Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Содномдаржаагийн Батдэлгэр |
Хэргийн индекс | 2235001210230 |
Дугаар | 2024/ХШТ/117 |
Огноо | 2024-10-09 |
Зүйл хэсэг | 17.12.2.1., 17.12.2.2., |
Улсын яллагч | Б.Мөнгөншагай |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2024 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 2024/ХШТ/117
Р.Х, Р.Т нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн Танхимын тэргүүн Ч.Хосбаяр даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Б.Мөнгөншагай, нарийн бичгийн дарга Г.Далайцэцэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 58 дугаар шийтгэх тогтоол, Увс аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 19 дүгээр магадлалтай, Р.Х, Р.Т нарт холбогдох эрүүгийн 2235001210230 дугаартай хэргийг шүүгдэгч Р.Х, Р.Т нарын гаргасан гомдлуудыг үндэслэн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1.Монгол Улсын иргэн, 1997 оны 06 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 99 дүгээр тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар 2 жил хорих, 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 10 сар хорих, 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж, ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 2 жил 10 сарын хугацаагаар тогтоосон, мөн шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 57 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар 8 сарын хорих ялаар шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан эдлээгүй үлдсэн хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан хорих ялд нэмж нэгтгэн 2 жил 9 сар 14 хоног хорих ялаар шийтгүүлж, уг ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 5 сар 2 хоног хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон, мөн шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 213 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг мөн хугацааны зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, Увс аймаг дахь сум дундын эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 01 дүгээр магадлалаар түүний эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 2 жил 6 сар 26 хоногоор тогтоож байсан Б овогт Р-ийн Х,
2.Монгол Улсын иргэн, 1987 оны 07 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, урьд Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 73 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 113 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар 2 жил хорих ялаар тус тус шийтгүүлж байсан Б овогт Р-ийн Т.
Р.Х, Р.Т нар нь бүлэглэн 2022 оны 05 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Увс аймгийн Давст сумын ** дугаар багийн нутаг “Х” гэх газраас тус багийн иргэн Б.Ө-ийн 2 тооны үхрийг хулгайлж, нийт 3,400,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 58 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Р.Х, Р.Т нарыг бүлэглэж, бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар Р.Х, Р.Т нарыг тус бүр 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар Р.Х энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 2 сар хорих ял, өмнөх шийтгэх тогтоол, магадлалаар оногдуулсан 2 жил 6 сар 26 хоног зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч Б.Ө гэмт хэргийн хор уршигт нэхэмжилсэн 5,000,000 төгрөгөөс шүүгдэгч Р.Х нь 3,400,000 төгрөг төлснийг дурдаж, хохирогч Б.Ө эрлийн болон өмгөөлөгчийн зардал, бусад зардалд нэхэмжилсэн 1,600,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Р.Х, Р.Т нараас гаргуулах гэмт хэргийн хохирол, хор уршиг байхгүйг дурдаж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Х, Р.Т нарын гэмт хэрэг үйлдэж хууль бусаар олсон хөрөнгө орлого буюу 2 тооны үхрийн үнэ 3,400,000 төгрөгийг хувь тэнцүүлэн, шүүгдэгч Р.Т хувьд ногдох хөрөнгөөс 1,700,000 төгрөг, Р.Х хувьд ногдох хөрөнгөөс 1,700,000 төгрөг тус тус албадан гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгч нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг Увс аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцэж 19 дүгээр магадлалаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Р.Х, Р.Т нарын давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгожээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Р.