Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2017/01395

 

     “Ю” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

       Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

            Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШШ2017/00898 дугаар шийдвэр,

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 1426 дугаар магадлалтай,

            “Ю” ХХК-ийннэхэмжлэлтэй,

            “Э” ХХК-д холбогдох

             Гэрээний үүргийн гүйцэтгэлд 28.372.758 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл,

           “Э” ХХК-ийн хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр шилжүүлсэн 33.000.000 төгрөгийг “Ю” ХХК-иас  гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

          нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Орхоны хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Орхон, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Энхчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Лхагвадорж, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

     Нэхэмжлэгч “Ю” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ”Ю” ХХК нь телевиз, радиогийн сувгийг интернэт протокол ашиглан дамжуулах /IPTV/ үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэх үйлчилгээ үзүүлдэг. “Э” ХХК нь өөрийн LCN телевизийн сувгийг Юнивишний IPTV үйлчилгээнд холбох хүсэлт гаргасны дагуу талууд 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс Телевизийн суваг дамжуулах UV15/405 тоот гэрээг байгуулан LCN сувгийг IPTV үйлчилгээнд холбосон. Гэрээний 7 дугаар зүйлийн 7.2-т заасны дагуу хариуцагчаас сувгийн холболтын хураамж 30.000.000 төгрөг төлөхөөс 10.000.000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 20.000.000 төгрөгийг төлөөгүй. Талуудын хооронд байгуулсан гэрээ 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр дууссан бөгөөд гэрээний 7.3-т заасны дагуу сувгийг IPTV үйлчилгээгээр дамжуулах нийт төлбөр болох 71.372.759 төгрөгөөс 43.000.000 төгрөгийг нөхөн төлсөн бөгөөд 2015 онд багтаан үлдэгдлийг график гарган хэсэгчлэн төлж дуусгах байдлаар барагдуулах хүсэлтийг тавьсан ч өнөөдрийг хүртэл үлдэгдэл төлбөрийг ямар нэгэн байдлаар төлөх арга хэмжээ аваагүй байна. Иймд “Э” ХХК-иас 28.372.759 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

         Хариуцагч ”Э” ХХК болон “Э” ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа мөнгө нь хэдэн оны, хэний тушаал шийдвэрээр телевизүүдээс 3.000.000 төгрөгийн хураамж авдаг болсон нь тодорхойгүй бөгөөд өөрсдөө дураараа үнийн тариф зохиож биднээс төлбөр нэхэмжилж буй нь бодит байдалтай нийцэхгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт заагдсан эрхийн хүрээнд сөрөг нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь эрх бүхий байгууллагаас олгодог үнийн тариф болон стандарт журмыг баримтлалгүйгээр өөрсдөө дураараа үнэ зохион бий болгож хууль зөрчсөн 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн UV15/405 тоот гэрээг байгуулан биднээс мөнгө нэхэмжлэн авч байсныг саяхан мэдсэн. Тус компанийн захирлын хийсэн гэрээ гарын үсэг байхгүй, нэг гишүүнтэй компани ТУЗ-ын дарга гэж байхгүй, ТУЗ-ын дарга М.Даваасүрэн гэсэн боловч гарын үсэг байхгүй, Эл Си Эн телевизийн менежерийн сувгийн тусгай зөвшөөрөл байхгүй. Иймд хүчин төгөлдөр бус хэлцлийг үндэслэн шаардаж буй нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

            Хариуцагч “Э” ХХК-ийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд: Бид “Ю” ХХК-д43.000.000 төгрөгийг өгсөн байх тул энэхүү мөнгийг буцаан авах шаардлагатай байна. Маргаан бүхий гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.3, 58.3.2 дахь хэсгүүдэд заасныг зөрчсөн гэж үзэж байна. “Ю” ХХК нь аливаа гэрээ хэлцэлгүйгээр биднээс хүлээн авсан 43.000.000 төгрөгийг буцаан өгөх учиртай. Шүүх хуралдааны явцад нотлох баримтыг шинжлэн судлахад шилжүүлсэн мөнгөний дүн 43.000.000 төгрөг биш, 33.000.000 төгрөг болох нь тогтоогдсон. 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай шаардлага нь үндсэн нэхэмжлэлийг үл зөвшөөрөх татгалзлын үндэслэл бөгөөд нэхэмжлэлийн шаардлага биш юм. Иймд гэрээний үнэ болох 43.000.000 төгрөгөөс 10.000.000 төгрөгийг хасахад татгалзах зүйлгүй тул үлдэх 33.000.000 төгрөгийг “Ю” ХХК-иас  гаргуулж өгнө үү гэжээ.

