2025 он хүртэл үйл ажиллагаа явуулж чадаагүй. 2025 онд санхүүгийн боломж үүсээд би өөрөө аймаг дээр амьдардаггүй учир аймаг дээр амьдардаг хамтраад цаашид хөрөнгө оруулалт хийгээд явах хүн хайж байгаад Ч.З-ыг олсон. Тэгээд ярилцаж тохиролцоод 2025 оны 08 дугаар сард тухайн газар дээр байгаа үл хөдлөх хөрөнгүүдийг Ч.З-д худалдсан. 09 дүгээр сард тухайн газарт дахин төлөвлөлтийн ажил бэлтгэхээр уг нь очсон. Тэгээд Ц гэдэг хүнтэй анх тэгж уулзсан. Тэгээд тухайн газар руу оруулаагүй. Би Ц-ийн дугаарыг Ч.З-аар дамжуулж аваад 2 удаа утсаар ярьсан. Та миний өмчийг, миний эзэмшиж байгаа газрыг надаас өөрөөс хамгаалаад байна. Би Б-аас худалдаж авсан. Ашиглах боломжгүй байсан учир би таныг нүүлгээгүй 5 жил болсон гэдгийг хэлсэн. Тэгээд ойлголцох боломжгүй байсан учраас шүүхийн байгууллагад хандсан. Тухайн газрын жилд ноогдох албан татвар 12 сая төгрөг байдаг. Үүнийг би өөрөөсөө төлж байсан. Газрын хугацаа дуусаад 2024 онд нэг удаа сунгуулсан. Тэгэхээс ямар нэгэн байдлаар тэнд байсан хөрөнгүүдийг түрээсэлж үйл ажиллагааны орлого олсон зүйл байхгүй. Миний газар болон үл хөдлөх хөрөнгийг чөлөөлж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч тал хариу тайлбартаа: Би 2019 онд Б-тай гэрээ хийгээд тэнд сахиулаар бууж байсан. Намайг сахиулаар бууж байхад нохойны орон, архидалтын орон болсон байсан. Би буугаад 5 жил болж байна. Тэгэхэд 10 дугаар сарын 24-нд З гэдэг хүн ирээд надад нэг юм үзүүлээд энэ миний газар гэсэн. Би мэдэхгүй Б гэдэг хүнтэй ярь гэсэн. Дугаарыг авсан, өөрийнхөө дугаарыг өгөөд явсан. 2, 3 удаа ирж арц хүж унгатгаад явсан. Тэгээд 11 дүгээр сард газар чөлөөлж өгөөрэй гэхээр нь Б-тай яриулсан. Тэр хүн өөрөө Б-тай ярьсан. Тэгээд 2 хоногийн дараа Ц.Б гэдэг хүн ярьсан. Би Б-аас сарын цалингаа авдаг. Б нүү гэж хэлвэл нүүнэ гэж хэлсэн. Тэгээд Б руу ярихад та нүүлгүй байж бай гэж хэлсэн. Тэгээд одоо болтол би нүүгээгүй байгаа. Гэхдээ энэ хүн худлаа их ярьж байна. Тэр хаалга өдрийн цагаар онгорхой орой 22 цагаас хойш түгждэг байгаа. Б-тай учраа олоод нүү гэж хэлвэл би нүүнэ гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Б, Ч.З нарын нэхэмжлэлийг хангаж, Д овгийн Ц.Б-ын эзэмшлийн Говь-Алтай аймгийн ******** сумын ***-р баг *********** гудамжны *** тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Э-05********* дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын 82********** дугаар бүхий Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолборын зориулалттай 40000 м.кв талбайтай газар, уг газар байрлах Б овгийн Ч.З-ын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-05******* дугаартай 600 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн Ү-05******* дугаартай 2234 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн Ү-05******* дугаартай 18 м.кв талбайтай зоорийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн Ү-05******* дугаартай 80 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг тус тус хариуцагч С овгийн С.Ц-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Б, Ч.З нарын нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Ц-ээс 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Б, Ч.З нарт олгож, ..... шийдвэрлэжээ.