Т гаргасан гомдолдоо: “...Магадлалыг эс зөвшөөрч хууль буруу хэрэглэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсгүүдэд заасан гэмт хэрэг үйлдээгүй байхад надад ял шийтгэл оногдуулж миний эрх зүйн байдлыг дордуулж байгаад гомдолтой байна. Би тухайн гэмт хэргийн талаар мэдэх зүйл байхгүй ба гэмт хэрэг гараад хулгайн үхэр нядлагдаж байх үед би Увс аймгийн Зүүнговь суманд байсан болох нь тогтоогдсон. Р.Х гэмт хэрэг үйлдсэн талаараа тодорхой мэдүүлсэн ба хохирогч нар мал нядлагдсан гэх газарт ирэхэд манай аав болох Р гэрт Р.Х байсан, намайг гэртээ байгаагүй талаар мөн мэдүүлсээр байхад намайг хамт хэрэг хийсэн гэж үзэж байгаад гомдолтой байна. Давж заалдах шатны шүүхэд Р.Х гомдол гаргахдаа тухайн хэргийг надтай ямар нэгэн хамааралгүй гэж, мөн хохирогчийн зүгээс Р.Т намайг гэмт хэрэгт оролцоогүй гэсэн тайлбар гаргасан. Тухайн хэргийн газраас олдсон аягыг манай аав Р гэдгээр намайг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь Р.Х тухайн үед аавын гэрт байсан ба тэднийд байх хугацаандаа гэрийнх нь эд зүйлийг гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан байхад намайг хамт байсан байх ёстой гэж ял шийтгэсэн. Түүнчлэн хэргийн газраас хураан авсан аягыг манай аав Р гэрээс хураан авсан аягатай харьцуулах шинжилгээ хийх явцдаа хэргийн газарт байсан аягыг угааж цэвэрлэсэн байсан. Энэ талаараа тэмдэглэл үйлдсэн байсан. Энэ хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтын ул мөрийг устгасан, балласан гэж үзэхээр байх ба энэ үйлдлээс үүдэн намайг гэмт хэрэгт оролцоогүй гэж үзэх нэг нотлох баримт устгагдсанд гомдолтой байна. Мөн хохирогчийн аав Ж.Б өгсөн мэдүүлэгт манай аав С.Р нь намайг гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг төлж өгнө гэж хэлсэн мэтээр мэдүүлсэн байсан ба шүүх хуралд эдгээр хүмүүсийг гэрчээр оролцууж өгөхийг хүссэн боловч хүсэлтийг хүлээн аваагүй. Би хэргийн материалтай танилцаад ааваас яагаад ингэж хэлсэн талаар нь асуухад би ерөөсөө тийм зүйлийг Ж.Б хэлээгүй гэж хэлсэн. Энэ хэрэгт авагдсан нотлох баримтууд болон эд мөрийн баримтанд намайг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх ямар ч зүйл тогтоогдоогүй байхад хохирогчийн аавын мэдүүлэгт үндэслэж ял шийтгэл оногдуулж байгааг зөвшөөрөхгүй байна. Хохирогч болон түүний аав нь анх өөр хүмүүсийг гэмт хэрэг үйлдсэн гэж хардаж байсан ба өөрсдийнхөө хохирлыг төлүүлэхийн тулд миний талаар худлаа зүйл ярьсан гэж үзэж байна. Р.Х нь 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр үхэр нядалсан талаар мэдүүлсэн ба тухайн үед би Зүүнговь сум явсан эзгүй байсан. Анхан болон давж заалдах шатны шүүх миний энэ байдалд ямар нэгэн дүгнэлт хийгээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч... нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж тус тус заасан байх эрх бүхий этгээд нь энэ үүргээ хэрэгжүүлээгүй байхад анхан болон давж заалдах шатны шүүх эргэлзээ бүхий баримтанд үндэслэн намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсгүүдэд заасан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй юм. Шүүхийн шийдвэр нотлох баримтанд үндэслэж гарах ёстой. Гэтэл намайг гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн дүгнэлт нь хэрэгт авагдсан нотлох баримттай нийцэхгүй байхад анхан шатны шүүхийн энэхүү алдааг давж заалдах шатны шүүх анхаарч залруулаагүй учир гомдол гаргаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан байх тул хэргийн үйл баримтанд үндэслэлтэй дүгнэлт хийж надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Р.Х гаргасан гомдолдоо: “...Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр гомдол гаргаж байна. Р.Х би 2022 оны 05 дугаар сарын 21-ний орой Б.Ө 2 тооны үхлийг ганцаараа хулгайлж авсан гэм буруугаа шүүхийн шатанд хүлээн зөвшөөрч хохирлоо бүрэн барагдуулсан. Р.Т бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсон нь түүний эрх зүйн байдлыг дордуулсан, мөн намайг бүлэглэж үйлдсэнээр эрх зүйн байдал дордуулсан. Намайг Ө 2 тооны үхрийн хулгайлж байх үед буюу тухайн цаг хугацаанд Р.Т нь Зүүнговь суманд хэрэг болох газраас 130 км зайнд гэр бүлтэйгээ явж байсныг шүүх харгалзан үзээгүй тул Р.Т цагаатгаж өгнө үү.” гэжээ.
Прокурор Б.Мөнгөншагай хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Мөрдөн шалгах ажиллагаагаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, оролцогчийн эрхийг хязгаарласан зөрчилгүй байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг бодитоор сэргээн дүгнэж шүүгдэгч Р.Х, Р.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь заалтад заасан “Бусдын олон тооны малыг бүлэглэж хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэл бүхий болжээ. Гэмт хэрэг 2022 оны 05 дугаар сарын 21-ээс 22-нд шилжих шөнө үйлдэгдсэн. Р.Т нь 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр гэр бүлээрээ Увс аймгийн Зүүнговь сум руу явсан болох нь шүүгдэгч нарын мэдүүлэг болон Р.Т эхнэр Д.Ц гэрчээр өгсөн мэдүүлэг, арилжааны банкин дахь Д.Ц эзэмшлийн дансны хуулга зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон ба гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд Р.Т нь хэргийн газарт буюу гэртээ байсан болох нь нотлогдсон. Мөн Р.Х нь уг гэмт хэргийг ганцаараа үйлдсэн гэх боловч тэрээр өмнөх шийтгэх тогтоолоор зорчих эрх хязгаарлах ял шийтгүүлсэн ба түүний явсан маршрутыг хянах төхөөрөмжид хийсэн үзлэгээр гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд Р.Х нь хохирогчийн гэр рүү яваагүй болох нь тогтоогдсон, Р.Х уг гэмт хэргийг ганцаараа үйлдсэн байх боломжгүй байна. Дээрхи нөхцөл байдлуудаас дүгнэхэд шүүгдэгч нарын гаргасан, Р.Т нь уг гэмт хэргийг үйлдээгүй, гэмт хэрэг үйлдэх цаг хугацаанд гэртээ байгаагүй гэх гомдол үгүйсгэгдэж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч нарыг бүлэглэж, бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэл бүхий болсон хэдий ч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж үзэж, гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой тэнцэх хэмжээгээр шүүгдэгч нарын хөрөнгөөс хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон байна. Хохирогчийн 2 тооны үхрийг 3,400,000 төгрөгөөр үнэлж, уг хохирол нөхөн төлөгдсөн байхад уг хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгийг шүүгдэгч нараас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй тул шийтгэх тогтоол, магадлалд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нараас гэмт хэргийн улмаас олсон 3,400,000 төгрөгийн орлогыг хувь тэнцүүлэн гаргуулах тухай заалтыг хүчингүй болгож өөрчлөлт оруулах нь зүйтэй байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэгт хамтран оролцох ойлголт, мөн зүйлийн 2 дахь хэсэгт хамтран оролцогчдын төрөл, энэ зүйлийн 3 дахь хэсэгт хамтран оролцох хэлбэр болон 3.7 дугаар зүйлд гэмт хэрэг бүлэглэн гүйцэтгэх талаар тус тус тодорхой заасан байна.
Гэмт хэрэгт хамтран оролцох нь үүргээ хуваарилах ба хуваарилахгүйгээр нэг гэмт хэргийг хамтран үйлдэх зорилгоор санаа бодол, үйл хөдөлгөөнөө нэгтгэсэн, зөвхөн өөрсдийн хүсэл зоригоор гэмт үйлдлийг гүйцэтгэж байгаа, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай хоёр болон түүнээс дээш хүний үйл ажиллагааны нэгдэл бөгөөд энэ нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тодорхой гэмт хэргийг хоёр болон түүнээс дээш хүн санаатай нэгдэж үйлдсэн тохиолдолд хамтран оролцсон хэлбэрийг зайлшгүй тогтоох шаардлагатай бөгөөд энэ нь оролцогч тус бүрийн гүйцэтгэсэн үүрэг, түүний шинж чанарыг үндэслэлтэй тодорхойлох, хэргийг зөв зүйлчлэх, ялыг ялгамжтай оногдуулахад чухал ач холбогдолтой билээ.
Энэ хүрээнд гэмт хэрэгт хамтран оролцогчдын хооронд бодит тохироо буюу нэг зорилгод хамтын хүчин чармайлтаар хүчээ нэгтгэн, үүргээ хуваарилан хүрэх эрмэлзлэлтэй байсан эсэх, энэ тухайгаа хоорондоо хэлэлцэн тохиролцсон эсэхийг мөрдөн шалгах болон шүүх хуралдааны явцад зайлшгүй нотолбол зохино.
Тодорхой гэмт хэрэг үйлдэхээс өмнө дээр дурдсан тохиролцоог хийгээгүй боловч гэмт хэрэг үйлдэх явцад үйлдэл төдийгүй үзэл бодол, сэдэлт, зорилгоороо нэгдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэж үздэг бөгөөд энэ нь хамтран оролцохын ердийн хэлбэр юм.
Энэ тохиолдолд гэмт хэрэгт хоёр ба түүнээс дээш хүн оролцож, гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талыг хамтран хэрэгжүүлсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэх хангалттай үндэслэл болно.
Харин дээр дурдсан тохиролцоог хийсэн буюу гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдэх хэн ямар үүрэгтэй оролцох, учирч болох саад бэрхшээлийг хэрхэн даван туулах, ул мөрийг нуух, баллах, гэмт хэргийн замаар олох эд хөрөнгийг хэрхэн зарцуулах зэрэг асуудлаар хэлэлцэж тогтсон бол энэ нь хамтран оролцохын өөр хэлбэр бөгөөд ийнхүү тохиролцож гэмт хэрэг үйлдэх нь түүний нийгмийн хор аюулыг ихэсгэдэг тул ийм байдлаар гэмт хэрэгт хамтран оролцсон этгээдүүдийн гэм буруу, ялын талаар хийх дүгнэлт, гаргах шийдэл ч өөр байдаг билээ.
Одоогийн байдлаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэний үндсэн дээр хоёр шатны шүүх Р.Х, Р.Т нарыг 2022 оны 05 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө хохирогч Б.Ө хоёр үхрийг бүлэглэн хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн нь учир дутагдалтай болжээ.
Тухайлбал, Увс аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хяналтанд зорчих эрхийг хязгаарлах ялыг цахим бугуйвч зүүн эдэлж байсан Р.Х хувьд гэмт хэрэг гарсан цаг хугацаанд хохирогч Б.Ө гэрийн ойролцоо байгаагүй тохиолдолд мал нядалсан газраас олон километрийн хол орших хохирогчийн гэрийн гаднаас хоёр үхрийг хэн хулгайлж, ямар байдлаар (морьтой туусан эсхүл тээврийн хэрэгсэлд ачиж ирсэн г.м) Давст сумаас Улаангом суманд авчирсан талаар шийтгэх тогтоол, магадлалд огт тусгаагүй байна.
Өөрөөр хэлбэл, хоёр шатны шүүх нэр бүхий шүүгдэгч нарыг “бүлэглэн” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн мөртлөө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.2-т заасан “...хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа бол шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр”-ийг тогтоон тодорхойлоогүй буюу мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1, 1.2-т тус тус заасан нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй нотлоогүй байх тул энэ талаар хийсэн шүүхүүдийн дүгнэлтийг үндэслэл муутай гэж үзнэ.
Шүүхийн хийсэн энэхүү дүгнэлт, түүндээ тулгуурлан гаргасан шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасныг зөрчсөн байх бөгөөд энэ нь мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3-т заасны дагуу шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгохоор хяналтын шатны шүүхээс тогтоов.
Шүүгдэгч нар нь хамтран оролцохын ямар хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн, үүнд хэн, хэрхэн оролцсон буюу тэдгээрийн гүйцэтгэсэн үүргийг буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1-д заасан хэргийн нөхцөл байдлыг шалгаж тогтоох нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа тул хэргийг прокурорт буцаан шийдвэрлэлээ.
Гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гэм буруутай эсэхийг тогтоох нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зорилт бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д уг хуулийн зорилтыг “... гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх...” гэж тодорхойлон заажээ.
Энэ зорилтыг хангах хүрээнд дээрхи хуулийн 1.7 дугаар зүйлийн 2-т “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж хуульчилсан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн нотлох баримтанд тулгуурлан мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хөдөлбөргүй, эргэлзээгүй нотолсноор тухайн этгээдийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүх тогтоон ял шийтгэж, эсхүл цагаатгаснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт хангагддаг болно.
Иймд эрүүгийн хэргийн талаар шинжлэн тогтоогдож, нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлийг зайлшгүй нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлох, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон ялыг оногдуулахад чухал ач холбогдолтой юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 58 дугаар шийтгэх тогтоол, Увс аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 19 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгосугай.
2.Хэргийг прокурорт очтол Р.Х, Р.Т нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Ч.ХОСБАЯР
ШҮҮГЧИД С.БАТДЭЛГЭР
Б.БАТЦЭРЭН
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Б.ЦОГТ