           Нэхэмжлэгч “Ю” ХХК сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. 2014 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр анх LCN сувгийг сувгийн жагсаалтад оруулж холболт хийсэн. 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр LCN сувгийг төлбөрийн шалтгаанаар хаасан. 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр LCN сувгийн хүсэлтээр буцаан нээсэн. 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр төлбөр төлөгдөөгүй тул дахин хаасан байх тул “Ю” ХХК-ийг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд дахин дамжуулалтыг төлбөр төлөлт хийгдээгүй байсан хэдий ч манай байгууллага нь эдийн засгийн хүндрэлтэй үед LCN сувагт хүлээцтэй хандан дахин дамжуулалтыг хийсээр ирсэн билээ. Дээрх дахин дамжуулалтын холболт болон жилийн суурь хураамжийн төлбөрийн үнийг “Ю” ХХК нь өөрийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийж ХХЗХ-д албан бичгээр мэдэгдэж байсан. Мөн LCN сувгийн 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 016/29 тоот албан бичигт “Ю” ХХК-д32.000.000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй, түүнийг графикийн дагуу нөхөн төлөхөөр захирал Ч.Баасанжавын гарын үсэг бүхий хүсэлтийг ирүүлж байсан. Уг хүсэлтийн агуулгын хүрээнд мөн “Ган хийц” ХК-ийн 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 58 тоот “Эл Си Эн” телевизийн ТУЗ-ийн дарга, “Ган хийц” ХК-ийн ерөнхий захирал М.Даваасүрэнгийн гарын үсэг бүхий албан бичиг ирүүлж байсан гэжээ.

          Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШШ2017/00898 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5 дахь хэсэгт заасны дагуу “Ю” ХХК-ийнгэрээний үүргийн гүйцэтгэлд 28.372.760 төгрөгийг “Э” ХХК , “Э” ХХК нараас гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлийн шаардлага, “Э” ХХК-ийн “Ю” ХХК-дхолбогдуулан гаргасан 33.000.000 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 299.813 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 443.150 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 1426 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШШ2017/00898 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

       Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Орхоны хяналтын журмаар гаргасан гомдолд: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШШ2017/00898 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 1426 дугаартай магадлалыг эс зөвшөөрч, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтыг дутуу, буруу үнэлсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувиар хяналтын гомдлыг гаргаж байна. Талуудын хооронд 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр IРТV үйлчилгээгээр суваг дамжуулах тухай гэрээг байгуулахаар тохиролцсон бөгөөд үүнд үндэслэн хариуцагч нь өөрийн сувгийн нэвтрүүлгийг 2015 оны 2 дугаар сараас 2016 оны 7 дугаар сар хүртэл дамжуулсан. Энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогддог. Давж заалдах шатны шүүхээс “...тайлбар зэргийг харьцуулан үзвэл “Ю” ХХК-иас  IРТV үйлчилгээг авсаныг эргэлзээгүйгээр дүгнэх боломжгүй, нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа хангалттай баримтаар нотлоогүй байна...” гэж үндэслэлгүй дүгнэсэн. Учир нь хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч талын тоног төхөөрөмжийг өөрийн телевизэд суурилуулан телевизийн нэвтрүүлгийн дамжуулалт хийж байсан гэдгээ анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн явцад хүлээн зөвшөөрсөн. Мөн хэрэгт авагдсан нотлох баримтууд дээр үндэслэн иргэн М.Даваасүрэнгийн “Эл Си Эн Ти Ви” ХХК-тай ямар харилцаа холбоотой вэ? гэдэгт ТУЗ-ийн дарга гэж өөрсдийн албан бичгээр ирүүлсэн, төлбөр төлсөн зэргээр тогтоосноор гэрээний хүчин төгөлдөр байдал болон байгуулагдсан эсэхийг тогтооход чухал ач холбогдолтой байсныг шүүхээс харгалзаж үзсэнгүй. Мөн хариуцагч байгууллагууд хоорондоо санхүүгийн харилцан хамаарал бүхий компаниуд байх ба удирдлагууд нь төрсөн эгч дүүгийн хамааралтай гэдгээ мэдүүлж байсан бөгөөд үйлчилгээ авсаныхаа дараагаар төлбөр төлөх үүргээс санаатай зайлсхийх нөхцөлийг үүсгэн тусгай зөвшөөрөлгүй компанитай гэрээг байгуулсан, гэрээг заавал үзэглэн байгуулаагүй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлд заасан гэрээг байгуулсанд тооцох хуулийн зохицуулалтыг анхаарч үзээгүй байх тул шүүхийн шийдвэр үндэслэлгүй болсон байна. Шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд талуудын гаргасан тайлбар болон нотлох баримтын шаардлага хангуулан гаргаж өгсөн бичмэл баримтууд нь хэрэг маргааныг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой атал шүүхээс харгалзаж үзээгүй нь ИХШХШТХуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг ноцтой зөрчсөн байна. Иймд хэргийг хуульд нийцүүлэн үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

          Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн маргаанд Иргэний хуулийн хэлцлийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр, магадлалыг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн гэж үзнэ.