5. Хариуцагч С.Ц давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
Монгол улсын Үндсэн хуулиар олгогдсон өмгөөлөгч авах эрхийг маань хангаагүй, эдлүүлээгүй бөгөөд эрхийг хязгаарлаж шүүх хуралдаан хийсэнд гомдолтой байна. Учир нь өмгөөлөгч авсан бол хэргийн хувьд тайлбар хийх зохих баримтууд гаргаж өгөх зэргээр эрх зүйн байдлыг дээрдүүлэх боломжтой байсан болно. Нэхэмжлэгч Ц.Б нь тухайн үл хөдлөх хөрөнгө, обьектыг өөрийн өмчлөлд авсан талаар надтай уулзаж байгаагүй, Б-ын хэлснээр түр хугацаанд барьцаанд байсан хөрөнгийг эзнийх нь зөвшөөрөлгүйгээр бусдад өгсөн гэж үзэж байна. Гэтэл шүүх энэ асуудлыг сайтар судалж үзэлгүй, Б гэдэг хүнийг оролцуулахгүйгээр хэрэг маргааныг шийдсэн, шийдвэрийг хүчингүй болгож гаргасан гомдлыг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
6. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.
7. Анхан шатны шүүхэд нэхэмжлэгч Ц.Б, Ч.З нар нь хариуцагч С.Ц-д холбогдуулан Говь-Алтай аймгийн ******** сумын *** -р баг ********** гудамжны ***** тоот хаягт байршилтай 40000 м.кв талбайтай, №000******** дугаарын гэрчилгээтэй газар, уг хашаанд байрлах улсын бүртгэлийн Ү-05******* дугаартай 600 м.кв талбайтай агуулахын зориулалттай барилга, улсын бүртгэлийн Ү-05******* дугаартай 2234 м.кв талбайтай агуулахын зориулалттай барилга, улсын бүртгэлийн Ү-05******* дугаартай 18 м.кв талбайтай агуулахын зориулалттай зоорь, улсын бүртгэлийн Ү-05******* дугаартай 80 м.кв талбайтай агуулахын зориулалттай барилга эдгээр үл хөдлөх эд хөрөнгө зэргийг С.Ц-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
8. Хариуцагч С.Ц нь “...Би 2019 онд Б-тай гэрээ хийгээд тэнд сахиулаар бууж байсан. Би буугаад 5 жил болж байна. Тэгэхэд 10 дугаар сарын 24-нд З гэдэг хүн ирээд надад нэг юм үзүүлээд энэ миний газар гэсэн. Би мэдэхгүй Б гэдэг хүнтэй ярь гэсэн. Дугаарыг авсан, өөрийнхөө дугаарыг өгөөд явсан. 2, 3 удаа ирж арц хүж унгатгаад явсан. Тэгээд 11 дүгээр сард газар чөлөөлж өгөөрэй гэхээр нь Б-тай яриулсан. Тэр хүн өөрөө Б-тай ярьсан. Тэгээд 2 хоногийн дараа Ц.Б гэдэг хүн ярьсан. Би Б-аас сарын цалингаа авдаг. Б нүү гэж хэлвэл нүүнэ гэж хэлсэн. Тэгээд Б руу ярихад та нүүлгүй байж бай гэж хэлсэн. Тэгээд одоо болтол би нүүгээгүй байгаа. Б-тай учраа олоод нүү гэж хэлвэл би нүүнэ...” гэж тайлбарлаж, татгалзжээ.
9. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д зааснаар хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ гэж, 90 дүгээр зүйлийн 90.1-д зааснаар хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ гэж тус тус тодорхойлжээ.
Нэхэмжлэгч Ц.Б нь Говь-Алтай аймгийн *********** сумын ***-р баг ********** гудамжны *** тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Э-05********** дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын 82********** дугаар бүхий Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолборын зориулалттай 40000 м.кв талбайтай газрыг гэрээний үндсэн дээр эрхийн гэрчилгээгээр эзэмшиж байгаа болох нь:
- 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 08201-2024/00*** дугаартай Говь-Алтай аймгийн ************* сумын Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 08201-А/257/20** тоот шийдвэрийг үндэслэн газар эзэмшүүлэгчийг төлөөлөгч Говь-Алтай аймгийн ********** сумын газрын алба, газар эзэмшигчийг төлөөлж Ц.Б нарын худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолборын зориулалттай, 40000 м2 хэмжээтэй газрыг 5 жилийн хугацаатай эзэмшихээр байгуулсан гэрээ, уг газрын байршил Говь-Алтай аймгийн ***-р баг, ********** ***, энэхүү гэрээний нэг хувийг 82********* дугаар бүхий нэгж талбарын хувийн хэрэгт хадгалав гэж дурдсан,
-Ц.Б нь аймгийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/257 тоот шийдвэрийг үндэслэн Говь-Алтай аймгийн ********** сумын ***-р баг, ********** *** хаягт байрлах, нэгж талбарын 82******** дугаар бүхий 40000 м.кв газрыг Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлж, эрхийн улсын бүртгэлийн Э-05********* дугаарт бүртгэж гэрчилгээ олгов гэх №000******** дугаартай иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ,
- Говь-Алтай аймгийн ********** сумын ***-р баг, *******, нэгж талбарын 82********** дугаар Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор зориулалттай, 40000 мкв, гэрээ дуусах огноо 2029-04-05 гэх газар эзэмших эрхийн лавлагаа зэрэг хавтаст хэргийн 5-25 дахь талд авагдсан баримтуудаар тогтоогджээ.
10. Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол төр, аймаг, сум, нийслэл, дүүрэг, иргэн болон хуулийн этгээд өмчлөгч байна гэж заажээ.
Нэхэмжлэгч Ч.З нь улсын бүртгэлийн Ү-05******* дугаартай 600 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн Ү-05******* дугаартай 2234 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн Ү-05******* дугаартай 18 м.кв талбайтай зоорийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн Ү-05******* дугаартай 80 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болох нь тус үл хөдлөх хөрөнгүүдийн лавлагаагаар тогтоогдож байна.
11. Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-т “Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй” гэж, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч Ц.Б, Ч.З нар нь зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
Дээрх дурдсан зохих хуулиудад зааснаар хариуцагч С.Ц-ийн хууль бус эзэмшлээс нэхэмжлэгч Ц.Б, Ч.З нар нь шударга эзэмшигчийн хувьд хөрөнгөө шаардсан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.
12. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Б, Ч.З нарын нэхэмжлэлийг хангаж, Д овгийн Ц.Б-ын эзэмшлийн Говь-Алтай аймгийн ********** сумын ***-р баг ********** гудамжны *** тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Э-05********** дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын 82********* дугаар бүхий Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолборын зориулалттай 40000 м.кв талбайтай газар, уг газар байрлах Б овгийн Ч.З-ын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-05******* дугаартай 600 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн Ү-05******* дугаартай 2234 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн Ү-05******* дугаартай 18 м.кв талбайтай зоорийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн Ү-05******* дугаартай 80 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг тус тус хариуцагч С овгийн С.Ц-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
13. Хариуцагч С.Ц-д анхан болон давж заалдах шатны шүүх өмгөөлөгч авах боломжийг хангалттай хугацаагаар олгосон ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д зааснаар С.Ц эрх зүйн туслалцаа авч буй тухай, хүсэл зоригоо шүүхэд илэрхийлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т зааснаар өмгөөлөгч сонгон авсан хүсэлтээ ирүүлээгүй, шүүхэд хүсэл зоригоо илэрхийлээгүйг дурдах нь зүйтэй байна.
14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4, 5, 6 дугаар зүйлд зааснаар шүүх энэхүү маргааныг шийдвэрлэхдээ “хүнийг ялгаварлахгүй, маргалдагч талуудыг эрх тэгш гэж үзэж, шүүх хөндлөнгийн байр сууринаас, хараат бусаар, талуудын буюу иргэний эрх зүйн суурь зарчим буюу диспозитив зарчмыг баримтлан маргааныг шийдвэрлэсэн болно.
15. Иргэний хуулийн 3 дугаар зүйлд зааснаар “Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь (Жишээ: Шүүхэд өмгөөлөгчөөр оролцох тухай хариуцагч С.Ц-ийн хүсэл зоригийг хуульд зааснаар түүгээр илэрхийлүүлээгүй атлаа өмгөөлөгчийн эрх үүргийг эдэлж шүүхэд хүсэлт гаргах нь) хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх болон хуулийг зөрчиж тэгш эрх бүхий талуудын аль нэг талд давуу байдал үүсгэх үндэслэл болохгүй байна.
16. Иймийн учир анхан шатны шүүх зохигчдын хоорондын маргаанд үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтуудыг зөв үнэлж хэргийг үндэслэл бүхий шийдвэрлэсэн байгаа тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч С.Ц-ийн гомдлыг хангахгүй орхилоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 305/ШШ2026/00017 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч С.Ц-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-д зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА
Ш.БАТТОГТОХ