       Нэхэмжлэгч “Юнивишн” ХХК нь хариуцагч “Э” ХХК , “Э” ХХК нарт холбогдуулан Эл Си Эн телевизийн сувгийг Юнивишний IPTV үйлчилгээнд холбож, 2015 оны 2 дугаар сараас 2016 оны 7 дугаар сарын хооронд тус үйлчилгээгээр дамжуулан цацсан үйлчилгээний төлбөрийн үлдэгдэл 28.372.759.87 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

      Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, хариуцагч “Эл Си Эн” телевизийн сувгийг IPTV үйлчилгээнд холбох тухай гэрээнд “Э” ХХК -ийг төлөөлөх эрхгүй этгээд гарын үсэг зурсан, “Э” ХХК  нь телевизийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй байгууллага тул талуудын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, “Ю” ХХК-д  үндэслэлгүйгээр шилжүүлсэн 43.000.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргаснаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа багасгаж 33.000.000 төгрөг гаргуулахаар маргажээ.

             Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд талуудын хооронд 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Ай Пи ТВ-гээр суваг дамжуулах гэрээ байгуулагдсан байх бөгөөд уг гэрээнд “Э” ХХК -ийг төлөөлж аливаа этгээд гарын үсэг зураагүй, гэрээний нэг тал болох “Э” ХХК  нь телевизийн сувгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлгүй болох нь Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн албан бичиг, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй байна.

           Дээрх 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Ай Пи ТВ-гээр суваг дамжуулах гэрээ нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт заасан хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж заасантай нийцээгүй, түүнчлэн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.16 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байх тул талуудын хооронд байгуулагдсан хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж шүүх үзсэн нь Иргэний хуулийн хэлцлийн зохицуулалтад нийцсэн, энэ талаар хийсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

           Хэрэгт авагдсан “Ю” ХХК-ийн  гэрээний төлбөрийн дүн 50.000.000 төгрөг, төлсөн 21.527.241 төгрөг, үлдэгдэл 28.372.579 төгрөг гэх баримт, хариуцагч “Э” ХХК -ийн захирал Ч.Баасанжаваас “Ю” ХХК-д  32.000.000 төгрөгийн төлөлтийн графикт холболт хийсэн өдөр 5.000.000 төгрөг, “Ган хийц” ХХК-ийн захирал М.Даваасүрэн 20.000.000 төгрөгийг хариуцна, 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 7.000.000 төгрөгийг гэх албан бичиг, ...ТУЗ-ын дарга М.Даваасүрэн гэсэн боловч гарын үсэг байхгүй, “Эл Си Эн” телевизийн менежер Б.Жамбалсүрэн, мөн М.Даваасүрэн нь манайд ажилладаггүй... гэх тайлбар зэрэг баримтыг харьцуулан, хариуцагчийг “Ю” ХХК-иас IPTV үйлчилгээг авч ашиглаж байсан гэж эргэлзээгүйгээр дүгнэх боломжгүй, нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа хангалттай баримтаар нотлоогүй гэж хоёр шатны шүүх дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

          “Э” ХХК  нь “Ю” ХХК-д  холбогдуулан 33.000.000 төгрөг гаргуулахыг сөрөг нэхэмжлэлээр шаардсан байх бөгөөд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч нь талуудын хооронд тохиролцооны асуудал байсан боловч хэзээ ч гэрээ байгуулагдаагүй, хэрэгт хавсаргасан гэрээ нь анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл, мөн “Ю” ХХК-д  33.000.000 төгрөгийн төлбөрийг хэд хэдэн удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн болохоо хүлээн зөвшөөрсөн... зэрэг тайлбарууд нь өөр хоорондоо зөрүүтэй, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа хангалттай баримтаар нотлоогүй зэргийг харьцуулан үзвэл хэн аль нь тодорхой баримтаар үгүйсгэж, татгалзлаа нотлоогүй байх тул шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан “Ю” ХХК-ийн  гэрээний үүргийн гүйцэтгэлд 28.372.760 төгрөгийг “Э” ХХК , “Эл Си Эн Ти Ви” ХХК-иас гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, “Э” ХХК -ийн “Ю” ХХК-д  холбогдуулан гаргасан 33.000.000 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасантай нийцсэн, шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн хүчин төгөлдөр бус байх хэлцлийн зохицуулалтад нийцсэн байна.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмааг гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

           1. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШШ2017/00898 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 1426 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Орхоны хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр төлсөн 299.814 /хоёр зуун ерэн есөн мянга найман зуун арван дөрвөн/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

                                     ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН